Гүрж улс ЕХ-нд элсэхэд учирч буй саад тотгор хийгээд тус улсын дээд түвшний шүүгчийн нууцлаг эд хөрөнгө

A- A A+
Гүрж улс ЕХ-нд элсэхэд учирч буй саад тотгор хийгээд тус улсын дээд түвшний шүүгчийн нууцлаг эд хөрөнгө

Сүүлийн хэдэн сард Гүрж улсад хэдэн арван мянган хүн гудамжинд жагсаж, Европтой нэгдэхийг Засгийн газраасаа шаардаж байгаа билээ.

06-р сарын 20-ны өдөр нийслэл Тбилисид болсон томоохон жагсаалын үеэр жагсагчид  “Гүржийг алдаршуулъя! Европыг алдаршуулъя!”, “Удахгүй бид Европын том гэр бүлийн гишүүн болно! Европ мандтугай!” хэмээн хашгирч байв.

Орос Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Украин, Молдав, Гүрж улсаас ЕХ-нд гишүүнээр элсэх өргөдлийг Европын зөвлөл түргэвчилсэн журмаар хүлээн авсан юм. Гэвч нөгөө хоёр улс нь нэр дэвшигчийн статустай болсон ч Гүржийн өргөдлийг зөвшөөрөх ажил хойшлогджээ.

Гишүүнээр элсүүлэхээс өмнө Гүрж улс илүү хариуцлагатай, ардчилсан тогтолцоотой болохын тулд шинэчлэл хийх ёстой хэмээн Зөвлөл мэдэгдэв.

Гэхдээ туулах зам урт байна. Транспэрэнси Интернэшнл байгууллагын орон нутгийн бүлгээс онцолсон нэг ноцтой асуудал бол албан тушаалтнууд эд хөрөнгөө бүрэн мэдүүлдэггүй явдал юм.

OCCRP-ийн Гүрж дэх түнш болох Studio Monitor уг асуудал тус улсын шүүх эрх мэдлийн байгууллагын дээд түвшинд хүртэл хүрээгээ тэлснийг мөрдлөгийн явцад тогтоожээ.

Гүржийн хамгийн нөлөө бүхий шүүгчдийн нэг Леван Мурусидзе (Levan Murusidze) өөрийн хөрөнгийн мэдүүлэгтээ урт хугацаанд амрагийн харилцаатай байгаа хамтран амьдрагчийнхаа эд хөрөнгийг мэдүүлээгүй байна. Тэрээр хамтран амьдрагчийнхаа сүүлийн жилүүдэд олж авсан олон орон сууц, үнэтэй гоёл чимэглэл, хувцас зэргийг олон нийтээс ийнхүү нууж байна.

Энэ зардал нь хосуудын мэдүүлсэн цалингаас хамаагүй давсан нь тэдний баялгийн эх үүсвэрийн талаар эргэлзээ төрүүлж байгаа юм.

Studio Monitor өмнө дурдсан мөрдлөгийн явцад өөр нэг нөлөө бүхий шүүгч Михаил Чинчаладзе (Mikheil Chinchaladze) нагац эгчийнхээ нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй болохыг тогтоожээ.

Мурусидзе, Чинчаладзе нарыг Гүржийн Европтой харилцах харилцааг гүнзгийрүүлэхэд шаардлагатай байгаа шинэчлэлийг гацааж буй “бүлэг” гэгддэг шүүгчдийн хүчирхэг бүлэглэлийн удирдагч гэж үздэг. Энэ хоёр хүн хоёулаа тус улсын шүүхийн тогтолцооны хяналтын дээд байгууллага болох Шүүхийн дээд зөвлөл хэмээх хүчирхэг байгууллагатай холбоотой. Тэднийг мөн Гүржийн хамгийн баян хүн бөгөөд тус улсын эрх баригч Гүржийн Мөрөөдөл Намын хөшигний ар дахь шийдвэр гаргагч, зөвлөх Бидзина Иванишвили (Bidzina Ivanishvili)-тэй ойр дотно харилцаатай гэж үздэг.

Шүүхийн дээд зөвлөлийн шүүгч бус гишүүнээр дөрвөн жил ажилласан, одоо Гүржийн Шүүхийн Хяналт (Georgian Court Watch) хэмээх ТББ-ын тэргүүнээр ажиллаж байгаа Нази Жанезашвили (Nazi Janezashvili) Чинчаладзег Леван Мурусидзегийн хамт уг бүлгийн “орлуулшгүй” дээд удирдагч гэж тодорхойлдог.

Тэрээр Чинчаладзег Иванишвилитэй хөшигний ард харилцаа тогтооход тусалсан хүн бол Мурусидзе байсан. “Энд хувийн шинж чанарууд чухал бөгөөд Мурусидзе харилцааны маш өндөр чадвартай хүн. Тэд сайн ойлголцсон. Бидзина Иванишвилигийн эрх мэдэл шүүхийн энэхүү систем дээр тогтдог.” гэжээ.

Михаил Чинчаладзе, Бидзина Иванишвили нар үүнд тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Тансаглалын амт

Дунд насны гурван хос эртний Грекийн балгасны хөл хөдөлгөөн ихтэй гишгүүр дээр авхуулсан зураг 2019 онд Инстаграм дээр тавигджээ.

Зураг дээрх хүмүүсийн нэг бол Тбилисийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Леван Мурусидзе юм. 2013-2017 онд тэрээр Гүрж улсын шүүхийн бүх томилгоог хянадаг хүчирхэг байгууллага болох Шүүхийн дээд зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Түүний өмнө Тбилиси хотын Шүүхийн Тамгын газрын даргаар ажилладаг Лела Чаниа (Lela Chania) сууж байна. Хэдийгээр тэд албан ёсоор гэрлээгүй ч хамт амьдарч байгаа бололтой. Чаниа бол түүний эхнэр гэсэн Гүржийн хэвлэлийн мэдээллийг Мурусидзе хэзээ ч үгүйсгэж байсангүй.

Мөн хосуудын харилцааг нэгэн онцгой газар баримтжуулсан байдаг нь Мурусидзегийн буяны хандивын бүртгэл юм. 2010 онд тэрээр сүмийн цогцолборын барилгын санд хандив өгсөн бөгөөд бүх хандивлагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг тус сан вэбсайтдаа нэрлэсэн байна. Тэр жилээс хойш Чаниа ээж, аавынхаа хамт Мурусидзегийн гэр бүлийн гишүүдийн жагсаалтад бичигдэх болжээ.

Тиймээс Чаниа болон түүний өөрийн бүх эд хөрөнгө жил бүрийн хөрөнгийн мэдүүлэгт нь тусгагдсан байх ёстой. Гэвч сэтгүүлчид Мурусидзегийн 2006 оноос хойших мэдүүлгийг шалгаж үзэхэд Чаниагийн нэр огт олдоогүй байна.

Тэрээр сэтгүүлчдэд Мурусидзетэй хамт амьдардаггүй гэж мэдэгджээ. Мөн “Би хаана ч байнга амьдардаггүй. Би өөрийн гэсэн амьдрах газартай, түүнээс өөр газар амьдарч байлаа ч энэ нь та нарт хамаатай асуудал биш” гэжээ.

Гэвч тэд хамт амарснаа олон нийтэд дэлгэснээс гадна энэ жил Португал явсан байна. Мөн сэтгүүлчид Мурусидзе, Чаниа хоёрын машин Тбилисийн баруун хойд зүгт орших Жегви тосгон дахь Мурусидзегийн гэрийн гадна байгааг баримтжуулжээ. Хосууд байшингаас тус тусын машинаар гарч байхыг сэтгүүлчид мөн ажигласан бөгөөд тэдэн рүү дөхөж очиход яаравчлан хөдөлсөн байна.

Мурусидзе эд хөрөнгөө тайлбарлахад төвөгтэй байдалд орох учраас Чаниатай тогтоосон харилцаагаа зарлаагүй байж болзошгүй юм. Чаниа хэдийгээр эгэл жирийн гэр бүлээс гаралтай ч сүүлийн жилүүдэд хэд хэдэн үнэтэй худалдан авалт хийсэн нь Мурусидзетэй харилцаа тогтоосон үетэй нь давхцаж байгаа юм.

2015, 2016 онд Чаниа Тбилисид хоёр орон сууц, хоёр газар, дээр нь Хар тэнгисийн амралтын хот Батумид 166,000 гаруй ам.долларын үнэ бүхий нэг орон сууц худалдаж авсан. Сэтгүүлчдийн олж авсан худалдан авалтын гэрээнээс харахад тэрээр орон сууцны зээл авалгүйгээр, халааснаасаа төлсөн байна.

2015 он хүртэл Чаниа 12 м2 талбайтай жижигхэн байранд амьдардаг гэж бүртгэгдсэн бол 2022 онд түүний жилийн цалин 33,000 лари (12,000 ам.доллар) гэж бүртгэгдсэн байна. Олон нийтэд нээлттэй бүртгэлээс харахад тэрээр нэмэлт орлого олох бизнес эрхэлдэггүй аж.

Хэрэв Чаниа цалингаа бүтнээр нь хуримтлуулж чадвал эдгээр үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахын тулд дор хаяж 14 жил шаардагдах болно. Эдгээр хөрөнгийг хэрхэн худалдаж авсан, жинхэнэ өмчлөгч нь Мурусидзе мөн эсэх талаарх сэтгүүлчийн асуултад тэрээр хариулсангүй.

Гэхдээ Чаниагийн өөр бусад зардлуудыг ч бас тооцох ёстой. Сэтгүүлч нар анх хандсанаас хойш устгасан фэйсбүүк дэх зургууд нь түүнийг тансаг зэрэглэлийн брэндийн хувцас, гоёл чимэглэлийн зүйлс шимтэн хэрэглэдэгийг харуулж байгаа юм. Түүний хувцасны шүүгээнд Dolce & Gabbana, Gucci-ээс гадна Prada, Moschino, Furla, Miu Miu, Jimmy Choo, Casadei, Valentino-ийн олон төрлийн эд зүйлс байдаг.

Мөн тэрээр үнэтэй олон арван алтан бөгж, хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч авчээ.  

Мурусидзегийн өөрийнх нь албан ёсны цалин жилд ердөө 73,000 лари (ойролцоогоор 26,000 ам.доллар). Энэ нь Чаниагийнхаас хамаагүй өндөр боловч эд хөрөнгийнх нь хэмжээнд хүрэхгүй байгаа юм. Ялангуяа цалингийнх нь тал хувь нь орон сууц барихад зориулж авсан зээлээ төлөхөд зарцуулагддаг гэхээр. Түүнд мөн л орлогын өөр эх үүсвэр байхгүй.

5,000 лари (1,800 ам.доллар)-аас дээш үнэтэй эд зүйлсийнхээ алийг нь ч мэдүүлээгүй тул тэдний худалдан авалтыг шалгах боломж Гүржийн олон нийтэд байсангүй.

Транспаренси Интернэшнл Гүрж байгууллагын авлигын эсрэг багийн ахлагч Сандро Кевхишвили (Sandro Kevkhishvili) “Энэ хэрэгт, ялангуяа, өндөр албан тушаалтан оролцсон тул Гүржийн прокурорын газар авч үзэх ёстой. Төрийн албаны товчоонд [хөрөнгийн мэдүүлэг гаргадаг газар] мэдүүлгийн хяналт хариуцсан хэлтэс байдаг бөгөөд тэд энэ хэргийг мөн судлах ёстой” гэсэн байна.

Сандро Кевхишвили бас өөр нэгэн шинэчлэлийг санал болгосон байна. Тэрбээр “Бидний мэдэж байгаачлан ... [хүмүүс] нэг гэрт амьдарч байгаа эсэхийг шалгах систем Төрийн албаны товчоонд байдаггүй. Ийм механизмыг хэрэгжүүлэх ёстой” гэжээ.  

Нийтийн үйлчилгээний төлбөр, банкны данс хоорондын мөнгөн шилжүүлгээс гадна олон нийтийн сүлжээний дансыг хүмүүс хамт амьдардаг гэдгийг нотлох баримт болгон ашиглаж болно гэдгийг Товчооны дэд дарга Элгужа Макалатиа (Elguja Makalatia) хүлээн зөвшөөрсөн байна.

Тэрээр “Бид олон нийтийн фэйсбүүк профайлыг үзэхэд хүмүүс хамтдаа байгаа нь, эхнэр, нөхөр болох нь харагдаж байна, гэхдээ тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байдаг ... мэдээж [тэд] байнгын оршин суугч гэж тооцогдоно” гэв.

Товчооны хөрөнгийн мэдүүлгийг хянах хэлтсийг удирддаг Бесик Векуа (Besik Vekua) тус агентлагийн шүүмжлэлийг няцааж, Товчоо хэвлэлд гарсан мэдээлэлд үндэслэн ажиллах боломжгүй гэж хэлж байгаа ч албан ёсоор хүсэлт хүлээн авбал Мурусидзегийн хэргийг хянан үзэж магадгүй юм.

Тэрээр Studio Monitor-д “Та бидэнд үндэслэл бүхий өргөдөл гаргаж болно. Үндэслэл бүрийг, өөрт байгаа зүйл, хайж олсон зүйлээ хавсарга. Үүний дараа Товчооноос шийдвэр гаргаж, бид хяналт шалгалт хийнэ” хэмээн хэлсэн байна.

Мурусидзегийн талаарх сэтгүүлчдийн асуултад бичгээр өгсөн хариундаа Товчооны төлөөлөгчид сүүлийн 5 жилийн хугацаанд 2,000 орчим хөрөнгийн мэдүүлгийг шалгаж,  тэдний талаас илүүд нь зөрчил илрүүлж, торгууль ногдуулсан гэж мэдэгдсэн боловч ердөө 11-ийг нь прокурорт шилжүүлсэн байна.

“Бүлэг” ба Зөвлөл

Мурусидзе бол бүх хөрөнгөө мэдүүлээгүй, дээр нь үүндээ ямар ч хариуцлага хүлээгээгүй цорын ганц нөлөө бүхий шүүгч биш юм.

Studio Monitor болон Гүржийн Radio Free Europe, Тависуплеба Радио хамтран хийсэн дээрх мөрдлөгийн явцад өөр нэг нөлөө бүхий шүүгч Михаил Чинчаладзе нагац эгчийнхээ 2009 онд 105,000 лари (63,000 доллар)-аар худалдаж авсан Тбилисийн төв хороолол болох Вера дахь хэд хэдэн орон сууц, гаражийг мэдүүлээгүй болохыг тогтоосон юм.

Чинчаладзетэй нэг байранд амьдардаг, түүнийг таньдаг хоёр эх сурвалж тэр бол авга эгчийнх нь нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгч нь мөн хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

Чинчаладзе эдгээр орон сууцны талаар сэтгүүлчдийн асуултад хариулж байгаагүй бөгөөд энэ мэдээлэл цацагдсаны дараа ч ямар нэг няцаалт хийгээгүй байна. Бас тэр ямар нэг хариуцлага ч хүлээгээгүй бололтой. Түүний 2019 оны хөрөнгийн мэдүүлэгт ямар нэгэн зөрчил илрээгүй хэмээн Төрийн албаны товчооноос сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Шүүгч Мурусидзе, Чинчаладзе нарын хараат бус байдал эргэлзээтэй байгаа тул энэ хэрэг онцгой анхаарал татаж байгаа юм.

Энэ хоёр хүнийг Гүрж улсын шүүх эрх мэдлийг хяналтдаа авч, өөрсдийн нөлөөг ашиглан албан тушаалаа хамгаалах, тэр байтугай тодорхой хэргийн үр дүнд нөлөөлж болзошгүй шүүгчдийн бүлэглэлийн томоохон төлөөлөл хэмээн учир мэдэх хүмүүс тодорхойлсон байдаг.

“Бүлэг” буюу “Шүүгчдийн бүлэг” гэгддэг тус бүлэглэл нь албан ёсны бүтэцгүй бөгөөд 30 орчим шүүгчээс бүрддэг гэж үздэг ч бүрэн бүрэлдэхүүн нь тодорхойгүй байна. Тус бүлэглэлийг эрх баригчид албан ёсоор шалгаагүй бөгөөд гишүүдийнх нь дунд авлига гарсан гэх баттай баримт байхгүй. Гэвч бүлэглэлийн оршин тогтнол хийгээд хор хөнөөлтэй нөлөөллийг хараат бус ажиглагчид, ахмад улс төрч, албан тушаалтнууд болон олон улсын байгууллагууд тодорхойлсон байдаг.

Өмнө нь Гүржийн Дээд шүүхийн даргын туслахаар ажиллаж байсан Каха Цикаришвили (Kakha Tsikarishvili) өдгөө шүүхийн шинэчлэл хийхийг уриалж буй хараат бус хуульчдын бүлгийн гишүүн юм. Тэрээр шүүхийн байгууллага дахь авлигын тодорхой хэргүүдийг нэрлэхэд хэцүү гэсэн байна.

Каха Цикаришвили “Энэ нь, ихэвчлэн, шүүгчдэд ямар төрлийн шийдвэр гаргах талаар зааварчилгаа өгөх хэлбэртэй байдаг. Бүлгийн гишүүд шүүгчдэд ийм тийм шийдвэр гаргаарай гэж хэлдэг. Шүүгч тушаалыг дагаж, бүлэг тухайн хэргээс мөнгө олдог” гэв.

Энэ бүлэгт олон дүүрэг, хотын шүүхийн дарга нар, мөн Гүржийн шүүхийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг Шүүхийн дээд зөвлөлийн гишүүд багтдаг гэж үздэг. Энэ байгууллага нь улс орон даяар бүх шүүгчийг томилдог бөгөөд шүүгчдийг муу ажилласан тохиолдолд шийтгэх, ажлаас нь халах, сайн ажилласныг нь шагнах, тэр бүү хэл, бүх насаар нь томилох эрх мэдэлтэй. Тус Зөвлөл нь дарга, найман шүүгч, зургаан шүүгч бус гишүүн (ихэвчлэн хуульч)-ээс бүрддэг. Мурусидзе 2013-2017 онд энэ зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Зөвлөлийн өмнөх болон одоогийн гишүүн хэд хэдэн шүүгч Чинчаладзетэй хувийн болон мэргэжлийн харилцаа холбоотой байдаг. Тэрээр 2017 онд бүх насаараа томилогдсон Гүрж улсын анхны шүүгч болсон юм.

Шүүхийн шинэтгэлийг уриалж буй хуульч Цикаришвили энэ бүлгийн шүүгчид Гүржийн эрх мэдлийн дээд давхрагуудтай харилцан ашигтай харилцаа тогтоосон хэмээн мөн мэдэгдэж байгаа юм. “Гүржийн Мөрөөдөл Нам шүүх тогтолцоог бүлгийнхэнд аажмаар шилжүүлэх алхам хийж байна гэж бид үзэж байна” гэж тэр хэлэв.

Гүржийн ЕХ-нд нэгдэх үйл явцад ахиц дэвшил гарсан тохиолдолд хэрэгжүүлвэл зохих хэд хэдэн зөвлөмжийг Европын Комиссоос гаргасан байдаг.

Үүний нэг нь “шүүх байгууллагыг бүрэн бөгөөд жинхэнэ хараат бус, хариуцлагатай, шударга болгох” юм. Мөн “эдийн засаг, улс төр, олон нийтийн амьдрал дахь хувийн ашиг сонирхлын хэт их нөлөөллийг арилгах замаар олигархаас ангижруулах амлалтаа хэрэгжүүлэх”-ийг зөвлөсөн байдаг.

Комисс Иванишвилигийн талаар тусгайлан дурдаагүй. Гэвч 06-р сарын 20-нд Тбилисид болсон томоохон жагсаалын үеэр Европын парламентын гишүүн Раса Жукневичиене  (Rasa Juknevičienė) энэ хүний талаар авч үзэж байгаа гэдгийг тодорхой илэрхийлэв.

Тэрээр “Ямар олигархийн тухай ярьж байгааг бүгд мэдэж байгаа. Сайхан эх орноороо бүү дэнчин тавь” гэв.

Эх сурвалж: https://www.occrp.org/en/investigations/unexplained-wealth-of-top-georgian-judge-highlights-obstacles-along-countrys-path-to-europe