Авлигатай тэмцэх үр нөлөө бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулах үндсэн алхмууд

A- A A+
Авлигатай тэмцэх үр нөлөө бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулах үндсэн алхмууд

Сүүлийн арван жилийн хугацаанд хууль тогтоогчдын зүгээс компаниудыг авлигатай тэмцэх хатуу арга хэмжээ авч ажиллах шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байгаа боловч үүний мөрөөр авч буй хариу арга хэмжээ хангалтгүй байгаа нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй байна. Бизнесийн ёс зүй, комплайнсийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын хэмжээний байгууллага болох Гүүдкорпорейшн (GoodCorporation) -ийн туршлагаас харахад компаниуд авлигатай тэмцэхийн тулд бизнесийн үйл ажиллагаандаа холбогдох бодлого, журмыг хэрхэн нэвтрүүлж ажиллах тухайд бэрхшээл тулгарч байна.

Олон улсын хэмжээнд хийгдсэн хээл хахууль, авлигын 100 гаруй үнэлгээнд үндэслэсэн жишиг үнэлгээнээс харахад ажилтнуудын дунд зохион байгуулсан хээл хахууль, авлигын сургалтын 30 орчим хувь нь үр дүнгүй байсан гэж тогтоожээ. Худалдааны төлөөлөгч, хамтарсан компанийн талууд зэрэг гуравдагч этгээдэд зориулсан авлигатай тэмцэх сургалтын хувьд талаас илүү нь үр дүнгүй байжээ.

Бизнесийн байгууллагууд дээрх бэрхшээлийг даван туулж, авлигаас урьдчилан сэргийлэх зохистой арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд туслах зорилгоор Гүүдкорпорейшн авлигатай тэмцэх үр дүнтэй хөтөлбөрүүдийг бий болгох, үнэлэх талаарх мэдлэг, туршлагадаа тулгуурлан холбогдох сургалт, сургалтын хөтөлбөрийг санал болгодог ажээ.

Авлигатай тэмцэх үр нөлөө бүхий сургалт яагаад чухал вэ?

Үр нөлөөтэй байдлаар мэдээлэл дамжуулж, сургалт зохион байгуулах нь хээл хахуулиас сэргийлдэг гэж зохицуулах байгууллагууд үздэг. Мөн аж ахуйн нэгжийн авлигын эрсдэлд хамгийн их өртөж буй удирдах албан тушаалтнууд болон ажилтнуудад зориулсан тусгай сургалтын хөтөлбөр гаргаж ажиллахыг улс орнуудын эрх бүхий байгууллагууд шаарддаг.

Авлигатай тэмцэх үр нөлөө бүхий сургалтын хөтөлбөр боловсруулах эхний алхам нь аж ахуйн нэгжид хамгийн их эрсдэл учруулах асуудлыг тодорхойлох явдал юм. Худалдан авалт, борлуулалт, маркетинг, төрийн байгууллагатай харилцах харилцаа зэрэг нь хамгийн их эрсдэлтэй байдаг бөгөөд тэдгээрт чиглэгдсэн зорилтот сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалт зохион байгуулах нь ач холбогдолтой байдаг.

Гүүдкорпорейшн нь авлигатай тэмцэх сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа ихэвчлэн авлигын эрсдэлд хамгийн их өртдөг удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалтаас эхэлдэг. Шаардлагатай тохиолдолд бүлгийн дунд болон орон нутгийн түвшинд зохион байгуулах сургалтын семинар нь тухайн аж ахуйн нэгж авлигад өртөж болзошгүй байдлын талаар илүү гүнзгий ойлголттой болгож, сургалтын хэрэгцээгээ тодорхойлж, эрэмбэлэхэд тусална. Ийм сургалт нь аж ахуйн нэгж эрсдэлээ үр дүнтэй удирдахад туслахын зэрэгцээ сайн туршлагыг хуваалцах, дэлгэрүүлэхэд ач холбогдолтой юм.

Авлигатай тэмцэх сургалтад юу хамрагдах ёстой вэ?

Үндсэн нэр томьёонуудыг тодорхойлж, хээл хахууль, зохисгүй нөлөөллийг тайлбарлахаас гадна ашиг сонирхлын зөрчил, хөнгөвчлөх төлбөр, бэлэг, зочломтгой байдал зэрэг холбогдох бусад асуудлыг сургалтын хөтөлбөрт багтаасан байх ёстой.

Түүнчлэн хуулийн шаардлага, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжид ногдуулах шийтгэлийг нэгтгэн дүгнэх нь нэн тустай. Үндэстэн дамнасан үйл ажиллагаа эрхэлдэг зарим аж ахуйн нэгжийн хувьд хэд хэдэн улс орны хууль эрх зүйн шаардлагыг авч үзэх хэрэгтэй болох бөгөөд үүний тулд уг асуудлаар өргөн мэдлэгтэй мэргэжилтний туслалцааг авч, сургалтын хөтөлбөрөө боловсруулбал зохино.

Сургалтыг хамааралтай бөгөөд үр нөлөөтэй болгох зорилгоор хээл хахууль гарах хамгийн их магадлал бүхий асуудлыг тухайн аж ахуйн нэгжийн хувьд тодорхойлж, тухайн аж ахуйн нэгжийн онцлогт нийцсэн бодит жишээг тайлбарлавал оролцогч талууд болзошгүй эрсдэл болон түүнээс хэрхэн зайлсхийх талаар гүнзгий ойлголт олж авна. Сургалтанд багтах сэдвүүдийг гаргаж, холбогдох бодит жишээг боловсруулахад нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн туслалцааг авах нь хүмүүсийн оролцоог нэмэгдүүлж, үүссэн эрсдэлд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад тустай.

Мөн авлигатай тэмцэх зорилгоор аж ахуйн нэгжийн дотоодод үйлчилж буй дүрэм журмыг тайлбарлан таниулахад анхаарах хэрэгтэй. Ингэхдээ бэлэг, зочломтгой байдал, ашиг сонирхлын зөрчил зэрэг асуудлыг хамруулбал зохино. Сургалтын явцад холбогдох бодлогыг хаанаас олж болох, нэмэлт мэдээлэл шаардлагатай үед хэнтэй холбоо барихыг мэдээлэх ёстой.

Эцэст нь авлигыг заавал илчилж байх хэрэгтэй, чимээгүй өнгөрүүлэх нь хэзээ ч зөв биш гэдгийг онцлох хэрэгтэй. Авлига, хээл хахуультай тэмцэх сургалтын хөтөлбөрт үнэнийг илчлэх, шүгэл үлээх арга замыг дэлгэрэнгүй мэдээлж, удирдах болон ахлах түвшний албан хаагчид мэдээлэл өгөх дотоодын тогтолцоог сануулж байх ёстой.

Авлигатай тэмцэх ямар хэлбэрийн сургалт хамгийн их үр нөлөөтэй байдаг вэ?

Цахим болон танхимын сургалтын давуу болон сул талыг янз бүрээр тодорхойлдог ч аж ахуйн нэгж өөрийн онцлог, байгууллагын соёлд тохирсон сургалтын хэлбэрийг сонгох хэрэгтэй. Сургалтын аль ч хэлбэрийн хувьд хүмүүсийн оролцоог ханган, мэдлэгийг дээшлүүлэн, гол асуудлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлдэг тул асуулт, хариултын хэсгийг багтаах нь зүйтэй.

Төсөв мөнгө хүрэлцээтэй тохиолдолд аль болох танхимын сургалт нь хамгийн үр дүнтэй байдаг. Биеэр оролцож буй сургалт нь ихэвчлэн чухал асуудлыг гүнзгийрүүлэн судлах боломжийг олгодог бөгөөд оролцогчдын хоорондын харилцааг идэвхжүүлж, улмаар оролцогчдын ойлголтын түвшинг хэмжиж, илүү үр дүнтэй зүйлийг харуулан, цаашид юуг сайжруулах боломжтойг тодорхойлоход тустай байдаг.

Томоохон сургалтын хувьд олон улсын томоохон байгууллагуудын вебинар сургалт ихээхэн үр нөлөөтэй байдаг. Аливаа аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлага, эрсдэлийн байдалд нийцүүлсэн бүлгийн олон талт дэд хуралдаан, асуулт хариулт, асуудлын шийдэл гаргах зэрэг аргуудыг багтаасан вебинарыг тусгайлан боловсруулж болно.

Гэвч аж ахуйн нэгжүүдийн дийлэнхийн хувьд биечилсэн сургалт явуулах нь тохиромжгүй эсвэл боломжгүй байж болно. Энэ тохиолдолд авлигатай тэмцэх гол санаа бодлыг өргөнөөр түгээж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цахим сургалтыг сайтар хөгжүүлэх хэрэгтэй юм. Цахим сургалт нь аж ахуйн нэгжийн худалдааны төлөөлөгчид болон зуучлагчдыг сургахад онцгой үр дүнтэй байж болно.

Авлигатай тэмцэх сургалтыг хэнд зориулан хийх вэ?

Авлигатай тэмцэх сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа хүн бүрийг ижил хэмжээгээр сургах шаардлагагүй байж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Их Британийн Хууль зүйн яамны Хээл хахуулийн тухай хуулийн удирдамжинд заасанчлан авлигатай тэмцэх сургалтын хөтөлбөрийг гаргахдаа тулгарч буй эрсдэлийг харгалзан үзэх ёстой. Франц зэрэг зарим улс оронд авлигын эрсдэлийн үнэлгээний хүрээнд эрсдэлд хамгийн өртөмтгий хүмүүсийг тодорхойлох шаардлага тавьдаг. Аж ахуйн нэгж нь эрсдэлд хамгийн их өртөж буй хүмүүсийг тодорхойлж, тэдгээрт зориулан илүү дэлгэрэнгүй, өндөр түвшний сургалт зохион байгуулах хэрэгтэй.

Сургалтанд хамгийн наад зах нь тухайн аж ахуйн нэгжийн хээл хахуультай тэмцэх бодлогыг таниулах шаардлагатай ба заримдаа ёс зүйн кодекс, түүнд холбогдох дотоод дүрэм журмыг танилцуулж болно.

Авлигатай тэмцэх сургалтын давтамж ямар байх ёстой вэ?

Шилдэг туршлагаас харахад авлигатай тэмцэх сургалтыг нэгэн ижил хөтөлбөрөөр жил бүр давтахаас илүүтэйгээр өмнөх жилүүдийн сургалтын үр дүнд тулгуурлан тодорхой мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хийвэл илүү үр нөлөөтэй юм.

Аж ахуйн нэгжид гарсан авлигын нөхцөл байдалд нийцүүлэн сургалтыг шинэчлэх, дахин зохион байгуулах хэрэгтэй.

Авлигатай тэмцэх сургалт үр дүнгээ өгч байгааг яаж мэдэх вэ?

Авлигатай тэмцэх сургалтын хөтөлбөрийн үр нөлөөт байдлыг үнэлэх арга замуудын нэг нь тухайн аж ахуйн нэгжид гарч буй хээл хахуулийн тохиолдолд хяналт үнэлгээ хийх явдал юм. Гэхдээ хээл хахуулийн хэрэг гараагүй бол сургалт үр дүнтэй байна гэж үзээд цаашид нэмэлт арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэж болохгүй.

Авлигаас урьдчилан сэргийлэхэд бодлого, хөтөлбөрийн хяналт үнэлгээ чухал байдаг бөгөөд энэ нь аж ахуйн нэгжийн баримталж буй бодлого хэр үр дүнтэй байгааг үнэлэхэд ач холбогдолтой.

Мөн сургалтанд хамрагдсан хүмүүст эргэн хяналт үнэлгээ хийж заавал сургалтанд суух хүмүүсийг бүрэн хамруулсан эсэхийг нягтлаж байх хэрэгтэй. Зарим аж ахуйн нэгж ажилтнуудынхаа дунд санал асуулга авах замаар шалгаж үзээд давтан сургалт явуулдаг ба энэ нь авлигын эрсдэлд хамгийн их өртдөг ажил албан тушаалтанд илүү хэрэгтэй байдаг.

Байгууллагын эрсдэлд хамгийн их өртдөг хүмүүсийн хувьд үнэлгээний үйл явцад ABC хөтөлбөрийн талаарх мэдлэгийг оруулах нь ашигтай байж болох юм.

Авлигатай тэмцэх сургалтыг бэхжүүлэх

Сайн харилцаа холбоо нь авлигатай тэмцэх үр нөлөөтэй сургалтын хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Аливаа аж ахуйн нэгж нь цахим болон танхимын сургалтаас гадна хээл хахуулийн эсрэг бодлого, зарчмуудаа компанийн вэб сайт, дотоод сүлжээ, бусад харилцаа холбооны сувгуудаар өргөнөөр түгээх ёстой. Хээл хахуулийн эрсдэлийг мөн ажилтнуудын хурал дээр үе үе хэлэлцэж, баримтлах зөв бодлого, журмыг сануулж байх хэрэгтэй.

Аж ахуйн нэгжүүд ёс зүйн кодекс болон авлига, хээл хахуулийн эсрэг бодлогыг хэрэгжүүлэх хэрэглээний програмыг мөн хөгжүүлж эхлээд байна. Энэ шийдлийг ашиглан томоохон аж ахуйн нэгжүүд олон тооны ажилтнууддаа зориулсан цахим мэдээллийг бэлтгэж, цахим сургалтад хамрагдах боломжийг олгожээ.

Гуравдагч этгээдэд зориулсан авлигатай тэмцэх сургалт

Гуравдагч этгээдийн авлигын эрсдэлийг удирдах нь аж ахуйн нэгжийн хувьд хамгийн хэцүү зүйлсийн нэг юм. Түүнчлэн нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагаанд хамаарах хээл хахуулийн хэргээр ял сонсдог тул аж ахуйн нэгжийн хамгийн эрсдэлтэй хэсэг гэж хэлж болно.

Зарим өндөр эрсдэлтэй салбарын бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан хээл хахуулийн эсрэг сургалт явуулах нь улам бүр түгээмэл болж байна. Үүнд ашиглахад хялбар, оролцооны түвшинг шалгах боломжтой тул цахим сургалт ихээхэн үр нөлөөтэй байна. Юуны өмнө тендерийн явцад бүх ханган нийлүүлэгчдэд аж ахуйн нэгжийн авлига, хээл хахуультай тэмцэх бодлогыг танилцуулах ёстой бөгөөд улмаар тэдэнтэй гэрээ байгуулах үед авлига, хээл хахуулийн эсрэг заалтуудыг гэрээнд тусгаж өгөхийг зөвлөж байна. Түүнчлэн бэлтгэн нийлүүлэгчид авлига, хээл хахуулийн мэдээллийг өгөх, өгсөн мэдээллийг нь нууцлах арга замыг мэдэгдсэн байх ёстой.

Зарим улс орон болон салбарт үйл ажиллагаа явуулж буй борлуулалтын ажилтнуудад хээл хахуулийн эрсдэл тулгарч болзошгүй тэдгээрийг авлига, хээл хахуультай тэмцэх холбогдох бүх сургалтад хамруулах нь чухал юм.

Авлигатай тэмцэх үр нөлөөтэй сургалтын ач холбогдол

Хээл хахуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхгүй байх нь зөвхөн аж ахуйн нэгж байгууллага төдийгүй хувь хүн, тэдний үйл ажиллагаа явуулж буй нийгэмд удаан хугацааны хохирол учруулж болзошгүй юм. Аж ахуйн нэгж, байгууллагууд хээл хахуулийн эсрэг үр нөлөөтэй хөтөлбөр хэрэгжүүлж байхыг дэлхийн улс орнуудын зохицуулах байгууллагууд албадан шахах нь эрчимжиж байгаа тул холбогдох бодлого, журмыг зохих ёсоор боловсруулан, хэрэгжүүлж ажиллах шаардлагатай болж эхэлж байна. Энэ хүрээнд аж ахуйн нэгжийг бүхэлд нь хамарсан зохистой сургалтыг зохион байгуулж байхыг шаардаж байна. Ингэснээр хээл хахуулийн аливаа эрсдэл буурахаас гадна авлига хээл хахуульгүй ажиллах тогтолцоо бүрдэх болно. Үүнийг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчид төдийгүй нийгэм бүхэлдээ хүсч байна.

Эх сурвалж: https://www.goodcorporation.com/goodblog/key-steps-to-building-an-effective-anti-corruption-training-programme/?fbclid=IwAR33JuWQEVlLsAPn-L4p-UeVHXj8VDZtw469KpJlErKVxEI8-B6iLTIQbjc