Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 6 дугаар сарын 03-аас 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 123 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээлэлд харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 922 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 1 хэргийг нэгтгэх, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 895 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдэл, хууль хэрэгжүүлж ажиллах тухай албан бичгүүдийг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.
Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагч “А” нь бусдаас хахууль авсан гэх, “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал “Б”, СЭЗХ-ийн дарга “З” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагад хохирол учруулсан гэх, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн “В” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгөхийг завдсан гэх, Гаалийн улсын байцаагч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль өгөхийг шаардсан, бусдаас хахууль авсан гэх, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга “О” нь бусдад давуу байдал бий болгож байгууллагынхаа төсөвт хохирол учруулсан гэх, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын алба хаагч “С” нь ЭХХШТХ зөрчсөн гэх, “Багануур дулааны станц” ТӨХК-ийн албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан “Н” нь бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх, “Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь бусдад давуу байдал бий болгосон гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.