Хятад улсын Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд авлигын гэмт хэргийн субъектэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг нэмж хуульчлахаар тусгажээ

A- A A+
Хятад улсын Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд авлигын гэмт хэргийн субъектэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг нэмж хуульчлахаар тусгажээ

Хятадын Гадаад хэргийн яамны сайд асан Цин Ган ажилдаа ирэхгүй ор сураггүй алга болж, улмаар албан тушаалаас нь чөлөөлсөнтэй холбоотой асуудал өндрөө авч байсан тул Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг олон нийтийн анхаарлын төвд ороогүй бололтой. Хуулийн төслийн санал асуулга 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл олон нийтийн дунд нээлттэй явагдах бөгөөд уг нэмэлт өөрчлөлтийн төсөлд БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд авлигын гэмт хэрэгт хариуцлага хүлээдэг байхаар тусгасан байна. Өмнө нь уг заалтад хуулийн этгээдийн хувьд зөвхөн төрийн өмчит аж ахуйн нэгж болон төрийн байгууллагууд хамаарч байсан.

7 дугаар сарын 14-ний өдөр Хятадын Коммунист Намын Төв Хороо, Хятадын Төрийн Зөвлөлтэй хамтран "Хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжил, өсөлтийг дэмжих тухай санал дүгнэлт"-ийг нийтэлсэн. Үүнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудын хөрөнгө шамшигдуулсан, албан тушаалын наймаа, мөнгө завшсан, хахууль өгсөн, авсан зэрэг авлигын шинжтэй үйлдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлага байгаа гэж үзжээ. Улмаар Хууль зүйн хорооны Эрүүгийн хуулийн алба уг “Санал дүгнэлт”-ийг ажил хэрэг болгохоор хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төсөлдөө оруулж өгсөн байна.

Тус албанаас Эрүүгийн хуулийн 165, 166, 169, 387, 390, 391, 393 дугаар зүйл буюу авлигын гэмт хэрэгт оногдуулах ялтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргасан. 165, 166, 169 дүгээр зүйлд хувийн аж ахуйн нэгжийн захирал, менежер, бусад албан хаагчид нь төрийн өмчит аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын алба хаагчдад ногдуулдагтай ижил ял ногдуулахаар тусгасан. Хууль тогтоох хорооны дарга Шэнь Чуньяогийн хэлсэнчлэн энэхүү алхмын цаад санаа нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн харилцаанд тэгш байдлыг бий болгох явдал юм. Энэхүү үзэл баримтлалыг БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин 2018 оны 11 дүгээр сард болсон хувийн аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулсан зөвлөгөөнд оролцохдоо анх дэвшүүлсэн юм.

Мөн 390, 391, 393 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлтүүд нь хахуулийн ноцтой хэрэг буюу удаа дараа эсвэл олон хүнд; "гол төсөл" эсвэл "томоохон хөтөлбөр"-т (төрийн ашиг сонирхолтой нягт холбоотой төр, хувийн хэвшлийн төслүүдэд); хууль сахиулах, шударга ёс, гамшгаас аврах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд зэрэг стратегийн салбарт; үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор хахууль өгсөн бол ялыг хүндрүүлэхээр тусгагдсан байна.

Шенийн тайлбарт Хятадын бодлого боловсруулагчид хахууль өгөх, авах үйлдлийг нэг усан үзмийн модноос ургадаг хоёр "хортой амтат гуа" гэж тодорхойлсон байдаг бөгөөд уг нэмэлт өөрчлөлийн төслөөр авлигын хэрэгт оногдуулах ялыг илүү нухацтай авч үзсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн албаны дарга Ван Айлигийн зарласан статистик мэдээллээр сүүлийн хэдэн жилд авлигын хэргийн эзлэх хувь 1:3 байгаа нь авлигын гэмт хэрэг үйлдэгдсэн хэдий ч шийтгэл хүлээлгэсэн нь цөөхөн болохыг харуулж байна.

Нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ Ван Вэнь мөн авлига улам хурцдаж байгаагийн шалтгаан нь олон хахуульчид намын боловсон хүчнийг “ангуучилж”, тэднийг хахууль авахад уруу татдагтай холбоотой гэж хэлсэн байдаг. Тиймээс нэмэлт өөрчлөлтүүд нь аль аль талаас нь асуудлыг шийдвэрлэхийг оролдсон тухай дурдсан.

Мөн Ван сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хувийн аж ахуйн нэгжүүдийг яагаад зөвхөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд үйлчилдэг байсан авлигатай холбоотой шийтгэлийн эгнээнд оруулан хуульчлах ёстой талаар сонирхолтой мэдэгдэл хийсэн. Тэрээр “Зарим дотоод боловсон хүчин, аж ахуйн нэгжийн ажилчид “Төрийн өмчийг төрийн өмчит үйлдвэрийн газар авах нь гэмт хэрэг, харин даргын мөнгийг хувийн аж ахуйн нэгжид авах нь тийм ч том асуудал биш гэж эндүүрдэг” гэв. Дээрх үгээрээ тэр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг (болон ажилтнуудыг) алдагдал, хулгай, дотоод авлигад өртөхөөс хамгаалах, хууль бус үйлдэл хийсэн тохиолдолд мөн адил шийтгэх нь ач холбогдолтой гэсэн санааг илэрхийлж байгаа юм.

Хэрэв Эрүүгийн хууль шинэчлэгдэн батлагдвал Ши Жиньпингийн хууль бус наймааны эсрэг явуулж буй кампанит ажилд хоёр талын түлхэц өгөх бөгөөд хувийн хэвшил дэх зохицуулалтын хөндлөнгийн оролцоог нэмэгдүүлэх юм. Мөн Сахилгын хяналтын төв комиссоос 2021 онд авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бизнес эрхлэгчдийг бүртгэдэг "Хар жагсаалт"-ын системийг бүтээсэн бөгөөд уг систем ч мөн дээрх ажилд томоохон нөлөө үзүүлнэ. Энэ системийг Хунан мужид хэрэгжүүлж, зургаан компанийн 106 “найдваргүй” ажилтныг хахууль өгсөн хэргээр хар жагсаалтад оруулж, зах зээлд нэвтрэх эрхийг нь хязгаарласан байна. Харин хуулийн төсөл батлагдвал уг тоо нь бүс нутгуудад өсөх нь тодорхой юм.

Өнгөрсөн хугацаанд Ши Жиньпин болон Сахилгын хяналтын төв комиссын албан тушаалтнууд төр, аж ахуйн нэгжийн хооронд “цэвэр харилцаа” тогтоож, тэдний эрх, өмчийг хамгаалах талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсож, томоохон бодлогоо зөв тодорхойлж өгөх шаардлагатай тухай асуудлаар олон тооны хэлэлцүүлгийг зохион байгуулж ирсэн. Ерөнхийдөө Хятад улсын Эрүүгийн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хоорондын харилцааг эдгээр үндсэн зарчмуудад тулгуурлан хамгаалалт, шийтгэлийн аль алиныг нь тэгшитгэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

 

Эх сурвалж: https://thediplomat.com/2023/08/chinas-draft-criminal-law-amendment-eyes-corruption-in-private-firms/