Авлигын талаарх илүү сайн мэдээлэл нь авлигын үр нөлөөг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжинэ

A- A A+
Авлигын талаарх илүү сайн мэдээлэл нь авлигын үр нөлөөг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжинэ

Авлигын хэмжилтийг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs)-д хүрэх хүчин чармайлтыг нэмэгдүүлэх боломжтой гэж НҮБ-ын өндөр албан тушаалтан пүрэв гарагт Вена хотод мэдэгдэв.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар (НҮБ-ын МБГХТГ)-ын Гүйцэтгэх захирал Гада Вали энэ сэдвээр болсон дэлхийн анхны бага хурлын нээлтийн үеэр үг хэллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тодорхойлсноор авлигын улмаас дэлхий даяар жил бүр ойролцоогоор 2.6 их наяд долларын хохирол учирдаг бөгөөд үүнийг өлсгөлөнтэй тэмцэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, бүх хүүхдийг чанартай боловсрол эзэмшүүлэхэд зарцуулах боломжтой байжээ.

“Авлигыг хэмжих нэгдсэн арга барилыг бий болгох нь нөхцөл байдлыг тодорхой болгож, шалтгаан, үр дагавар, чиг хандлага, асуудал, сул тал зэргийг тодорхойлох, авлигатай тэмцэх бодлогын үр нөлөөг хянах, үнэлэх төдийгүй авч хэрэгжүүлж буй арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлэхэд тустай" хэмээн хатагтай Уэли хэлэв.

"Энэ нь хууль эрх зүйн зохистой орчин, хүчирхэг институцтэй хамтран илүү хүчтэй хариу арга хэмжээ авч, тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд түлхэц болох болно" гэж тэрээр нэмж хэлэв.

Гажуудсан дүр зураг

Авлигыг хэмжих нь амаргүй ажил боловч одоогийн аргачлалууд нь ихэнхдээ тодорхой бус бөгөөд тоо мэдээ, статистик үзүүлэлтийн үнэн зөв, найдвартай байдалд эргэлзээ төрдөг гэж Уэли онцолсон.

"Багагүй тооцооллыг хязгаарлагдмал үзүүлэлтүүдэд үндэслэн хийсэн байдаг бол зарим тооцоололд явцуу хүрээний оролцогчдыг хамарч, тэдний ойлголтыг чухалчилдаг" гэж тэр хэлэв.

"Авлигад автсан гэж тооцогддог дэлхийн өмнөд хэсгийн улс орнуудын хувьд бүрэн бус эсвэл гажуудсан дүр зургийг гаргадаг."

Хэмжилт хийх хүрээ

НҮБ-ын МБГХТГ нь улс орнууд авлигыг дотооддоо хэмжих статистикийн тогтолцоог боловсруулж байгаа бөгөөд энэ нь нэр томьёоны тодорхойлолт, шалгуур үзүүлэлт, ашиглах арга, мэдээллийн эх сурвалжийг нийтлэг байдлаар тодорхойлон санал болгож, мэдээллийг хэрхэн цогцоор нь цуглуулж, дүн шинжилгээ хийх талаар зааварчилгаа өгнө.

Хатагтай Валийн үзэж байгаагаар 20 жилийн өмнө баталсан НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид (UNCAC) нэгдэн орсон улс орнуудыг хамран энэ оны 12-р сард болох бага хуралд үүнийг танилцуулах болно.

Улс орнуудад авлигын талаарх тоо мэдээллийг цуглуулахад тусалдаг НҮБ-ын МБГХТГ-ын ажилд тулгуурлан хэмжилтийн хүрээг ийнхүү боловсруулж байна хэмээн тэрээр нэмж хэлэв.

Улс орнуудад дэмжлэг үзүүлэх

НҮБ-ын МБГХТГ нь Африк, Ази, Латин Америкийн хэд хэдэн оронд авлигын судалгаа хийх чиглэлээр чадавхи бэхжүүлэх, техникийн удирдамжаар хангах ажлыг гүйцэтгэж байгаа.

Тус байгууллага нь 2018 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран түүвэр судалгаагаар хээл хахууль болон авлигын бусад хэлбэрийг хэмжих гарын авлагыг боловсруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхэц өгсөн.

“Авлигын үзүүлж буй үр нөлөө нь бодитой, өргөн цар хүрээтэй, маш их хор хөнөөлтэй байдаг. Авлигыг илүү сайн хэмжиж чадвал бид энэ нөлөөллийг илүү сайн бууруулж чадна” гэж тэрээр хэлсэн.

Авлигын хэмжилтийг сайжруулахын тулд өгөгдлийг ашиглах сэдэвтэй дэлхийн бага хуралд Засгийн газар, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагын бодлого боловсруулагчид, эрдэмтэд, дадлагажигч, мэргэжилтнүүд оролцдог.

Эх сурвалж: https://news.un.org/en/story/2023/08/1140282