Дэлхийн хөлбөмбөгийн од Неймарт холбогдох залилан болон авлигын хэргийн шүүх хурал Испани улсад үргэлжилж байна

A- A A+
Дэлхийн хөлбөмбөгийн од Неймарт холбогдох залилан болон авлигын хэргийн шүүх хурал Испани улсад үргэлжилж байна

Бразилын хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин Неймар /Neymar/-ыг карьерынхаа эхэн үед Бразилын Сантос /Santos/ клубээс Испанийн Барселона /Barcelona/ клуб руу шилжихдээ залилан болон авлигын шинжтэй үйлдэл хийсэн хэмээн шүүж байгаа юм. Тэгвэл шүүх хурлын талаар таны мэдвэл зохих зүйлсийг сийрүүлье.

Неймар гэж хэн бэ?

Неймар нь 30 настай Бразилын хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин бөгөөд Францын Пари Сен-Жермен /Paris Saint-Germain/ багт тоглодог.

Неймар карьераа Сантос клуб-д эхлүүлж байсан бөгөөд 2013 онд түүнийг Сантос клубээс Барселона клуб руу шилжүүлэхэд төлсөн төлбөрийг гэрээнд тусгагдсан хэмжээнээс их буюу 81.2 сая ам.доллар гэж үзсэн. Энэхүү шилжүүлгийн төлбөрийг хэрхэн хуваарилан авсан нь хэргийн гол асуудал юм. 

Неймар ямар асуудлаар шүүгдэж байгаа вэ?

Неймар болон өөр найман этгээдийг дээрх асуудалд холбогдуулан шалгаж байгаа юм. 

Бразилын хөрөнгө оруулалтын “DIS” фирм нь тухайн үед Неймарын гэрээний 40 хувийн эрхийг эзэмшиж байсан буюу тоглогчийг өөр клубд шилжүүлэх төлбөрийн 40 хувийг тус фирм авах эрхтэй юм. Харин талууд шилжүүлгийн бодит төлбөрийг нуун дарагдуулсны улмаас “DIS” фирмд зохих хэмжээний ногдворыг олгоогүй талаар фирмийн зүгээс мэдэгдсэнээр уг асуудлыг анх шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл Испанийн прокурорууд Неймар болон бусад шүүгдэгчид нь “DIS” фирмд бага мөнгө төлөхийн тулд шилжүүлгийн төлбөрийн бодит хэмжээг нуун дарагдуулсан болохыг нотолсон байна.

Барселона, Сантос багууд Неймарын шилжүүлгийн төлбөрийг ердөө 16.6 сая ам.доллар хэмээн зарласан бөгөөд “DIS” фирмд дээрх дүнгийн 40 хувийг олгосон байна. Испанийн шүүгч тус шилжүүлгийн төлбөр нь үнэн хэрэгтээ дор хаяж 81.2 сая ам.доллар байсан бөгөөд “DIS” фирм илүү их ногдвор авах ёстой гэж үзжээ.

“DIS” фирмийн хуульч Пауло Нассер /Paulo Nasser/ пүрэв гарагт хийсэн мэдээлэлдээ "Неймар эцэг, эх болон Барселона, Сантос клубийн захирлуудын зөвлөлөөр дамжуулан миний үйлчлүүлэгчдийн итгэлийг эвдсэн" хэмээжээ.

Уг хэрэгт Неймартай хамт өөр ямар этгээдүүд шүүгдэж байгаа вэ? 

Неймарын эцэг эх, Барселонагийн ерөнхийлөгч асан Хосеп Мария Бартомеу /Josep Maria Bartomeu/, Сандро Росел /Sandro Rosell/ нар болон Барселона, Сантос клубийн бусад эрх бүхий албан тушаалтнуудыг уг хэрэгт холбогдуулан шүүж байна.

Хэрэв Неймар буруутай нь тогтоогдвол яаж шийтгэгдэх вэ?

Испанийн прокурорууд Неймар болон түүний аавд хоёр жилийн хорих ял болон 9.7 сая ам.долларын торгууль ногдуулахаар төлөвлөөд байна. 

Харин “DIS” фирмийн зүгээс Неймар болон аавд нь таван жилийн хорих ял оноох, 32.1 сая ам.долларын нөхөн төлбөр болон 190 сая ам.долларын торгуулийг Испани улсад төлөхийг шаардаж байгаа юм байна. Мөн фирм шийтгэлийн үеэр Неймарын хөл бөмбөг тоглохыг хориглож өгөхийг хүссэн байна.

Испанийн Марка /Marca/ сонинд “Хэдийгээр шүүх Неймар болон бусад этгээдүүдийг гэм буруутай гэж үзсэн ч “DIS” фирмийн дээрх хүсэлтүүд нь биелэгдэх магадлал тун бага юм” хэмээн бичжээ.

Тэгвэл Неймарын хамгаалалт юу вэ?

Неймар болон бусад шүүгдэгчид өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдүүлж байгаа юм. Харин түүний өмгөөлөгчид “Хэрэг явдал Бразилд болсон тул Испанийн шүүх түүнийг яллах эрхгүй” хэмээн маргаж байна.

Неймар биечлэн шүүх хуралд оролцох шаардлагатай юу?

Неймар мягмар гарагт Барселона руу шилжих хэлэлцээрт оролцоогүй бөгөөд аавынхаа зөвлөмжийн дагуу гэрээнд гарын үсэг зурсан хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн.

Тэрээр “Би хэлэлцээрт оролцоогүй. Аав маань эдгээр асуудалд үргэлж санаа тавьдаг байсан, тавьсаар ч байх болно. Би түүний зур гэж хэлсэн болгонд гарын үсгээ зурдаг”, “Барселонад тоглох нь миний хүүхэд насны мөрөөдөл байсан" хэмээн шүүх хурлын үеэр мэдүүлсэн байна.

Шүүх хурал хэр хугацаанд үргэлжлэх вэ?

Хэвлэлүүдийг мэдээлж буйгаар шүүх хурал 10 дугаар сарын 31-ийг хүртэл үргэлжлэх юм.

 

Эх сурвалж: https://www.washingtonpost.com/sports/2022/10/17/neymar-trial-barcelona/