FTX-ын үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрийд хятадын албан тушаалтнуудад хахууль өгсөн байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэж байна

A- A A+
FTX-ын үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрийд хятадын албан тушаалтнуудад хахууль өгсөн байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэж байна

Холбооны прокурорууд FTX-ийн үүсгэн байгуулагч Сэм Банкман Фридийг хятадын албан тушаалтнуудад 40 сая долларын үнэ бүхий криптовалютын хахууль өгсөн гэж үзсэн бөгөөд нийт 13 зүйл ангид холбогдуулан хэрэг үүсгэсэн байна.

Прокурорын яллах дүгнэлтэд Банкман Фрид өөрийн “Alameda” компанийн 1 тэрбум доллар /дижитал хөрөнгө/ бүхий Хятадын Засгийн газраас царцаагаад байсан дансыг сэргээлгэхийн тулд хятадын албан тушаалтнуудад 40 сая долларын хахууль өгсөн байж болзошгүй талаар дурдсан.

Мөн төлбөрийг Alameda-ийн үндсэн арилжааны данснаас хувийн криптовалют данс руу шилжүүлэн авсан гэж яллах дүгнэлтэд дурджээ.

Мягмар гарагт Нью-Йоркийн Өмнөд дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шинэ яллах дүгнэлтийг танилцуулсан. Тэрээр 250 сая ам.долларын барьцаа бүхий батлан даалтад гарсан бөгөөд түүнд холбогдуулан шалгаж байгаа 8 авлигын болон залилангийн шинжтэй гэмт хэрэгт гэм буруугүй хэмээн мэдэгдсэн бол бусад таван хэрэг нь хараахан шүүхийн шатанд шилжээгүй байна.

Батлан даалтад гаргах эсэх талаар хэлэлцэх шүүх хурал пүрэв гаригийн өглөөний 11:00 цагт товлогджээ.

Хэргийн талаар Банкман Фридийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзав.

Батлан даалтын нөхцөлийг өөрчлөв

Тэрээр батлан даалтад байх хугацаанд VPN ашиглан FTX-ийн ерөнхий зөвлөх асантай холбоо тогтоож, гэрчид нөлөөлөхөөр оролдсон байна. Улмаар Мягмар гарагт болсон шүүх хуралдаанаар шүүгч Льюс Каплан Банкман Фридийг цахим сүлжээ, харилцаа холбооны аппликейшн хэрэглээнд хязгаар тавих шинэ нөхцөлтэйгөөр батлан даах арга хэмжээг зөвшөөрчээ.

Шинэ нөхцөлийн дагуу Банкман Фридэд хоёр төрлийн электрон төхөөрөмж болох нарийн хяналттай зөөврийн компьютер болон зөвхөн дуут дуудлага, мессеж бичихэд ашиглах боломжтой гар утас ашиглахыг зөвшөөрчээ. Харилцаа холбооны бусад гар утас, таблет, компьютер, видео тоглоомын хэрэгсэл, интернэтэд нэвтрэх боломжтой "ухаалаг" төхөөрөмжүүдийг ашиглахыг хориглоно" хэмээжээ.

Мөн түүний зөөврийн компьютерын хэрэглээнд түүний хуулийн багийнхан хяналт тавьж ажиллана.

Түүнд зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт бэлдэх зорилгоор VPN ашиглахыг зөвшөөрнө. VPN ашиглах үед хуульчид түүнийг хэрэглээг хянах бөгөөд Банкман Фридийг зөөврийн компьютер ашиглаж байх хугацаанд нь хамт байж, ашиглаж дуусахад нь зөөврийн компьютерыг буцааж авах нөхцөлтэй юм.

FTX-ын дампуурал

Банкман Фрид эрсдэлтэй бооцоог санхүүжүүлж, Америкийн улс төрчдөд хандив цуглуулж, Бахамын арлууд дахь өөрийн болон ажилчдынхаа тансаг амьдралын хэв маягийг бий болгохын тулд өөрийн криптовалют биржийн FTX-аас мөнгө хулгайлах асар том схем зохион байгуулсан нь АНУ-ын түүхэн дэх эдийн засгийн эсрэг хамгийн том гэмт хэргүүдийн нэгд тооцогдоно гэж прокурорын байгууллага тодорхойлжээ.

FTX нь 11 дүгээр сард дампуурахаасаа өмнө хамгийн алдартай, хамгийн том криптовалютын биржүүдийн нэг байсан.

31 настай Банкман Фрид нь бизнесээ буруу удирдаж дампууралд хүргэснээ хүлээн зөвшөөрсөн ч залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй гэж мэдэгдсэн.

Банкман Фрид хуучин бизнесийн хамтрагч болох Гари Ван, Каролин Эллисон, Нишад Сингх нар олон хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Шүүх хурлыг аравдугаар сард хийхээр товлосон бөгөөд хэрэв шүүх хурлаар бүх зүйл ангиар гэм буруутай нь тогтоогдвол 155-аас дээш жил хорих ял оноох магадлалтай.

Банкман Фридийн зорчих эрхийг хязгаарласан бөгөөд тэрээр Калифорниа мужийн Пало Алто дахь эцэг эхийнхээ гэрт гэрийн хорионд байгаа юм.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/03/28/business/sbf-bribery-indictment/index.html

/Прокуророос шинэ яллах дүгнэлтээ танилцуулснаас 2 хоногийн дараах мэдээ/

Сэм Банкман Фрид дээр дурдагдсан хэргүүдэд буруугүй гэж мэдэгджээ

FTX-ийг үүсгэн байгуулагч Сэм Банкман Фрид Холбооны прокуророос түүнд холбогдуулан шинээр яллах дүгнэлт үйлдсэн хятадын албан тушаалтнуудад авлига өгсөн байж болзошгүй болон бусад залилангийн шинжтэй таван гэмт хэрэгт буруугүй хэмээн мэдэгджээ.

Тэрээр нийт 13 зүйл ангиар буруутгагдаж байгаа бөгөөд өмнөх 8 хэрэгт буруугүй гэдгээ мэдэгдэж байсан бол шинээр нэмэгдсэн 5 хэрэгт ч мөн өөрийгөө буруугүй гээд байна.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/03/30/business/sbf-hearing/index.html