ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

A- A A+
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Хөгжлийн банкны зээлийн 65 хувь буюу 2,3 их наяд төгрөгийн зээл чанаргүй, найдваргүй ангилалд шилжсэн нь улсын төсвийн 15 орчим хувьтай тэнцэж, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулах тул тухайн хэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын, Эдийн засгийн, Төсвийн байнгын хороодоор тус тус хэлэлцүүлж, үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, төсөв, нийгэм, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх  талаар нэн даруй үнэлэлт, дүгнэлт өгч, хэргийг олон нийтэд нээлттэй, ил тод шалгахыг  АТГ-ын дэргэдэх ОНЗ-өөс төрийн эрх бүхий байгууллагуудаас хүссэн билээ. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд АТГ-аас Хөгжлийн банкны 73 зээлдэгчийг нэгбүрчлэн шалгах явцад 107,5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төвлөрүүлснээс өөрөөр тодорхой ахиц дэвшил гарахгүй байна.

Хөгжлийн банкны зээлийн хэрэг бол авлигажсан төрийн, авлигач албан тушаалтнуудын нийтийн эрх ашиг, өмчийн эсрэг үйлдсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлийн гэмт хэргийн хамгийн тод, ил жишээ мөн. Энэ зээлээс улс төрд нөлөө бүхий этгээд, албан тушаалтны дэмжлэг, дарамт, хуйвалдаангүйгээр нэг ч иргэн, аж ахуйн нэгж аваагүй нь тодорхой байна. Иймээс энэ гэмт хэрэгт үйлдэл, эс үйлдэл, ашиг сонирхлоороо холбогдсон этгээд бүр хувь хүний ёс зүйн хариуцлага, намын гишүүний улстөрийн хариуцлага, гэмт хэргийн эрүүгийн хариуцлага заавал хүлээх ёстой.

Иймд нийгэм дэх авлигын нөхцөл  байдлыг үнэлж, мэдээлэх үүргийнхээ дагуу дараахь мэдээлэл, хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт дахин хүргүүлж байна. Үүнд:

Нэгдүгээрт:

2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн

  • 22.2-д Улсын Их Хурал Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй.
  • 23.2-д Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан батлахгүй

гэсэн өөрчлөлт оруулж, тус  банкны Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал  зээлийн шийдвэр, олголтыг өөрсдөө мэддэг болжээ. 2016 онд Хөгжлийн банкыг шалгаж, алдаа,дутагдлыг нь илрүүлсэн мөртлөө шалгалтын материалыг  улсын нууцад хамруулж,олон нийтээс  нууцлаад зогсохгүй эрхзүйн зохицуулалт, хариуцлагын тогтолцоог  ийнхүү дордуулсан нь тухайн банкны гэмт хэрэг, зөрчил хавтгайрахад нөлөөлсөн байна.

Цаашид зээлдэгчдээс гадна  зээл олгохоор шийдвэрлэсэн Хөгжлийн банкны үе, үеийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, тус банкны гүйцэтгэх удирдлагууд, зээл олгоход хүргэсэн улстөрд нөлөө бүхий этгээдүүд, албан тушаалтнууд, зээлийн жинхэнэ эзэн эцсийн өмчлөгчид, үнэнийг нууцалсан, хуулийг өөрчилж дордуулсан этгээдүүдийг нэгбүрчлэн тодруулж, илрүүлж шалгах ёстой.

Хоёрдугаарт:

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны Хөгжлийн банкны шалгалтын материалыг улсын нууцаас  гаргаж, ил тод болгосон. Гэтэл олны анхааралд өнөөдөр ороод байгаа чанаргүй зээлдэгчид болох Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий Монгол драй милк ХХК, Б.Ундармаагийн хамаарал бүхий Бишрэлт групп ХХК, А.Сүхбатын хамаарал бүхий Түгээмэлтүмэн хишиг ХХК зэрэг олон компаниудад 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хойш зээл олгожээ.

Хөгжлийн банкны чанаргүй зээл, найдваргүй зээлдэгчтэй холбогдох бүх гэмт хэрэг, зөрчил, ёс зүйн асуудлыг олон нийтийн хяналт дор ил тод, нээлттэй, шударгаар шалган шийдвэрлэхийг иргэд хүсэж байна.

“Прокурорын тухай” хуулийн:

  • 8.1-д Хуулиар нууцлахаар тогтоосноос бусад асуудлаар гаргаж байгаа прокурорын шийдвэр ил тод байна.
  • 8.2-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх болон хуулиар хориглосноос бусад тохиолдолд прокурор, түүний зөвшөөрснөөр холбогдох албан тушаалтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шийдвэрлэлтийн талаар олон нийт, албан тушаалтан, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл өгч болно

гэж заасныг үндэслэн  прокурорын байгууллага  өөрөө болон АТГ-т зөвшөөрөл өгөх замаар Хөгжлийн банкны шалгалтын үйл ажиллагааг  хуулийн хүрээнд олон нийтэд нээлттэй байлгах хүсэлтийг тавьж байна.

Гуравдугаарт:

Хөгжлийн банкны зээлийн хэргийг шалгах УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа ерөнхий, асуудалд эрхзүйн үнэлэлт өгөх чадамж хангалтгүй байгаагаас  урьдчилан гаргаж буй дүгнэлтүүд нь эрх бүхий хууль хүчний байгууллагын шалгалтад хөндлөнгөөс нөлөөлөх шинжтэй байна. Иймд

Үндсэн хуулийн 28.2-д Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурлын цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна гэж заасны дагуу УИХ хяналт шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг хүсэж байна.

Дөрөвдүгээрт:

Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдал харьцангуй бэхжиж, авлигын хэргийн илрүүлэлт, шүүхээр шийдвэрлүүлэх  үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч буй энэ үед Монгол  Улсын Засгийн газрын санаачлагаар Мөрдөх алба байгуулж, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүргийг харьяалуулахаар ярьж эхэлсэн нь авлигатай тэмцэх үндэсний тогтолцоонд ноцтой уршиг, ухралт авчирч болзошгүй байна. НҮБ-ын Авлигын эсрэг конвенци, олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу байгуулагдаж, дөнгөж хөгжиж, бэхжиж эхэлсэн энэ тусгай чиг үүрэг бүхий дагнасан байгууллагаа задалж, хүч, эрх  мэдлийг нь хуваахын оронд авлигын гэмт  хэргийн дагнасан шүүх, прокурор байгуулахыг дэмжиж, эрхзүйн орчин, ялын бодлого, хөөн хэлэлцэх  хугацаа, хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаа зэрэг маргаан дагуулсан тулгамдсан асуудлууддаа анхаарал хандуулж ажиллахыг нийгэм, олон нийт хүлээж байна.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ