Европын холбооноос улс орнуудад үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх дүрэм, журмуудын хоорондын уялдаа холбоог хангахыг зорьж байна

A- A A+
Европын холбооноос улс орнуудад үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх дүрэм, журмуудын хоорондын уялдаа холбоог хангахыг зорьж байна

Шинээр батлагдах багц хууль нь авлигын ноцтой гэмт хэрэг үйлдсэн гуравдагч орны хувь хүн, хуулийн этгээдийг хилээр нэвтрэхийг хориглох, хөрөнгийг битүүмжлэх зэрэг боломжийг Европын холбоонд олгох юм.

Лхагва гарагт Европын холбоонд төдийгүй дэлхий даяар авлигатай тэмцэхэд чиглэсэн арга хэмжээний төслийг Европын холбооноос танилцууллаа.

Уг төсөлд Европын холбооны гишүүн 27 улсын эрүүгийн хууль тогтоомж дахь эрх нөлөөгөө худалдах, албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг гэмт хэргүүдийн тодорхойлолтыг уялдуулан тогтоосноор авлигын хэргүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой болно.

"Энэхүү багц баримт бичиг Европын холбооны хэмжээнд тавигдах шалгуурыг боловсронгуй болгож, авлигын гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийг өндөрсгөж, төр, хувийн хэвшлээс үл хамааран гэмт хэрэгтнүүдийг хаана ч байсан барьж, шийтгэхэд гишүүн орнуудын эрх бүхий байгууллагуудад туслах болно" гэж Европын холбооны Үнэт зүйлс, ил тод байдлын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, комиссар Вера Журова хэлэв.

"Гишүүн улсуудын хууль тогтоомж дахь авлигын талаарх тодорхойлолтууд болон холбогдох шийтгэлүүдийн төрөл хоорондоо харилцан ялгаатай байгаагийн улмаас хил дамнасан мөрдөн шалгах ажиллагааг хүндрүүлж, гэмт хэрэгтнүүдэд хуулийн цоорхойг ашиглах боломж бүрдэж байна."

Энэхүү төслөлд Европын газар нутгаас гадна үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх тухай санал мөн тусгагдсан байна. Тус багц нь авлигын ноцтой гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд гуравдагч орны хувь хүн, аж ахуйн нэгжийг хилээр нэвтрэхийг хориглох, хөрөнгийг битүүмжлэх эрхийг Европын холбоонд олгох юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш Европын парламентын гишүүд болон тэдгээрийн туслахууд гэмт хэргийн бүлэглэлтэй хамааралтай, авлига, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон дуулиан Брюссельд дэгдсэн. Авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын хувьд энэ нь Европын холбоо гадаад дахь авлигын гэмт хэрэгтнүүдийг онилохоос илүүтэй өөрийн нутаг дэвсгэр дэх асуудалд анхаарах ёстойг харуулсан хэмээн цохон тэмдэглэжээ.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын ахлах шинжээч Роланд Папп Евроньюс агентлагт өгсөн ярилцлагадаа "Европын холбоо авлигатай холбоотой ноцтой асуудалтай байгаа. Бид үүнийг Катаргейт болон бусад олон жишээн дээрээс харлаа. Мөн зарим гишүүн орнуудад маш ноцтой асуудал тулгараад байна."

"Тиймээс ЕХ-ны иргэд эх орондоо ямар ч шийтгэл хүлээхгүй байхад гадаадад юу ч хийж чадахгүй байх нь мэдээжийн хэрэг. Тиймээс ЕХ дотооддоо энэ чиглэлээр хийх ажлаа эрчимжүүлэх нь маш чухал юм."

Асуудлыг шийдвэрлэхийн тулд Европын парламент дахь ногоонууд/EFA бүлэг хууль эрх зүйн орчин, мөрдөн байцаалтын арга хэрэгслийг сайжруулах, эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Европын прокурорын газрын (EPPO) үүргийг боловсронгуй болгохыг уриалж байна.

"Хэрэв Европын холбоо авлигатай тэмцэх чиглэлээр дорвитой үйл ажиллагаа явуулахыг зорьж байгаа бол хууль дээдлэх механизмыг баримтлан Европын прокурорын газрыг илүү чадавхжуулах ёстой. Мөн Европын холбооны ёс зүйн бие даасан байгууллагыг бий болгох хэрэгтэй. Европын холбооны байгууллагууд юун түрүүнд дотоод асуудлаа эмх цэгцэд оруулах хэрэгтэй" гэж Иргэний эрх чөлөөний хороо болон Үндсэн хуулийн хорооны гишүүн Германы парламентын гишүүн Даниел Фрейнд мэдэгдэв.

Авлигын гэмт хэргийн улмаас Европын холбооны эдийн засагт жил бүр 120 тэрбум еврогийн хохирол учирч, иргэдийн ардчилалд итгэх итгэл буурч байгаа талаар Европын холбооноос мэдээлжээ.

Санал болгож буй авлигатай тэмцэх удирдамжийг Европын парламент болон Зөвлөлөөр хэлэлцэн баталснаар хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болно.

Эх сурвалж: EU Commission wants to harmonise rules to crack down on corruption at home and abroad | Euronews