Төлөвлөгөөт хяналтаар 41 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

A- A A+
Төлөвлөгөөт хяналтаар 41 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 360 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 201 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 159 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 41 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Хяналт шалгалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн удирдах албан тушаалтан “Г”, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Сүхбаатар салбарын удирдах албан тушаалтан “Э”, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдах албан тушаалтан “О”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “А”, АШУҮИС-ийн Био-Анагаахын их сургуулийн удирдах албан тушаалтан “Д” нарын гаргасан зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүллээ.