Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалт

A- A A+
Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалт

ЭЗХАХБ-аас 2013 онд гаргасан "Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалт" нэртэй гарын авлагын 1-р хэсэг, 2-р хэсгийн эхний 4 зүйлийг орчуулан танилцуулж байна. Энэхүү гарын авлагад төрийн албан хаагчид зориулсан ёс зүйн сургалтын бодлогын талаарх зөвлөмж, улс орнуудын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, жишиг хөтөлбөр, сургалтын хөтөлбөрийг төлөвлөхөд хэрэглэх шалгах хуудас зэргийг багтаасан байна. Төрийн албан хаагчдад зориулан зохион байгуулах авлигын эсрэг сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэхэд энэхүү гарын авлага чухал хэрэглэгдэхүүн болох боломжтой байна. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулахдаа харгалзан үзэхэд илүүдэхгүй болов уу.

1.    БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ

1.1. Ёс зүйн сургалт нь авлигатай тэмцэх, шударга байдлын цогц бодлогын нэг хэсэг болох нь

Ёс зүйн сургалт нь авлигатай тэмцэх, шударга байдлын цогц бодлогын хүрээнд бусад арга хэрэгсэлтэй хоршуулан хэрэглэвэл төрийн захиргааны байгууллагын ёс зүйг бэхжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой арга хэрэгсэл болно. Ёс зүйн сургалт дангаараа даацтай үр дүнд хүрч чадахгүй, ялангуяа авлига өндөртэй орнуудад. Ёс зүйн сургалт нь зөвхөн урт хугацаанд ажиглагдахуйц үр дүнг өгдөг.

1.2. Улс төрийн дэмжлэг ба “удирдлагын манлайлал”

Ёс зүйн сургалтад улс төрийн дэмжлэг үзүүлэх нь зөвхөн тунхаглалаар бус удирдлагын бодит үйл ажиллагаа, жишээ нь, ёс зүйн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө, хүний нөөцийг хуваарилах замаар ёс зүйн зан үйлийн үлгэр жишээ үзүүлэх ёстой. Ийм “удирдлагын манлайлал” ("leadership from above") байхгүй бол ёс зүйн сургалтад хамрагдах төрийн албан хаагчдын сэдлийг бууруулж, тэдний зан төлөвт үзүүлэх эерэг нөлөөлөл багасдаг.

1.3. Ёс зүйн сургалтын эрх зүйн шаардлага

Ёс зүйн сургалт нь авлигатай тэмцэх, шударга ёс, төрийн удирдлагын шинэчлэлийн талаарх төрийн өргөн хүрээтэй, цогц бодлогын нэг хэсэг байх ёстой бөгөөд хөтөлбөрийн баримт бичигт тусгагдсан байх ёстой. Гэсэн хэдий ч бодлого, хөтөлбөрийн баримт бичигт заасан ёс зүйн сургалтыг явуулах шаардлага дангаараа бодит хэрэгжилтийг хангахад хангалтгүй байж болно. Төрийн албан хаагчдад шударга ёсны талаар сургалт зохион байгуулах тухай Төрийн албаны тухай хууль, Авлигатай тэмцэх хөтөлбөр, Ёс зүйн дүрэм, бусад зохих журмаар эрх зүйн болон албан ёсны шаардлага тавих нь чухал юм.

1.4. Ёс зүйн сургалтын үйл ажиллагааг тэргүүлэгч байгууллага, зохицуулалт

Ёс зүйн сургалтын нэгдсэн тогтолцоо, төвлөрсөн төлөвлөлт, зохицуулалт, үр дүнгийн үнэлгээг хариуцдаг дор хаяж нэг төрийн байгууллага байх нь чухал. Төрийн алба, авлигатай тэмцэх, ёс зүйн агентлагууд энэ үүргийг гүйцэтгэж болно. Эдгээр байгууллагуудын үүрэг хариуцлагын тодорхой томьёолол нь төв болон орон нутгийн түвшинд ёс зүйн сургалт явуулдаг бусад байгууллагуудтай зөв уялдаа холбоотой байх ёстой. Түүнчлэн төрийн байгууллагын өдөр тутмын удирдлагад ёс зүйг шингээж, төрийн байгууллагын менежерүүд өөрсдийн байгууллагад ёс зүйг сурталчлахыг шаардах ёстой.

1.5. Сургалтыг төрийн албан хаагчдын тодорхой бүлэгт чиглүүлэх

Сургалтын хөтөлбөрт зориулсан төсөв хязгаарлагдмал байгаа үед зорилтот бүлгийг эрэмбэлэх нь чухал юм. Зорилтот зорилго нь тодорхой бүлгийн албан хаагчдын бодит хэрэгцээнд илүү төвлөрч, улмаар тэдний оролцох сэдлийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Ёс зүйн сургалтад хэд хэдэн бүлгийг чиглүүлэх хэрэгтэй. Үүнд: төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчид, ахлах түвшний албан тушаалд ажиллаж буй албан хаагчид, эрсдэлтэй албан тушаалд ажиллаж буй албан хаагчдыг ёс зүйн чиглэлээр сургах нь зүйтэй. Эдгээр зорилтот бүлгүүдэд зайлшгүй хөтөлбөр хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Мөн улс төрийн буюу сонгогддог төрийн албан хаагчдад зориулсан ёс зүйн сургалтын хөтөлбөр боловсруулах нь чухал. Эцэст нь, байгууллагын шударга байдлын бодлогыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг тул салбарын яамд болон нутгийн захиргааны ёс зүй, хүний нөөцийн ажилтнуудыг сургах хэрэгтэй.

1.6. Ёс зүйн сургалтыг бодит үйл хэрэг болгох

Сургалтын хөтөлбөрийг зорилтот бүлгүүдийн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд ёс зүйн эрсдэл, сургалтын хэрэгцээний үнэлгээг хийх ёстой. Ёс зүйтэй холбоотой төрөлжсөн судалгаанууд нь энэхүү үнэлгээний чухал хэрэгсэл байж болох юм. Хөтөлбөрийг тухайн байгууллагын онцлог, хэрэгцээнд нийцүүлэхийн тулд сургалт явуулдаг байгууллага болон хамаарах байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа мөн чухал.

Сургалтыг албархуу биш, илүү бодит үйл ажиллагаанд чиглүүлэх, сургалтад хуваарилсан хязгаарлагдмал цагийг оновчтой ашиглахын тулд орчин үеийн сургалтын арга барилыг ашиглах нь маш чухал юм. Үүнд, онолын лекц, бодит үйл ажиллагаатай холбоотой тусгайлан бэлтгэсэн тохиолдол шинжлэх (tailor-made case studies) болон семинарыг хослуулан хэрэглэж болно.

Сургалтад оролцогчдын олж авсан мэдлэг болон цаашид сургалтыг сайжруулах арга замыг тодорхойлох үнэлгээний аль алиныг нь хийхийг зөвлөж байна. Эцэст нь улс орнууд сургалтын хөтөлбөрт оролцогчдод зориулсан ёс зүйн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, ийм төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ажлын байран дахь нэмэлт дадлагажуулалт зэрэг дараагийн арга хэмжээг боловсруулах талаар авч үзэж болно.

1.7. Дүрэм, үнэт зүйл, “бүрхэг” хэсгийн талаарх сургалт

Хууль тогтоомж, ёс зүйн дүрэм болон бусад журамд заасан ёс зүйн дүрмийн талаарх сургалтыг ёс зүйн үнэлэмжийн талаарх сургалттай хослуулах нь хандлагыг өөрчлөх, авлигын шинэчлэл яагаад зайлшгүй шаардлагатай бөгөөд боломжтой тухай оролцогчдын ойлголтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Албан ёсны дүрэм журам нь уламжлалтай зөрчилдөж байгаа, эсвэл тодорхой нөхцөл байдалд биеэ хэрхэн авч явах талаар тодорхой хариулт өгөөгүй тохиолдолд ёс зүйн зан үйлийн талаар хэрэгжүүлэх боломжтой удирдамж өгөх нь чухал юм. Энэ нь олон бүрхэг зүйлсийг албан ёсны журмаар зохицуулаагүй, авлигын түвшин өндөртэй орнуудад ялангуяа онцгой ач холбогдолтой. Дүрмийн талаарх сургалтад лекц тохиромжтой мэт байж болох ч эрсдэлийн нөхцөл байдал дахь эрхэмж (үнэт зүйлс), ёс зүйн зан үйлийн талаарх сургалтад интерактив болон тусгайлан бэлтгэсэн тохиолдол шинжлэх арга илүү үр ашигтай байж болох юм.  

1.8. Сургалтын үр дүнг хэрхэн үнэлэх вэ

Ёс зүйн сургалтын үр нөлөөг үнэлэх нь түвэгтэй ажил байдаг. Одоогийн үнэлгээний аргачлалууд нь сургалтад хамрагдсан төрийн албан хаагчдын тоо зэрэг үр дүнд голчлон анхаардаг. Сургалт нь зорилтот бүлгийн төрийн албан хаагчдын ёс зүйн зан үйлийг сайжруулахад хүргэсэн шууд нотолгоо ихэвчлэн байдаггүй бөгөөд ёс зүйн сургалтын ерөнхий үр нөлөөг зөвхөн урт хугацаанд үнэлж болно.

2.    ХАНДЛАГЫН ШИНЖИЛГЭЭ

2.1. Улс орнууд яагаад төрийн албан хаагчдад ёс зүйн сургалт явуулдаг вэ

Төрийн албан хаагчдын ёс зүйн сургалтын гол зорилго нь авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн чанартай сайн үйлчилгээ үзүүлэхэд оршдог. Энэхүү судалгаанд хамрагдсан авлигын түвшин өндөр болон бага бүх л улс орнууд төрийн албан хаагчдад ёс зүйн сургалт явуулж байна. Аль аль нь улс төрийн удирдлагын шударга байдал нь санаа зовоосон асуудал гэдгийг нотолж буй ч тэдэнд тулгарч буй сорилтуудын цар хүрээ өөр өөр байна. Авлигын түвшин доогуур, төрийн удирдлагын тогтолцоо илүү хөгжсөн орнууд төрийн албан хаагчдад ёс зүйн сургалт илүү сайн зохион байгуулдаг нь харагдаж байна. Үүний эсрэгээр, авлигын төвшин өндөртэй, төрийн удирдлагын шударга байдал нь ноцтой асуудал болсон улс орнуудад ийм сургалтын хөтөлбөр төдийлөн хөгжөөгүй байна. 

Энэ нь хэд хэдэн шалтгаантай байж болно. Нэгдүгээрт, авлигын төвшин өндөртэй улс орнууд ихэвчлэн олон сорилттой тулгардаг бөгөөд олон талт чухал шинэчлэлийг нэгэн зэрэг хийх шаардлагатай болдог. Тэд ёс зүйн сайн сургалт явуулахад шаардагдах туршлага, нөөц багатай байдаг. Авлига өндөртэй орнуудын иргэд ихэвчлэн эрүүгийн хэрэг, баривчилгаа, шүүх ажиллагаа зэрэг авлигатай тэмцэх бодит үр дүнг хурдан харахыг хүсдэг. Ёс зүйн сургалтыг авлигын эсрэг хууль сахиулах, урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнүүдтэй хослуулан хэрэгжүүлснээр зөвхөн урт хугацаанд үр дүнгээ өгдөг. Тиймээс авлига ихтэй, засгийн газар нь үр дүнд хурдан хүрэхийг эрмэлзэж буй улс орнуудад ёс зүйн сургалтыг тэргүүлэх ач холбогдол багатай хөрөнгө оруулалт гэж үздэг байж болзошгүй бөгөөд, ялангуяа санхүүгийн хямралын үед ёс зүйн сургалтад төсвийн хөрөнгийг хуваарилах нь тийм ч таатай биш байж болох юм.

Хоёр дахь, магадгүй илүү чухал шалтгаан нь эдгээр улсад авлигатай тэмцэх улс төрийн хүсэл зориг дутмаг байгаа явдал юм. Олон улс орон асуулгад өгсөн хариултдаа, улс төрийн удирдагчид нь ёс зүйн сургалтыг дэмжиж байгаа нь янз бүрийн мэдэгдэл, илтгэл, авлигатай тэмцэх, шударга ёсны хөтөлбөр батлахад тусгагдсан байдаг. Гэвч ёс зүйн сургалтад улстөрчдийн оролцоо дутмаг байгаа нь бусад төрийн албан хаагчдын хүсэл эрмэлзэлд саад болж байгаа гол зүйл гэдгийг зарим улс орон онцолж байв. Ёс зүйн сургалт яагаад албан ёсны шинжтэй, олон нийтэд таалагддаггүй, төрийн албан хаагчдын зан төлөвт бодитой нөлөө үзүүлэхгүй байгааг “удирдлагын манлайлал” үгүйлэгдэж байгаатай болон авлига нь үйл ажиллагааны хэвийн хэв маяг болсон соёлын орчинтой аль алинтай нь холбон тайлбарлаж болно. Асуулгад оролцогчид мөн гол бэрхшээлүүдийн дунд ёс зүйн сургалтын хариуцлагыг тодорхой тогтоогоогүй байдгийг онцолжээ.

Гэсэн хэдий ч авлигатай тэмцэх, шударга байдлыг хангах арга хэмжээний урт хугацааны тогтвортой байдлыг хангахад шударга ёсны сургалт чухал болохыг хүлээн зөвшөөрөх нь улам бүр нэмэгдсээр байна. Улс орнууд төрийн албан хаагчиддаа ёс зүйн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэхийг олон улсын байгууллагууд зөвлөж байна. Хандивлагч байгууллагууд ийм сургалтыг ихэвчлэн дэмждэг. ЕХ-нд нэр дэвшигч орнууд дахь ёс зүйн сургалтыг дэмжихэд ЕХ чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэсэн хэдий ч ёс зүйн сургалтын хөтөлбөрүүдэд улс төр, нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт шаардлагатай байна. Ёс зүйн сургалтын шинэ дэвшилтэт хандлагыг сурталчлах, ялангуяа төрийн захиргааны шударга байдлын ноцтой асуудалтай улс орнуудад, тэр дундаа SIGMA болон ACN-ийн олон оронд ийм сургалтын чанарыг сайжруулах ёстой гэдэгтэй олон шинжээч санал нэг байна.

2.2. Хууль эрх зүйн ямар орчин шаардлагатай вэ?

Төрийн захиргааны авлига, шударга байдалтай холбоотой асуудлуудыг хүлээн зөвшөөрч, олон улс орон ёс зүйн сургалтыг багтаасан стратеги, хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгүүд боловсруулсан байна. Ёс зүйн сургалтыг авлигатай тэмцэх стратеги (Армен, Азербайжан, Австри, Босни Герцеговина, Хорват, Эстони, Латви, Литва, хуучин Югославын Бүгд Найрамдах Македон, Монтенегро, Молдав, Серби, Испани (Каталони), Тажикистан) болон шударга байдлын стратеги (Румын, Турк)-д ихэвчлэн заасан байна. Ёс зүйн сургалтын шаардлагыг хүний нөөцийг хөгжүүлэх, эсвэл сургалтын стратеги (Хорват, Литва), төрийн захиргааны шинэчлэлийн стратеги (Албани, Косово) зэрэгт тусгаж болно.

Стратегийн баримт бичигт ёс зүйн сургалтыг тусгахдаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, тодорхой арга хэмжээ, хариуцах байгууллагуудад үүрэг даалгаврыг хуваарилсан, цаг хугацаа, төсөв тусгасан байвал түүний ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн эерэг үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч, ялангуяа хуулиар заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй, өөрийн төсөвгүй, хэрэгжилт нь олон нийтийн янз бүрийн төсвөөс хамаардаг улс орнуудад сургалтын бодит хэрэгжилтийг хангахад ийм стратеги хангалтгүй байж болзошгүй. Ийм тохиолдолд төрийн зарим албан тушаалтнуудад, тухайлбал, шинээр томилогдсон болон эрсдэл өндөртэй салбарт ажиллаж буй албан тушаалтнуудад зориулсан ёс зүйн сургалтыг хуулийн шаардлага болгох нь ашигтай байж болох юм.

Сургалтад хамрагдах нь олон улс орны хувьд төрийн албан хаагчдын эрх юм. Энэ эрхийг голчлон төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан байдаг. Ихэнхдээ төрийн албан хаагчид янз бүрийн сургалтын хөтөлбөрт тогтмол хамрагдаж, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй байдаг. Харин төрийн албан тушаалтныг заавал сургах ёстой чиглэлийг зааж өгөх нь ховор. Тухайлбал, Эстони, Монтенегро улсад төрийн албан хаагчдыг ёс зүйн сургалтад хамруулна гэсэн хуулийн шууд шаардлага байдаггүй. Румынд мэргэжлийн сургалт шаардлагатай боловч ёс зүйн сургалтыг заавал байх ёстой хичээлүүдийн нэг гэж заагаагүй байна. Бусад оронд ёс зүйн сургалтыг шууд бусаар шаарддаг. Жишээлбэл, Литвад шинээр томилогдсон төрийн албан хаагчид анхан шатны сургалтад хамрагдах ёстой (үүнд шударга байдлын асуудал орно). Хэд хэдэн оронд л ёс зүйн сургалтыг хуулиар шууд шаарддаг. Жишээлбэл, АНУ-д гүйцэтгэх засаглалын ажилтнуудад ёс зүйн сургалтад хамрагдахыг шаарддаг. Турк улсад ёс зүйн сургалтыг 2009 оноос хойш төв болон орон нутгийн түвшинд ажиллаж байгаа төрийн бүх албан хаагчдад зохион байгуулж байна.

Ёс зүйн сургалтад хуулиар тогтоосон шууд болон шууд бус эрх зүйн шаардлагаас гадна уг сургалтын албан ёсны үндэслэлийн талаарх өөр хандлагууд ч байж болно. Ихэвчлэн эдгээрт ёс зүйн дүрэм, төрийн байгууллагуудын дүрэм журам орно. Тухайлбал:

·Серби улсын Төрийн албан хаагчийн тухай хуульд “Хүний нөөцийн удирдлагын алба нь төрийн албан хаагчдад, ялангуяа авлигатай тэмцэх чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулна” гэж заасан байдаг.

·Хорват улсад ёс зүйн зөвлөлийн гишүүдийг Төрийн албаны тухай хуулиар томилдог бөгөөд тэд шударга байдлын хөтөлбөрт оролцох үүрэгтэй.

·Босни Герцеговинад төрийн захиргааны бүх ажилчдад ёс зүйн үндсэн зарчмуудыг мэдээлэх хууль ёсны үүрэг байдаг (Төрийн албаны тухай хуулийн 50-р зүйл).

·Ёс зүйн дүрэмд суралцах нь Испани улсын төрийн албан хаагч бүрийн эрх юм (Төрийн албаны суурь хууль).

·Латви улсад тусгай албан тушаал (прокурор, шүүгч), чиг үүрэг (төрийн худалдан авалт болон ашиг сонирхлын зөрчил, залилан, авлигын эрсдэлтэй холбоотой бусад салбарыг хариуцдаг) бүхий ажилтнуудад зориулсан тусгай сургалтууд байдаг (Төрийн албан хаагчийн үйл ажиллагаан дахь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль).

·Австри улсад сайд нарын улс төрийн зөвлөхүүдэд шударга байдлын талаар тусгайлан сургалт явуулдаг.

·Турк улсад төрийн байгууллагуудын дэргэд байгуулагдсан ёс зүйн зөвлөл нь Ерөнхий сайдын дэргэдэх Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлтэй хамтран ёс зүйн сургалт явуулах үүрэгтэй байдаг.

Дээрх дүн шинжилгээнд үндэслэн ёс зүйн сургалт нь цогц бөгөөд сайн хэрэгжсэн стратегийн нэг хэсэг болсон тохиолдолд илүү үр дүнтэй гэж үзэх боломжтой. Гэсэн хэдий ч ийм стратеги нь дангаараа ёс зүйн сургалтад хангалттай үндэс суурь болж чадахгүй тул зохих төсвөөр дэмжигдсэн бусад албан ёсны журамд тусгах шаардлагатай. Төрийн зарим төрлийн албан тушаалтнуудад шударга байдлын сургалт явуулах тухай хуулийн шууд шаардлагууд нь SIGMA болон ACN-ийн орнуудад илүү үр дүнтэй байж болох юм.

Шударга ёсны сургалтын талаарх хууль эрх зүйн шаардлага нь нөгөө талаас төрийн албан хаагчид сургалтад “нэр төдий” хамрагдах, эсвэл шинээр томилогдсон төрийн албан хаагчид танилцуулга сургалтын нэг хэсэг болгон орсноор хангалттай анхаарал  хандуулахгүй байх зэргээр хэлбэрийн төдий үр дүнд хүргэж болзошгүй юм. Төрийн өндөр албан тушаалтнууд болон улс төрийн томилгоотой хүмүүс ёс зүйн сургалтад тэр бүр хамрагддаггүй, иймээс үлгэр дуурайл үзүүлж чаддаггүй. Ёс зүйн сургалтад албан ёсны хөрс суурь, улс төрийн дэмжлэг, сэдэл бий болгохын тулд өндөр албан тушаалтнуудын оролцоог дэмжих хүчин чармайлтын зэрэгцээ сургалтын хөтөлбөр, хууль эрх зүйн орчин шаардлагатай байна.

2.3. Ёс зүйн сургалтыг ямар байгууллага хариуцах вэ?

Өмнөх хэсэгт дурдсанчлан ёс зүйн сургалт зохион байгуулах асуудлыг стратеги, хууль тогтоомжид заасан байдаг. Бодит байдал дээр улс орон бүрт ёс зүйн болон авлигын эсрэг хэд хэдэн сургалтын хөтөлбөр байдаг. Ёс суртахууны талаарх асуудлыг төрийн албан тушаалтнуудад зориулсан бусад төрлийн сургалтын хөтөлбөрт багтааж болно. Олон оронд гүйцэтгэх засаглалын төв байгууллагууд өөрсдийн сургалтын хөтөлбөртэй байдаг. Мөн төрийн байгууллага, нутгийн захиргаа ч өөрийн гэсэн хөтөлбөртэй байж болно.

Тиймээс ёс зүйн сургалт явуулах үүрэгтэй хэд хэдэн байгууллага байдаг. Судалгаанд хамрагдсан улс орнуудын хамгийн их дурдсан байгууллагууд бол төрийн албаны эсвэл хүний нөөцийн байгууллагууд, авлигатай тэмцэх буюу шударга байдлыг хангах байгууллагууд юм. Ялангуяа төрийн албан хаагчдыг бэлтгэх тусгай институтгүй орнуудад байгууллагын дотоод хүний нөөцийн хэлтэс нь сургалтыг үр дүнтэй зохион байгуудах, үр нөлөө гарахад чухал ач холбогдолтой. Эдгээр байгууллагуудын үүрэг нь харилцан бие биенээ нөхөн гүйцээсэн шинжтэй ч байж болно.

Оролцож буй байгууллагууд нэг зорилгын төлөө ажиллаж, шударга байдлыг хангах арга хэмжээг дэмжих үед тэдгээр нь бие биенээ нөхдөг. Гэсэн хэдий ч байгууллагуудын хоорондын харилцаа нь тогтсон соёл, бүтцийг тусгасан өрсөлдөөн бүхий байдаг. Тухайлбал, хүний нөөцийн дотоод хэлтсүүд нь өөрийн гэсэн зорилго, арга барил, уламжлалтай, төрийн байгууллагын сайтар төлөвшсөн хэсэг бөгөөд ёс зүйн сургалтыг заримдаа нэмэлт ачаалал гэж ойлгодог. Тэд ёс зүйн сургалтад маш чухал үүрэг гүйцэтгэж болох ч орчин үеийн хүний нөөцийн бодлогын нэг хэсэг болох шударга байдлын бодлогын ач холбогдлын талаар болон шударга байдлын боломжит хэрэгслийн талаар зааж сургах шаардлагатай юм. Төрийн байгууллагууд хүний нөөцийн бодлогыг хариуцдаг ч өөр олон үүрэг хариуцлага хүлээдгээс ёс зүйн сургалт тэдний хувьд нэн тэргүүнд тавигддаггүй байна. Авлигаас урьдчилан сэргийлэх тодорхой чиг үүрэг бүхий авлигатай тэмцэх байгууллагууд өөрсдийн тэргүүлэх чиглэлийн нэг болох ёс зүйн сургалтыг зохион байгуулдаг ч энэ сургалтыг бие даан явуулах хүрэлцээтэй нөөц, ур чадвар байдаггүй.

Иймд үр ашиггүй байдал, байгууллагын өрсөлдөөн, өөрийгөө сурталчлахад төрийн мөнгө зарцуулахаас зайлсхийхийн тулд холбогдох бүх байгууллагуудын хамтын менежментийг хангах нь чухал юм. Байгууллага бүрийн эрхэм зорилго, хариуцлагын тодорхой зохицуулалт, хамтын ажиллагааны механизм нь эдгээр бэрхшээлээс зайлсхийхэд тусална. Ёс зүйн сургалтын сайн хөтөлбөр зохион байгуулах хамгийн сайн арга бол хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэхийн тулд холбогдох байгууллагууд хоорондоо тогтмол харилцах явдал юм.

Авлигатай тэмцэх стратегийн хэрэгжилтийг зохицуулах зорилгоор олон оронд байгуулагдсан авлигатай тэмцэх зохицуулалтын байгууллагууд, эсхүл төрийн захиргаа, төрийн албаны шинэчлэлийг зохицуулах үүрэг бүхий ижил төстэй байгууллагуудыг ёс зүйн сургалтыг зохицуулах хэрэгсэл болгон ашиглаж болно.

Зарим оронд зохицуулалт, түүнчлэн төвлөрсөн төлөвлөлт, үнэлгээг нэг удирдах байгууллага гүйцэтгэдэг. Тухайлбал, Эстони улсад Сангийн яам нь “Сургалтын үндсэн хөтөлбөр”-ийг зохицуулдаг бөгөөд төрийн алба, төрийн албаны ёс зүйн чиглүүлэх хөтөлбөр, ерөнхий хөтөлбөр зэрэг төрөл бүрийн сургалтын хөтөлбөрт зөвшөөрөл олгох үүрэгтэй. Турк улсад Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл нь ёс зүйн сургалтын голлох байгууллага юм.

Ёс зүйн сургалтыг гардан зохицуулах үүргийг ямар нэг голлох байгууллагад тодорхой хуваарилах нь авлига өндөртэй, төрийн удирдлага сул хөгжсөн орнуудын хувьд хөрөнгийн үр ашигтай зарцуулалтыг хангах, давхардлаас зайлсхийх арга байж болох юм.

2.4. Ёс зүйн сургалтад төрийн албан хаагчдын аль хэсгийг хамруулах ёстой вэ?

Ёс зүйн сургалтад төрийн албан хаагчдын аль хэсгийг хамруулах ёстой вэ? гэсэн асуултад өгөх “төрийн бүх албан тушаалтнууд заавал хамрагдах ёстой” гэсэн хялбар хариулт байна. Үнэхээр ч энэ судалгаанд хамрагдсан олон улс төрийн албан хаагчдад ёс зүйн ерөнхий сургалт явуулдаг гэж хариулсан. Төрийн бүх албан тушаалтнуудад ёс зүйн сургалт явуулахыг зорьж байгаа нь сайн шалтгаантай ч бодит байдал дээр зөвхөн анхан шатны сургалтад л бүх албан хаагчид хамрагдах боломжтой.

Сургалтыг зохион байгуулахад төсвийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд цаг хугацаа их шаарддаг тул, ялангуяа илүү нарийвчилсан сургалтын тухай ярьж байгаа тохоилдолд асуудлыг эрэмбэлэх шаардлагатай. Энэхүү судалгаанд хамрагдсан ихэнх улс орнууд гурван зорилтот бүлгийг чухалчлан үзсэн байна:

·төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчид;

·татвар, цагдаа, худалдан авах ажиллагаа зэрэг эрсдэлтэй салбар дахь албан хаагчид;

·хэлтсийн дарга зэрэг төрийн ахлах түвшний албан хаагчид.

Хэд хэдэн улс орон улс төрийн албан хаагчдад (жишээлбэл, АНУ, Турк, Австри, Эстони, Литва, Монтенегро, Серби, Испани) болон бүс нутгийн захиргаа, хотын захиргаа зэрэг орон нутгийн түвшний төрийн албан хаагчдад (Турк улс засаг дарга, хотын дарга нарт, Австри, Хорват, Эстони, хуучин Югославын Бүгд Найрамдах Македон, Латви, Румын, Серби зэрэг улс орон нутгийн албан тушаалтнуудад сургалт явуулдаг) ёс зүйн сургалт явуулдаг гэж хариулсан байна.

Цөөн хэдэн улс орон төрийн янз бүрийн байгууллагуудын ёс зүйн ажилтнууд, шударга байдлын асуудал хариуцсан хүний нөөцийн менежерүүдэд тусгай сургалт явуулдаг (жишээлбэл, Эстони, Румын, Турк, АНУ) байна. Ёс зүй, хүний нөөцийн ажилтнууд байгууллагынхаа шударга байдалтай холбоотой бэрхшээлүүдийг гаднын сургагч багш нараас илүү сайн мэддэг бөгөөд хамт ажиллагсад нь ажилдаа тулгардаг тодорхой, бодит асуудлуудад чиглэсэн сургалт явуулж чаддаг тул энэ арга нилээн ирээдүйтэй харагдаж байна.

Зарим оронд (Эстони, Хорват, Молдав, Турк) төрийн албан хаагчийн статусгүй ч эмч, багш зэрэг авлигын эрсдэл өндөртэй салбарт ажилладаг нийтийн албан хаагчдад ёс зүйн сургалт явуулдаг.

Ер нь авлигатай тэмцэх, шударга байдлын бодлого баримталсаар ирсэн улс орнууд ба энэ хүрээнд шинээр орж ирж буй улс орнуудын хооронд ялгаа бий. Энэ бодлогын идэвхтэй байдлын хугацаа уртсах тусам төрийн албан хаагчдын бусад бүлгүүдийг хамруулах болон авч үзэх асуудлын хүрээ улам өргөн болдог.

Эх сурвалж: https://www.oecd.org/corruption/acn/resources/EthicsTrainingforPublicOfficialsBrochureEN.pdf