Технологийн салбар дахь шүгэл үлээгчдийн дийлэнх нь яагаад эмэгтэйчүүд байна вэ?

A- A A+
Технологийн салбар дахь шүгэл үлээгчдийн дийлэнх нь яагаад эмэгтэйчүүд байна вэ?

Сүүлийн хэдэн жил технологийн салбар дахь шүгэл үлээгчид олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Тэд нийтийн эрх ашигт халдаж буй томоохон компаниудын үйлдлийг илчилж байна. Жишээ нь: Frances Haugen Meta /Facebook/ нь бусдын хувийн мэдээллийг ашигладаг талаар, Timnit Gebru болон Rebecca Rivers нар Google-ийн ёс зүй, хиймэл оюун ухаантай холбоотой асуудлаар, мөн Janneke Parrish Apple-ийн тогтсон соёл мэт болсон дотоод ялгаварлан гадуурхалтын талаар мэдээлсэн байдаг.

Эдгээр шүгэл үлээгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байгаа нь технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээнээс хамаагүй их юм. Дээрхээс үүдэн технологийн салбарт эмэгтэйчүүд шүгэл үлээх магадлал өндөр үү? гэсэн асуулт урган гарч байна.

Дээрх асуултад хариулт олохын тулд бид компьютерын шинжлэх ухаанч, социологичидтой хамтран технологийн салбарт шүгэл үлээх мөн чанар, жендерийн нөлөө, нийгэмд технологийн гүйцэтгэж буй үүргийн үр дагаврыг судалсан. Бидний олж мэдсэн зүйлс нарийн төвөгтэй бөгөөд сонирхолтой байсан.

Ёс суртахуун

Шүгэл үлээх талаар нийтэд ил харагдаж байгаа хэсэг нь ердөө мөсөн уулын оройн хэсэг шиг тул энэ нь судлахад хэцүү үзэгдэл юм. Ихэнх шүгэл үлээж буй тохиолдлууд нэрээ нууцалсан эсхүл нэргүй байдаг тул тэдний хүйсийг тодорхойлон дүгнэлт гаргахад ярвигтай байдаг. Гаднаас нь харахад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү нийтийн эрх ашигт анхаарлаа хандуулдаг мөн өндөр ёс суртахуунтай байдгаас эмэгтэйчүүд илүүтэй шүгэл үлээгч байх магадлал өндөр гэж үзэж болох юм.

1920-иод онд АНУ-ын эмэгтэйчүүдэд сонгуульд оролцож, санал өгөх эрхийг олгох талаар Нью-Йорк мужийн Эмэгтэйчүүдийн сонгуулийн эрх ашгийн нийгэмлэгээс дараах тайлбарыг гаргасан: “Эмэгтэйчүүд өгөгдлөөрөө л гэр ахуйн /цэвэрлэгээний/ ажилдаа сайн байдаг. Тиймээс тэднийг хотын цэвэрлэгээнд гар бие оролцуул." Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрхийг олгосноор эрчүүдийн тарьсан балгийг “цэвэрлэх” болно.

Саяхан эмэгтэй цагдаа нар хахуульд өртөх магадлал эрэгтэй цагдаа нараас бага байдаг гэж үзсэний үндсэн дээр Латин Америкийн зарим хотуудад замын хөдөлгөөний хяналтыг бүхэлд нь эмэгтэй цагдаа нарт шилжүүлсэн. Мөн НҮБ дэлхийн хөгжлийн зорилтууддаа авлига, тэгш бус байдлыг бууруулах гол түлхүүр нь эмэгтэйчүүдийг чадавхжуулж, тэгш бус байдлыг бууруулах буюу эмэгтэйчүүдийн  эрх мэдлийг нэмэгдүүлэх юм гэж тодорхойлсон.

Төр, бизнес дэх авлигын түвшин буурсан нь эмэгтэйчүүдтэй холбоотой болохыг харуулсан тоо баримт бий. Тухайлбал, дэлхийн улс орнуудын засгийн газарт сонгогдсон эмэгтэй албан тушаалтнуудын эзлэх хувь өндөр байх тусам авлига төдий чинээ буурдаг болох нь судалгааны дүнгээс харагдаж байна. Энэ нь зарим талаараа авлига багатай засгийн газрууд эмэгтэйчүүдийг сонгох хандлагатай байгааг илэрхийлж байгаа ч нэмэлт судалгаануудаар эмэгтэй удирдагчдыг сонгох нь авлига буурахад шууд шалтгаант нөлөөтэй болохыг харуулж байна.

Судалгаагаар эмэгтэйчүүд бизнесийн харилцаандаа эрэгтэйчүүдээс илүү ёс зүйтэй байдгийг харуулж байгаа бөгөөд фирмийн түвшний бодит харилцааны мэдээллийн үндсэн дээр боловсруулсан судалгаагаар эмэгтэйчүүдээр удирдуулсан бизнесүүд хээл хахуулийн тохиолдол багатай байгааг баталсан байна. Үүний ихэнх нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх ялгамжтай хүйсийн үүрэг рольтой холбоотой байх магадлалтай.

Санал, гэхдээ бодит баримт биш

Хэдийгээр эмэгтэйчүүд илүү ёс зүйтэй байхаар төлөвшсөн байж болох ч энэ нь тэд үнэхээр шүгэл үлээгч байх магадлалтай юу гэсэн асуултыг нээлттэй хэвээр үлдээж байна. Шүгэл үлээгчид нэрээ нууцлах нь олонтоо байдаг тул мэдээлэгчийн талаарх тоо баримт бүрхэг боловч эрдэмтэд санал асуулга болон видео бичлэг дээр хүмүүсээс шүгэл үлээх чиг хандлагын талаар асууж, үүнийг шийдвэрлэхийг оролддог. Эдгээр судалгаанд жендерийн үр нөлөө тийм ч тодорхой бус байна.

Гэсэн хэдий ч эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэй нэрээ нууцлан мэдээлэл гаргадаг байна. Энэ нь эмэгтэй мэдээлэгчид эрэгтэй мэдээлэгчидтэй харьцуулахад хэлмэгдүүлэлттэй тулгардагтай холбоотой байж болох юм.

Технологийн салбарт мөн нэмэлт хүчин зүйл бий. Тухайн салбар дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл тоогоор ч, удирдах албан тушаалын хувьд ч эрэгтэйчүүдээс бага байдаг. Технологийн “Том тав” болох Google, Meta, Apple, Amazon, Microsoft-ийн удирдах албан хаагчид ихэвчлэн цагаан арьстай, эрэгтэйчүүд байсаар байна.

Технологийн салбарт ажиллах хүчний 25 орчим хувийг, гүйцэтгэх удирдлагын 30 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Эмэгтэйчүүд энэ байдлыг өөрчлөхийг оролдож байгаа хэдий ч өөрчлөлтийг хийх дотоод статус, нөөц, боломж дутмаг байна.

Нийтийн ашиг сонирхол

Чухалд тооцогддоггүй хүмүүст байгууллагынхаа нэг хэсэг гэж өөрийгөө бодох, түүний өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох сэтгэхүй дутмаг байдаг. Энэхүү үл тоогдох байдлаас үүдэж тэдгээр хүмүүс буруу үйлдлийг мэдээлэх үүрэг хариуцлагаа бага мэдэрдэг. Энэ бүхнийг харгалзан үзвэл, томоохон технологийн салбарт жендерийн нийгэмшил болон эмэгтэй хүний гадаад байдал зэрэг нь эмэгтэйчүүдийг илүүтэй шүгэл үлээгч мэт харагдах нөхцөл байдлыг бий болгодог ч  байж магадгүй юм.

Технологийн салбарт шүгэл үлээх нь уг салбарын жендер, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлуудын дундаас урган гарч байж болзошгүй юм. Гэхдээ технологийн салбарт эмэгтэй мэдээлэгчид олширч байгаа нь эдгээр мэдээлэгчдийн хүчин чармайлт нь олон талт байдлыг нэмэгдүүлэх, том технологийн нийгэмд учруулдаг хор хөнөөлийг бууруулахад чиглэгддэг.

Технологи нь хүмүүсийн амьдралд өргөн хүрээнд ашиглагдаж байна. Технологи нь хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг багаж хэрэгслийг бий болгож, нийтийн авч буй мэдээллийг тодорхойлж, хэрэглэгчдийн бодол санаа, зан үйлийн талаарх мэдээллийг цуглуулж, хувийн нууц, аюулгүй байдал, сайн сайхан байдлыг дэмжих эсвэл сулруулж буй эсэхийг тодорхойлох зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Иймд нийгмийн бүх салбарт ил тод байдал, нийтийн ашиг сонирхолд анхаарал хандуулах шаардлагатай байгаа бөгөөд үүнд технологийн салбар өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ нь өнөөгийн шүгэл үлээгчдийн эр зориг, тууштай байдлыг илүүтэй үнэ цэнтэй болгож байна.

 

Эх сурвалж: https://theconversation.com/why-are-so-many-big-tech-whistleblowers-women-here-is-what-the-research-shows-184033