Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн “Өргөө” амаржих газар, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж, Кино урлагийг дэмжих сан, Говь-Алтай аймгийн 16 сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан Зөвлөмж боловсруулж хүргүүлэв.
Түүнчлэн Орхон, Дархан-Уул, Булган аймгийн байгалийн нөөц ашигласны төлбөрийн 2023 оны орлого бүрдүүлэлт, захиран зарцуулалт, боловсролын салбарт зарлагдсан худалдан авах ажиллагааны талаарх мэдээллүүд, зам тээврийн салбар дахь 2024 оны эхний хагас жилийн худалдан авах ажиллагаанд холбогдох гэрээний гүйцэтгэл, барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл явцад гарч болзошгүй авлигын эрсдэл, эрчим хүчний салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжиж буй төсөл, хөтөлбөр зэрэг асуудлаар дүн шинжилгээ хийж байна.
“Монголын Өмгөөлөгчдийн холбоо”, “Монголын Хараагүйчүүдийн үндэсний төв” ТББ-тай хамтран иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Өдөрлөгт оролцсон 200 гаруй иргэнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал бодлыг нь сонсч, зөвлөгөө өгсөн бөгөөд ашиг сонирхлын зөрчил болон авлигын гэмт хэрэгтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авав.
Авлигын эсрэг сургалтад 499 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулсан байна.