Авлигын эсрэг тэмцэгчдийн хөрөнгө хураах гарын авлага

A- A A+
Авлигын эсрэг тэмцэгчдийн хөрөнгө хураах гарын авлага

Клептократууд болон авлигад идэгдсэн олигархиудын эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тал дээр барууны засгийн газрууд илүү шийдэмгий байх ёстой гэдгийг авлигатай тэмцэгчид удаан хугацааны турш сануулсаар ирсэн. Хууль бус хөрөнгийг онилох нь олон жилийн турш барууны орнуудын авлигатай тэмцэх хэрэгслийн нэг хэсэг байсаар ирсэн ч Орос Украинд түрэмгийлсний хариуд энэ тактикт анхаарал хандуулах явдал идэвхжиж байна. Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт нэвтэрсэн даруйд Путины дэглэмтэй ойр байсан байгууллага, хувь хүмүүсийн эсрэг олон төрлийн эдийн засгийн хориг арга хэмжээ авав. Түүгээр ч зогсохгүй, тэрбум тэрбумаар үнэлэгдэх олон арван эд хөрөнгийг олж илрүүлсэн сэтгүүлчдийн туслалцаатайгаар Оросын олигархиудын хувийн онгоц, амралтын газар, супер усан онгоцыг хууль сахиулах байгууллагууд хураан авч эхэлсэн юм.

Энэ салбарыг төдий л мэдэхгүй болон мэддэг зарим хүмүүс ч эдгээр хөрөнгийг гол бай болгож буйн хууль эрх зүйн үндэслэлийн талаар гайхаж байж магадгүй юм. Үнэн хэрэгтээ энэ чиглэлийн хууль эрх зүй нь хэвлэлийн мэдээ болон нийтлэг тайлбарт бүрэн дүүрэн агуулагддагүй зарим нарийн ширийн зүйлс бүхий байдаг.

Нэгдүгээрт, засгийн газар тухайн хүний ​​хөрөнгийг битүүмжлэх, хураах хууль эрх зүйн үндэслэл байсан ч уг хүн тухайн эд хөрөнгийг эзэмшдэг гэдгийг нотлох хэрэгтэй байдаг. Олигархууд болон клептократууд зэрэг ихэнх гэмт хэрэгтнүүд нэрээ нууцалсан компани, гадаад дахь траст гэх мэт өмчлөлийг нуун дарагдуулах зориулалттай хэрэгслээр дамжуулан хөрөнгөө хадгалдаг тул ийнхүү нотлоход бэрхшээл учирдаг. Сэтгүүлчид болон иргэний нийгмийн бүлгүүд өмчлөлийн зарим бүтцийг нь илрүүлсэн байлаа ч уг этгээд тухайн хөрөнгийн 50-аас доошгүй хувийг эзэмшдэг гэдэгт итгэх хангалттай үндэслэлийг хууль сахиулах байгууллагууд хараат бусаар нотлон гаргах ёстой. Өмчлөлийг шалгахын тулд өмч хөрөнгө, санхүүгийн бүртгэл, хэвлэл мэдээллийн эх сурвалжийг шалгах зэрэг өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа шаарддаг.

Дараа нь хөрөнгийг битүүмжлэх болон хураан авахын ялгааг санах нь чухал юм. Эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд тухайн эд хөрөнгийг шилжүүлэх, устгах, хөдөлгөхийг хориглодог бол эд хөрөнгийг хураах гэдэг нь өмчлөх эрхийг төрд шилжүүлэхийг хэлдэг. (Ийм ч учраас клептократуудын хулгайлсан гэх хөрөнгийг “хохирогч” улсад буцааж өгөхөөс өмнө уг хөрөнгийг харьяаллынх нь эрх бүхий засгийн газар битүүмжлээд зогсохгүй хураах ёстой.) Барууны засгийн газрууд Украины дайн эхэлснээс хойш Оросын олигархиудын хөрөнгийг хураахын оронд ихэнхдээ царцаасан. Эдгээр хөрөнгийг царцаах хууль ёсны үндэслэл нь ерөнхийдөө АНУ, ЕХ, Их Британиас хэрэгжүүлдэг хориг арга хэмжээ юм. Хориг арга хэмжээ авснаар тухайн байгууллага, хувь хүн, корпорац руу бизнес эрхлэгчид гүйлгээ хийх боломжгүй болдог. Тиймээс хориг арга хэмжээ авагдсан этгээд нь хөрөнгө, данс эзэмшдэг болохыг тогтоосны дараа дансыг царцаах, эсхүл хөрөнгийг тараан байршуулахаас сэргийлэхийн тулд битүүмжлэх тухай шүүхийн шийдвэр гаргуулж болдог. Ийм хязгаарлалтыг хэвлэлээр заримдаа хураан авах гэж нэрлэдэг боловч энэ тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлдэггүй юм.

Харин хөрөнгийг хураан авснаар өмчлөл нь бодитоор өөрчлөгддөг. Гэхдээ клептократ, Оросын олигархи гэх мэт хувь хүнд хориг тавьсан төдийд л тухайн хүний ​​эзэмшиж буй аливаа хөрөнгийг хориг арга хэмжээ авч буй улс хураан авах боломжтой гэсэн үг биш юм. Үүний тулд шүүхээс эд хөрөнгө хураах тухай шийдвэр гаргах үндэслэлийг хууль сахиулах байгууллага гаргаж өгөх, улмаар тухайн эд хөрөнгө гэмт хэргийн үйл ажиллагаатай холбоотой гэдгийг тогтоох ёстой. Энэ нь төвөгтэй байж магадгүй юм. Тухайлбал, хориг арга хэмжээ авсан Оросын олигархиудын ихэнх нь баруунд байршуулсан хөрөнгийн эзэмшлээ зөвтгөхийн тулд орлогын хууль ёсны эх үүсвэрийг зааж өгч болно. (Би энд “хууль ёсны” гэсэн нэр томьёог уян хатан утгаар ашиглаж байна - олон олигархи эд хөрөнгөө сэжигтэй нөхцөл байдалд олсон байдаг боловч шүүхээс эд хөрөнгө хураан авах шийдвэр гаргахад энэ ерөнхий хардлага хангалтгүй байх магадлалтай.)

Гэхдээ хөрөнгө хураан авах шийдвэрийг зөвтгөх өөр нэг арга бий. Хэрэв хориг арга хэмжээ авагдсан этгээд уг хоригийг зөрчсөн буюу зөрчихийг оролдсон бол засгийн газар эд хөрөнгийг нь хураан авах боломжтой. “Роснефть”-ийн гүйцэтгэх захирал Игорь Сечиний усан онгоц боомтоос гарахаар бэлдэж байхад нь Францын гаалийнхан хураан авсан юм. Майорка хотод Испани, АНУ-ын албаныхны саатуулсан Виктор Вексельбергийн 275 футын дарвуулт онгоцыг АНУ-ын Хууль зүйн яам мөн ийм аргаар хураан авсан байдаг. АНУ-ын хууль тогтоомжид гэмт хэрэгтэй холбоотой эд хөрөнгийг хураан авахаар заасан байдаг бөгөөд АНУ 2018 онд Вексельбергт хориг тавьсны дараа түүнийг (Вексельбергийг) мөнгө угаасан, мөн усан онгоцоо өөртөө авч үлдэхийн тулд хориг арга хэмжээг зөрчсөн гэж Хууль зүйн яам үзсэн нь АНУ-ын Засгийн газарт уг хөрөнгийг хураан авах боломж олгосон байна. Энэхүү нэхэмжлэлийг амжилттай биелүүлэхийн тулд өмч хөрөнгө болон үндсэн гэмт хэргийн хооронд “бодит холбоо хамаарал” байгаа эсэхийг Хууль зүйн яам тогтоох шаардлагатай болно. Хууль зүйн яам амжилтад хүрэх эсэхийг цаг хугацаа харуулах боловч усан онгоцыг авлигын мөнгөөр ​​худалдаж авсан гэдгээс илүү хориг арга хэмжээг зөрчсөн гэдгийг нотлох нь Америкийн прокуроруудад илүү хялбар байх нь гарцаагүй юм.

АНУ-ын Хууль зүйн яам авлигад идэгдсэн бусад олигархи, клептократуудын эсрэг үүнтэй ижил хууль эрх зүйн арга хэрэгслийг ашиглах боломжтой бөгөөд шаардлагатай юм. АНУ-ын хөрөнгө хураан авах журмыг хэт чанга шийтгэлтэй, үйл явцын дараалал бүрхэг гэх мэтээр шүүмжилдэг ч хориг арга хэмжээнд орсон олигархиуд өөрсдийгөө хамгаалах хангалттай нөөцтэй бөгөөд АНУ-ын эрх баригчид тэдний өмч хөрөнгө болон үндсэн гэмт хэргийг ямар ч эргэлзээгүйгээр нотлох ёстой. Мөнгө угаах замаар хориг арга хэмжээг зөрчсөн авлигач албан тушаалтнуудын өмч хөрөнгийг хураан авах нь олон улсын хамтын ажиллагаа, мөрдөн шалгах болон прокурорын байгууллагын нөөцийг ихээр шаардсан нарийн төвөгтэй арга хэмжээ юм.

Америк, Европ Оросын хөрөнгийг хураан авсан явдал нь дэлхийн клептократуудын олж авсан асар их баялагт, улмаар авлигатай тэмцэх үр дүнтэй стратегийн гол бүрэлдэхүүн хэсэг нь энэ юм гэдэгт анхаарал хандуулж буй хэрэг билээ. Украин дахь түрэмгийлэл нь хууль бусаар олсон орлогыг илрүүлэх, хураан авах хууль эрх зүйн шийдэмгий арга хэмжээг өргөнөөр ашиглахад түлхэц өгч, авлигыг мөрдөн шалгахад олон талт хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин илтгэж байна. Мэдээжийн хэрэг, хууль бус хөрөнгийг онилох нь улс төрийн хэрэгсэл болохын хувьд тодорхой хязгаартай. Владимир Путины ойрын хүмүүсийн тансаг эд хөрөнгийг хураан авснаар түүний эрх мэдлийг сулруулах магадлал багатай юм. Үр дүнтэй байсан ч энэ хэрэгслийг хууль болон хүний ​​эрхийг дээдлэх үүднээс ухаалгаар ашиглах ёстой. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд хориг арга хэмжээтэй холбоотой эд хөрөнгө хураах үйл ажиллагаанд алдаа гаргахаас болгоомжилж, нягт нямбай ажиллах ёстой. Гэхдээ эдгээр анхааруулгыг хүлээн авч хөрөнгө хураах, данс битүүмжлэх нь барууны засгийн газруудад зөвхөн Оросын авлигын том төлөөллүүдтэй төдийгүй дэлхий даяарх клептократуудтай тэмцэх хүчирхэг зэвсэг болох юм.

 

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com/2022/05/02/the-anticorruption-campaigners-guide-to-asset-seizure/