АТИ 2022: Улс орнуудын энх тайван, аюулгүй байдалд хамгийн ихээр заналхийлж буй буй зүйл бол авлига

A- A A+
АТИ 2022: Улс орнуудын энх тайван, аюулгүй байдалд хамгийн ихээр заналхийлж буй буй зүйл бол авлига

Роберто Мартинез Б.Кукутчкагийн дүн шинжилгээ

Олон улсад энх тайвныг тогтоох хамгийн шилдэг арга ардчилал гэдгийг Нэгдсэн Үндэстний байгууллага хүлээн зөвшөөрч, ардчилсан улс орнууд өөр хоорондоо дайтдаггүй болох нь судалгаагаар нотолсон байдаг. Гэвч яг одоо дэлхий даяар ардчилал ухралтад орж байгаа бөгөөд үүнд нөлөөлж буй хамгийн том сөрөг хүчин зүйлүүдийн нэг нь авлига болоод байна.

2022 оны 2-р сард Оросууд Украин руу довтолсон явдал авлигад идэгдсэн авторитар дэглэм нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн заналхийлж байгааг харуулав. Владимир Путин 2012 онд засгийн эрхийг дахин авснаар өөрийн эрх мэдлийг баталгаажуулан, үндсэн хуулийн бүх хяналтыг устгах үйл ажиллагаа эхлүүлсэн. Оросын Засгийн газар Путины эрх мэдлийг хязгаарлах, хариуцлага тооцох эрх бүхий институци, байгууллага, хувь хүмүүсийн эрхийг үгүй хийн, улс төрийн өрсөлдөгчдөө нухчин дарж, иргэний нийгмийг хязгаарласан шинэ хууль тогтоомж баталж, дийлэнх бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хориг тогтоов. Үүний зэрэгцээ Засгийн газрын гэрээ, лиценз, концессын хуваарилалт, буцаан олголт зэрэг асар их хөрөнгийг цөөнхийн бүлэгт төвлөрүүлсэн. Тиймдээ ч тус авлигын схемээс ихээхэн хамааралтай олигархуудыг өөрсдийн дэглэмд үнэнч байхаас аргагүй байдалд хүргэсэн. 

Товчхондоо, авлигын үр дагавраар Орост автократ дэглэм бэхэжсэн бөгөөд Путин засгийн эрхийг бүрэн төвлөрүүлснээр дотоодын улс төр, эдийн засгийн элитүүдийн эсэргүүцэлгүйгээр хүссэн бүх бодлогоо хэрэгжүүлэх болж дайн хүртэл эхлүүлсэн. Оросын эдийн засгийг сулруулсан хэд хэдэн удаагийн хориг арга хэмжээний дараа ч Путины Украин руу довтлох шийдвэрийг олон нийт эсэргүүцээгүй нь тус улсын бизнес болон улс төр мяндсан утсаар л зааглагдаж буйг илтгэж байна.

Оросууд Украин руу довтолсон нь авлига, дотоодын түвшинд эрх мэдлийн хяналт сул байх нь эцсийн дүндээ олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой аюул учирч болзошгүйн хамгийн тод жишээ байж болох юм. Тийм ч илэрхий бус аргаар улс орныг тогтворгүй болгоход авлигыг ашиглаж болно. Колоничлолын болон колоничлолын дараах гүрнүүд улс орнуудыг өөрсдийн хяналтдаа оруулахын тулд тус улс орнуудын удирдагчдыг авлигад автуулж байсан хэд хэдэн түүхэн жишээ бий. Сүүлийн хэдэн жилд Орос (28), Иран (25), Катар (58) зэрэг улсууд авлигатай тэмцэх, засгийн газрын шударга ёсны тогтолцоо дахь дотоодын цоорхойг ашиглан: тэдний ашиг сонирхолд заналхийлж буй улс төрийн оролцогчдыг сулруулах; зорилтот улсын засгийн газар, байгууллагуудад итгэх ард түмний итгэлийг сулруулах зэрэг үйл ажиллагаа явуулсан юм.

Энэ нь олон нийтэд нь шударга ёс зонхилсон, авлигатай тэмцэх хяналт өндөр орнуудын хувьд ч ихээхэн аюул учруулж байна. Хэдийгээр дээрх шиг аюул занал гаднын улсаас ирж болох ч лобби, улс төрийн санхүүжилт, ашиг сонирхлын зөрчил зэрэг нь ихэвчлэн дотооддоо үүсдэг бөгөөд үүний эсрэг үндэсний хэмжээнд арга хэмжээ авах шаардлагатай болдог. Авлигын төсөөллийн индексээр (АТИ) тэргүүлдэг улс орнууд ч авлигатай тэмцэх тогтолцоондоо өөлсөн, шүүмжилсэн байр сууринаас хандах хэрэгтэй. Эдгээр улс орнууд авлигатай тэмцэх олон улсын амлалтаа бүрэн хэрэгжүүлж, ардчиллыг үгүй хийж болзошгүй тогтолцооны цоорхойг арилгах хэрэгтэй. Мөн хөрөнгө орлогын ил тод байдлыг чухалчилж үзэх шаардлагатай.

Дээрх жишээнүүд нь улс орны авлигын түвшин хэрхэн бүс нутагтаа болон олон улсад тогтворгүй байдлыг үүсгэж, улс орныг гаднын зүй бус нөлөөлөлд өртөмтгий болгохыг харуулж байгаа хэдий ч зөрчил болон авлигын хоорондын уялдаа холбоог судалсан ихэнх судалгаанууд үндэсний буюу дотоодын авлигын тогтворгүй байдлын үр дагаврыг илүүтэй онцолж байна. Зөрчил нь хээл хахууль, төрийн өмчийг завших, түүнийг ашиглан мөнгө олох шинэ боломжийг бий болгодог. Харин авлига нь дараах байдлаар зөрчлийг өдөөдөг:

§  нийгэмд албадагыг өдөөн турхирах асуудлыг өдөөх эсхүл шинээр бий болгох, 

§  батлан хамгаалах, аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагуудын үр нөлөөг хязгаарлах зэргээр зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм зэрэг аюулаас иргэдээ хамгаалах төрийн чадавхыг сулруулах,

§  төрд итгэх итгэл, төрийн хууль ёсны байдлыг алдагдуулах

Улс орнуудын дунд хийсэн судалгаагаар авлигатай тэмцэх нь иргэний дайн дэгдэхээс урьдчилан сэргийлэхэд чухал болохыг тогтоожээ. Цөөн хэдэн хүний явцуу эрх ашгийн оронд нийгэмд тустай бодлого хэрэгжүүлдэг ил тод, хариуцлагатай засгийн газрууд үндэснийхээ амар амгаланг сахин хамгаалж чаддаг байна.

Авлига нь зөрчил, нийгмийн эмх замбараагүй байдлыг өдөөдөг

Нийгмийн хамгийн эмзэг бүлэг нь төрийн үйлчилгээ, үр ашгийг хүртэж чадахгүй байхад зарим хэсэг нь засгийн газартай ашигтай гэрээ хэлцэл хийх эсвэл бодлого боловсруулагчдад давуу эрх олгох замаар авлигаас ашиг хүртэж байна. Авлига нь системжвээс нийтийн баялаг нь нийтийн сайн сайхны төлөө бус зөвхөн тодорхой бүлгийн ашиг сонирхлыг дэмжихэд зориулагдах юм.

Ийнхүү авлига нь янз бүрийн бүлгүүдийн хооронд хагарал үүсгэх, хууль дээдлэх ёсыг үгүй хийх замаар зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь мөн бүлгүүдийн хооронд дайсагналцах төрийг булаан авах, сөрөг хүчний фракцууд нэгдэн босох хөшүүрэг болдог. Мөн дээрх бүлгүүдийн хувьд шашин шүтлэг болон бусад өвөрмөц онцлог г.м асуудлууд давхацвал асуудал бүр ч хурцдана. Тиймээс авлига, ялгаварлан гадуурхалт нь нийгэмд зөрчил, хагаралдаан үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, уг зөрчил нэгэнт бий болсон үед үүнд хяналт тавихад хэцүү болдог.

Түүнчлэн төсвийн хөрөнгийг завших, шамшигдуулах, зүй бусаар зарцуулах зэрэг нь дахин хуваарилах төсвийн хөрөнгийн хэмжээг бууруулж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг алдагдуулдаг. Ингэснээр чанартай эрүүл мэнд, боловсрол олгож чадахгүйгээс гадна ядуурал, өлсгөлөн, тэгш бус байдлыг даван туулахад хэцүү болдог. Тиймээс авлига нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд саад болж буй гол хүчин зүйл гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг.

ДҮРС 1: АВЛИГА БА УЛС ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

 

 

image.png

Эх сурвалж: 2022 оны АТИ ба 2021 оны Улс орнуудыг энх тайван байдлын индекс

Энэ зураг нь АТИ-ээр хэмжигддэг авлига болон бөмбөгдөлт, халдлага, тулалдаанд амь насаа алдах, бослого хөдөлгөөн, үймээн самуун, төрийн эргэлт, терроризм зэрэг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй байдлын хоорондын хамаарлыг харуулж байна. АТИ-ийн өндөр оноотой орнуудад дээр дурдсан аюул бага тулгардаг бол үүний эсрэгээр, авлига газар авсан улсуудад уг аюул заналхийлэл гарах магадлал хамаагүй өндөр байна. 

Нийгмийн дургүйцэл тайван жагсаал хэлбэрээр ч илэрч болно. Карнеги сангийн дэлхийн эсэргүүцлийн ажиглагч 2017 оноос хойш дэлхийн 130 оронд нийгмийн эсэргүүцлийг бүртгэжээ. Эдгээр улсын 55-д нь дор хаяж нэг удаа улс орныхоо авлигын түвшинд иргэд нь сэтгэл дундуур байгаагийн улмаас эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Авлигатай холбоотой эсэргүүцлийн жагсаалын 80 хувь нь АТИ-ийн 50-иас доош оноотой орнуудад гарсан нь гайхах зүйл биш юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд АТИ-ийн хамгийн бага үзүүлэлт буюу 25 оноо дээрээ гацсан байсан Ираны жишээнээс харахад эдийн засгийн хямрал, олон улсын хориг арга хэмжээний нөлөө, авлигын улмаас тус улсад хурцадмал байдал нэмэгджээ. Махса Аминигийн үхэл нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид болон бухимдсан иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнд түлхэц болсон юм. Эсэргүүцлийн гол цөм нь хүйсээр ялгаварлан гадуурхах хууль тогтоомж, эмэгтэйчүүдтэй шударга бус харьцах явдал байсан ч амьдралын нөхцөл байдал муудаж, тус улс авлигад автсан нь засгийн газраа эсэргүүцэх хөдөлгөөнийг улам өдөөж байв. Хүний эрхийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг “Human Rights Watch” байгууллагын дүгнэлтээр: “Их хэмжээний хэлмэгдүүлэлт, чөлөөт бус сонгууль, газар авсан авлига болон буруу менежмент, Иран улсын автократ засаглал зэрэг нь тус улсыг харгис дарангуйлагч гэж тодорхойлоход хүргэж байна.” Тус улс нь жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний улмаас 450 гаруй энгийн иргэн амиа алдсан. Мөн 17 хүнд цаазаар авах ял оноосноос дөрвийг нь аль хэдийн цаазалсан байна.

Авлига нь төрийн иргэдээ хамгаалах, тулгарсан аливаа аюул заналхийлэлд хариу үйлдэл үзүүлэх чадавхыг сулруулдаг

Авлига нь иргэдийг хамгаалах, хууль дээдлэх, энх тайвныг сахиулах чиг үүрэгтэй байгууллагуудыг энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцөөс ч салгах боломжтой. Батлан хамгаалахсалбарын шударга байдлын индексийн үнэлгээгээр үнэлгээд оролцсон улс орнуудын бараг гуравны хоёр нь батлан хамгаалах салбартаа авлигын өндөр эрсдэлтэй байгаа нь онцгой анхаарал татаж байна. 

Түүнчлэн хууль сахиулах болон аюулгүй байдлын байгууллагууд авлигад өртөж байгаа тохиолдолд засаглалын асуудал, аюулгүй байдлын заналхийллийн эсрэг төрийн хариу арга хэмжээ үр дүнгүй, бүр өрөөсгөл байх магадлалтай. Зарим тохиолдолд гэмт хэрэг, террорист бүлэглэлүүдэд авлигад идэгдсэн төрийн албан тушаалтнууд, хууль сахиулах байгууллагууд, шүүгчид, улс төрчдийн хамсаатнууд хүртэл тусалдаг нь тэднийг хуулийг хариуцлагаас мулталдаг. Тиймээс авлига нь зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгдэх гол хүчин зүйлүүдийн нэг юм.

Доорх зургаас харахад авлига өндөртэй улс орнууд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чадвар сул байгааг харуулж байна.

 

ДҮРС 2: АВЛИГА БА ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ

 

 

image.png

Эх сурвалж: 2022 оны АТИ ба 2021 оны Дэлхийн зохион байгуулалттай гэмт хэргийн индекс

Тухайлбал, цагдаагийн байгууллагын авлигын түвшин өндөр байгаа нь иргэдийн тус байгууллагад итгэх итгэлийг сулруулж, улмаар олон нийт гэмт хэргийн талаар мэдээлэх, цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтэй тэмцэхэд нь туслах иргэдийн хүсэл эрмэлзэл буурахад хүргэдэг. Тиймээс цагдаагийн байгууллага дахь авлига нь гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж, гэмт хэргийн илрүүлэлт буурахад хүргэдэг. Ялангуяа цагдаа нар зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдтэй тохиролцон мэдээлэл өгөх, хүн, хар тамхи, зэвсгийн наймаанд оролцох зэрэг нь илүү санаа зовохуйц асуудал юм.

Латин Америкийн Гондурас (23), Гватемал (24), Мексик (31), Перу (36) зэрэг улсуудад хууль сахиулах байгууллага болон авлигад идэгдсэн албан тушаалтнууд гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хамтран ажиллаж, хахууль авч тэдний хууль бус үйл ажиллагааг нүдээ анин өнгөрөөдөг байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд нэр дэвшигчид, улстөрчдөд нөлөөлж, тэдний сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлж, бүр өөрсдөө төрийн алба хаших ч тохиолдол байгааг сэтгүүлчид баримтжуулсан байдаг.

Авлига нь төрийн аливаа зөрчилдөөнийг шийдвэрлэх, улс орны энх тайван байдлыг сахиулах чадвахыг бууруулдаг.

Аливаа эсэргүүцэл, гомдлыг газар авахаас нь өмнө шийдвэрлэх нь олон хүний амь насыг авардаг. Ихэнх тохиолдолд мөргөлдөөнд оролцогч талууд хүн хүчний болон эдийн засгийн зардлыг хэмнэж, тохиролцсон үр дүнд хүрэх нь зохистой. Засгийн газар санал зөрөлдөөнийг яриа хэлцэл, зуучлал, хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх чадвар нь иргэд болон хохирсон талууд албан тушаалтнуудын хүсэлтийг сонсож, бодитойгоор үнэлж, үр дүнтэй хувилбаруудыг санал болгож, хэлэлцээрийг үр дүнтэй, шударгаар хэрэгжүүлэхэд оршино.

Харамсалтай нь, авлига өндөр байгаа газар хүнд суртал, гадны дарамт гаардаг. АТИ-ээр хэмжигддэг авлигын түвшин ба дэлхийн энх тайвны индексээр тогтоогдсон энх тайван байдал нь хоорондоо холбоо хамааралтай: Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (24), Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (20), Сомали (12), Өмнөд Судан (13), Судан (22) нь индексээр хамгийн тайван бус арван орны тавд үнэлэгдэж, мөн АТИ-д дээрх таван улс нилээд хойгуур байр эзэлсэн байна. Тиймээс авлигатай тэмцсэнээр энх тайвныг илүү бат бөх, тогтвортой болгох нөхцөл бүрдэнэ. 

Ил тод байдлыг хангаж, авлигатай тэмцэх замаар энх тайван, аюулгүй байдлыг хангах нь

Авлига, зөрчилдөөн, хүчирхийллийг таслан зогсоож энх тайвныг цогцлооход дараах  авлигатай тэмцэх шинэчлэлүүдийг тусган авч хэрэгжүүлэх нь чухал юм.

§  Батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлого боловсруулах үйл явцад зүй бусаар нөлөөлөхүйц хуулийн цоорхойг нөхөх. Төсвийн хэрэгжилтийг ил тод байлгах, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх, зохицуулах механизмыг бий болгох нь нэн чухал юм. Батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой шийдвэр, зардал нь хувийн ашиг сонирхолд бус нийтийн эрх ашигт нийцсэн байх.

§  Эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилж, хяналтыг нэмэгдүүлэх. Эрх мэдлийг цөөнхөд төвлөрүүлэхээс зайлсхийх нь авлига, хээл хахуульд өртөх боломжийг багасгах, төсвийн хөрөнгийг дур зоргоороо хуваарилахаас зайлсхийхэд чухал ач холбогдолтой. Иймд авлигатай тэмцэх байгууллага болон хяналт тавих эрх бүхий байгууллагыг хангалттай санхүүгийн нөөц бололцоогоор хангаж, бие даасан, хараат бус байдлаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоог хангах.

§  Төрийн мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй болгох. Олон нийтэд төсвийн зарцуулалт болон нөөц баялагын хуваарилалт зэрэг холбогдох мэдээллийг хүртээмжтэй, тухай бүр цаг алдалгүй хүлээн авах боломжийг хангах. Мөн Батлан хамгаалах, аюулгүй байдлын зэрэг нууцад хамаарах мэдээ мэдээллийг тодорхой журамласан байх.

§  Авлигатай тэмцэх, энхийг сахиулах, мөргөлдөөнийг шийдвэрлэх хүчин чармайлтыг нэгтгэх. Шударга ёс, хариуцлага, авлигатай тэмцэх зэрэг асуудлыг хойш тавьж энхийг сахиулна хэмээн ердөө ил харагдаж байгаа аливаа мөргөлдөөнийг таслан зогсоох богино хугацааны зорилт хэрэгжүүлэх нь авлигыг улам хурцатгаж, дунд болон урт хугацаанд энх тайвныг алдагдуулж болзошгүй тул дээрх бүгдийг нэгтгэсэн бодлого хэрэгжүүлэх.

 

Эх сурвалжhttps://www.transparency.org/en/news/cpi-2022-corruption-fundamental-threat-peace-security