“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээг зохион байгуулав

A- A A+
“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээг зохион байгуулав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Олон улсын авлигын эсрэг өдөр хэмээн зарлан тунхаглаж, 2021 онд тухайн өдрийг “Таны эрх, Таны оролцоо: Авлигад үгүй гэж хэлье” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэхээр болсонтой холбогдуулан “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээг “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо”, “Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал”, “Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн” гэсэн 4 салбар хуралдаантайгаар зохион байгууллаа.

Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, “Транспэрэнси Интернэшнл” зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монголд Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Монгол Улсад суугаа бусад орны Элчин сайдууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, гадаадын зочид төлөөлөгчид зэрэг 300 орчим хүн оролцлоо.

Үндэсний чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт илгээж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, авлигатай тэмцэх чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлогын талаар үг хэлэв.

Чуулганаар бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хүсэл зоригийг сонсож, цаашид шийдвэрлэх асуудлыг тодорхойлж, судлаач эрдэмтдийн санал дүгнэлтийг хэлэлцсэн ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.