Ч.ЖАРГАЛБААТАР: БИД АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭЭД  ХУУЛЬД БАЙХГҮЙ ХЭМ ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. ЭНЭ НЬ ӨӨРӨӨ ЭРҮҮДЭН ШҮҮХ ГЭМТ ХЭРЭГ БОЛЖ ХУВИРАХ АЮУЛТАЙ

A- A A+
Ч.ЖАРГАЛБААТАР: БИД АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭЭД  ХУУЛЬД БАЙХГҮЙ ХЭМ ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. ЭНЭ НЬ ӨӨРӨӨ ЭРҮҮДЭН ШҮҮХ ГЭМТ ХЭРЭГ БОЛЖ ХУВИРАХ АЮУЛТАЙ

АТГ-ын Мөрдөн шалгах III албаны дарга, ахлах комисар Ч.Жаргалбаатар МҮОНТ-ийн “Хуулийн засаглал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч Т.Эрдэнэчимэгтэй авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогын талаар ярилцсан байна. Уг ярилцлагыг сийрүүлэн хүргэе.

-Сүүлийн үед Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээл авсан улстөрчид, тэдний хамаарал бүхий компанитай холбоотой мэдээлэл олны анхааралд байна. Авлига бол цагаан захтануудын хэрэг. Энэ хэргийг таслан зогсоохын тулд  хамгийн гол нь хуулийн  бодлого чанга байх ёстой гэдэг байр суурь энэ өдрүүдэд илүү тод дуулдаж байгаа. Авлигатай тэмцэхийн тулд хамгийн эхлээд хуулийн хариуцлага нэлээн чанга тавиад өгөөч ээ, АТГ авлигачдад хатуухан гараар хариуцлага тооцооч гэдгийг олон нийт байнга хаягладаг. Манай хууль эрх зүйн хувьд авлигалд оногдуулж байгаа ялын бодлого ямар байдаг юм бэ?

-АТГ авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Авлигын гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг амжилттай явуулаад, хэргүүдийг эцэслэн шийдвэрлүүлж байна. Сүүлийн таван жилийн практикийг харахад жилд 80-165 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна. Жил тутам өсөлттэй. Хохирол хор уршгийн хувьд жилд 300 орчим сая төгрөгийг нөхөн төлүүлж байсан бол 2021 онд 96 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн.

Авлигатай тэмцээд байгаа. Албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж байгаа. Гэтэл авлигын гэмт хэргийн гаралт жил ирэх тусам нэмэгдээд байна. Энэ гэмт хэргийн тоо яагаад буурахгүй байна вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Судлаад үзэхээр ерөөсөө авлигын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин хангалтгүй байна гэж харж байгаа юм.

Өнөөдөр авлигын гэмт хэрэгт эрүүгийн ял шийтгэл хүлээчихээд хэсэгхэн хугацааны дараа хүмүүсийг мартагнуулж байгаад ахиад нийтийн албан тушаалд, тэр тусмаа төрийн өмчийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга, удирдлагаар томилогдчихсон ажиллаж байдаг. Ингэхээр нөгөө шударга ёс хаана байна, сая шийтгүүлсэн хүн ажлаа хийж байна, ял шийтгэл үр нөлөөтэй байх зарчим хэрэгжихгүй байна гэдэг шүүмжлэл гарч иргэдийг бухимдуулж байна. Ял санкцаас шалтгаалан хэргийн хөөн хэлэлцэх асуудал үүсэж байгаа юм.  Өнөөдөр Эрүүгийн  хуульд заасан гэмт хэргийн шинжүүдийг бас оновчтой тодорхойлж өгч чадаагүй асуудлууд байгаа.

Тэгэхээр Эрүүгийн хуулийг боловсронгуй болгох шаардлагатай. Албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдэхэд хариуцлагыг нь зохих ёсоор оногдуулж чаддаг байх хэрэгтэй. Улс төрийн хүсэл зоригоо илэрхийлээд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг төрийн алба, нийтийн албанд ажилладаггүй болгох ёстой. Энэ эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай. Ингээд өгөх юм бол эрсдэл биш гэж бодоод үйлдээд байгаа нь таслан зогсоогдоно. Хүмүүс юу гэж хардаг вэ гэхээр хоёр хүн хоорондоо өгчээ, авчээ, хахууль  өгөгч нь ажлаа бүтээгээд авчээ хахууль авагч нь их бага хэмжээний хахууль аваад  тэр хүний ажлыг бүтээгээд өгчихжээ гээд монгол хүний сэтгэл зүйн онцлогоор тайван хандаад байдаг. Хохирсоноо мэддэггүй. Энэ авлигын гэмт хэргийн хохирогч чинь хэн юм бэ гэхээр Монгол Улсад байгаа иргэн бүр энэ гэмт хэргийн хохирогч болсноо мэддэггүй.

Хамгийн энгийн жишээ аваад үзвэл утааны асуудал авлигын гэмт хэргийн хор уршигтай холбогдож байна. Замын түгжрэлийн асуудал байж байна. Улаанбаатар хотыг хэдэн хүн амтай байхаар төлөвлөөд барьчихсан билээ хүн амын төвлөрөл суурьшил өнөөдөр замдаа тулгаад үйлчилгээний цэгүүд барьчихсан, машины зогсоол барих боломжгүй. Энэ бол хэн нэгэн албан тушаалтан авлига аваад зам барих талбайд байшин барих зөвшөөрөл өгчихсөн дүр зураг харагдаж байна. Өнөөдөр түгжрэлд хэн буруутай вэ. Хоёр хүн чи, би буруутай гэж бухимдаад байдаг болохоос тэр авлигын нөхцөл байдалд хэн буруутай юм гэдгийг ерөөсөө бодож хэлэлцдэггүй. Авлигын хор уршиг хэзээ илэрдэг вэ гэхээр 30 жилийн дараа илэрдэг гэж байгаа юм.  Бодоод үзэхээр одоогийн замын түгжрэлийг 2000-2005 онд олгосон зүй бус газар олголтын зөвшөөрлийн асуудлаас болж өнөөдөр илэрч байна гэхээр онолын хувьд яг таарч байна.  Ингэхээр бид авлигын гэмт хэргийн хохирол гэдгээ ойлгох ёстой. Үүнээс хэн хохироод байна вэ гэдгээ дүгнэж чаддаг байх ёстой юм байна. Ийм гэмт хэрэгт хатуу ял оногдуулдаг байх ёстой юм байна. Манайд авлигын гэмт хэрэгт нийтлэг байдлаар таван жилийн л хорих ял байдаг. Эндээсээ хөөн хэлэлцэх хугацаагаа тооцохоор таван жилийн дараа эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг.

Улс төрийн цикл, нөхцөл байдлынх нь хувьд аваад үзэхээр сонгуулийн дараа өөрийн багийг бүрдүүлж байна гээд нийтийн албыг тэр чигт нь хөдөлгөөд, төрийн албыг дотор нь үндсэн мэргэжилтэй албан хаагчдыг нь чөлөөлөөд, танил тал, намын гишүүдээ томилчихдог. Ингээд бүхэл бүтэн баг ажиллаж байгаад ажлаа өгсний дараа гэмт хэрэг илрэх нөхцөл байдал бүрддэг. Авлигын гэмт хэрэгтэй тэмцье гээд батлаад өгсөн Эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуульд 2020 оны нэг сар хүртэл төрийн нууцад хамруулсан бичиг баримтаа гаргуулж авч чадахааргүй байлаа. Бичиг баримт гаргуулж авах боломжгүй байна, төрийн нууцтай танилцах боломжгүй байна гэдэг асуудал тавигдаж байж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орж байж эрх зүйн зохицуулалт арай дээр болж байна. Гэтэл гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлж чадаагүй, бас нийгмийн хор аюулыг тодорхойлж чадаагүй.

Эрүүгийн хуулийн 22.1-д хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, бусдад давуу байдал олгосон аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. 22.2-д нийтийн албан тушаалтан их хэмжээний хохирол учруулсан бол гээд тодорхойлоод өгчихсөн. Их хэмжээ гэдэг бол 50 сая түүнээс дээш хэмжээтэй үнийн дүнг хэлж байгаа юм. Гэтэл оногдуулж байгаа ял санкц нь яг адилхан 1-5 жил хорих ялтай.  Их хэмжээ ч бай, хохирол учруулаагүй ч бай үүнд дүйцүүлэн нийгмийн хор аюулыг нь тооцоололгүйгээр хуульд бичигдсэн байгаа юм.

-Гар утас хулгайлсан этгээдэд таваас дээш жилийн ял өгдөг гэтэл авлигын гэмт хэрэг ийм ялтай байна. Энэ тал дээр хууль тогтоомжийг чангаруулж байж л шийдэгдэх нь байна. Яаж чангаруулж ялын бодлогыг зөв болгох вэ?

-Энэ бол хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал. УИХ-ын гишүүдийн асуудал. Хууль тогтоох байгууллага нь тогтоогоод өгвөл өнөөдрөөс ч хамаагүй, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэггүй, төсөөтэй хэрэглэдэггүй учраас нэг хоногийн өмнө ч гэсэн Эрүүгийн хуулийг боловсронгуй болгож байж  энэ гэмт үйлдэлтэй, хууль бус үйлдэлтэй тэмцэнэ.

-АТГ ажлаа муу хийж байгаагаас Монгол Улс авлигын оноогоороо хойно ороод байна гээд улстөрчид хэлдэг. Тэгвэл тэд эхлээд хуулиа шинэчлэх ёстой юм байна, зөв үү?

-Авлигын индексийг гаргадаг найман үзүүлэлт байдаг. Энд тухайн улсын улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл сонирхол ямар түвшинд байна вэ гэдэг хамгийн өндөр оноог эзэлдэг.  Манай улсыг хар жагсаалтад оруулсан. Энэ юуг үзэж байна гэвэл манай улсын эрх бүхий байгууллагууд авлигатайгаа тэмцэх, тероризмыг санхүүжүүлэх, зүй бус үндэслэлгүйгээр хураасан хөрөнгөө угаагаад байгаа, хууль бус хөрөнгийг эргэлтэд оруулаад байгаа  үйлдэлтэйгээ тэмцэж чадахгүй байна, улстөрчдийн хүсэл сонирхол байхгүй байна гэдэг үүднээс  энэ жагсаалтад оруулсан. Улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагууд хоорондоо ажлаараа уралддаг үзүүлэлт байхгүй. Монгол Улсын авлигын индекс гурван интервалын дунд явагддаг. Энэ нь 35-38-ын хооронд.

Хууль тогтоомж нь сайжраад, улстөрчид нь авлигатай тэмцэх хүсэл сонирхлоо илтэд илэрхийлээд, тэмцэж байж Монгол Улсын авлигын индекс урагшилна. Яг л гурван онооны дунд, тэр нь юу гэвэл тухайн жилд батлагдсан хууль эрх зүйн орчин, улстөрчдийн явуулж байгаа бодлого, шийдвэрлэсэн хэрэг гэсэн оноонуудаас 3 оноо гэдэг бол маш бага интервал юм.

-Авлигын хэрэг давтан үйлдэгдээд буй шалтгаан нь Эрүүгийн хууль юм биш үү?

-Гэмт хэрэг үйлдэж байгаа хүн өөрийгөө баригдахгүй гэсэн бат итгэлтэй байдаг.  Эрх зүйн хувьд эндээс гарах ямар нэгэн боломж бололцоо байгаа гэдгээ урьдчилан тооцоолж байдаг. Тэр тусмаа эдийн засгийн эрх чөлөөнд хүрчихсэн хүмүүс, улс төрийн эрх чөлөөнд хүрчихсэн хүмүүс энэ тооцооллуудыг хийдэг, тэд ардаа бүхэл бүтэн багтай ажилладаг. Хууль зүйн сайд Х.Нямбаатар эрүүгийн хэрэг, иргэний хэрэг ямар хугацаанд шийдвэрлэгдэж байна, ямар их зардал гаргаж байгаа тооцоо судалгаануудыг нийтэд ил болгосон шүү дээ. Энэ үнэн байхгүй юу.  Хэргээ шийдвэрлүүлэхгүй аль болох удаашруулах, нөгөө хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахыг хүлээх. Хоёр жил шийдэгдэхгүй хурлаа товлоод оролцогчид бүрэн ирсэнгүй, өмгөөлөгч ирсэнгүй гээд хэрэг нь хойшлоод л байгаа юм. Энэ нь өөрөө хэргийг шийдүүлэхгүй байх, авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа богино байна гэдгийг харуулж байгаа юм. Гар утас хулгайлсан хүн гээд та түрүүн хэллээ. Амьдралын эх үүсвэрээ болгосон бол гээд Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэрэг дээр тооцох юм бол 5-15 жилийн хорих ялтай. Гэтэл авлигын гэмт хэрэг дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэе гэхэд 5 жил гэдэг энэ хоёрыг харьцуулаад үзэхээр иргэнд хэт хатуу, албан тушаалтанд ээлтэй зөөлөн Эрүүгийн хуулийн ялын бодлого үйлчлээд байгаа юм. Ялын бодлогыг ядаж шударга ёсны зарчимд нийлүүлээд хуульчлаад өгчих юм бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал дагаад байхгүй болно. Хохирлоо төлөхгүй байх, ял завших гээд оролдоод байгаа үйлдлүүд хөөн хэлэлцэх хугацаа нь уртсахаар дагаад байхгүй болно. Тэгэхээр Эрүүгийн хуулийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай. Тэр тусмаа гэмт хэргийн шинжүүд буруу зөрүү томъёологдчихсон, тодорхойлогдчихсон асуудал олон байна.

-Хөгжлийн банкны энэ давуу байдал олгосон зээлийг эргэн төлүүлээд цаашдаа ийм асуудал бий болгохгүйн тулд улстөрчдийн хүсэл зориг хэрэгтэй юм байна. Энэ тал дээр олон нийтийн зүгээс ямар шахалт байж болох вэ?

-Ер нь улстөрчдийн авлигачидтай тэмцэх хүсэл сонирхол, соёл гэж юм төлөвших ёстой.  Магадгүй улстөрчид өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл аваад өгчихсөн, эрх нөлөөгөө урвуулаад ашиглачихсан болбол өөрөө ард түмнээс уучлалт гуйгаад огцорчих ёстой. Шударгаар хуулийн байгууллагаар шалгуулах ёстой. Гэтэл манай дээр ийм улстөрчид гарахгүй байгаа л даа. Бүгд өөрөө өөрийгөө өмгөөлнө, хамгаална, магадгүй явж явж хамгийн сүүлд нь эдийн засгийн эрсдэлээ тооцож чадаагүйнхээ хор хохирлыг төр лүү чихнэ.

Хөгжлийн банктай холбоотой хэргийг бол яг өнөөдөр шалгаад эхэлчихсэн юм шигээр ойлгоод байна. Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан Мөнхбат гэж хүнтэй холбоотой хэрэг шийдлээ, Хөгжлийн банкнаас зүй бусаар зээл аваад одоо хамаарал бүхий компани руугаа шилжүүлж авсаар байгаад албан тушаалтнуудын хэрэг шийдвэрлэгдсэн.  Хэрэг шийдвэрлэгдэж байна гэдэг нь үүнээс өмнө мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан гэсэн үг шүү дээ.

-Эрүүгийн хуулийг чангатгахаас гадна хялбаршуулсан журам дээр та юу гэж бодож байна?

-Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар  эрүүгийн хэргийг шийдвэрлэх ийм зохицуулалт байгаа. Энэ бас дэвшилттэй зохицуулалт, хуульд байх ёстой. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид хүртэл гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн, үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдсэн талаараа сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүмүүст хөнгөлөлт үзүүлэх ёстой гэсэн зөвлөмж байдаг. Дэлхийн улсууд сүүлийн 10 жил энэ хялбаршуулсан журмыг маш их ашигладаг болсон. Энэ нь өөрөө давуу талтай, бас сул талтай. Давуу тал илүү байгаа учраас бид хэрэгжүүлж эхэлсэн.

Гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд мөрдөн шалгах ажиллгааны хугацаа, хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, хуулийн байгууллага дуудсан цагт бэлэн байх ёстой, зорчих эрх нь хязгаарлагдана. Энэ бүхнийг өөрөө нэгэнт буруугаа хүлээн зөвшөөрөөд учруулсан хохирлоо нөхөн төлөөд, дээрээс нь хариуцлагаа хүлээе гэж байхад тэр хүнийг удаан процессоор залхаах явдал байхгүй болж байгаа. Өмгөөлөгчийн зардал гэдэг асуудал нь багасаж байна. Төрийн хувьд учирсан хохирол, хулгайлагдсан хөрөнгөө буцаагаад авж байгаа юм. Шүүн таслах үйл ажиллагааны өмнөх процесс, түүнтэй холбоотой зардлууд нэмэгдэж байгаа юм. Энэ мэтчилэн маш их давуу тал байна. Эрх зүйн бүл хамаарахгүй улс орнууд энэ хялбаршуулсан журмыг ашиглаж байгаа. Харин оногдуулах ял санкцын хувьд хууль сахиулах байгууллага, хуульчид тэрэн дээр оновчтой тодорхойлолтоо хийж өгөх ёстой. 

Дэлхийн чиг хандлагыг харахаар хулгайлагдсан эд хөрөнгийг бүгдийг нь буцааж төлүүлэх, дээрээс нь торгох ялаар шийтгэх, эд хөрөнгийг нь хураая гэдэг хандлага байна. Гэтэл манай улс Эрүүгийн хуульдаа эд хөрөнгө хураах гэдэг ялыг үндсэндээ байхгүй болгочихсон. Эрүүгийн хуульд байгаа албадлагын шинжтэйгээр эд хөрөнгө хураана гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг л хураах ойлголт. Энэ хуулийн үндсэн агуулга нь зөрчилдөөд ирэхээр ялын үр нөлөөтэй байх, магадгүй хулгайлсан хөрөнгөө хураалгаад, дээрээс нь торгуулаад, хувьд ноогдох өөрийн хөрөнгөнөөс торгуулаад ирэхээр энэ хүмүүс чинь нэгийг бодно доо. Гэтэл хуульд ийм зохицуулалт байхгүйгээс үүдэлтэйгээр эрсдэл бага учраас авлигын гэмт хэрэг буурахгүй, албан тушаалтнууд энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд байна. Тэр тусмаа ял шийтгэлтэй этгээдүүд өчнөөн олноороо төрийн албанд ажиллаж байна шүү дээ.

Олон нийтийн зүгээс ял шийтгэлийн бодлогоо чангатгаач ээ гэдэг шахалтыг тавьж байгаа. Жил бүрийн 12 сарын 9-нд дэлхий нийтээрээ Авлигын эсрэг өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрөөр ч бүх иргэдийн дуу хоолой ийшээ чиглэдэг. Мөн судлаачид, эрдэмтэд энэ талаар байнга гаргаж тавьж байгаа. Үйл ажиллагаандаа өдөр тутам хуулийг хэрэгжүүлж буй бидний хувьд ч гэсэн чадах хэмжээгээрээ энэ болохгүй байна гэдгийг гаргадаг. Болохгүй байгаа зүйлийг гаргахаар өөдөөс бас няцаалт ирж байна, өөрсдөө ажлаа хийхгүй залхуураад бүхнийг буруу руу чихэж байна гээд. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэдэггүй учраас бид хуулийг байгаагаар нь хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Бид авлигатай тэмцэж байна гээд  хуульд байхгүй хэм хэмжээг хэрэгжүүлээд бусдын эрхийг зөрчөөд байж болохгүй шүү дээ. Энэ нь өөрөө эрүүдэн шүүх гэмт хэрэг болж хувирах аюултай.

Хамгийн чухал нь мэдээллийн нээлттэй байдал байхгүй байна. Хөгжлийн банкны хэнд ямар зээл олгов, ямар барьцаатай вэ гэдэг мэдээлэл нийтэд ил байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэх үү үгүй юу гэдгийг бас бодох ёстой.