Вьетнам Улсын мөнгө угаахтай тэмцэх хуулийг нарийвчлан авч үзье

A- A A+
Вьетнам Улсын мөнгө угаахтай тэмцэх хуулийг нарийвчлан авч үзье

Вьетнам Улсын Үндэсний Ассамблей 2022 онд Мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Энэ хууль нь мөнгө угаах, авлига зэрэг санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд Вьетнам Улсын санхүүгийн системийн ил тод байдлыг нэмэгдүүлэх болно.

Шинэчлэн баталсан энэхүү хуульд мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр илүү хатуу дэглэм тогтоосон томоохон өөрчлөлтүүдийг оруулсан. Аж ахуйн нэгж, байгууллагууд хуульд нийцүүлэн дотоод журмаа шинэчлэхийн тулд эдгээр өөрчлөлтийг мэдэж байх ёстой. Гол нэмэлт, өөрчлөлтөд мөнгө угаах үйл ажиллагааны тодорхойлолтыг өргөжүүлэх, дижитал хэтэвчний үйлчилгээ үзүүлэгчдэд мэдээллийг тайлагнах нэмэлт үүрэг хүлээлгэх, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах, шинэ арга замыг нэвтрүүлэх, эрсдэлийн үнэлгээний шинэ бодлогыг хэрэгжүүлэх зэрэг чухал заалтууд багтаж байна.

Вьетнам Улсын эдийн засаг өсөж, тэлэхийн хэрээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогоо тэр дундаа мөнгө угаахтай тэмцэх тухай шинэчилсэн хуулийг олон улсын жишигт нийцүүлэх арга хэмжээг авч байна. Энэхүү бодлого нь тус улсын санхүүгийн системийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын  итгэлийг бэхжүүлэх зорилготой юм.

Мөнгө угаахтай тэмцэх талаар илүү өргөн хүрээтэй тодорхойлолт

2022 оны мөнгө угаахтай тэмцэх тухай хууль нь гэмт хэргийн улмаас шууд болон шууд бусаар олж авсан эд хөрөнгийн гарал үүслийг хууль ёсны болгохыг зорьж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг багтаан мөнгө угаах гэмт хэргийн тодорхойлолтыг өргөжүүлсэн.

Мэдээлэх үүрэгтэй этгээдийн жагсаалт

Шинэчилсэн хуульд дижитал хэтэвчний үйлчилгээ, төлбөр цуглуулах үйлчилгээ зэрэг төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд “Харилцагчийг таньж мэдэх” арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаарддаг.

Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөгөөр дижитал хэтэвчний үйлчилгээ нь хэрэглэгчдийн дунд эрэлттэй төлбөрийн хэрэгсэл болж байна. Гэхдээ санхүүгийн гүйлгээний энэхүү хэлбэр нь мөнгө угаах үйл ажиллагааг хөнгөвчлөх томоохон эрсдэлийг бий болгодог.

2022 оны мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийн дагуу дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд харилцагчийг таньж мэдэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Санхүүгийн түрээс
  • Төлбөр
  • Банкны баталгаа
  • Хөрөнгийн брокер
  • Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаасны даатгал
  • Үнэт цаасны хөрөнгө оруулалтын сангийн менежмент
  • Амьдралын даатгалын бизнес
  • Казиногийн бизнес
  • Валют арилжаа
  • Нягтлан бодох бүртгэл, хуулийн үйлчилгээ
  • Үнэт металлын худалдаа
  • Гадаад валютын үйлчилгээ

“Харилцагчийг таньж мэдэх” арга хэмжээний талаарх мэдээлэл

Мөнгө угаахтай тэмцэх тухай хуульд дээр дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд харилцагчийг таньж мэдэх арга хэмжээний тайлагналын журмын дагуу баталгаажуулах ёстой мэдээллийг тусгасан. Үүнд:

  • Харилцагч нь Вьетнам Улсын иргэн эсэхийг тодорхойлох;
  • Харилцагч нь ганц иргэншилтэй гадаадын иргэн мөн эсэхийг тодорхойлох;
  • Харилцагч нь олон иргэншилтэй гадаадын иргэн мөн эсэхийг тодорхойлох;
  • Харилцагч нь “харьяалалгүй хүн” гэсэн ангилалд хамаарах эсэхийг үнэлэх;
  • Харилцагч нь байгууллага мөн эсэхийг тодорхойлох.

Мөнгө угаах эрсдэлийн үнэлгээний бодлого

2022 оны Мөнгө угаахтай тэмцэх тухай хуулиар эрсдэлийн үнэлгээнд тавигдах шинэ шаардлагуудыг нэвтрүүлсэн бөгөөд Засгийн газраас Вьетнам Улсын Төв банктай хамтран 5 жил тутам хянан шалгах ажиллагааг явуулах юм.

Нэмж дурдахад, байгууллагууд эрсдэлийн үнэлгээг өөрсдөө хийх ёстой бөгөөд эдгээр үнэлгээний үр дүнд гарсан аливаа шинэчлэлтийг бүх хэлтэс, түүнчлэн Төв банк болон холбогдох яамдад түгээх ёстой байдаг.

Харилцагчийн мэдээллийн шалгалт

Тус хууль нь улс төрд нөлөө бүхий этгээд гэсэн тодорхойлолтыг өргөжүүлж, улс төрийн нөлөө бүхий болон Вьетнам Улс эсвэл гадаад дахь байгууллагад удирдах албан тушаал хашиж буй гадаадын хүмүүсийг багтаасан. Олон тооны улс төрд нөлөө бүхий этгээдүүд авлигын бусад хэлбэрээс гадна мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагаанд урвуулан ашиглаж болох албан тушаал хашдаг.

Мэдээлэх үүрэгтэй байгууллагууд нь улс төрд нөлөө бүхий этгээд гэж хүлээн зөвшөөрөгдсөн харилцагчийн хөрөнгийн эх үүсвэрийг баталгаажуулах зохих арга хэмжээ авах, түүнчлэн харилцагчтай хийсэн гүйлгээнд хяналт тавих үүрэгтэй.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хувь хүмүүст зориулсан дотоод журам

Өмнөх 2012 оны хуулиар мэдээлэх үүрэгтэй байгууллагууд нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хувь хүмүүст зориулсан мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай дотоод журмыг гаргах үүрэг хүлээсэн бөгөөд журмын хэрэгжилтийг хариуцах ёстой байсан.

Мөнгө угаахтай тэмцэх тухай шинэ хуулиар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хувь хүмүүст зориулсан дотоод журам боловсруулах шаардлагыг зөөлрүүлсэн. Гэсэн хэдий ч тэд дараах практикийг дагаж мөрдөх ёстой Үүнд:

  • Харилцагчийг хүлээн авах бодлого боловсруулах: Энэ нь бизнест данс нээхээс татгалзах, бизнесийн харилцаа тогтоох эсхүл цуцлах, шаардлагатай бол гүйлгээ хийх боломжийг олгодог;
  • Дотоод сургалт: Ажилчдад мөнгө угаахтай тэмцэх шилдэг туршлагыг хөгжүүлэх, сургах;
  • Байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдлэгийг дээшлүүлэх: Эдгээр зохицуулалтыг харьяа болон охин компаниудад хуваалцах.

Сэжигтэй гүйлгээний тайлан: Үзүүлэлтүүд ба тайлагнах хугацаа

Мэдээлэх үүрэгтэй байгууллагууд сэжигтэй гүйлгээг илрүүлэхийн тулд харилцагчийг таньж мэдэх арга хэмжээг сайтар хэрэгжүүлэх ёстой. Сэжигтэй гүйлгээнд дараах зүйлс орно:

  • Цахим хэтэвч дээрх гүйлгээ, мөнгө байршуулах, мөнгө авах зэрэгт гэнэтийн өөрчлөлт гарах. Үлдэгдэл харьцангуй бага буюу тэг түвшинд байх үед өдрийн турш их хэмжээний гүйлгээ хийх.
  • Байнгын бага хэмжээний хадгаламж байршуулах, дараа нь өөр цахим хэтэвч рүү их хэмжээний мөнгө шилжүүлэх эсвэл харилцах данснаас мөнгө авах, дансанд мөнгө хийх.
  • Байнгын жижиг гүйлгээг янз бүрийн цахим хэтэвчнээс тодорхой цахим хэтэвчний данс руу богино хугацаанд шилжүүлэх, гүйлгээ нь янз бүрийн дансаар дамждаг, холбогдох данс эзэмшигчид шилжүүлгийн хураамжийг үл тоомсорлодог бөгөөд гүйлгээний хэмжээ үргэлж тайлангийн хязгаарт хүрэх.
  • Харилцагчийн цахим хэтэвч гэнэт их хэмжээний мөнгө хүлээн авах.
  • Үнэт цаас болон амь насны даатгалын салбар дахь сэжигтэй гүйлгээнд дараах зүйлс орно.
  • Түр оршин суугчид Вьетнам Улсаас мөнгө шилжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах.
  • Харилцагчид багц дахь хувьцаагаа тогтмол зарж, арилжааны банкнаас бэлэн мөнгө авах төлбөрийн даалгаварт гарын үсэг зурахыг үнэт цаасны компаниас шаардах.
  • Вьетнам Улсад үнэт цаасны хөрөнгө оруулалтын сан эсвэл үнэт цаасны хөрөнгө оруулалтын компани байгуулж, мөнгө угаах эрсдэл өндөртэй улс орон, нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын хөрөнгө оруулагчид.

Шинэ хуулийн дагуу их хэмжээний гүйлгээ, мөнгөн гуйвуулгын тайлагнах хугацааг цахим тайланг ашигласан бол гүйлгээ хийгдсэн өдрөөс хойш ажлын нэг өдөр байхаар харин цаасан тайлан ашигласан бол гүйлгээ хийгдсэн өдрөөс хойш ажлын хоёр өдөр байхаар тусгасан. Сэжигтэй гүйлгээг гүйлгээ хийсэн өдрөөс хойш гурав хоногийн дотор эсвэл хүлээн зөвшөөрснөөс хойш нэг өдрийн дотор мэдээлэх ёстой.

Вьетнам Улсын компаниуд Мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийн өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож чадах вэ?

Байгууллагууд ажилчдадаа мөнгө угаахтай тэмцэх шилдэг туршлагыг сургах шаардлагатай. Энэ нь бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг хянадаг менежерүүдэд онцгой ач холбогдолтой юм.

Эдгээр туршлагуудыг эрсдэлийн үнэлгээний тогтолцооны нэг хэсэг болгон хөгжүүлэх ёстой бөгөөд болзошгүй аюулыг цаг тухайд нь олж илрүүлэх, бууруулах, мөнгө угаахтай тэмцэх шинэ арга хэрэгслийг бий болгох зорилгоор тодорхой хугацааны давтамжтайгаар хянаж байх ёстой.

Нэмж дурдахад, компаниуд мөнгө угаахтай тэмцэх хүчирхэг системтэй байх ёстой. Тухайлбал үндсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх программ хангамжийг ашиглах хэрэгтэй. Ингэснээр тухайн байгууллагад мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг илүү нарийвчлалтай тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг авах боломжийг олгоно.

Эх сурвалж: https://www.aseanbriefing.com/news/a-closer-look-at-vietnams-anti-money-laundering-law/