Аргентина Улсын шүүхийн шинэчлэл: Хонины арьс нөмөрсөн чоно

A- A A+
 Аргентина Улсын шүүхийн шинэчлэл: Хонины арьс нөмөрсөн чоно

2022 оны 2-р сарын 1-нд хэдэн мянган жагсагчид Буэнос-Айрес хотын гудамжинд шүүхийн шинэчлэл хийхийг шаардан жагссан. Энэхүү жагсаалыг Киршнерист бүлгүүд (Ерөнхийлөгч асан Нестор Киршнер, Кристина Фернандес де Киршнер нарыг дэмжсэн нэрээр нэрлэсэн) болон Киршнерийн холбоотон болох шүүхийн шинэчлэл хийхийг уриалж буй Ерөнхийлөгч Альберто Фернандес нар дэмжсэн байна. Санал асуулгаас харахад Аргентина Улсын насанд хүрэгчдийн 70 орчим хувь нь шүүхийг авлигад идэгдсэн гэж үзсэн бөгөөд энэ нь сүүлийн үед олны анхаарлыг татсан шүүгчдийн авлигын талаарх дуулианаас үзэхэд тийм ч гайхмаар зүйл биш юм. Өнгөрсөн онд л гэхэд шүүгч Уолтер Бенто авлигын томоохон сүлжээг удирдсан хэргээр яллагдагчаар татагдсан. Үүний нэгэн адил 2019 онд шүүгч Раул Рейносо хээл хахууль болон хар тамхины хэргээр 13 жилийн хорих ял авсан. Шүүгч Карлос Сото Давила 2019 онд хар тамхины асуудалд холбогдуулан авлига авсан хэргээр яллагдагчаар татагдсан. Шүүхийн авлигын талаар хангалттай нотлох баримтууд байгаа төдийгүй Аргентина Улсын шүүх нь авлигад идэгдсэн улс төрийн бүлэгт хариуцлага тооцоход огт үр дүнгүй мэт санагдаж байна. Аргентина Улс дахь нийт авлигын хэргийн ердөө 1 хувь нь л бодитой шийдвэрт хүрч байгаа нь үнэхээр аймшигтай юм.  

Аргентины шүүх дэх авлига болон хууль ёсны асуудал зэргээс харахад шүүхийн шинэчлэл хийх нь зөв алхам мэт санагдаж байна. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Фернандесын энэ оны 3-р сард дахин тодорхойлсон шүүхийг шинэчлэх төлөвлөгөө нь авлигыг засаж залруулахын оронд улам бүр дордуулж болзошгүй юм.

Ерөнхийлөгч Фернандесын хэрэгжүүлэхээр найдаж байгаа зүйлийн хамгийн сайн үзүүлэлт нь 2020 онд Аргентина Улсын Сенатад өргөн мэдүүлсэн багц боловч Конгрессоос дэмжлэг аваагүйн улмаас гацсан юм. Энэхүү хуулийн төсөлд шинээр шүүхүүд болон олон тооны шүүгч, дээд шүүхийн шүүгчдийн тоог нэмэх замаар шүүхүүдийг ихээхэн өргөжүүлэх төлөвлөгөө багтсан. Мөн хуулийн төсөлд прокурорууд мөрдөн байцаалтыг удирдаж, шүүгчид зөвхөн шударга шүүн таслах үүрэг гүйцэтгэдэг эрүүгийн эрх зүйн тогтолцоог сэргээх юм. (Аргентины шүүхүүд 2015 он хүртэл ийм тогтолцоотой байсан бөгөөд Киршнерийн өрсөлдөгч, ерөнхийлөгч асан Маурисио Макри нь шүүгчид өөрсдөө хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг холимог системийг хэрэгжүүлсэн). Түүнчлэн хуулийн төсөлд шүүх эрх мэдлийн тогтолцоонд нэмэлт өөрчлөлт оруулах талаар дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий “Зөвлөлдөх зөвлөл”-ийг байгуулахаар тусгасан байна.

Ерөнхийлөгч Фернандес болон түүний холбоотнууд дээрх шинэчлэл нь шүүхийн эрх мэдлийн төвлөрлийг бууруулж, шүүгч мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжийг хатуу хязгаарлах замаар авлигыг арилгахад тусална гэж үзэж байна. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр саналууд ялангуяа шүүхийн тогтолцоог ихээхэн өргөжүүлэх нь шүүхийг улс төрийн хувьд илүү уян хатан болгох замаар авлигын асуудлыг улам хурцатгаж магадгүй юм. Олон арван шинэ орон тоог бий болгосноор Фернандес өөрийн мөрийн хөтөлбөрт нийцсэн шүүгчдийг томилж, улмаар шүүхүүдэд илүү хяналт тавих боломжтой болно. Тухайлбал, энэхүү шинэчлэл нь Фернандесын улс төрийн холбоотнууд ялангуяа хээл хахууль, мөнгө угаах, залилан гэх мэт хэргээр олон удаа мөрдөн байцаалтад өртөж байсан одоогийн дэд ерөнхийлөгч Киршнерийг бараг л хамгаалах тул зөв зүйл гэж шүүмжлэгчид үзэж байна.

Киршнер нь өөрийгөө гэм буруугүй бөгөөд Макри болон түүний бусад өрсөлдөгчдийн улс төрийн хавчлага эсвэл хуулийн золиос болсон гэдгээ баталдаг. Киршнер гэм буруугүй эсэхээс үл хамааран Аргентины шүүх маш их улстөржсөн талаар үндэслэлтэй санааг дэвшүүлж байна. Аргентины шүүхийн тогтолцоонд олон жил үргэлжилсэн хандлага бол эрх баригч намын албан тушаалтнууд болон хамаарал бүхий хүмүүст эелдэг хандаж, харин өрсөлдөгч намынхан нь засгийн эрхэнд гарсны дараа хуучин албан тушаалтнуудад харгис хандах хандлагатай байдаг. Макри ерөнхийлөгчийн албан тушаалд очсоны дараа Киршнер авлигын хэргийн бай болж байсан бол Фернандес Макригийн оронд ерөнхийлөгч болсны дараа Макри өөрөө авлигын хэрэгт холбогдож эхэлсэн.

Аргентины шүүхийг улс төрийн зэвсэг болгон ашиглах нь асуудал боловч Фернандесын санал болгож буй шинэчлэл үүнийг засаж залруулах зүйл биш бололтой. Үнэн хэрэгтээ Фернандесын 2020 оны шүүхийн шинэчлэлийн тухай хуулийн төсөлд тус улсын хэт улс төржсөн шүүхийн томилгооны тогтолцоог өөрчлөх оролдлого тусгагдаагүй байна. Шүүхийн шинэчлэл хийх аливаа оролдлогын хувьд Аргентины шүүхийг улс төрөөс ангид болгох нь нэн тэргүүний зорилт байх ёстой. Шүүхийн томилгооны үйл явцын хувьд дараах гурван асуудал онцгой ач холбогдолтой:

Нэгдүгээрт: Гүйцэтгэх засаглал нь шүүгчдийг томилох хэт их эрх мэдэлтэй байдаг. Энэ нь Ерөнхийлөгчид улс төрийн өрсөлдөгч нарыг нь шалгаж, өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн буруутай үйлдлийг үл тоомсорлох, намын харьяалалтай шүүгчдээр шүүхийг дүүргэх боломжийг олгодог. Мөн Ерөнхийлөгч хуулийн цоорхойг ашиглан зарим шүүгчийг Сенатын зөвшөөрөлгүйгээр тодорхой шүүхүүдэд томилох боломжтой. (Одоогийн шүүгчдийг ижил зэрэглэлийн шинэ албан тушаалд томилоход Сенатын зөвшөөрөл шаардлагагүй.) Тус хуулийн цоорхойг ашигласанд Макри өөрөө буруутай. Үнэндээ Киршнерийн эсрэг авлигын хэргийг хариуцах гурван шүүгчийг Макри ийм байдлаар томилсон. Мөн Макри дээд шүүхийн хоёр шүүгчийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх тогтоолоор томилох боломжтой болсон. Эдгээр хуулийн цоорхойг арилгаснаар Конгрессын хяналтгүйгээр шүүхийг удирдах Ерөнхийлөгчийн чадварыг бууруулна.

Хоёрдугаарт: Шүүхэд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүс нь “Шүүгчийн зөвлөл”-өөр хянагддаг ч тус зөвлөлийн бүрэлдэхүүнд олонх болсон намыг төлөөлсөн олон тооны гишүүн болон хэд хэдэн улс төрчийг багтаах бүтэцтэй байдаг тул томилгооны асуудалд улс төрийн зохисгүй нөлөөлөл бий болоход хүргэдэг. “Шүүгчийн зөвлөл”-ийг бүхэлд нь хараат бус шүүгч, хуульчдаас бүрдүүлдэг тогтолцоог бий болгох ёстой.  

Гуравдугаарт: Аргентины шүүх нь өөрийн авьяас чадвараар томилогдох хүмүүсийн сонгон шалгаруулалтад сөргөөр нөлөөлж, улс төрийн өрөөсгөл хандлагатай шүүгчдийн томилгоог улам бүр дэмжсэн төрөл садан, нам дагасан хүмүүс болон хандив өгч хууль бусаар томилогддог гажуудал соёлд автсан байна. Үнэхээр ч улс төржсөн шүүхийн томилгооны асуудал нь шүүгчид болон тэднийг томилсон улс төрчдийн хооронд харилцан ашигтай харилцааг бий болгож байна. Үүний үр дүнд шүүгчдийг хэнийг таньдаг, хэнд үйлчлэхэд бэлэн байгаагаар нь сонгодог.

Аргентины шүүхүүд асар их авлигад идэгдэж, улс төрийн заль мэхэнд өртөмтгий байдаг нь эргэлзээгүй. Хэдийгээр шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгаа ч Фернандесын санал болгож буй шинэчлэл нь хонины арьс нөмөрсөн чоно мэт санагдаж байна. Шүүгчдийн тоог эрс нэмэгдүүлж байгаа нь Фернандес (болон Киршнер) шүүхэд хяналтаа бэхжүүлж, шүүхийг өөрсдийн хүсэл зоригийн дагуу хөдөлгөх арга юм. "Зөвлөлдөх зөвлөл" нь санал болгож буй найруулгаас харахад Киршнер болон бусад өндөр түвшний авлигын хэргээр яллагдагчдад ашигтай өөрчлөлтийг дэмжих хэрэгсэл төдийхөн биш бололтой. Яллах тогтолцоо руу буцах нь давуу талтай боловч асуудлын голыг хангалттай олж чаддаггүй. Аргентины шүүх дэх авлигын асуудлыг шийдвэрлэхийн тулд шүүгчдийн тоонд бус, харин тэднийг хэрхэн сонгон шалгаруулж байгаад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com/2022/04/25/argentinian-judicial-reform-a-wolf-in-sheeps-clothing/