Авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн 18 дүрэм, журмыг хянаж, хүчингүй болгуулахаар хүргүүлэв

A- A A+
Авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн 18 дүрэм, журмыг хянаж, хүчингүй болгуулахаар хүргүүлэв

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2 дэх хэсэгт заасан “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” чиг үүргийг хангах хүрээнд: 

Тайлант хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Гаалийн ерөнхий газрын дарга, Хавдар судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Онцгой комиссоос батлан гаргасан 18 дүрэм, журамд авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал үүсгэх эрсдэл байгаа эсэхийг судалж, өөрчлөх, хүчингүй болгуулах талаар санал боловсруулж хүргүүлэв. Энэ хүрээнд тус газраас  авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал бий болгох, бусдад давуу байдал болгох эрсдэл бүхий гэж үзэж хүчингүй болгуулах санал хүргүүлснээр Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 173 дугаар тушаалаар баталсан “Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрлийн бичиг олгох журам”, Нийслэлийн Өргөө амаржих газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/23 дугаар “Жагсаалт, журам батлах тухай” /төлбөртэй тусламж, үйлчилгээ/ тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсон байна.

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9-д заасны дагуу төрийн байгууллага, салбарын хэмжээнд мөрдөх 13 ёс зүйн дүрмийн төсөл, зарим хуулийн этгээдийн Ёс зүйн зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж, санал хүргүүллээ.