Шри Ланка сонгуулиа цэвэрлэж чадах уу?

A- A A+
Шри Ланка сонгуулиа цэвэрлэж чадах уу?

Сурагчийн цүнх, сурах бичиг, үр, бордоо, хувцас, оёдлын машин, цаг, хуанли, гар утас зэрэг нь 2015 оны Шри Ланкагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр олон нийтэд “сонгуулийн хахууль”-д тараасан зүйлсийн зөвхөн нэгээхэн хэсэг юм. Энэ удаагийн сонгуулиар сонгуулийн хууль зөрчиж, улсын хөрөнгийг илтэд ашигласан, тэр дундаа улс төрийн уулзалтын үеэр мөнгө тараах, төрийн байгууллагын автомашиныг суртал ухуулгын зорилгоор ашиглах, хууль бус сонгуулийн байр барихад төрийн өмчийн хөрөнгийг ашиглах зэрэг үйлдлүүд асар ихээр гарав. Түүгээр ч зогсохгүй хоёр гол нэр дэвшигчийн сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан нийт зардал үлэмж их хэмжээнд хүрэв. Ерөнхийлөгч Махинда Ражапакса (ялагдал хүлээсэн нэр дэвшигч) зөвхөн сурталчилгааны кампанит ажилд төрийн сангаас 2 тэрбум гаруй рупи (ойролцоогоор 13 сая ам. доллар) зарцуулсан гэж мэдээлсэн бол ялалт байгуулсан нэр дэвшигч Майтрипала Сирисена цахим болон хэвлэмэл мэдээллийн хэрэгсэлд зориулан 676 сая рупи (ойролцоогоор 4.4 сая ам. доллар)-г төсөвлөсөн байжээ.

Үүнээс улбаалан, сонгуулийн кампанит ажилтай холбоотой зардалд илүү хяналт тавих зорилгоор сонгуулийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Шри Ланкагийн засгийн газар санал нэгтэй баталсан тухай эерэг мэдээ гарсан байна. Уг шинэчлэл нь одоо байгаа хууль, эрх зүйн орчин дахь хийдлийг арилгахад чиглэжээ. Хэдийгээр Шри Ланкад санал худалдаж авах болон түүнтэй төстэй үйлдлийг хориглосон хууль байдаг ч сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг зохицуулах хууль одоогоор алга. Засгийн газраас баталсан санамж бичгийн талаар олон нийтэд мэдээлээгүй тул санал болгож буй өөрчлөлтийн талаар нарийвчилсан үнэлгээ өгөх боломжгүй байна. Гэсэн хэдий ч Шри Ланка дахь сонгуулийн кампанит ажлын талаар, ялангуяа зохих зохицуулалтгүйгээс үүдэлтэй авлигын эрсдлийн талаар дараах ерөнхий зөвлөмжийг өгөх боломжтой юм.

§   Нэгдүгээрт, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн шинэ хууль зайлшгүй шаардлагатай байгаа ч одоо мөрдөж буй хуулиудыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Шри Ланкагийн Үндсэн хуульд нэр дэвшигчийн сурталчилгаанд төрийн өмчийг ашиглахыг хориглох эрхийг Сонгуулийн хороонд олгосон байдаг. Цаашилбал, төрийн албан хаагчид төрийн өмчийг шударга бусаар завшсан, төрийн баялгийг хувийн ашиг хонжоо олоход ашигласан зэрэг нь эрүүгийн гэмт хэрэг болно. Гэсэн хэдий ч эдгээр хууль тогтоомж хатуу, тууштай хэрэгжихгүй байгаа юм. Шинэчлэлийг хийхдээ сонгуулийн авлигатай холбоотой одоогийн хууль эрх зүйн орчныг үр дүн муутай буюу сонгож хэрэгжүүлдэг байдлыг харгалзан үзэх нь чухал байна.

§   Хоёрдугаарт, одоо байгаа мэдээллээс харахад сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байж сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардлын дээд хязгаарыг тогтооно. Хэдийгээр нэр дэвшигчийн зарцуулж болох мөнгөний хэмжээг хязгаарлах нь тэгш өрсөлдөөнийг бий болгох боловч энэ нь сонгуулийн үр дүнд үлэмж хэмжээгээр нөлөөлсөөр байгаа лоббичид, бизнес эрхлэгчид, хувь хүмүүс, ашиг сонирхлын бүлгүүдийн (тэр ч байтугай үндэстнүүдийн?) сүлжээг илчлэхгүй юм. Тиймээс Транспэрэнси Интернэшнл байгууллагын үзэж байгаагаар сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах “наад захын шаардлага” нь сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн эх үүсвэрийг ил тод зарлахыг нэр дэвшигч нарт үүрэг болгож сонгуулийн авлига, мөнгө угаах гэмт хэрэг зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах орон зайг багасгах явдал юм. Ийнхүү санхүүжилтийг ил тод болгосноор нэр дэвшигчдийг дэмжиж буй ашиг сонирхлын бүлгүүдийн талаар сонгогч нарт илүү сайн ойлголт өгч, сонгогчид тэдний дэвшүүлсэн жинхэнэ зорилгыг үнэлэхэд ашиглах боломжтой болох юм. Хуульд оруулахаар санал болгож буй шинэчлэлд энэ шаардлагыг тусгасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. (Зарим эх сурвалжийн хэлж буйгаар “нэр дэвшигчдийн санхүү, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтыг” шалгах эрхийг Сонгуулийн хороонд олгоно гэж байгаа ч шалгах ажиллагаа нь ил тод зарлахаас ялгаатай билээ.)

§   Гуравдугаарт, сонгуулийн хуулийг үр дүнтэй болгохын тулд улс төрийн институцид өргөн хүрээтэй шинэчлэл хийх шаардлагатай. Сонгуулийн хорооноос гадна Дотоодын орлогын газар, Ерөнхий аудитор, Хээл хахуулийн хороо, цагдаа, шүүх болон бусад төрийн байгууллагууд сонгуулийг авлигын үйлдлээс ангид байлгахын тулд институц хоорондын хүчин чармайлт дээр нэгдэх зайлшгүй шаардлагатай. Нэмж дурдахад, улстөрчид хөрөнгө мөнгийг дур зоргоороо зарцуулах зэрэг сонгуулийн авлига ямар орон зайд үүсэж байгааг тогтоохын тулд хуулийн тогтолцоог бүхэлд нь нягталж үзэх хэрэгтэй. Эцэст нь аливаа сонгуулийн хуулийг албан тушаалтан, байгууллагуудад улс төрийн хөндлөнгийн оролцоо, сөрөг нөлөөллөөс ангид мөрдөн шалгах, хэрэгжүүлэх өргөн эрх мэдэл олгосон тогтолцоогоор дэмжих ёстой.

Шри Ланкад сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг зохицуулах санаа 2013 оноос хойш яригдаж байна. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой зардлыг хянах зорилгоор сонгуулийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар засгийн газар санал нэгтэй баталсан нь дээрх хэлэлцүүлгээс хойш хийгдсэн анхны бодит бөгөөд сайшаалтай алхам юм. Эдгээр өөрчлөлт нь зөв чиглэлд хийж буй алхам хэдий ч засгийн газар сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн бүх эх үүсвэрийг албадан ил болгохыг шаардахаас гадна сонгуулийн үеэр авлигын үйл ажиллагаа цэцэглэх боломжийг олгодог үндсэн шалтгаануудтай холбоотой өргөн хүрээний тогтолцооны шинэчлэл хийх ёстой. Ирэх сар (2018 оны 02-р сар)-д орон нутгийн сонгууль болох гэж байгаа учраас үүнээс өмнө ямар нэгэн шинэчлэл хийх магадлал бага юм. Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн зохицуулалт болон санхүүжилтийн эх үүсвэрийг албадан ил болгох нь Шри Ланка дахь авлигын үйлдлийг бууруулахад чухал ач холбогдолтой бөгөөд “сайн засаглал”-ыг хүсэмжилж буй бүх оролцогч талууд энэ талаарх амлалтаа биелүүлэхийг засгийн газраас шаардах ёстой.

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com/2018/01/26/can-sri-lanka-clean-up-its-elections/