Катар 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг худалдаж авсан уу? 

A- A A+
Катар 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг худалдаж авсан уу? 

ОУХХ хэрхэн хөлбөмбөгт бохир бизнесийг бий болгов

Катарт хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахын өмнө хэд хэдэн анхаарал татахуйц үйл явдлууд өрнөсөн бөгөөд энэ талаар уг нийтлэлд өгүүлэх болно.

2022 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Катар улсын Эль-Байт цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэд Эквадорын багтай таарч тоглосноор түүхэн дэх хамгийн маргаантай спортын үйл явдлуудын нэгийг эхлүүлсэн билээ. Гэхдээ энэ жилийн тэмцээний хувьд та хөлбөмбөгийн жинхэнэ сэтгэл хөдлөлийг мэдрэхгүй л болов уу. Учир нь ДАШТ-ий баярын уур амьсгал нь авлига, хээл хахуулийн дуулиан хийгээд хүний эрхийн зөрчлийн ялзарсан үнэрийг дарж чадахгүй. Загас толгойноосоо ялзардаг гэж ярьдаг. Харин хөлбөмбөгийн толгой болох ОУХХ нь хууран мэхлэгчдийн холбоо болоод удаж буй юм.

1. Тавин жилийн авлига 

Катарт хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хүргэсэн дээд түвшний авлигын талаарх бүх нарийн ширийн зүйлсийг ярихын тулд бүтэн ном бичих шаардлагатай болно. Тиймээс ОУХХ-ны удирдлагууд нь ямар ч дэд бүтэцгүй, хөлбөмбөгийн соёлгүй жижиг улсад ДАШТ-ий эрх олгоход хүргэсэн хамгийн чухал үеүдийг голчлон дурдаад явахыг хичээе.

Катар-2022

ОУХХ-ны 7 дахь Ерөнхийлөгч Жоао Авеланж (João Havelange)

1974-1998 онд тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан

ФИФА дахь авлига нь 48 гаруй жилийн турш үргэлжилж буй үзэгдэл бөгөөд энэ бүгдийн эхлэл нь Жоао Авеланжаас ихээхэн улбаатай байдаг. Бразил эр 1974 онд ФИФА-гийн ерөнхийлөгчийн албыг хашиж хөлбөмбөгийг улс төртэй хутгасан юм. Тэрээр залуучуудын хөгжлийн төслүүдийг дэмжих, гуравдагч орнуудын хөлбөмбөгийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэг үгээр хэлбэл хөлбөмбөгийг арилжааны системд оруулах ажлыг эхлүүлсэн. Мөнгөгүй бол дээрх үйл ажиллагааг явуулахад асуудалтай байсан тул ФИФА-д дэлхийн тавцанд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, гэрээ хэлэлцээр хийхэд нь хөтлөх бизнес, эдийн засгийн мэргэжилтэн хэрэгтэй байв.

Катар-2022

ОУХХ-ны 8 дахь Ерөнхийлөгч Йозеф “Зепп” Блаттер (Joseph "Sepp" Blatter)

1998-2015 онд тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан

Улмаар холбооны тэргүүн Жоао Авеланж нь Швейцар гаралтай эдийн засагч Йозеф “Зепп” Блаттерийг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон бөгөөд тэрээр 1998 онд холбооны ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар 2015 оныг хүртэл холбооны ерөнхийлөгчөөр ажилласан юм. Улмаар Швейцарчууд “Adidas” болон “Coca Cola” компанитай хурдан түншлэл тогтоон, зар сурталчилгааны онцгой гэрээгээр холбоонд их хэмжээний орлого олжээ. Блаттерийн гарт ДАШТ-ийг өөрийн хүссэн зүгтээ эргүүлж чадах хөзөр байсан.

2. Бохир мөнгө

Та энэ спортод дуртай ч бай дургүй ч бай хөлбөмбөг бол яах аргагүй дэлхий нийтийн спорт гэдгийг үгүйсгэх аргагүй юм. 1970-1980-аад он бол нийгэм, соёлын олон өөрчлөлтийг авчирсан үе байсан. Нөгөөтээгүүр, зүгээр нэг арьсан бөмбөгөөр улс орнууд олон улс дахь нэр хүнд, өнгө төрхөө сайжруулахаас эхлээд их хэмжээний мөнгө г.м олон зүйлсийг олж авах боломжтой юм. ОУХХ нь хөрөнгөө хурдан хугацаанд арвижуулах хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд үүнийхээ төлөө нөлөө бүхий хүмүүстэй хамтран ажиллах болсон.

1976 онд Хорхе Видела (Jorge Videla) тэргүүтэй фашистууд Аргентинд засгийн эрхийг авснаар тус улсад дарангуйлал тогтсон. Улмаар Аргентины эдийн засаг их хэмжээний уналтад орсон бөгөөд энэ талаар дургүйцлээ илэрхийлсэн иргэдийг цэргийн хүчээр дарж байв. Дэлхий нийт Аргентины уг байдалд таагүй хандаж байсан тул Видела ямар нэгэн байдлаар олон улс дахь дүр төрхөө сайжруулах шаардлагатай нүүр тулсан. Тиймээс тэрээр ОУХХ-ны тухайн үеийн удирдлага болох Жоао Авеланжтай 1978 оны ДАШТ-ийг Аргентин улсад зохион байгуулахаар тохиролцсон байна. Авеланж дарангуйлагчтай тохиролцож ДАШТ-ийг тус улсад зохион байгуулахыг зөвшөөрсөн явдал нь ДАШТ бараа бүтээгдэхүүн мэт болж, ОУХХ нь ямар ч хог шаартай гэрээ, хэлэлцээр хийхэд нээлттэй болохыг харуулсан.

3. Саналын төлөөх тэмцэл

ОУХХ-ны гишүүн орнууд дараах зургаан бүсийн холбоонд нэгддэг:

AFC Азийн хөлбөмбөгийн холбоо - 46 гишүүнтэй;

CAF Африкийн хөлбөмбөгийн холбоо - 54 гишүүнтэй;

CONMEBOL Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо - 10 гишүүнтэй;

CONCACAF Хойд, Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоо - 35 гишүүнтэй;

OFC Далайн орнуудын хөлбөмбөгийн холбоо - 11 гишүүнтэй;

UEFA Европын хөлбөмбөгийн холбоо - 55 гишүүнтэй.

Улс бүр нэг саналтай байдаг нь холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгоход чухал ач холбогдолтой юм. Аргентин, Бразил зэрэг хөлбөмбөгийн аварга улсууд багтдаг Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо ердөө 10 хан саналтай байна. Харин Хойд, Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоо бүхэл бүтэн 30 гаруй саналтай байдаг. Блаттер, Авеланж нар томоохон бизнесменүүд байсан бөгөөд эдийн засгийн хувьд ядуу буурай орнуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулж тэдний саналыг авч чадах эсэхээс тэдний хөрөнгө чинээ, албан тушаалын хугацаа, бат бөх байдал шалтгаална гэдгийг маш сайн мэдэж байсан юм. Харин тэд хэрхэн бусад улсын хөлбөмбөгийн холбоодын саналыг авсан бэ гэж үү? Зүгээр л тус орон нутгийн хөлбөмбөгийн дэд бүтцийг дэмжих хөтөлбөрийг хөгжүүлнэ хэмээн бэлэн мөнгө санал болго.

Катар-2022

“Adidas”-ийн боссуудын үүсгэн байгуулсан маркетингийн “ISL” компани 2001 онд дампуурахад ОУХХ болон тус компанийн хоорондын бизнесийн амар жимэр байдал алдагдаж ОУХХ нь санхүүжилтийнхээ ихэнх хэсгийг алджээ. “ISL”-тэй холбоотой томоохон авлигын дуулианы улмаас Жоао Авеланж ОУХХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч тухайн үед холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Йозеф Блаттерийг өөрийнхөө оронд холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээс хоос өөр аргагүйд хүрсэн байдаг.

4. Саналын наймаа бол ОУХХ-ны хамгийн шилдэг бизнес юм

Энэ түүхийн гурав дахь гол дүр бол Жек Уорнер (Jack Warner) юм. Тэрээр Тринидад ба Тобагогийн туйлын увайгүй улстөрч бөгөөд 1990-2011 онд Хойд, Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн албыг хашсан. Түүний хууль бус үйлдлүүдэд мөн тус холбооны нарийн бичгийн дарга Чак Блэйзер (Chuck Blazer) дэмжлэг үзүүлсэн байна. Эдгээр албан тушаалтнууд ОУХХ-ны Ерөнхийлөгч асан Йозеф Блаттертай хамтран ойр тойрны хүрээллээ бүрдүүлэн хөлбөмбөгөөс аль болох их хэмжээний мөнгө олж авах зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулж байв. Чухам тэдний уг хамтын ажиллагааны ачаар Блаттерийн ноёрхол, хяналтгүй авлигад хүрэх зам нээгдсэн юм.

Катар-2022

Маркетингийн “ISL” компани нь дампуурч хязгааргүй мөнгөний эх үүсвэр байхаа больсны дараа ОУХХ санхүүжилтийн шинэ эх үүсгэврийг хайж олох шаардлагатай болсон. 1990-ээд оны сүүлээр хөлбөмбөг нь нэгэнт тогтсон бизнес болон хувирчээ. Гишүүн улс бүр ДАШТ-ийг өөрийн улсад зохион байгуулах эрхийг авахыг хүсэж байлаа. Учир нь асар их мөнгөний урсгал, сурталчилгааны гэрээ, аялал жуулчлалын урамшуулал, дэд бүтцийн өргөтгөл хийгээд менежментийн төлбөр зэрэг нь ДАШТ-ийг зохион байгуулснаар дагалдах юм.

ДАШТ-ийг зохион байгуулах улсыг сонгох шийдвэрийг 24 гишүүн холбооны төлөөллөөс бүрдсэн ОУХХ-ны Гүйцэтгэх хороо гаргадаг. Жилд хэд хэдэн удаа хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий албан тушаалтнууд хаалттай хаалганы цаана хуралддаг бөгөөд өнөөгийн бидний мэдэх хөлбөмбөгийг бүрдүүлдэг бүхий л хэлэлцээрүүдийг хийдэг.

2004 онд ДАШТ-ийг Өмнөд Африкт зохион байгуулах шийдвэр гарсан. Үүнээс дөрвөн жилийн дараа тухайн үеийн ОУХХ-ны Дэд ерөнхийлөгч /удирдах зөвлөлийн гишүүн/ Жэк Уорнерт Тринидад ба Тобаго дахь Африкийн диаспора /нутгаа орхисон үндэстний цөөнх/-г дэмжих зорилгоор 10 сая ам.доллар өгчээ. Шилжүүлэг нь ОУХХ-ны дансаар дамжуулан Өмнөд Африкийн данснаас шууд хийгдсэн бөгөөд 10% нь нарийн бичиг Чак Блэйзерт очсон. Мэдээжийн хэрэг Карибын тэнгис дэх Африкийн боолуудын үр удам тус мөнгөний өчүүхэн хэсгээс ч хүртээгүй нь лавтай. Харин Уорнерын гарт орсон есөн сая ам.доллар нь агаарт замхран алга болжээ.

5. Үүнд ДАШТ-ийг зохион байгуулах эрх ч мөн багтана

ОУХХ дараагийн ДАШТ-ийг зохион байгуулахдаа бүр ч эрчимтэй урагшлахаар шийдсэн. 2009 онд тус холбооноос 2018 болон 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах нэг биш хоёр улсыг нэг дор сонгон шалгаруулах тухайгаа мэдэгдсэн. Хоёр арга хэмжээний зохион байгуулагчдыг нэг дор зарах нь орлого олох боломжийг хоёр дахин нэмэгдүүлж буй явдал юм.

Катар-2022

Тухайн үед 2018 болон 2022 онуудын ДАШТ-ний эрхийг авахаар Англи, Орос, АНУ, Катар улсууд өрсөлдсөн байдаг. Английг орчин үеийн хөлбөмбөгийн эцэг гэгддэг тул ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авна гэдэгт итгэлтэй байв. Орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн, маркетингийн боломж, юуны түрүүнд хөлбөмбөгийн соёл нь Англичуудын хувьд санал хураалтыг тодорхой болгосон гэж үзэхээр байсан. Гэсэн хэдий ч дээрх бүгдийг үл харгалзан үнэтэй тээврийн үйлчилгээ, эртний дэд бүтэцтэй Оросыг зохион байгуулагчаар сонгосон. Мөн ОУХХ-ны төлөөлөгчид Владимир Путинтэй ойр дотно харилцаатай байсан юм.

Хоёр дахь өрсөлдөөн ч мөн адил. АНУ хэдийгээр хөлбөмбөгөөр алдартай биш ч гайхалтай ДАШТ зохион байгуулах бүхий л бололцоо тэдэнд байсан. Катарын хувьд хөлбөмбөгийн хөгжил анхан шатандаа байсан бөгөөд цэнгэлдэх хүрээлэн, зочид буудал, жинхэнэ баг байхгүй зэрэг нь Арабыг анхнаасаа үгүйсгэх хангалттай шалтгаанууд юм. Маш өндөр температур нь мөн том сорилт байсан тул тэмцээнийг өндөр түвшинд явуулах боломжгүй болгосон.

Гэсэн хэдий ч дээрх хоёр тохиолдолд санал хураалт шударга явагдаагүй гэдгийг Орос болон Катар улсууд дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнийг зохион байгуулах улсаар шалгарснаас харж болох юм.

6. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн худалдагдсан

Ийм нөхцөлд шударга санал өгөх боломжгүй гэдэг нь тодорхой болсон. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөлбөмбөгийн ертөнц дэх авлигын талаар мэдээлж эхэлсэн бөгөөд сэтгүүлчид Блаттерийг эвгүй асуултуудаар бөмбөгдөх болов. Харин тэрээр ОУХХ нь ДАШТ-ийг зохион байгуулагчдаас хэзээ ч мөнгө авч байгаагүй бөгөөд энэ нь улс төртэй ямар ч холбоогүй хэмээн “ам гарав”.

Катар-2022

Азийн хөлбөмбөгийн холбооны 9 дэх Ерөнхийлөгч Мохаммед бин Хаммам (Mohammed bin Hammam), 2002-2011 онд тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан

Түүхийн гол дүр ОУХХ-ны 8 дахь Ерөнхийлөгч Йозеф “Зепп” Блаттерийн хамт

Эндээс түүхийн сүүлчийн эсрэг баатар болох Катар гаралтай Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мохаммед бин Хаммам руу орцгооё. Тэрээр олон тооны санал худалдаж авсан авлигын дуулианд нэр холбогдсон бөгөөд 2022 оны ДАШТ-ийг Катарт зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Бин Хамман нь Нигери, Камерун, Зааны ясан эрэг улсын төлөөлөгчдөд Катарын талд саналаа өгснийх нь төлөө 1.5 сая ам.долларын хахууль өгсөн хэрэгт холбогдоод байсан.

Катарын хувьд аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах нь төрийн ажил байсан. Энэ нь олон улсын тавцанд өөрийгөө харуулж, улс орныхоо нэр хүндийг өсгөх боломж төдийгүй Катар улсын олон жил сүүдэрт нь байсан Арабын Нэгдсэн Эмират улсад өөрсдийгөө харуулсан явдал байлаа. Катарын төлөөлөгчид гишүүн орнуудаар аялан эрх бүхий этгээдүүдэд нөлөөлөх замаар өөрийн улсад санал худалдан авчээ.

Киприйн хөлбөмбөгийн холбооны Хүндэт ерөнхийлөгч, ОУХХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Мариос Лефкаритис (Marios Lefkaritis) саналаа Катарт 32 сая еврогоор худалдсан байна. Мөн санал хураалтаас 9 хоногийн өмнө Европын  хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан Мишель Платини (Michel Platini) Катарын төлөөлөгчдийг хүрэлцэн ирэхийг тохиолдуулан зохион байгуулсан оройн зоогийн үеэр Францын тухайн үеийн Ерөнхий сайд Николя Саркози (Nicolas Sarkozy)-тай уулзжээ. Эрхмүүд уг ёслолын үеэр “Улс оронд хэрэгтэй зүйлс”-ийн талаар ярилцав. Үүний дараахан Катарын хөрөнгө оруулалтын сан Францын домогт Пари Сен-Жермен (Paris Saint-German) клубийг худалдан авч, үндэсний телевизүүдээрээ Лиг 1-ийн тоглолтуудыг дамжуулах эрхийг авчээ. Ийм "цэвэр бөгөөд чамин" аргаар Катар хамгийн жигшүүртэй ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг худалдаж авсан байна.

Катар-2022

Дэд бүтцийг бүхэлд нь эхнээс нь барьж байгуулахад Катараас асар их хүчин чармайлт шаардагдана. Тэд цэнгэлдэх хүрээлэнг барих ажлыг гүйцэтгүүлэхээр Азийн ядуу буурай орнуудаас хямд гэрээт ажилчдыг хөлсөлсөн. Балба /Непал/-ын хэдэн мянган ажилчин хүнд, аюултай нөхцөлд ажиллаж байгаад нас барсан байж болзошгүй байгаа бөгөөд Катар бүх баримтыг нуун дарагдуулж, уг мэдэгдлийг үгүйсгэж байгаа тул эмгэнэлт явдлын цар хүрээ тодорхойгүй байна. 

Мөн энэ удаагийн ДАШТ-д оролцоход тавьж буй хүнд, хатуу шаардлагууд нь тэр тусмаа баруунынхны дунд маргаан дагуулж байна. Согтууруулах ундааг хориглох, ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхах, шүтэн бишрэгчдэд зориулсан байгууламжгүй байдал, эмэгтэйчүүдийн эрхийг үл тоомсорлох зэрэг нь мөсөн уулын зөвхөн орой хэсэг нь юм. Катарын эрх баригчид жуулчдаас гар утасны программ суулгахыг шаарддаг бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь гар утас эзэмшигчийн мэдээллийг задруулах, өөрчлөх чадвартай программ юм.

Харамсалтай нь олон улсын бойкотыг үл харгалзан ОУХХ хэлгүй, дүлий мэт байсаар байна. Олон жилийн өмнө хоёр тал тохиролцоонд хүрсэн төдийгүй Катарын ДАШТ анхнаасаа мөнгөөр дүүрсэн байсан учраас ОУХХ-ны зүгээс хуруугаа ч хөдөлгөж чадахгүй байна. Дэлхий нийт авлигад идэгдсэн тэмцээн /ДАШТ/, түүнээс ч илүү авлигад идэгдсэн хөлбөмбөгийн байгууллагыг /ОУХХ/ жигшин харж байна. Миний хувьд би хэдийгээр хөлбөмбөгт маш их хайртай ч энэ удаад анх удаа тоглолтуудад миний анхаарлыг татахгүй байна.

Нэмж дурдахад энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ Украин-Оросын дайны үед болж байгаа нь онцлог юм.


Нийтлэлийг: Yuri Svitlyk - Карпатын уулсын хүү, танигдаагүй математикийн суут ухаантан, Майкрософт "хуульч", практик альтруист, зүүний үзэлтэн
Эх сурвалж: https://root-nation.com/ua/articles-ua/analitika/ua-katar-futbol-2022-fifa/

Катар улсын авлигын шинжтэй бусад үйлдэл:
Катар улс нь дээр дурдсан авлига, хүний эрхийг зөрчсөн зэрэг олон асуудалд холбогдоод байгаа бөгөөд энэхүү дуулианыг дарж, нэр хүндээ сэргээх, мөн улс төрийн нөлөөгөө бэхжүүлэхийн тулд Европын парламентын дэд ерөнхийлөгч Ева Кайли (Eva Kaili) тэргүүтэй Европын холбооны дөрвөн албан тушаалтанд авлига өгсөн байж болзошгүй байна. Уг асуудлын улмаас Ева Кайлиг Европын холбооны дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж дэд ерөнхийлөгчийн хувиар эдэлж байсан бүрэн эрх, үүргийг түдгэлзүүлсэн бөгөөд түүнд болон бусдад холбогдогчдод эрүүгийн хэрэг үүсгэн, саатуулан шалгах ажиллагаа үргэлжилж байна.