МАЛАЙЗ: АВЛИГА БИДНИЙ ХУВЬД ЕРДИЙН ҮЗЭГДЭЛ БОЛСОН УУ?

A- A A+
МАЛАЙЗ: АВЛИГА БИДНИЙ ХУВЬД ЕРДИЙН ҮЗЭГДЭЛ БОЛСОН УУ?

Малайз Улсын Боловсролын сайд асан Maszlee Malik “Бидний хүүхдүүдийн боловсролд төсөвлөгдсөн хөрөнгөөс хэдэн сая, магадгүй бүр тэрбум рингитийг завшсан” хэмээн мэдэгджээ. /рингит (RM) - Малайзын мөнгөн тэмдэгт/

Ихэнх хүмүүс зөвхөн боловсролын гэлтгүй бүхий л яамд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдгийг мэддэг тул дээрх мэдэгдэлд төдийлөн цочирдохгүй биз ээ.

Хэдий тийм ч Малайзын Авлигатай тэмцэх хороо, цагдаа зэрэг хууль сахиулах байгууллагууд үүнийг "ерөнхий" мэдээлэл гэж үгүйсгэн, асуудал намжихыг хүлээлгүй мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлнэ гэж найдаж байна.

Maszlee нь Pakatan Harapan-ны засгийн үед буюу 2018 оноос 2020 оныг хүртэл Боловсролын сайдаар ажиллаж байсан. Түүнийг дээрх албан тушаалыг хашиж байх үед тус яамнаас хөрөнгө завшсан талаар ирүүлсэн гомдол, мэдээллүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа талаар тэрээр мөн мэдэгдэж байсан.

Ашиг хонжоо олохоор төсвийн хөрөнгийг завших, хөрөнгийн менежментийн чадваргүй байдлын улмаас төсвийн хуваарилалт алдагдах явдал маш их байгаа нь Малайз Улсын эмгэнэл юм.

Улс төр нь тэр чигтээ авлигад орооцолдчихсон тул тус улсын сайд, улс төрч бүрийг хардахгүй байхын аргагүй. Та салбарын даргаас хэлтсийн дарга болтлоо дэвшихийг хүсвэл хэдэн зуун мянган рингит зарцуулах хэрэгтэй. Хэрэв та улс төрийн намуудын, тэр тусмаа олон арван жил засгийн эрх барьж байгаа намын дээд эсвэл төв зөвлөлд байр суурь олохыг хүсвэл танд сая сая рингит хэрэг болно.

Боловсролын салбарт төсвийн хөрөнгийг завшсан хамгийн сүүлийн тохиолдол бол Ерөнхий сайд асан Najib Razak-ийн эхнэр Rosmah Mansor-ийн холбогдсон хэрэг юм.

2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Дээд шүүх Rosmah-ийг Саравакийн хөдөөгийн сургуулиудын 1.25 тэрбум RM-ийн өртөг бүхий нарны эрчим хүчний төсөлтэй холбоотой авлигын хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Улмаар түүнд 970 сая RM-ийн торгох ял болон 10 жилийн хорих ял оноожээ.

Шүүхээс түүнийг Jepak Holdings Sdn Bhd-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал асан Saidi Abang Samsudin-аас өөрийн өмнөх туслах Rizal Mansor-оор дамжуулан Саравакийн хөдөөгийн сургуулиудын нарны эрчим хүчний төслийг нь амжилттай батлуулахад нь туслан 187.5 сая RM-ийг авсан хэрэгт буруутай гэж үзжээ.

Тэрээр мөн 2016 оны 12-р сарын 20-нд Путражая дахь Сери Пердана хотод туслах Rizal-аараа дамжуулан Saidi-гаас 5 сая RM-ийг, мөн 2017 оны 9-р сарын 7-нд Жалан Ланггак Дута-д Saidi-гаас дахин 1.5 сая RM-ийн хахууль тус тус авсан нь тогтоогдсон байна.

Шүүх хурлын үеэр нэгэн гэрч Боловсролын сайд асан Mahdzir Khalid-ийг Саравак дахь хөдөөгийн сургуулиудын 1.25 тэрбум RM-ийн өртөг бүхий нарны эрчим хүчний төслийг нь баталж өгнө хэмээн Jepak Holdings-оос 60 сая RM-ийг шаардаж байсан гэж мэдэгджээ. Харин Mahdzir уг мэдээллийг үгүйсгэсэн байна.

Дээрх шиг хэргүүдэд зүй ёсны дагуу мөрдөн байцаах ажиллагаа явуулж, хэрэг үүсгэхгүй өнгөрсөн хэр олон тохиолдол байдаг бол оо. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигладаг төрийн албан хаагчдыг яах вэ? Тэдний хэд нь шалгагдаж, шоронд орсон бэ?

Ямартай ч авлига дээд цэгтээ хүрснийг энэ хэрэг дахин нотолж байна. Энэ нь бүр нарийн системтэй болсон. Мөнгөний ихэнх хэсгийг худалдан авалт, гэрээ хэлэлцээрээс олдог. Өмнө нь боловсролын салбарт ажиллаж байсан албан хаагч боловсролын үйлчилгээнд мөнгө олох маш олон арга байдаг тухай хэлж байсан.

Ном, хэрэглэл, спортын цом, медаль худалдаж авахад 10-20% хөнгөлөлт үзүүлэх нь хэвийн үзэгдэл юм. Яамны түвшинд бол худалдан авалт эсвэл төслийн гэрээгээр хэдэн зуун мянгаар нь орлого олох боломжтой.

Хэдэн арван жилийн турш бид яамнаас авхуулаад сургуулийн захиргаа хүртэл боловсролын салбарын бараг бүхий л хэсэгт авлига байдаг тухай сонссон.

Боловсролын салбарын албан тушаалтнууд болон сургуулийн захирлууд гэр бүлийнхээ гишүүдтэй гэрээ байгуулдаг тухай, боловсролын яаманд бий болсон бүлэглэлүүд болон эдгээр бүлэглэлүүд бие биеийнхээ болчимгүй үйл ажиллагааг хэрхэн дэмждэг талаар, дээд албан тушаалтнууд нэр хүндээ бодон дээрх шударга бус зүйлсийг нүдээ аниад өнгөрөөдөг тухай сонсож л байсан.

Албан тушаалтнууд ч гэлтгүй оюутнууд ангийнхандаа авлига өгч, ангийн дарга болох болон ямар нэгэн албан тушаалд дэмжлэг авахын тулд ангийнхандаа хахууль өгөх, мөн сайн дүн авахын тулд багш нартаа авлига өгдөг тохиолдлууд гардаг.

Яамны шударга байдлыг хангах нэгжүүд хүртэл үндсэндээ үр дүн муутай ажилладаг бөгөөд холбогдох гомдол, мэдээллүүд дээд шатандаа овоорч, ямар ч арга хэмжээ авдаггүй талаар ч яриа байдаг.

Урьд нь Боловсролын яаманд ажиллаж байсан нэгэн албан хаагч тус яамны авлигын түвшинд харамсаж, заримдаа дээр дурдсан холбогдох мэдээллүүдийг боловсролын яамны албан тушаалтнууд нь найз нөхөд, ойр дотнын хүмүүстээ төсөл батлуулахад нь туслах зорилгоор ашигладаг байсан гэж редакцад бичсэн захидал уншиж байсан. Хэрэв энэ үнэн бол үнэхээр аймшигтай.

Хамгийн санаа зовоож байгаа зүйл нь улсын төсвийн ихэнх хувь Боловсролын яаманд очдог. Тухайлбал, 2022 оны төсвийн хүрээнд тус яам 52.6 тэрбум рингитийн санхүүжилт авсан нь Засгийн газрын нийт зардлын 16 хувьтай тэнцэж байна.

Мөн жил бүр ерөнхий аудиторын тайланд янз бүрийн яам, агентлагуудын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тухай мэдээллээр дүүрэн байдаг.

Тухайлбал, Ерөнхий аудиторын 2019 оны тайланд Боловсролын яам 75 тохиолдолд хохирлын урьдчилсан тайлан гаргахад 1922 хоног зарцуулсан бөгөөд зарим тохиолдолд тайланг хараахан бэлтгэж амжаагүй байна гэжээ. Зарим тохиолдолд эцсийн тайланг Төрийн санд хүргүүлэх хүртэл 11 жил гаруй хугацаа шаардагддаг гэж тэр нэмж хэлэв.

Ерөнхий аудитор Боловсролын яамнаас 2018, 2019 онуудад нийт 1.67 сая RM-ийн төсвийн хөрөнгө дутсан 133 хэргийг илрүүлжээ. Хачирхалтай нь эдгээр хэргүүдийн заримд нь ямар ч арга хэмжээ аваагүй талаар мэдээлэлд дурдсан байна.

Ерөнхий аудитор жилээс жилд хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа хэдий ч тодорхой хэмжээний ахиц гарахгүй байх шиг байна. Мөн эрх мэдлээ урвуулан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан албан тушаалтныг ажлаас нь халсан, шоронд орсон тухай мэдээ, мэдээлэл ховорхон сонсогддог.

Авлига ингэж байнгын үргэлжилж байгаа нь шударга ёсыг хангах нэгжүүд болон эрх мэдлээ урвуулан ашиглаж буй явдлыг шалгах дотоод систем болон Малайзын Авлигатай тэмцэх хорооны төрийн албан хаагчдад зориулсан сургалт, авлигатай тэмцэх арга барил нь үр нөлөөтэй эсэхэд эргэлзэхээ төрүүлж байна.

Хэдийгээр авлига нь аль ч салбарт байх нь муу боловч боловсролын салбарт авлига гаарах нь юу юунаас илүү санаа зовоож байна.

Залуучуудад амьдрах ухаан, мэргэжлийн болон мэргэжлийн ур чадвараас гадна үнэт зүйлийг сургадаг цорын ганц салбар бол боловсролын салбар биш гэж үү? Шударга байдал, авлигыг үл тэвчих хандлага нь хамгийн эрхэм үнэт зүйлсийн нэг биш гэж үү?

Хэрэв залуучууд сургуульд нь болоод боловсролын системд авлига газар авч байгааг мэдвэл энэ нь тэдний амьдралыг үзэх үзэл, тэр дундаа ажилдаа хандах хандлагад нөлөөлөхгүй гэж үү?

Боловсролын салбар дахь энэ байдал нь оюутан, залуусын сэтгэлгээнд авлигыг ердийн үзэгдэл мэт болгочих вий гэдгээс айж байна.

Нийтлэл бичсэн: Хүмүүс түүний нийтлэлийг уншдаг гэсэн төөрөгдлийн дор амьдралынхаа 45 жилийг сэтгүүл зүйд зориулсан A.Kathirasen.

 

Эх сурвалж: https://www.freemalaysiatoday.com/category/opinion/2022/09/15/have-we-normalised-corruption/