Б.Батзориг: Манайд хууль бус үйлдэл хуулиар хамгаалагддаг /2011.01.26/

A- A A+
Б.Батзориг: Манайд хууль бус үйлдэл хуулиар хамгаалагддаг /2011.01.26/
Шударгаар ажиллаж, амьдрах нийгмийг яаж бий болгох вэ, шударга ёсны үзэл санааг нийгэмд хэрхэн түгээн дэлгэрүүлэх вэ гэх зэрэг сэдвийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзоригтой ярилцлаа.

-Танай байгууллага “Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон, хөгжил дэвшилд хүрнэ” гэж уриатай. Авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох гэсэн хоёр ойлголт яаж холбогддог вэ?

- Энгийнээр тайлбарлахад, авлига бол гүн хавцал, харин шударга ёс бол хавцал дээгүүр гарч хөгжил дэвшилд хүрэх гүүр юм. Бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм рүү хүрэх замд саад болж байгаа авлига гэдэг гүн хавцлын муу муухайг хангалттай ярьсан. Харин түүн дээгүүр гарах гүүрийг хайж олох, шинээр гүүрийг хэрхэн, яаж барих талаар харьцангуй бага зүйл хийсэн санагддаг.

-Шударга байх гэдгийг хүмүүс өөр өөрийнхөө, янз бүрээр тайлбарладаг. Нэгдсэн ойлголт гэж бий юу?

- Өөрийн тань хэлсэнчлэн шударга ёс гэдэг нь нийгмийн үнэт зүйлээ дагаад өөр өөрөөр ойлгогддог. Үг зүйн хувьд ч шударга гэдэг үг олон утгатай. Шударга ёс, шударга байдал гэдгийг зөвийг эрхэмлэн дээдэлж, энэрэн хайрлаж, хөхиүлэн дэмжих, бурууг жигшин зэвүүцэж, зэмлэн цээрлүүлэх хүн төрөлхтөний харилцаанд тогтсон үнэт зүйл болох талаар хуульч эрдэмтэд тайлбарласан байдаг. Олон улсын түвшинд шударга байх гэдэг нь хүмүүсийн ёс суртахуун, сайн үйл хийх, зөв хүмүүжил, хууль ягштал сахих, авлигыг тэвчих гэсэн ойлголтын цогц гэж нарийвчлан үздэг. Төрийн байгууллага дахь шударга байдлыг төрийн албан хаагчид төрийн үйлчилгээг иргэд, байгууллагад хуулийн хүрээнд ил тод, ойлгомжтой хүргэж ажиллаж байгаа эсэх, ажиллаж чадахгүй бол хариуцлагыг хуулийн хүрээнд тооцож байгаагаар нь бид үнэлж дүгнэдэг.

-Шударга ёс гэдгийг хэрхэн ойлгох талаар судалгаа явуулсан гэж сонссон. Судалгааны үр дүн яаж гарав?

-Судлаачийнхаа хувьд шударга ёс гэдгийг энэ цаг үед, иргэд хэрхэн ойлгодог талаар судалгаа явуулж байсан л даа. Шударга байхыг хүмүүс “Болохгүй байгаа зүйлийг шууд хэл, шууд хэлэхдээ нүүрэн дээр нь ил хэл, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээ, асуудлыг хүний нүүрэн дээр ил тод шууд хэлж байгаа хүн маань өөрөө шударга байх ёстой” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл иргэд хуулиа баримтлах, хууль зөрчиж байгааг нь ил тод, шууд хэлж байгааг шударга ёсыг сахиж байна гэж ойлгож болох юм.

-Хуулиа биелүүлээд шударгаар ажиллаж, аж төрөх гэтэл саад бэрхшээл тохиолддог. Тэгээд зөрчихөөс өөр аргагүй байдалд хүрдэг шүү дээ?

-Хууль биелүүлэх нь хүндрэл бий болгодог талаар ялангуяа бизнес эрхлэгчидтэй уулзахад хэлдэг. Тэд хоёр гол санааг хэлдэг юм билээ. “Хуулийг ямар нэг хэмжээгээр зөрчихгүй бол алдагдалд орчих гээд байна. Хууль ойлгомжгүй учир тэр ойлгомжгүй хуулийг мөрдснөөр зарим тохиолдолд эсрэгээрээ хууль зөрчсөн асуудалд орчихдог” гэж хэлдэг. Эндээс “Хууль нь өөрөө шударга ёсыг тогтоож чадаж байна уу” гэдэг асуудал үүсч байгаа юм. Тэгэхээр шударга ёстой холбоотой ойлголтыг цааш нь нарийвчлан задлалгүйгээр хууль өөрөө шударга байж чадаж байна уу гэдэгт тогтож яръя л даа. Үүний тулд “Хууль батлагдах бүхий л явц шударга явагдаж чадсан уу” гэдгийг эхлээд тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл хуулийн төсөл боловсруулах санал хаанаас анх гарсан бэ гэдгээс эхлэн хууль өөрөө шударга ёсыг тогтоож чадаж байна уу гэдэг асуултын хариулт гарч ирдэг. Хуулийн төсөл боловсруулах ажилд оролцож байсан туршлагадаа тулгуурлан төсөл боловсруулж байсан хүмүүстэй уулзаж, ярилцаж байхад хуулийн төслийн анхны санал хаанаас, ямар эх сурвалжаас гардгийг асууж тодруулж байсан л даа. Нэгдүгээрт, иргэдийн санал санаачилгаар, дараагийн шатанд бодит амьдралд хүндрэл, бэрхшээл учирч нийгмийн тодорхой харилцааг зохицуулах боломжгүй болсныг төрийн байгууллагаас илэрхийлсэн, олон улсын байгууллагын судалгааны үр дүнд тулгуурласан, гадаадын байгууллага, иргэнээс санхүүжүүлсэн судалгаанд тулгуурласан, үндэсний эрдэмтэн судлаачдын өөрсдийн зардлаар хийгдсэн судалгаанд тулгуурласан, үндэсний эрдэмтэн судлаачид гадаадын байгууллага, хувь хүний захиалгаар хийгдсэн судалгаанд тулгуурласан, үндэсний эрдэмтэн судлаачид өөрсдөө санаачлан гадаад дотоодын санхүүжилт олж хийсэн судалгаанд тулгуурласан, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлсэн, УИХ-ийн гишүүд иргэдтэй уулзах, байгуулагын үйл ажиллагаатай танилцах явцад нийгмийн харилцааг зохицуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор хийгдсэн судалгаанд тулгуурлан хууль боловсруулах, улс төр, бизнесийн бүлэглэлээс шууд санаачилсан, иргэний нийгэм санаачилсан гэх мэт байдлаар манай улсад хуулийн төслийн анхны санал гардаг.

Эндээс хууль батлагдах хүртэл дараах гурван мэдээлэл ил тод байж чадсан уу гэдгийг тодруулах шаардлагатай. Нэгдүгээрт, хуулийн төсөл санаачилсан хүмүүсийн сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл, хоёрдугаарт, хуулийн төслийн анхдагч санааг гаргасан байгууллагын талаарх мэдээлэл, гуравдугаарт, хуулийн төслийн судалгааг анх ямар байгууллага хийсэн болон санхүүжүүлсэн тухай мэдээлэл олон нийтэд заавал ил тод байх ёстой. Олон нийтэд энэ мэдээлэл хүрсэн байх ёстой. Дээрх мэдээллүүд ил тод болсноор аль улсын болон улс төр, бизнесийн ямар бүлэглэлийн ашиг сонирхлоор тухайн хууль батлагдаж байгаа буюу батлагдсан, хувийн явцуу ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор батлагдаж байгаа эсэхийг олон нийт мэдэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, дээрх мэдээллүүд ил тод байснаар шударга ёсыг тогтоож, бэхжүүлж, түгээн дэлгэрүүлж чадах хуулийг батлан хэрэгжүүлж, тэр хуулиа даган мөрдөж ажиллаж, амьдрах боломжтой болно гэсэн үг. Иймээс л хуулийн төсөл нь судалгаа шинжилгээнд тулгуурласан үндэслэлтэй, олон нийтийн санаа бодлыг уралдуулсан хэлэлцүүлэг нь ил тод байх шаардлагатай. Шударга хууль батлагдахад Ерөнхийлөгчийн санаачилсан шиг Иргэний танхим манайд олноороо бий болох ёстой юм. Ингэснээр хуулийн төсөл боловсруулахад иргэдийг идэвхтэй оролцуулдаг, иргэд ч өөрсдөө оролцдог байх ёстой.

-Шударга байдлыг нийгэмд хэрхэн түгээн дэлгэрүүлэх вэ. Шударга байхад хүмүүсийг яаж сургах ёстой вэ?

-Шударга байдал нь тухайн нийгмийн үнэт зүйл. Үнэт зүйл нийгмээсээ шалтгаалаад өөрчлөгдөж байдаг. Жишээ нь, авлигын нөхцөл байдал, авлигын индексээр хамгийн эерэг үзүүлэлттэй байдаг Швед гэх мэтийн улсад гудамжинд ямар нэг гэмт хэрэг гарлаа гэхэд харсан 10 хүний 9 нь мэдээлдэг. Энэ нь тухайн нийгэмд шударга ёс тогтсон байгаагийн нэг илэрхийлэл. Нөгөөтэйгүүр хууль сахиж байгаагийн илэрхийлэл юм. Хүн төрөлхтний олсон үнэт зүйлийн нэг нь нийгмийн харилцааг зохицуулдаг хууль. Хууль шударга байдлыг тогтоох үндсэн бичиг баримт гэдэг утгаараа хууль зөрчсөн үйлдлийг мэдээлсэн хүмүүсийг “матаач”, “бууны нохой” гэдэггүй. Яагаад гэвэл тэр иргэн хүн хуулиа биелүүлж байна. Гэтэл манайд эсрэгээр хууль зөрчсөн хүний талаар мэдээлсэн хүнийг хов жив ярьсан, хүний мууг үзсэн гэх мэтээр тааруухан байдлаар үнэлдэг. Үүн дээр үнэт зүйлийн ялгаа харагдаж байгаа юм. Тэгэхээр манай нийгэмд шударга байдлыг түгээн дэлгэрүүлэхэд, шударга байхад суралцахад хамгийн түрүүнд хуулийг даган мөрдөх зан үйл төлөвшүүлэх явдал чухал түлхэц болно. Тэр дундаа хууль батлагчид, олны хүндэтгэл хүлээдэг улс төрчид хуулиа биелүүлж үлгэр дууриал болох ёстой. Тэгэхгүй бол дээдэс болон траншейний хүмүүст хууль үйлчилдэггүй гэсэн яриа арилахгүй. Тэгээд ч өөрсдөө ямар нэгэн байдлаар санаачилж, олонхоор баталсан хуулиа даган мөрдөх талаар сурталчлах, үлгэр дууриал үзүүлэхийн оронд хүчин төгөлдөр хуулиа шүүмжлэх, үгүйсгэх хандлага газар авах хандлагатай болж байна. Б.Чимид багшийн хэлсэнчлэн “Хуулийг шүүмжлэхийн тулд бус хэрэгжүүлэхийн тулд баталдаг” болгохгүй бол хуулийг хэрэгжүүлэх олон нийтийн итгэл үнэмшил бий болохгүй. Үүний тулд хуулийн төслийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийсэн судалгаанд тулгуурлан боловсруулах, батлагдсан хуулийг олон нийтэд сайн сурталчилж, мэдүүлж, таниулах, нийгмийн хөгжлийн явцад амьдралд нийцэхгүй, хүндрэл бэрхшээл бий болгож байгааг нь өөрчилж, засан залруулдаг тогтолцоог нэн түрүүнд хэвшмэл болгомоор юм шиг санагддаг. Мөн төрийн албан хаагчид өөрсдөө салбарын хуулиа ягштал баримтлах нь иргэдэд зөв зан үйл төлөвшүүлэх, хуулийн зохицуулалт боловсронгуй болгоход ихээхэн хувь нэмэртэй.

-Авлигатай тэмцэх явцад хүндрэл учруулж байгаа засан залруулах ёстой ямар жишээ, баримтыг та хэлж чадах вэ?

-Авлигатай тэмцэх газар учирч буй хүндрэл, элдэв шалтагийг тоочих бус даван туулах арга зам тэр дундаа хуульд заасан нөөц бололцоог бүрэн ашиглахыг хичээдэг. Харин авлигачдыг шийтгэж хариуцлага оногдуулахад энэ зарчмыг баримталж болдоггүй. Манайд олон түмний үнэлэмжээр “авлигачин”, “гэмт хэрэгтэн” гэж харагддаг үйлдлийг хуульд гэмт хэрэг гэж тооцоогүй байдаг. Тухайлбал, төрийн албан хаагчид төрдөө, ард түмэндээ үйлчил гэж олгосон тодорхой эрх мэдлийг өөрийн явцуу сонирхолд ашиглаж давуу байдал олж авдаг. Жишээ нь, би тусгай зөвшөөрөл олгодог эрх мэдэлтэй албан тушаалтан байлаа гэхэд чамд “Энэ хүн дараа надад хэрэг болно” гэж тооцоолоод түүний хүссэн тусгай завшөөрлийг чамд ямар нэг хээл хахуульгүйгээр өгнө. Эрх мэдлээ ашиглаад чамд давуу байдал олгочихож байгаа юм. Үүнийг шалгаж тогтоосон ч гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байдаг. Хохирол учруулаагүй болохоор гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл үүний цаана мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй ард түмний, улс орны эрх ашиг зөрчигдөж байдаг. Эрх мэдлийн давуу байдлаа ашиглан, асар их мэдээлэлд тулгуурлаж баяжих үйл явц манай нийгэмд ийм байдлаар явагддаг. Иргэд үүнийг хараад шударга бус явдал гэдэг. Гэтэл үүнийг хуулиар зохицуулаагүй байх жишээтэй. Шударга бус нийгэмд цөөнх нь баяжиж, эрүүл аюулгүй орчинд амьдардаг, хуулиар хууль бус үйлдэл нь хамгаалагддаг. Энэ нь ямар үр дагаварт хүргэдэг гэдгийн наад захын жишээг Арабын орнуудад бий болоод байгаа нөхцөл байдлаас харж болно.

-Манай улсад нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ямар өөрчлөлт гарч байгаа бол?

-Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоох ажилд улс төрчдийн хүсэл эрмэлзлэл хамгийн чухал байдаг. Авлигатай тэмцэх газар анх байгуулагдах үетэй харьцуулахад энэ хүсэл эрмэлзлэл бодитойгоор нэмэгдэж байна. АНУ-ын Азийн сангийн судалгаагаар иргэдийн авлигатай тэмцэх гэсэн хүсэл эрмэлзлэл нэмэгдэж байна. Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хууль хяналтын байгууллагын удирдлагуудын санаачилга илт нэмэгдэж байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нэгтгэдэг төрийн бус байгууллагууд бидэнтэй хамтран ажиллаж, гэрээ хэлцлүүд хийж эхэлсэн. Бусад улс орны болон олон улсын байгууллагууд Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах талаар нааштай хариу ирүүлсээр байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр авлигын гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж байна. Ийм эерэг үзүүлэлт, үр дүн гарч байгаад шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд чиглэсэн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа болон манай улсын авлигатай тэмцэх төрийн бодлого ч үр дүнд хүрч байгаагийн илрэл юм аа.