Орон нутагт зохион байгуулсан ажил, арга хэмжээ

A- A A+
Орон нутагт зохион байгуулсан ажил, арга хэмжээ

“Бодлогод залуусын оролцоо”, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” болон “Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллагуудтай хамтран улсын болон орон нутгийн төсөв, төрийн байгууллагуудын худалдан авалтын дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, түүний ил тод байдалд иргэдийн зүгээс хяналт тавих арга зүйд сургах, үр дүнтэй хяналт, оролцоог төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Орон нутгийн төсвөө хяная-BudgeThon” хакатоныг зохион байгуулав.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт заасан “авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах талаар аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлд үүрэг, чиглэл өгөх;” чиг үүргийн хүрээнд-Орон тооны бус салбар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулах арга хэмжээний санал, чиглэлийг хүргүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хамтарч ажиллах талаар санал солилцож, нэгдсэн  мэдээлэл арга зүйгээр хангах зорилгоор уулзалт зохион байгуулав.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаанд оролцож, Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд, мөн Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн 2021 оны төсөв, төлөвлөгөөний төсөлд авлигын эсрэг болон авлигаас урьдчилан сэргийлэх ажил, үйл ажиллагааны саналыг тусгуулсан.

Аймгийн Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 37 ажилтныг авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшийн 5 удаагийн сургалтад хамруулж, гэрчилгээ олгон сургагч багш нараас  2021 онд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын нэгдсэн жишиг төлөвлөгөөг боловсруулж, 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэв. Цагдаагийн байгууллагын албан хаагчдаас 2019 онд сургагч багшаар бэлтгэгдсэн 64 албан хаагчийн ажлын тайланд дүн шинжилгээ хийн, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулав.

Архангай, Хөвсгөл, Дархан-Уул, Баян-Өлгий, Сэлэнгэ, Баянхонгор, Дорнод аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн арга хэмжээний биелэлтэд дүн шинжилгээ хийв.

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Авлигагүй нийгмийн төлөө Хамтдаа” 1 сарын аяныг дэмжин чиглүүлж, арга зүйн удирдлагаар ханган ажиллалаа. 

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөнд туссан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд зориулан бүтээсэн авлигын эсрэг шторк, видеог 12 телевизээр 2 сарын турш нэвтрүүлж, авлигын эсрэг постерыг гудамж талбай, автобусны талбайд байрлах 37 самбарт, Нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний 4 төвд мэдээллийн самбар тус тус байршуулан түгээж, сурталчлах ажлыг зохион байгуулав.