Мэдүүлэг гаргагчийн хөрөнгө орлого нь 1 тэрбумаас дээш хэмжээгээр өссөн 24 албан тушаалтны хөрөнгийн байдалд дүн шинжилгээ хийв

A- A A+
Мэдүүлэг гаргагчийн хөрөнгө орлого нь 1 тэрбумаас дээш хэмжээгээр өссөн 24 албан тушаалтны хөрөнгийн байдалд дүн шинжилгээ хийв

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналтын талаар-Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, түүний харьяа хараат болон охин, нийт 77 компанийн ажилтнуудын ажлын байрны чиг үүрэгт дүн шинжилгээ хийж, төсөв, хөрөнгө захиран зарцуулах, тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, эрх олгох, цуцлах, түдгэлзүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид төрийн тодорхой үйлчилгээг хэрэгжүүлэх бие даасан нэгжийг удирдаж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах, гэрээ байгуулах, хяналт шалгалт явуулах, тендер сонгон шалгаруулалт зохион байгуулах зэргээр шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа удирдах болон эрх бүхий албан тушаалтныг тодорхойлов. Эдгээр ажилтнуудаас эрсдэл бүхий 404 албан тушаалтан байгааг тогтоож, эдгээрийг Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамруулж, мэдүүлэг гаргавал зохих удирдах болон эрх бүхий тушаалтнаар тодорхойлох талаарх зөвлөмжийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, УБТЗ, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, түүний харьяа байгууллагуудад хүргүүлэв.

Мэдүүлэг гаргагчийн хөрөнгө орлого нь 1 тэрбум, түүнээс дээш хэмжээгээр өссөн болон давтамжтайгаар өсч байгаа 24 албан тушаалтны цэвэр хөрөнгийн байдалд харьцуулсан дүн шинжилгээ хийж, ийнхүү мэдүүлсэн мэдүүлэг гаргагч, түүний гэр бүлийн гишүүдийн татварын орлоготой нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Татварын ерөнхий газартай хамтран ажиллаж байна. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор  батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4 дэх хэсгийн 4.1.1.4-д тусгагдсан “төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх асуудлыг төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн намын нөлөөллөөс ангид байлгах” ажил, арга хэмжээний хүрээнд төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч /тэргүүлэгч/-дийн судалгааг хийлээ. Судалгаагаар 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр сонгогдсон 8052 төлөөлөгчөөс 1072 /13.3 хувь/ нь нийтийн албанд томилогдохоор  нэр дэвшиж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг  хянуулснаас 64 /6.0 хувь/ нь төрийн жинхэнэ албан тушаал (төрийн захиргаа, төрийн тусгай)-д томилогдон ажиллаж байна. Тус судалгааны дүнг үндэслэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.