Малайз улс авлигатай тэмцэх институцээ эрс шинэчлэх шалтгаан ба арга зам

A- A A+
Малайз улс авлигатай тэмцэх институцээ эрс шинэчлэх шалтгаан ба арга зам

2018 оны дундуур Малайз Улсад анх удаа эрх мэдэл ардчилсан замаар шилжсэний дараа авлигатай хийх тэмцэлд ч эргэлт гарав. 2018 онд ялалт байгуулсан намууд тухайн үеийн Засгийн газрыг ялагдалд хүргэсэн 1MDB-ийн дуулианд түргэн шуурхай хариу арга хэмжээ авах гэх мэт авлигатай тэмцэх томоохон шинэчлэлийг амлаж байв. Гэвч,  харамсалтай нь, Малайзын улс төрийг цэвэрлэх байх гэсэн найдлага бүтсэнгүй. Энэ нь нэг талаас, 2018 оны сонгуулиас хойш намуудын эвсэлд өөрчлөлт орсны үр дүнд гол хоёр эвсэл богино хугацаанд дараалан задарсантай холбоотойгоор эцэс төгсгөлгүй улс төрийн бужигнаан өрнөсөн, нөгөө талаас, Малайзын авлигатай тэмцэх гол байгууллага болох Авлигатай тэмцэх хороо (MAТХ)-ны ужиг асуудлуудтай холбоотой юм.

МАТХ нь 2009 онд “хараат бус” байгууллага хэлбэрээр байгуулагдсан боловч бодит байдал дээр дэлхийн бусад авлигатай тэмцэх байгууллагуудын нэгэн адил, гүйцэтгэх засаглалаас жинхэнэ утгаараа хараат бус байж чадахгүй байгаагаас болж төвөгтэй нөхцөлд байгаа юм. Энэ нь олон нийтийн ойлголт, төсөөлөлд улс төрийн зохисгүй хандлага үүсгэж байна. (Чухамдаа, эрэн сурвалжлах сэтгүүлчид болон сөрөг хүчний улстөрчид 1MDB сангийн талаар хөндөж эхэлж байх үед МАТХ-ны гаргаж байсан үлбэгэр хариу үйлдлийг түүний энэхүү жинхэнэ утгаараа хараат бус байж чаддаггүй байдлаар нь тайлбарлаж болох юм.) Малайзын улс төр тогтворжлоо ч гэсэн МАТХ-ны бүтцийг гүйцэтгэх засаглалаас жинхэнэ утгаар хараат бус байхуйцаар шинэчлэхгүй л бол тус улс авлигын эсрэг бодитой ахиц дэвшил гаргах боломжгүй.

MAТХ-г гүйцэтгэх засаглалын нөлөөнд өртөмтгий болгодог хоёр үндсэн шалтгаан байдаг:

§  Нэгдүгээрт, гүйцэтгэх засаглал нь MAТХ-ны хүний нөөц, тэр дундаа ахлах удирдлагад үлэмж нөлөө үзүүлдэг. МАТХ-ны хүний нөөцийн асуудлыг Төрийн албаны зөвлөл хариуцдаг бөгөөд Зөвлөлийн гишүүд Ерөнхий сайдын зөвлөмжийн дагуу томилогддог тул гүйцэтгэх засаглалаас ихээхэн хамааралтай байдаг. Түүнчлэн МАТХ-ны даргыг Ерөнхий сайдын зөвлөмжийн дагуу сонгон шалгаруулж, төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулах заалтын дагуу Төрийн албаны зөвлөлийн саналаар чөлөөлж болдог.

§  Хоёрдугаарт, Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүдээс бүрдсэн Малайзын парламентын Авлигын асуудлаарх Тусгай хороо МАТХ-нд хяналт тавьж, шийдвэрийг нь үнэлж дүгнэдэг. (МАТХ-ны үйл ажиллагааг хянах эрхтэй таван байгууллага байдаг ч Тусгай хороо нь хамгийн гол байгууллага юм.) Албан ёсны үндэслэлийн хувьд Тусгай хороо нь МАТХ-ны үйл ажиллагааг хянах боломжийг хууль тогтоох байгууллагад олгох механизм юм. Гэвч парламентад эрх баригч эвслийн гишүүд бараг үргэлж давамгайлдаг тул Тусгай хороо гүйцэтгэх засаглалыг буруутгах үйл ажиллагаа явуулахын тулд МАТХ-г шахаж ажиллах магадлал бага юм.

Гүйцэтгэх засаглалын удирдах албан тушаалтнууд, парламентын гишүүд олноороо авлигад автсан гэсэн өргөн тархсан бөгөөд үнэн зөв байж ч болзошгүй ойлголт, төсөөлөл болон иргэд авлигын эсрэг жинхэнэ шинэчлэлд ихээхэн ач холбогдол өгч байгааг харгалзан үзвэл МАТХ Ерөнхий сайд болон түүний удирддаг эвслээс бүтцийн хувьд хараат бус байж чадахгүй байгаа нь Малайзад онцгой тулгамдсан асуудал болоод байна. Хэрэв МАТХ жинхэнэ утгаар хараат бус байж чадахгүй буюу тийм байдал ажиглагдвал түүнийг сөрөг хүчний улстөрчдийн эсрэг ашигладаг “улс төрийн зэвсэг” гэж л үзэх болно. Ийм учраас Малайзын иргэний нийгмийн байгууллагууд МАТХ-ны шинэчлэлийг нэн тэргүүний зорилт хэмээн онцолж байна.

Малайзын хуульчдын холбоо, Ардчилал, эдийн засгийн харилцааны хүрээлэн (IDEAS), Авлига ба кронизмтой тэмцэх төв (C4), Малайзын сайн сайхны төлөөх иргэдийн сүлжээ (CNBM), Транспэрэнси Интернэшнл Малайз (TI-M) зэрэг иргэний нийгмийн бүлгүүдийн нэгдлээс хуулиар бус, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгуулах Авлигатай тэмцэх бие даасан хороо (АТБДХ)-гоор МАТХ-г сольж, Шүүх, Хууль зүйн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөл зэрэг төрийн байгууллагатай ижил статустай болгох санал гаргажээ. АТБДХ нь авлигатай тэмцэх үйл ажиллагааны стратеги, бодлого, нөөцийн хуваарилалтыг тодорхойлно. Бодлогоо хэрэгжүүлэхдээ хуулиар байгуулагдсан, АТБДХ-ны мөрдөн шалгах чиг үүргийг гүйцэтгэх Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах юм. Энэхүү санал болгож буй авлигатай тэмцэх бүтэц нь MAТХ-нд дутагдаад байгаа хараат бус байдлыг бий болгох хоёр үндсэн шинж чанарыг агуулж буй юм:

§  Нэгдүгээрт, Үндсэн хуулийн байгууллага болохын хувьд АТБДХ-ны албан хаагчийг сонгон шалгаруулах, шилж сонгох үйл явц гүйцэтгэх засаглалаас албан ёсоор хараат бус байх болно. Албан хаагчдыг Ерөнхий сайд сонгох бус, парламентын Авлигын асуудал эрхэлсэн хороогоор дамжуулан парламентын гишүүд санал болгоно. Нэмж дурдахад, БНСУ-ын Авлигатай тэмцэх, Иргэний эрхийн хороо зэрэг гадаадын зарим авлигатай тэмцэх хороодын жишээнээс харахад Хорооны гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь иргэний нийгмийн байгууллагаас сонгогдсон зохих туршлага бүхий хүмүүс (жишээлбэл, эрдэмтэн судлаачид, нарийн мэргэшсэн мэргэжилтнүүд) байх шаардлага тавьдаг байна. Төрийн албаны зөвлөл биш, харин албан хаагчид (commissioner) АТГ-ын мөрдөн шалгах чиг үүрэг бүхий ажилчдыг өөрийн тодорхойлсон хөтөлбөр, бодлогод шаардлагатай тоо хэмжээ, мэргэшсэн байдлыг харгалзан шилж сонгон авах юм.

§  Хоёрдугаарт, Үндсэн хуулийн байгууллага болохын хувьд АТБДХ болон түүний удирдах албан тушаалтнууд МАТХ-ны албан хаагчдад одоо байхгүй байгаа ажлын байрны баталгааг эдлэх болно. Хорооны албан хаагчдын сахилга, хариуцлагын асуудлыг Төрийн албаны зөвлөл хариуцдаггүй болсноор энэ нөхцөл хангагдах юм. Ингэснээр албан хаагчид Холбооны Шүүхийн шүүгчийн бүрэн эрхийн баталгаатай ижил баталгааг эдлэх юм. АТБДХ-ны албан хаагчийг ажлаас халах аливаа шийдвэрийг парламентын Авлигын асуудал эрхэлсэн хорооноос байгуулсан тусгай шүүхийн өмнө зохих журмын дагуу сонсгол зохион байгуулна. Тусгай шүүх ажлаас халахыг санал болгосон ч ийнхүү ажлаас халахын тулд парламентын гуравны хоёрын санал шаардлагатай.

Үндсэн хуулийн статустай АТБДХ-г байгуулах нь зөв чигт хийж буй алхам байх болно. Гэхдээ үүнийг хийхэд хялбар биш. Ялангуяа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд парламентын гишүүдийн гуравны хоёрын саналыг авах нь амаргүй даваа юм. АТБДХ байгуулах тухай уриалга долоон жилийн өмнөөс анх гарч, МАТХ-ны бүтэлгүйтлийн талаарх мэдээлэл гарах бүрт хөндөгдөх болсон боловч улс төрийн хүсэл зориг дутагдаж байгаа нь илт байгаа юм.

Хэрэв авлигатай тэмцэх тогтолцооны улс төрийн хараат бус байдлыг бий болгохгүй бол авлигатай тэмцэх цаашдын бүхий л хүчин чармайлт эхнээсээ гацах болно. Тиймээс улс төрийн өрсөлдөөнийг хойш тавьж, МАТХ-г шинэчилж, АТБДХ-г байгуулах хэрэгтэй байна. Өрсөлдөгч намууд үүнийг зөвшөөрөх үү? Ялангуяа, Засгийн газрыг удирдаж буй нам, эвсэлд МАТХ-н дахь нөлөөгөө алдах нь тэдэнд давуу тал авч ирэхгүй мэт санагдаж байж болох юм. Гэхдээ хэт хамааралтай, үр дүнгүй МАТХ нь урт хугацаандаа бүх талуудад сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг улстөрчдөд ойлгуулахын тулд идэвхтнүүд чадах бүхнээ хийх ёстой. 2018 оны шилжилт болон түүнийг дагасан өөрчлөлтүүд өнөөгийн эрх баригч улстөрчид маргааш сөрөг хүчний улстөрч болж болзошгүй гэдгийг харуулж байгаа юм. Хамгийн чухал нь институцээ шинэчлэх бодитой арга хэмжээ авахгүй бол Малайз Улсын авлигад идэгдсэн гэсэн үнэлгээ цаашид үргэлжилж, дэлхий дахинд нэр хүнд нь унаж, гадаадын хөрөнгө оруулалт багасах болно. Ямар ч сорилт тулгардаг байлаа, улс төрийн хувьд хараат бус, бие даасан АТБДХ байгуулах нь одоо Малайзад шаардлагатай байгаа томоохон шинэчлэл юм.

 

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com/2022/06/27/why-and-how-malaysia-must-radically-reform-its-anticorruption-institutions/