Сенатор Роберт Менендезийн авлигын хэргийн шүүх хурлын талаар

A- A A+
Сенатор Роберт Менендезийн авлигын хэргийн шүүх хурлын талаар

Мягмар гарагт Манхэттан хотноо Нью-Жерсигийн Ардчилсан намын сенатор Боб Менендезэд холбогдох авлигын хэргийн шүүх хуралдаан эхэлсэн. Түүнийг Египет болон Катар улсуудын ашиг сонирхлыг хамгаалсан үйл ажиллагаа явуулж, хууль бусаар тусламж үзүүлснийхээ төлөө хэдэн зуун мянган долларын хахууль, алтан гулдмай, Мерседес Бенз зэрэг авто машин авсан хэргээр буруутгаж байна.

Сенатч сүүлийн арван жилийн хугацаанд авлигын хэргээр хоёр дахь удаагаа шүүгдэж байгаа тул олны анхаарлыг ихэд татаж дуулиан тариад байна. Тэрээр өмнө нь 2017 онд хахууль авсан хэргээр шүүхэд дуудагдаж байсан ба уг хэрэг шүүхийн тангарагтнууд нэгдсэн саналд хүрч чадаагүйгээс болж хаагдсан юм.

АНУ-ын Хууль зүйн яам есдүгээр сард Менендезийг эхнэр Надин Менендес болон Нью-Жерсигийн гурван бизнес эрхлэгчдийн хамтаар хахууль, дарамт шахалт, болон залилангийн хэргээр буруутгасан. Сар хүрэхгүй хугацааны дараа прокурорууд түүнд Египет болон Катар улсын нэрийн өмнөөс гадаадын агентын үүрэг гүйцэтгэхээр хуйвалдсан хэргээр дахин буруутгажээ.

Менендез нь бизнес эрхлэгч Фред Дайбес болон Ваел Хана нарын хамт шүүгдэж байгаа бөгөөд бүгд өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдүүлсэн байна. Гуравдугаар сард гурав дахь бизнес эрхлэгч болох Хосе Уриве буруугаа хүлээн зөвшөөрч, Хууль зүйн яамны мөрдөн байцаалтад бүрэн хамтран ажиллаж, Менендез, Хана, Дайбес нарын эсрэг нотлох баримт гарган өгч, гэрчийн мэдүүлэг өгөхөөр болсон байна. Харин түүний эхнэр Надин Менендезэд холбогдох шүүх хурал энэ оны сүүлээр болох юм.

Боб Менендез гэж хэн бэ?

Өдгөө 70 настай Боб Менедез нь 2006 онд Сенатад сонгогдсон бөгөөд Нью-Жерсигийн ахлах сенатч юм. Тэрээр есдүгээр сард огцрохоосоо өмнө нөлөө бүхий албан тушаал буюу Сенатын Гадаад харилцааны хорооны даргаар ажиллаж байв. Сенатад сонгогдохоосоо өмнө буюу 1993 оноос Төлөөлөгчдийн танхимд ажиллаж байжээ.

Монмутын их сургуулийн санал асуулгын дүнгээс үзэхэд, Менендез анх авлигын хэрэгт холбогдсоноос хойш олон нийт түүнийг дэмжих нь мэдэгдэхүйц буурсан байна. Түүний анхны яллах дүгнэлтийн дараа 2015 онд хийгдсэн санал асуулгын дүнгээс үзэхэд, Нью-Жерсигийн оршин суугчдын 28 хувь нь түүнийг огцрох ёстой гэж үзсэн бол 47 хувь нь түүнийг гэм буруутай байх магадлалтай гэж үзсэн байна. Харин түүнд итгэх иргэдийн тоо дараагийн жилүүдэд дахин нэмэгдсэн. Гэвч гуравдугаар сард явуулсан санал асуулгад түүнийг огцрох ёстой гэж үзсэн хүмүүсийн хувь 63 хувь болон нэмэгдсэн бол түүнийг буруутай байх магадлалтай гэж үзсэн хүмүүсийн хувь 75 хувьд хүрсэн байна.

Сүүлд хийгдсэн санал асуулгад Нью-Жерсигийн сонгогчдын ердөө 16 хувь, Ардчилсан намын гишүүдийн 23 хувь нь Менендезийг дэмжиж байгаа нь 2008 оноос хойш Монмутын их сургуулийн санал асуулгад хамгийн бага үнэлэгдсэн сенатч болжээ.

Зөвхөн сонгогчдын дунд дэмжлэгээ алдаад зогсохгүй хамтран зүтгэгчид, ялангуяа Нью-Жерсигийн залуу сенатч Кори Бүүкер дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Бүүкер түүнд холбогдсон эхний авлигын хэргийн үеэр хамтран зүтгэгчийнхээ эсрэг байр суурь илэрхийлэхээс татгалзаж, түүний талд гэрчлэн үг хэлж байсан бол өнгөрсөн жил түүнийг Сенатаас огцрохыг уриалсан байна. Одоогоор 30 орчим Ардчилсан намын сенатчид энэ уриалгад нэгдээд байна.

Менендез ирэх сард болох Ардчилсан намын урьдчилсан сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн ч бие даан өрсөлдөхөөс татгалзаагүй байна.

Менендез ямар хэргээр буруутгагдсан бэ?

Менендез есдүгээр сард дараах хэргүүдэд буруутгагдсан:

- Хахууль авах

- Үгсэн хуйвалдах

- Албан тушаалаа урвуулан ашиглах

Аравдугаар сард нэмэлтээр Менендезийг Египеm улсын төлөө гадаадын агентын үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгасан. Нэгдүгээр сард дахин яллах тогтоол үйлдэж Катар улсыг хамруулан нэгтгэжээ. Мөн гуравдугаар сард Менендез хахуулийн схемийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, зөвшөөрөлгүй гадаадын агентын үүрэг гүйцэтгэсэн зэрэг шинэ хэргүүдэд яллах тогтоол үйлджээ.

Яагаад Менендезийг буруутгаж байгаа вэ?

Хууль зүйн яамны мэдээлснээр, Менендезийн эхнэр түүнийг 2018 онд Менендезтэй болзож эхэлсний дараахан Египет гаралтай найз Ханатай танилцуулжээ. Хана нь Дайбес болон Уриве нарын ойрын бизнесийн хамтрагч юм.

Прокуроруудын мэдээлснээр, Менендез болон түүний эхнэр Хана нар нь Дайбес болон Уриве нараас алт, бэлэн мөнгө, тансаг зэрэглэлийн машин, орон сууцны төлбөр, гэрийн тавилга зэрэг хэдэн зуун мянган долларын хахууль авсан бөгөөд үүнийхээ хариуд Египет болон Катар улсын ашиг сонирхлыг хамгаалсан үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Холбооны мөрдөх товчоо (FBI) 2022 оны 6 дугаар сард Менендезийн гэрт нэгжлэг хийх үеэр дугтуйд хийж хувцас болон шүүгээнд нуусан ойролцоогоор 480,000 долларын бэлэн мөнгө, мөн сейфнээс нь 70,000 гаруй долларын бэлэн мөнгө олжээ. Зарим дугтуйнаас Дайбес болон түүний жолоочийн хурууны хээ болон ДНХ-ийн ул мөр олдсон.

АНУ-ын прокурор Дамиан Уильямсын хэлснээр, Менендез өөрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглан эдгээр бизнес эрхлэгчдийг хамгаалах, эдийн засгийн давуу байдал үүсгэх, мөн Египетийн засгийн газарт ашигтай байдал үүсгэсэн гэжээ. Тухайлбал, Египетийн албан тушаалтнуудад Каир дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудын тухай нийтэд ил болоогүй мэдээллийг өгсөн, мөн 300 сая долларын тусламжийг Египетэд өгөх шийдвэрийг зогсоохыг бусад АНУ-ын сенатчдаас шаардаж, Египетийн нэрийн өмнөөс захидал бичсэн гэж буруутгаж байна. Менендез 2018-2022 онуудад Гадаад харилцааны хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа Египетийн албан тушаалтнуудад гадаадын цэргийн санхүүжилт, цэргийн тоног төхөөрөмжийн худалдааны зөвшөөрлийг батлах, эсвэл цуцлах талаар мэдээлэл өгч байсан гэжээ.

Менендезийн байр суурь:

Менендезийн өмгөөллийн багийнхан түүнийг ердийн конгрессын үүргээс хальсан ямар нэг зүйл хийгээгүй гэж маргах магадлалтай байна.

Тэрээр өнгөрсөн жил яллагдсаныхаа дараа мэдэгдэл хийхдээ, их хэмжээний бэлэн мөнгө нь хууль ёсоор олсон, хувийн хадгаламжаасаа авсан мөнгө бөгөөд “шаардлагатай тохиолдолд хэрэглэхээр Куба улсад хураан хадгалж байсан манай гэр бүлийн хөрөнгө” хэмээн тайлбарлажээ.

Нэгдүгээр сард Сенатын танхимд Менендез эдгээр хэргийг “сэтгүүлчдийн анхаарлыг татах зорилготой гүтгэлгүүд”, “АНУ-ын прокурорын газар яллах бус, хавчин хяхах ажиллагаа явуулж байна. Тэд шударга ёсыг бус зөвхөн яллахыг л хүсэж байна” гэж хэлээд, “Тэд цагны зургийг харуулдаг боловч ийм бэлэг хүлээн авсан баталгаа байхгүй... Катарын хөрөнгө оруулалтын компанид тойргийн иргэдээ танилцуулах нь хууль бус гэж үзэх нь зөвхөн хууль ёсонд харшилсан төдийгүй, бүх сенатчдын хийдэг ажил үүрэгт аюул учруулж байна” гэжээ.

Эх сурвалж: https://www.usnews.com/news/national-news/articles/2024-05-14/gold-bars-bribes-and-lobbying-for-egypt-what-to-know-about-the-trial-of-sen-robert-menendez