Шри Ланкад юу болж байна вэ, эдийн засгийн хямрал хэрхэн эхлэв?

A- A A+
Шри Ланкад юу болж байна вэ, эдийн засгийн хямрал хэрхэн эхлэв?

Шри Ланка улс түүхэндээ байгаагүй ноцтой эдийн засгийн хямралын дунд байна. Тусгаар тогтнолоо олж авснаасаа хойш анх удаа гадаад өр төлбөрөө төлж чадахгүйд хүрээд байгаа бөгөөд тус улсын 22 сая хүн 12 цагийн цахилгааны хязгаарлалт, хоол хүнс, түлш, эм тариа зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэн хомсдолтой тулгараад байна.

Инфляци урьд өмнө байгаагүй өндөр түвшинд буюу 17.5%-д хүрч, ердийн үед нэг кг будаа 80 Шри Ланка рупи (0.34 австрали доллар) байсан бол 500 рупи (2.10 австрали доллар) болж өссөн байна. 400 гр-ын савлагаатай хуурай сүү 60 рупи (0,25 австрали доллар) байсан бол хомсдол бий болсноор 250 рупи (1,05 австрали доллар)-г даваад байна.

Дөрөвдүгээр сарын 1-нд ерөнхийлөгч Готабая Ражапакса онц байдал зарлав. Хямралыг зохицуулж буй засгийн газрын арга хэмжээнд дургүйцсэн иргэдийн эсэргүүцлийн улмаас долоо хоног ч хүрэлгүйгээр тэрээр энэ шийдвэрээ цуцалсан байна.

Тус улс шатахуун, хүнс, эм зэрэг зайлшгүй шаардлагатай олон зүйлийг импортоор авдаг. Ихэнх улс орнууд эдгээр барааг худалдаалахад гадаад валют ашигладаг. Гэтэл Шри Ланкад гадаад валютын үнэ “тэнгэрт тулсан” байна.

Зарим хүн Хятадыг буруутгаж буйн учир юу вэ?

Шри Ланкагийн Хятадтай тогтоосон эдийн засгийн харилцаа хямралын гол шалтгаан гэж олон хүн үзэж байна. АНУ энэ үзэгдлийг “өрийн урхины дипломат ажиллагаа” (debt-trap diplomacy) гэж нэрлэв. Зээлдүүлэгч улс, эсвэл байгууллага зээлдэгч улс дахь улс төрийн нөлөөллөө бэхжүүлэхийн тулд зээлээ нэмэгдүүлдэг байна. Хэрэв зээлдэгч зээлээ буцаан төлж чадахгүйд хүрвэл зээлдүүлэгчийн “хяналт” (creditor’s mercy)-д ордог аж.

Гэсэн хэдий ч Хятадаас авсан зээл нь 2020 онд Шри Ланкагийн нийт гадаад өрийн ердөө 10 орчим хувийг эзэлж байна. Хамгийн их буюу 30 орчим хувь нь олон улсын бондод хамаарч байна. Мөн гадаад өрнийх нь үлэмж хэсэг буюу 11 хувийг Япон улсаас авсан зээл бүрдүүлж байна.

Хятадаас Шри Ланкад өгсөн дэд бүтэцтэй холбоотой зээл, ялангуяа Хамбантота боомтын санхүүжилтийг уг хямралд нөлөөлж буй хүчин зүйл гэж үзэж байгаа юм.

Гэхдээ эдгээр баримтууд хоорондоо нийцэхгүй байгаа юм. Хамбантота боомтыг Хятадын Эксим банк санхүүжүүлсэн бөгөөд боомт алдагдалтай ажиллаж байсан тул Шри Ланка уг боомтыг Хятадын худалдааны групп (Chinese Merchant’s Group)-т 99 жилийн хугацаатай түрээслүүлснээр Шри Ланкад 1.12 тэрбум ам.доллар төлжээ.

Тиймээс Хамбантота боомтын төсөл амжилтгүй болсон нь төлбөрийн тэнцлийн хямрал (мөнгө, экспорт орж ирэхээсээ илүү гарах)-д хүргээгүйгээр барахгүй, Шри Ланкагийн гадаад валютын нөөцийг 1.12 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн байна.

Тэгвэл хямралын жинхэнэ шалтгаан юу вэ?

1948 онд Британиас тусгаар тогтнолоо олж авсны дараа Шри Ланкагийн хөдөө аж ахуйд цай, кофе, каучук, халуун ногоо зэрэг экспортын чиглэлийн тарьмал ургамал ноёрхож байв. Дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг эдгээр үр тарианы экспортоос олсон валютын орлого бүрдүүлдэг бөгөөд зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн импортлоход зарцуулдаг байна.

Олон жилийн туршид тус улс оёдлын бүтээгдэхүүн экспортолж, аялал жуулчлал, мөнгөн гуйвуулгаас (гадаадаас Шри Ланк руу илгээсэн мөнгө, магадгүй гэр бүлийн гишүүдээс) валют олдог болсон юм. Экспортын уналт нь эдийн засгийг цочроож, валютын нөөцийг бууруулжээ.

Энэ шалтгааны улмаас Шри Ланка төлбөрийн тэнцлийн хямралтай байнга тулгарах болсон бөгөөд 1965 оноос хойш Олон улсын валютын сангаас (ОУВС) 16 удаа зээл авчээ. Эдгээр зээлүүд нь тухай бүртээ төсвийн алдагдлыг бууруулах, мөнгөний хатуу бодлого барьж, хоол хүнсэнд төрөөс олгодог татаасыг танах, валютын ханшийг бууруулах (ингэснээр экспорт илүү амьдрах чадвартай болно) нөхцөлтэй байсан юм.

Гэхдээ эдийн засгийн хямралын үе дэх төсвийн сайн бодлого нь эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд илүү их мөнгө зарцуулахыг засгийн газраас шаарддаг. ОУВС-ийн тавьсан нөхцөлийн хүрээнд энэ нь боломжгүй зүйл болж байна. Байдал ийм байсан ч ОУВС-ийн зээл орж ирсээр, хямралд орсон эдийн засаг улам их өрөнд дарагдав.

ОУВС Шри Ланкад хамгийн сүүлийн зээлийг 2016 онд олгосон. Тус улс 2016-2019 он хүртэл гурван жилийн хугацаатай 1.5 тэрбум ам.доллар авчээ. Нөхцөл байдал нь танил байсан бөгөөд энэ хугацаанд эдийн засгийн байдал ч хямарсан. Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, хадгаламж, орлого буурч, өрийн дарамт нэмэгдэв.

2019 онд эдийн засгийн хоёр удаагийн цочирдлоос болж муу байсан нөхцөл байдал улам дордов. Нэгдүгээрт, 2019 оны дөрөвдүгээр сард Коломбо дахь сүм хийд болон тансаг зочид буудлуудад хэд хэдэн дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн улмаас жуулчдын тоо огцом, зарим мэдээгээр 80% буурч, валютын нөөц шавхагдсан байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн удирдлага доорх шинэ засгийн газар татварыг үндэслэлгүйгээр бууруулжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг (зарим улсын бараа, үйлчилгээний татвартай адил) 15%-аас 8% болгон бууруулсан аж. Үндэсний бүтээн байгуулалтын татвар, орлогын татвар, эдийн засгийн үйлчилгээний хураамж зэрэг бусад шууд бус татваруудыг цуцалсан байна. Аж ахуйн нэгжийн татварын хэмжээг 28%-аас 24% болгон бууруулжээ. Ийнхүү татварын хувь хэмжээг бууруулснаас болж дотоодын нийт бүтээгдэхүүний 2 орчим хувийн орлогоо алдсан байна.

 

2020 оны 03-р сард КОВИД-19 цар тахал дэгдэв. 2021 оны 04-р сард Ражапаксагийн засгийн газар бас нэгэн ноцтой алдаа гаргажээ. Валютын нөөц шавхагдахаас сэргийлэхийн тулд бордооны бүх импортыг бүрэн хориглов. Шри Ланкаг 100 хувь органик тариалан эрхэлдэг орон гэж зарлав. 2021 оны 11-р сард хүчингүй болсон энэхүү бодлого нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг огцом бууруулж, импортыг нэмэгдүүлэх шаардлага тулгарчээ.

Гэвч гадаад валютын нөөц ачаалалтай хэвээр байв. Бордоог хориглосны улмаас цай, каучукийн үйлдвэрлэл буурсан нь экспортын орлого буурахад хүргэжээ. Экспортын орлого бага байснаас хүнсний бүтээгдэхүүн импортлох мөнгө багасаж, хүнсний хомсдол үүсэв.

Хүнс болон бусад бараа хомсдож, эрэлт буурахгүй байгаа тул эдгээр барааны үнэ өсжээ. 2022 оны хоёрдугаар сард инфляци 17.5 хувьд хүрсэн байна.

Одоо юу болох вэ?

Шри Ланка одоогийн хямралыг даван туулахын тулд ОУВС-ийн 17 дахь зээлийг авах магадлалтай бөгөөд энэ нь шинэ нөхцөлтэй байх болно.

Дефляцитай төсвийн бодлого баримтлах бөгөөд энэ нь эдийн засгийн сэргэлтийн хэтийн төлөвийг улам хязгаарлаж, Шри Ланкагийн ард түмний зовлон бэрхшээлийг улам хурцатгах болно.

 

Эх сурвалж: https://theconversation.com/whats-happening-in-sri-lanka-and-how-did-the-economic-crisis-start-181060