Ж.Төмөрхуяг: Сүхбаатар, Хөвсгөл, Өвөрхангай аймгууд дахь төрийн үйлчилгээнд мониторинг хийнэ /2011.02.25/

A- A A+
Ж.Төмөрхуяг: Сүхбаатар, Хөвсгөл, Өвөрхангай аймгууд дахь төрийн үйлчилгээнд мониторинг хийнэ /2011.02.25/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Ж.Төмөрхуягтай ярилцлаа. Тэрээр орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээнийхэн оролцсон “Төсвийн ил тод байдал, худалдан авах ажиллагаанд мониторинг хийх арга зүй” сэдэвт төвийн бүсийн сургалтыг Орхон аймагт зохион байгуулаад иржээ.

-Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан мониторингийн арга зүйн сургалтын онцлог, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид энэхүү сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулсан. Төвийн бүсийн сургалтыг Орхон аймагт, зүүн бүсийн цугларалтыг Сүхбаатар аймагт, баруун бүсийнхийг Баянхонгор аймагт хийлээ. Энэ арга хэмжээнд Дэлхийн банк, Нээлттэй нийгэм форум дэмжлэг үзүүлж байна. Сургалтад авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөгчдийг хамруулсан. Тэд авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах чиглэлээр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлдэг юм. Гэхдээ тэдний зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагааны нэг нь тухайн орон нутаг дахь төрийн үйлчилгээнд болон төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, төсвөө “уншиж” сурах зэрэг чадварыг эзэмших шаардлагатай байгаа. Энэ нь авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Ач холбогдлыг нь ойлгож, мэдэрч байгаа учраас төрийн бус байгууллагуудын сүлжээнийхэн маань сургалтад тун идэвхтэй оролцож байна.

-Авлигатай тэмцэх газар аймаг тус бүрт иргэний нийгмийн сүлжээ ажиллуулж байгаа. Тэдгээр байгууллагуудын үйл ажиллагаа ямар үр дүнтэй байгаа вэ?

-Орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудын сүлжээ байгуулан ажиллуулж байгаа нь тухайн аймагт авлигын эсрэг хийж буй үйл ажиллагаанд нэгэн том хувь нэмэр болж байна. Авлигатай тэмцэх газар бол орон нутагт салбар нэгжгүй байгууллага. Улс үндэстнийг хамарсан авлига гэгч нийгмийн хорт хавдартай тэмцэх, шударга ёсыг тогтоон бэхжүүлэх нь зөвхөн нэг байгууллагын үйл хэрэг байх учиргүй. Тэр тусмаа Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар нэгдсэн удирдлагаар зохион байгуулж, тэднийг авлигын эсрэг тэмцэлд татан оролцуулах үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ дагуу аймаг тус бүрт сүлжээ байгуулан ажиллуулж байгаа. Сүлжээний үйл ажиллагааг улам бүр өргөжүүлэх, гишүүдийг нь идэвхжүүлэх, чадавхижуулах зорилгоор тодорхой сэдэв бүхий сургалт, арга зүйн зөвлөгөөг Авлигатай тэмцэх газраас байнга өгдөг. Үүний дагуу орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний үйл ажиллагаа улам бүр эрчимжиж байгаа.

-Авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлийн сургалтуудын үр ашиг нь юунд байдаг юм бэ?

-Ер нь сургалтын ач холбогдлыг чамлах аргагүй л дээ. Мэдэхгүй зүйлийг нь мэдүүлэхээс гадна мэддэг зүйлийг нь сэргээн бататгахад ч тустай арга хэмжээ. Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй гэдэг үг бий шүү дээ. Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудыг авлигын эсрэг тэмцэлд татан оролцуулах, тэднийг мэдлэг, чадвараар цэнэглэх гээд ач холбогдол нь их. Манай газраас зохион байгуулсан энэ удаагийн сургалтын үр дүнд орон нутаг дахь төрийн бус байгууллагууд тухайн аймгийнхаа төсвийг хянах чадвар эзэмшиж байна. Сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр гурван аймагт тус бүр 2500 ам.долларын мониторинг хийх боломжийг олголоо. Ингэхдээ бүсчилсэн сургалтад оролцсон сэдвүүдээр оролцогчдоос шалгаруулалт хийж сонгосон. Сүхбаатар, Хөвсгөл, Өвөрхангай аймаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээ орон нутгийнхаа төрийн байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх эрхийг аваад байна.