Ванкуверын үл хөдлөх хөрөнгөд оруулсан Хятадын бохир мөнгөний мөрөөр

A- A A+
Ванкуверын үл хөдлөх хөрөнгөд оруулсан Хятадын бохир мөнгөний мөрөөр

Хахууль өгсөн хэргээр Хятадын зэвсэгт хүчний салбар дахь хамгийн том авлигын дуулианд холбогдоод байгаа этгээд Ванкуверт тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөд 32 сая канад долларын хөрөнгө оруулжээ. Үүний өмнө тэрээр тус улсын банкууд руу дор хаяж 114 сая канад доллар шилжүүлсэн байна.

Гол үр дүн

  • Хятадын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн Чен Рункай (Chen Runkai) авлигын замаар олсон байж болзошгүй 114 сая канад долларыг Канадын банкууд руу шилжүүлжээ.
  • Энэ мөнгө нь нэгэн дэслэгч генерал цолтон цаазаар авах ялаар шийтгэгдсэн Хятадын зэвсэгт хүчний салбарын томоохон авлигын хэрэгтэй холбоотой гэж таамаглаж байна.
  • Хятадын Засгийн газар Чен Рункайг уг хэрэгт холбогдуулан баривчлах тушаал гаргасны дараа нэрээ Чен Зижун (Chen Zijun) гэж өөрчилсөн байна.
  • Канадын иргэншил авах гэсэн Чен болон түүний охины хүсэлтийг цагаачлалын албаныхан хүлээн аваагүй тул тэд шүүхээр заргалдаж байгаа юм.
  • Чен дээрх авлигын хэргийг үгүйсгэж, газрын наймаа нь хууль зөрчөөгүй хэмээн өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Чен Рункай 2006 онд Хятадаас Канад руу нүүхээсээ өмнө жилд дээд тал нь 41,000 канад долларын орлого олдог байсан гэж цагаачлалын албаныханд хэлжээ. Эхнэрээ бичиг хэргийн ажилтан гэсэн байна.

Чен-ийн орлого ийнхүү их биш боловч хэдхэн жилийн дараагаас Канадын банкан дахь гэр бүлийнх нь данс руу удаа дараагийн шилжүүлгээр 114 сая канад доллар оржээ.

Чен-ийг цэргийн өндөр албан тушаалтантай холбоотой томоохон авлигын дуулианд оролцсон хэргээр Хятадын Засгийн газар баривчлахаар эрэн сурвалжилж байгааг OCCRP болон Toronto Star мэдээлсэн билээ. Одоо тэрээр Канад улсын иргэншил авахаар хөөцөлдөж байгаа бөгөөд Ванкуверт Номхон далайн эрэг дээр хоёр харш эзэмшиж байгаа юм.

Тэрээр байгалын үзэсгэлэнт газарт байрлах Тюдор маягийн байшинг 2016 онд 15.6 сая канад доллараар худалдаж авсан. Мөн түүний охин 2012 онд 25 настай байхдаа 14 сая канад доллараар (моргэйжийн зээлгүйгээр) худалдаж авсан өөр нэгэн харш үүнээс холгүй байдаг. Охины ажил мэргэжлийг “оюутан” гэж тэмдэглэжээ.  

Өнөөг хүртэл Чен олон нийтэд танигдаагүй байсан бөгөөд тус мужид гадаадын мөнгийг угаах гэмт хэрэг болон уг төрлийн гэмт хэрэг үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлттэй холбоотой эсэхийг шалгах үүрэг бүхий Бритиш Колумбиагийн комиссоос хийсэн судалгаанд зөвхөн “А хүн” хэмээн нэрлэж байсан аж.

Чен-ийн гэр бүлийн Канад дахь хөрөнгө оруулалт нь тус улсын хурдацтай хөгжиж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү хилийн чанадаас орж ирж буй хууль бус мөнгөтэй холбоотой түгшүүрийг нэмэгдүүлэхийн сацуу үнэ нь аль хэдийн тэнгэрт тулсан орон сууцыг худалдан авах канадчуудын боломжийг багасгасаар байгаа юм.

Дэлхийн хамгийн үнэтэй орон сууцтай хотуудын нэг болох Ванкуверт үл хөдлөх хөрөнгөөр ​​дамжуулан оффшор бүсэд мөнгө угаасан тухай олон нийтийн хэлэлцүүлэг өрнөснөөр 2019 онд Бритиш Колумбиагийн Засгийн газар уг асуудлыг судлах Каллены комисс (Cullen Commission)-ыг байгуулсан юм. Уг комисс 06-р сард эцсийн тайлангаа Засгийн газарт хүргүүлэх төлөвтэй байна.

Каллены комиссын судалгааг нэлээд засварласан бөгөөд Чен-ийн талаар юу ч дурдаагүй боловч OCCRP болон Торонто Стар сонины сурвалжлагчид Канад болон Хятадын нийтэд нээлттэй баримт бичгүүдийг ашиглан түүний болон эхнэр, охиных нь талаарх хувийн мэдээллийг цуглуулсан байна.

Ченийг судалсан нь

Хэдийгээр нэрийг нь нууцалсан ч судалгаанд хамрагдсан баримтуудаас А хүн болон түүний эхнэр, охин хэн болохыг тогтоох зарим сэжүүр олдсон байна.

Хятадаас гарч Чен-ийн гэр бүлд хүрсэн мөнгөний мөрийг харуулсан Канадын санхүүгийн зохицуулах байгууллага болох Финтрак-ийн гаргасан зураглал уг судалгаанд орсон байх боловч бүх нэрийг засварласан, зөвхөн нэг компанийн нэр хэсэгчлэн харагдаж байв.

Сэтгүүлчид Панамын баримт бичгүүдээс хайлт хийж, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд илгээсэн байна. Хайлт хийх явцад Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй, Чен Зижун гэх ганц хувьцаа эзэмшигчтэй Канад Пларон Интернэшнл Трейдинг ХХК хэмээх компани олдсон байна. Энэ нэр зэвсэгт хүчний салбарын авлигын дуулианы талаар Хятадын хэвлэлд гарсан мэдээллүүд дээр бас гарч байжээ.

Дараа нь сэтгүүлчид Бритиш Колумбиагийн өмчийн бүртгэлээс энэ нэрийг хайв. Улмаар тэд Чен Зижун гэх хоёр Чен-ийг олсон байна. Чен Зижун бол Чен-ийн эхнэр бөгөөд 2007 онд худалдан авч, өнгөрсөн жил зарсан байшинг хамтран эзэмшиж байсан юм. Хоёр өмчлөгчийн үл хөдлөх хөрөнгийн үнэ болон худалдан авсан жил нь засварласан судалгаанд байгаа мэдээлэлтэй тохирчээ.

Мөн судалгаанд “С хүн” гэж нэрлэсэн Чен-ийн охин 2012 онд Ванкуверт 14 орчим саяар үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан бөгөөд түүний ажил мэргэжлийг “оюутан” гэж тэмдэглэсэн байжээ. Ванкуверийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чен Ханин (Chen Hanying) гэгч эмэгтэй ийм худалдан авалт хийсэн тухай мэдээлсэн байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн нэр 2015 онд Жоурен (Zhouren)-ээс Ханин болж өөрчлөгдсөн ба мөн онд Чен болон түүний эхнэр Ци (Qi) нар нэрээ өөрчилсөн байна. Анхны худалдан авалтын эрхийн бичиг дээр Жоурен эцэг эхийнхээ ноднин зарсан байшингийн хаягийг бичжээ.

Дараа нь сэтгүүлчид Чен Ханинтай холбоотой хэргүүдийг Холбооны шүүхээс хайж, нэрээ нууцалсан эцгийнх нь Канадад оршин суух хүсэлтийн талаарх лавлагааг олсон байна. Дэлгэрэнгүй мэдээлэл нь “А хүн” буюу Чен Рункайтай холбоотой Каллены комиссын судалгаатай тохирч байв.

Чен “хэзээ ч авлигын хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд Канадад ирэхээсээ өмнө Хятадад хөрөнгийн арилжаа эрхэлж хууль ёсны дагуу мөнгө олсон” хэмээн Торонто дахь өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Өмгөөлөгч Лорне Уолдман (Lorne Waldman) “Түүний нөхцөл байдал маш их дарамттай байгаа нь ойлгомжтой. Гэхдээ тэр Канадын хуулийн тогтолцоонд итгэж байгаа” гэжээ.

Чен-ийн Канадад оршин суух хүсэлттэй холбоотой шүүхийн баримт бичгүүдийг битүүмжилсэн байна. Гэвч түүний охинтой холбоотой Холбооны шүүхийн шийдвэрээс харахад Канадын цагаачлалын албаныхан Чен-ийг “худал мэдээлэл өгсөн”, “зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн” зэрэг асуудалд буруутгаад байгаа аж.

Мөнгө угаах үйл ажиллагааны “хүчтэй илтгүүр”

Холбооны Засгийн газар Цагаач хөрөнгө оруулагчдын хөтөлбөр (одоо хүчингүй болсон)-өөр дамжуулан Чэн-ийн 2006 онд Канадад ирэхээс өмнөх үеийн хөрөнгийн эх үүсвэрийг нууцаар судалсан аж.

Чен болон түүний эхнэр Канад руу авч ирэхээр 1.26 сая канад доллар цуглуулсан гэж мэдүүлсэн боловч 2010 оноос эхлэн Канад дахь данс руу нь үүнээс илүү их хэмжээний мөнгө орж эхэлсэн байна.

Энэ шилжүүлэг Хонконг болон Хятадын дөрвөн өөр компаниас илгээсэн 15.1 сая канад доллароор эхэлж, улмаар сая саяар үргэлжилснийг судалгааны баримт харуулж байгаа юм. Мөнгийг оффшор компани, нууц банкны сүлжээ, Хонконгийн валют арилжааны газруудаар дамжуулан илгээсэн байх бөгөөд зарим нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой байсныг тус судалгаанд дурджээ. Чен-ийн гэр бүл Канад руу 2014 оны эцэс гэхэд 114 сая гаруй канад доллар шилжүүлсэн байна. 

Канадын Санхүүгийн гүйлгээ, тайлангийн дүн шинжилгээний төвөөс (Финтрак) хийсэн дүн шинжилгээг Каллены комиссын судалгаанд дурдсан байх бөгөөд “D хүн” гэж нэрлэгдсэн Чен-ийн ээжийн эзэмшдэг Канад дахь данс руу олон удаагийн шилжүүлэг хийсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байна. Гүйлгээний бүртгэлээс үзэхэд мөнгийг бага багаар шилжүүлжээ.

Эдгээр шилжүүлэг нь санхүүгийн гэмт хэргийн шинж тэмдэг байж болзошгүйг Финтракийн дүн шинжилгээ харуулав. “Тэдэнд байсан хөрөнгө ба Канад руу хийсэн шилжүүлгийн хоорондын зөрүү нь мөнгө угаах үйл ажиллагааны чухал илтгүүр юм.”

Улмаар Чен мэдээлэл өгөхөөс татгалзсан нь түүний хөрөнгийн эх сурвалжийн талаар эргэлзэхэд хүргэж, Канад руу хийсэн шилжүүлэг нь анхаарлын төвд орсон байна.

Чен-ийн гэр бүлийн мөнгө Канадын томоохон таван банкаар дамжсан ч зөвхөн UBS Canada банк л сэжигтэй гүйлгээ гэж тэмдэглэжээ. Богино хугацаанд хийсэн эдгээр шилжүүлгийн хэмжээ нь мөнгө угаахад ашигладаг “тараах” аргын шинж тэмдэг бүхий байсан бөгөөд энэ нь “хөрөнгийн өмчлөлийн эх үүсвэрийг нуун дарагдуулахад санхүүгийн гүйлгээний нарийн төвөгтэй түвшнүүдийг ашиглах явдал юм” хэмээн Чен-ийн 2011 оны зарим гүйлгээг сэжигтэй гэж тэмдэглэсэн UBS Canada банкнаас гаргасан тайланд дурджээ.

Хөрөнгийн эх үүсвэрийнх нь талаар Чен-ээс асуухад тодорхой хариулт өгөөгүй бөгөөд тус банк гүйлгээний талаар эрх баригчдад мэдээлж, дансыг хаасан байна.

Гэвч Чен-ийн гэр бүл 2016 он хүртэл олон арван сая долларын урсгалыг хүлээн авахад ашиглах өөр банк олоход хэцүү биш байв. Баримтаас харахад CIBC, Royal Bank of Canada, HSBC, Монреалийн Банк зэрэг тус улсын хэд хэдэн томоохон банкны дансаар мөнгө хүлээн авжээ.

Энэ талаар дээрх банкуудаас тайлбар хүсэхэд харилцагчийн талаар ярих боломжгүй, гэхдээ сэжигтэй гүйлгээг илрүүлэх, тайлагнах хатуу үүрэг хүлээсэн гэдгээ бичгээр мэдэгдсэн байна.

Эрүүгийн эрх зүйч Мэри-Жэйн Беннетт сонины сурвалжлагчдын илрүүлсэн баримт бичгүүдийг шалгаж үзээд “Энэ бол мөнгө угаах гэмт хэргийн хүчтэй илтгүүр гэж үзэж байна. Маш ноцтой хэрэг” гэжээ.

Каллены комисс оффшор компаниудаас илгээсэн мөнгийг дурдахын зэрэгцээ, уг мөнгийг шилжүүлсэн компанитай холбоотой Хонконгийн валют арилжааны газрын зургийг оруулсан байна.

Беннетт “Мөнгө угаах бүхий л тохиолдол халхавч компанитай байдаг. Тэдний үндсэн зорилго нь үйл ажиллагааг хууль ёсны мэт харагдуулах явдал юм” гэв.

Мөн Канад улс үргэлж мөнгө угаах гэмт хэргийн бай болж байдгийн гол шалтгаан нь хууль ёсны байдалтай холбоотой юм.

“Та мөнгөө эдгээр нэр хүндтэй банкуудын аль нэгээр дамжуулвал сайтар угаасан цэвэр мөнгөтэй болох болно” гэж тэрээр нэмж хэлэв.

Хятадад хахуулийн хэрэгт сэжиглэгдэв

Финтракийн тайланд дурдсанаар, энэ бүх мөнгө хаанаас гаралтайг Чен-ийн гэр бүл тайлбарлахыг хүсээгүй нь харагдаж байна. Банкны ажилтан хөрөнгийнх нь эх үүсвэрийн талаар Чен-ийн ээжээс асуухад Хятадад хийсэн газрын наймаанаас олсон орлого гэснээс өөр мэдээлэл өгөөгүй аж.

Тэд Чен-ээс нэмэлт мэдээлэл авахаар хандахад хангалттай баримт гаргаж өгөөгүй байна.

Гэвч OCCRP болон Toronto Star Чен-ийн гэр бүлийн хөрөнгийн эх сурвалжийг илрүүлж чадсан байна. Энэхүү мөнгийг 2015 онд авлигын хэрэгт цаазаар авах ял сонсож, ялыг нь түдгэлзүүлсэн дэслэгч генерал Гу Жуншан (Gu Junshan)-тай хийсэн газрын наймаанаас олсон бололтой.

2014 онд Гу-г авлигын хэрэгт холбогдсоныг хурцаар шүүмжилсэн “цэргийн бүх командлагч, дайчдад” хандсан хятад хэл дээрх нээлттэй захидалд Чен-ийн нэр дурдагдсан байдаг. Зохиогч нь нэрээ нууцалсан боловч энэхүү захидал цахим орчинд өргөн тархаж, төрийн дэмжлэгтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч эш татаж байв. Гу-гийн удирдаж байсан бүтээн байгуулалтын төслийн нэг хэсэг болох Шанхай дахь хуучин цэргийн нисэх онгоцны буудлын ойролцоох 100 га газрыг эзэмшихийн тулд Чен Гу-д их хэмжээний хахууль өгсөн гэжээ.  

“Канад руу зугтсан Чен-ийн талаар цэргийн  өндөр албан тушаалтнууд Гу-гийн хэргийн анхан шатны мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээлсэн. Үүний дараа Ши Жиньпин дарга түүнийг баривчлах тушаал гаргасан ч өнөөдрийг хүртэл эрх баригчдаас зугтсаар байна” хэмээн уг захидалд дурджээ.

Энэ захидлыг Бээжинг дэмжигч Phoenix Weekly сэтгүүлийн нийтлэлд эш татсан бөгөөд дараа нь албан ёсны хэвлэл болох Хятадын Цагдаагийн Сүлжээ нийтэлсэн байна. Тэрхүү нийтлэлд Чен-ийг “Гу-д их хэмжээний хахууль өгсөн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн” хэмээн нэрлэсэн байв.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет орчныг маш нарийн хянадаг учраас Чен-ийн нэр дурдагдсан захидал албан ёсоор зөвшөөрөгдсөн тохиолдолд л цахим орчинд тархах боломжтой хэмээн Хятад судлаач, Лондонгийн Кингс коллежийн хуулийн багш Эва Пилс хэлсэн байна.

Хятадын шүүх болон компанийн бүртгэлийн баримт бичиг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл Чен Гу-тай ямар харилцаатай байсан талаар илүү ихийг дэлгэн тавьсан байна. Тэдгээрт Чен Гу-гийн удирдаж байсан бүтээн байгуулалтын төслийн нэг хэсэг болох Шанхай дахь хуучин цэргийн нисэх онгоцны буудлын байрлалд үл хөдлөх хөрөнгө худалдан авч, цааш зарсан гэжээ.

Чен бол Гу-гийн авлигын хэргийн “гол хүн” хэмээн төрийн өмчит Вэн Вэй По (Wen Wei Po) сонин мэдэгдсэн байна. Мөн тус сонинд 2000-аад оны сүүлчээр Чен нисэх онгоцны буудлын ойролцоох газрыг “тухайн үеийн Шанхайн газрын зах зээлийн үнээс хамаагүй доогуур үнээр” авсан нь Гу-тай харилцаатай байсантай нь холбоотой гэжээ.

Шүүхийн шийдвэрээс харахад, үүний дараа Шанхайн бизнес эрхлэгч Зоу Юню (Zou Yunyu) гэгч эмэгтэй тухайн газрыг авсан байх бөгөөд үүний зэрэгцээгээр 2009-2013 оны хооронд нийт 889 сая юанийн (ойролцоогоор 144 сая ам. доллар) зээл авчээ. Улмаар тэрээр зээлээ төлж чадаагүй аж.

Мөн л 2009 онд Чен-ийн гэр бүлийн Канад дахь банкны данс руу төлбөр орж эхэлсэн байдаг. Каллены комисс мөнгө шилжүүлсэн хүмүүсийн дунд Хятадын хоёр компанийг дурдсан бөгөөд эдгээр компаниуд Зоу-тай холбоотой болохыг тогтоожээ.

Уолдман хэлэхдээ, Канад руу шилжүүлсэн их хэмжээний мөнгө нь Гу-гийн удирдаж байсан “том бүтээн байгуулалтын” нэг хэсэг болох газрын наймааны орлого юм гэв. Мөн тэрээр түүний үйлчлүүлэгч Гу-г танихгүй бөгөөд түүнд хахууль өгөөгүй, харин генералын эсрэг босгосон “улс төрийн” хэргийн хомрогод өртсөн гэж тайлбарлажээ.

Мөн Уолдман нэгэн видео ярилцлагын үеэр “Тэр ямар ч буруу зүйл хийгээгүй, генералыг танихгүй, хууль ёсны бизнесийн үйл ажиллагаанд л оролцож байсан” гэжээ.

Тэрээр “Хятад улс ихэвчлэн эрүүдэн шүүх замаар олж авсан нотлох баримтыг ашигладаг, авлигад идэгдсэн хуулийн тогтолцоотой учраас тус улсаас өгсөн мэдээлэлд итгэх боломжгүй гэдгийг Канадын эрх баригчид ойлгох ёстой. Канадын Засгийн газар миний үйлчлүүлэгчийн хэргийг сонирхож эхэлсэн нь Хятадын Засгийн газраас тэдэнд хандсаны үр дүн байх магадлалтай гэж бодож байна” гэв.

Канадын Хилийн албаны агентлаг Чен-ийн хэргийн талаар тодорхой тайлбар өгөх боломжгүй гэсэн ч зарим тохиолдолд иргэншил хүсч байгаа хүмүүсийн талаар “гадаадын засгийн газрын хууль сахиулах байгууллагаас” мэдээлэл авсны дараа “хүчинтэй эсэхийг нь баталгаажуулах” болно гэжээ.

Гу-гийн авлигын схемд холбогдсон хэдий ч тухайн үед Чен-ийн бизнесийн үйл ажиллагаа зөвшөөрөгдсөн байсан байж магадгүй гэдгийг Пилс тэмдэглэв.

“Хахууль авах нь энэ төрлийн хэлцлийн зуршмал шинж мэт байдаг. Засгийн газрын хяналттай газар зохион байгуулалтын тогтолцоонд “бараг бүх томоохон газрын харилцаанд нам, төрийн байгууллагуудын оролцоо маш өндөр байдаг” хэмээн тэрээр нэмж хэлэв.

Шууд үр дагавар

Канадын иргэншил авах асуудал нь шүүхийн шатанд байх үед Чен Каллены комиссын “Мөнгө угаах хэргийн судалгаа”-нд багтсан болохоо олж мэдсэн байна.

Канадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх гадаадын сэжигтэй мөнгөтэй холбоотой асуудал Чен-ийн хэргээс хамаагүй илүү ноцтой байгаа юм. Шинжээчид үл хөдлөх хөрөнгийн салбар хар тамхины наймаа, авлига болон бусад гэмт хэргийн замаар олсон бохир мөнгөөр бялхсан гэдгийг тус Комисст мэдэгдсэн байна.

“Онц ноцтой, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд мөнгө угаах замаар хар тамхи, хүний наймаа, хүчирхийллийн гэмт хэрэг зэрэг хамгийн хор хөнөөлтэй гэмт хэргээс ашиг олох боломжтой байдаг” хэмээн Канадын Засгийн газар өнгөрсөн долдугаар сард гарсан Комиссын хаалтын дүгнэлтэд бичжээ.

Канадын Эрүүгийн тагнуулын албаны 2020 оны тайланд тус улсад жил бүр 113 тэрбум канад доллартой тэнцэх хэмжээний мөнгийг угаадаг болохыг тогтоожээ. Тэн хагас нь олон улстай холбоо харилцаатай нийт 176 зохион байгуулалттай гэмт бүлэглэл Канадын эдийн засагтай нягт холбогдсоны зэрэгцээ мөн бараг тал хувь нь кокаины наймаанд оролцсон хэмээн уг тайланд дурдсан байна.

Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбар “мөнгө (гэмт хэргээс олсон орлогыг) угаахыг санаархсан гэмт хэрэгтнүүдэд аюулгүй, хууль ёсны хөрөнгө оруулалт болж, цаашид гэмт хэргийн бизнес эрхлэх нөхцөл болон ашиглагдах магадлал өндөртэй” хэмээн Холбооны Засгийн газар мэдэгдсэн байна.

Мөн Каллены комисст мэдүүлэг өгсөн Транспэрэнси Интернэшнл Канад байгууллагын гүйцэтгэх захирал Жеймс Коэн (James Cohen) олон улсын мөнгө угаах гэмт хэргийн эсрэг арга хэмжээ авахыг эрх баригчдад уриалав.

Тэрээр “Орон сууцны үнэ өсөх хамгийн ноцтой шалтгаануудын нэг нь орон сууцны хангамжийн хязгаарлагдмал байдал бөгөөд энэ нь хар тамхины наймаачид, луйварчид, клептократуудын хөрөнгийн эх үүсвэр болж байна. Бид эдгээр орон сууц, байшинд үүрлэж байгаа бохир мөнгийг зайлуулснаар орон сууцны хангамжийг хялбархан нэмэгдүүлж болно” гэв.

Бритиш Колумбиагийн Засгийн газрын шинжээчдийн багаас 2019 онд хийсэн тооцооллоор тус мужид зөвхөн өмнөх онд л гэхэд 7 тэрбум гаруй канад доллароор хэмжигдэх бохир мөнгийг угаасан байна. Үүний 5.3 тэрбумыг үл хөдлөх хөрөнгөөр ​​угаасан нь орон сууцны үнэ 5 орчим хувиар өсөхөд хүргэсэн байна.

Хоёр харш, гурван нэр өөрчлөгдөв

Чен Ванкуверт анх 2007 онд дээд зэрэглэлийн Шонесси хороолол (Shaughnessy neighborhood)-д 2.3 сая канад доллароор үл хөдлөх хөрөнгө худалдан авсан аж. Тухайн үед хуучин нэр болох Чэн Зижун (Chen Zijun), Ци Ченгуан (Qi Chenguang) нэрээрээ хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Уг байшингаа тэд өнгөрсөн жил 4.9 сая канад доллароор зарсан.

Тухайн үед Чен Жоурен (Chen Zhouren) нэртэй байсан тэдний охин 2012 онд 14.7 сая канад доллароор Пойнт Грэй (Point Grey) дэх далайн эргийн ойролцоо теннисний талбай, усан сан бүхий харш худалдаж авсан. Энэ харшийг Бритиш Колумбиагийн Үнэлгээний байгууллага (British Columbia Assessment Authority ) Ванкувер дахь хамгийн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийн 98 дугаарт жагсаасан бөгөөд одоо 19 сая канад доллароор үнэлэгдэж байна.

Чен-ийн охин ийнхүү үл хөдлөх хөрөнгө худалдаж авснаас хойш хоёр жилийн дараа Хятадын прокурор Гу-г хахууль авч, эрх мэдлээ урвуулан ашиглаж зэвсэгт хүчний мэдлийн газрыг худалдсан гэсэн хэрэг үүсгэсэн байдаг. Генерал цэргийн албаны цалингаасаа хамаагүй давсан хэмжээний өмч, хөрөнгө олж авсан байсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. Хятадын цагдаа нар түүний орон сууцуудын нэгэнд хоёр өдөр ажиллаж, хувьсгалт коммунист удирдагч Мао Цэ Дун-гийн цул алтан хөшөө зэрэг тансаг эд зүйлсийг дөрвөн ачааны машинд ачиж явсан байна.

Хятад улс Чен-ийг баривчлах тушаал гаргаж, Гу-д оногдуулсан цаазаар авах ялыг түдгэлзүүлж, дараа нь бүх насаар нь хорих ялаар сольсон юм.

Энэ хооронд Чен Канадын иргэншил авахаар хөөцөлдөж байв. Хилийн албаны агентлаг иргэншил авах түүний хүсэлтийг “хүлээн авах боломжгүй” гэж үзсэн ч Чен-ийн өмгөөлөгчид энэ шийдвэрийг нягталж үзэхийг холбооны шүүгчээс хүсээд байгаа юм. Мөн энэ үеэр Хятадад түүнийг баривчлах тушаал гарсан тул Чен болон түүний гэр бүлийнхэн нэрээ өөрчилжээ.

Тэдний өмчийн жагсаалтаас харахад 2015 онд Чен Зижун болон түүний охин Чен Жоурен нарын нэр Чен Рункай, Чен Ханин болсон байна. Түүний эхнэр Ци Ченгуан нэрээ Ци Рүйжен (Ruizhen) болгон сольжээ. Дараа жил нь мөнөөх Тюдор маягийн харшийг шинэ нэрээрээ худалдан авсан байна. 

Холбооны шүүхийн шийдвэрийн дагуу түүний охины Канадын иргэншил хүссэн өргөдөл мөн эцгийнх нь хэргийн шийдвэртэй нэгэн адил нөхцөл байдалд байна.

Хэргийн баримтуудаас үзэхэд Чен Ханин нь 2006 онд Холбооны Засгийн газрын Цагаач хөрөнгө оруулагчдын хөтөлбөрийн дагуу Канадад нэвтэрсэн эцгийнхээ асрамжид байнга оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд ирэхдээ 5,000 ам. доллартой гэдгээ мэдэгджээ. Тэрээр тэтгэвэрт гарсан хэдий ч Хятадад үл хөдлөх хөрөнгийн наймаанаас мөнгө хуримтлуулсан эцэг эхээсээ санхүүгийн дэмжлэг авч байгаагаа 2015 онд мэдэгдэж байсан аж.

Чен-ийн охиныг төлөөлж буй Уолдман түүний цагаачлалын асуудлын талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

Чен-ийн гэр бүлийнхэн тансаг амьдарч байгаа ч үргэлжилж буй шүүх хурал, албадан гаргах аюулын улмаас тэдний энэхүү тав тухтай амьдрал ээдрээтэй байгаа юм.

“Гэвч Хятадын хууль эрх зүйн системийн нотлох баримт олж авах ажиллагаа эрүүдэн шүүлтэд тулгуурладаг нь Канадын Засгийн газрыг хүнд байдалд оруулж байна. Хэрэв Чен-ийн эх орны шүүхийн тогтолцоо найдвартай байсан бол Канад улс түүнийг шударга шүүхэд шилжүүлж өгөх боломжтой. Гэхдээ тэр нь Хятад улс учраас энэ боломжгүй юм. Аймшигтай гэмт хэрэг үйлдсэн байлаа ч, хэн ч эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй” хэмээн Хааны коллежийн профессор Пилс хэлсэн байна.

Чен-тэй холбоотой асуудлаар Канадын Хууль зүйн яам тайлбар өгөхөөс татгалзаж, Оттава дахь Хятадын элчин сайдын яам ч асуултад хариулсангүй.

Чен-ийг Хятадад шилжүүлэн өгөх магадлал бага гэдэгтэй хуулийн болон цагаачлалын мэргэжилтнүүд санал нэгдэж байна. Гэхдээ Чен болон түүний гэр бүлийнхэн Канадын иргэний харьяалал авахаа хүлээж байх зуур цуглуулсан санхүүгийн нотлох баримтууд нь эрх баригчдын өгөх тайлбарт хангалттай үндэслэл болох болно хэмээн мөнгө угаах гэмт хэргийн талаар илтгэл бичиж буй хуульч Беннетт хэлжээ.

Мөн тэрбээр “Хэдий мөнгө угаах гэмт хэргийн бүх шинж тэмдэг илэрсэн ч бай, тэдний эд хөрөнгийг хураахдаа нухацтай хандах хэрэгтэй” гэв.

 

Эх сурвалж: https://www.occrp.org/en/investigations/following-a-trail-of-tainted-money-from-china-into-vancouver-real-estate