Николя Саркози авлигын хэргээр ялагдсаныхаа дараа цахим гав зүүхээр болжээ

A- A A+
Николя Саркози авлигын хэргээр ялагдсаныхаа дараа цахим гав зүүхээр болжээ

Францын Ерөнхийлөгч асан Николас Саркози авлигын хэргээр оногдуулсан хорих ялын эсрэг давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялагдсан байна. Гэсэн хэдий ч Парисын давж заалдах шатны шүүхээс түүнийг шоронд суухын оронд цахим гав зүүж гэртээ цагийг өнгөрөөх боломжтой гэж үзжээ.

Саркози өөр хэрэгт шүүгчид нөлөөлөхийг оролдсоныхоо төлөө 2021 онд гурван жилийн хорих ял авч, үүнийхээ 2 жилийг түдгэлзүүлээд байсан юм. Өдгөө 68 настай тэрээр хорих ял авсан Францын анхны ерөнхийлөгч юм.

Лхагва гаригт гарсан шийдвэрийн дараа Саркозигийн хуульч Францын дээд шүүхийн нэг болох Кассацийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэж мэдэгджээ. Хуульч Жаклин Лаффонт хэлэхдээ Никола Саркози буруугүй. Бид энэ бүхнийг даван туулах болно гэжээ.

Экс ерөнхийлөгчийг 2014 онд ажлаа өгснийхөө дараа нэгэн шүүгчээс мэдээлэл авах оролдлого хийсэн гэмт хэрэгт буруутгаж байсан билээ.

Цагдаа нар утсан харилцаанд хяналт тавьж байх үед Саркози болон түүний өмгөөлөгчийн хооронд болсон утасны ярианаас хэрэг үүдэлтэй. Саркози нь 2007 оны өөрийнх нь сонгуулийн мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой мэдээллийн хариуд нэгэн шүүгчид Монакод өндөр албан тушаал санал болгосон хэмээн прокурорууд буруутгаж байгаа юм.

Мөн тухайн шүүгч, өмгөөлөгч нарт мөн гурван жилийн хорих ял оноож, хоёр жилийг нь түдгэлзүүлжээ.

Энэ бол Cаркозид холбогдох авлигын хэд хэдэн хэргийн нэг бөгөөд тэрээр ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүйгээ илэрхийлдэг юм.

Өөрийнхөө 2007 оны сонгуулийн үйл ажиллагаанд Ливийн засгийн газраас хууль бус санхүүжилт авсан хэргээр түүнийг энэ сарын эхээр прокурорууд шүүх хурлыг зохион байгуулах саналыг гаргаж байсан юм. Хэдий тийм ч, Францад гэмт хэргийн шүүх хурлыг зохион байгуулах эсэхийг эрүүгийн шүүх шийдвэрлэдэг.

Саркозигийн хууль зөрчсөн гэх асуудлууд нь түүний улс төрийн карьерыг нь зогсоосон ч тэрээр барууны талын нөлөөгөө хадгалсан хэвээр байна.

Түүний Бүгд найрамдах нам эмх замбараагүй байгаа ч, олон хүний хувьд Саркози нөлөө бүхий этгээд хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл түүнийг шүүхийн шийдвэрийн хохирогч гэж үзэж, дэмжих хүмүүс цөөнгүй байдаг.

Николас Саркози 2012 он хүртэл нэг 5 жилийн хугацаанд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан юм. Тэрээр дэлхийн санхүүгийн хямралын үед цагаачлалын эсрэг хатуу бодлого баримталж, Францын эдийн засгийг шинэчлэхийг эрмэлзэж байсан.

Шүүмжлэгчид түүний удирдах арга барилыг нь хэтэрхий бардам, нэр алдар хөөсөн, хэт идэвхтэй гэж үзэн "bling-bling" гэж хочилдог.

 

Эх сурвалжhttps://www.bbc.com/news/world-europe-65620064?fbclid=IwAR1ugSeCmDdHIHAgLPTK7wJEG21ggzbhJW-Owiq4Idguo4ky6ZnTuc3HoFQ