АНУ Парагвайн шилдэг улстөрчдийг авлигын хэрэгт буруутгаж, мөрдөн байцаалтад түлхэц өгчээ

A- A A+
АНУ Парагвайн шилдэг улстөрчдийг авлигын хэрэгт буруутгаж, мөрдөн байцаалтад түлхэц өгчээ

АНУ-ын засаг захиргаанаас Парагвай Улсын ерөнхийлөгч асан, одоогийн дэд ерөнхийлөгч нарыг авлигын гэмт хэрэг үйлдэж, гэмт бүлэглэлтэй хамтран ажилласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Үүнтэй холбогдуулан Парагвай Улсын Ерөнхий прокурор Эмилиано Ролон Фернандес пүрэв гарагт Ерөнхийлөгч асан Орасио Картес болон дэд ерөнхийлөгч Уго Веласкес нарыг "Парагвай дахь ардчилсан институцийг сулруулж, системийн авлигын хэрэгт холбогдсон" гэж үзэн, тэдгээртэй холбогдох хэргийг ажлын хэсгийг байгуулснаа зарлалаа. Картес, Веласкес нар өмнө нь энэ мэдээллийг эрс үгүйсгэж байсан юм.

Үүний зэрэгцээ АНУ-аас их хэмжээний авлигын хэрэгт сэжиглэгдсэн Парагвайн албан тушаалтнууд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд болох 3 хүнийг АНУ-д нэвтрэхийг хориглож, “авлигын жагсаалт”-д нэмж оруулжээ. 2019 оноос хөтөлж эхэлсэн энэ жагсаалтад одоогийн байдлаар есөн албан тушаалтан ордог.

Өнгөрөгч нэгдүгээр сард АНУ нь Картес, Веласкес хоёрыг Вашингтоноос "террорист" байгууллага гэж тодорхойлсон “Хезболла” бүлэглэлтэй холбоотой гэсэн дуулиант мэдэгдлийг гаргасан аж.

Аргентин, Бразил, Парагвай улсыг холбосон гурван улсын хилийн бүсийг мөнгө угаах, хууль бус үйл ажиллагаануудаар дамжуулан "терроризм"-ыг санхүүжүүлэх гол төв гэж АНУ эртнээс мэдэгдсээр ирсэн. Ойрх Дорнод дахь хүчирхийллийг санхүүжүүлэхийн тулд бүс нутагт халхавч компаниудыг ашигладаг "Хезболла"-гийн гишүүдийг АНУ тогтоосон.

АНУ-ын “авлигын жагсаалт”-д хамгийн сүүлд орсон тус улсын албан тушаалтнууд бол шүүхийн нарийн бичгийн дарга Висенте Феррейра, Парагвайн Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан Эдгар Мелгарехо, мөн шүүгч, прокуроруудад сахилгын зөвлөлийн гишүүн Хорхе Богарин нар байв.

Парагвайн хамгийн баян хүмүүсийн нэг гэгддэг Картесийг засгийн газрын албан тушаалтнууд болон хууль тогтоогчдод олон удаагийн хахууль өгсөн гэж АНУ үздэг юм.

Парагвайд суугаа АНУ-ын Элчин сайд Марк Остфилдоос, “Мелгарежо нь албан тушаал хашиж байх хугацаандаа хувийн ашиг сонирхлын үүднээс төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан" гэх үндэслэлтэй мэдээллийг АНУ-ын Төрийн департамент хүлээн авсны дараа ийнхүү жагсаалтад оруулж байв. 

Мөн Богарин, Феррейра нар "өөрсдийн ашиг сонирхлын үүднээс шүүх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон" гэх нотлох баримт байгаа гэж мэдэгджээ.

"Ийм авлигын хэрэг нь Парагвайн ард түмэн засгийн газрын институцид итгэх итгэлийг сулруулж байна" гэж Остфилд пүрэв гарагт хэлэв. Мелгарежо орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа түүнийг АНУ-ын “авлигын жагсаалт”-д оруулсан шалтгааныг мэдэхгүй байна гэсэн бөгөөд энэ талаар "цочирдсон" гэж тайлбарлажээ.

Парагвайн ерөнхий прокурорын мөрдөн байцаалтын явцад Парагвай, Аргентины хамтран эзэмшдэг Ясирета даланг ажиллуулдаг байгууллагын хуулийн зөвлөх Хуан Карлос Дуартегийн авлигын хэргийг мөн шалгахаар болов.

Эх сурвалж: US accuses top Paraguay politicians of corruption, spurring probe | Corruption News | Al Jazeera