М.Энх-Амар: Өндөр албан тушаалтны орлогын байдалд дүн шинжилгээ хийж байна /2011.04.01/

A- A A+
М.Энх-Амар: Өндөр албан тушаалтны орлогын байдалд дүн шинжилгээ хийж байна /2011.04.01/
Авлигатай тэмцэх газар тав дахь удаагаа Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх ажлыг зохион байгуулаад байгаа. Улсын хэмжээнд Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах 56000 гаруй албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлсэн талаар тус газраас сарын өмнө мэдээлж байсан. Эдгээр албан тушаалтнуудын 270 албан тушаалтан буюу төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө, орлогын байдлыг олон нийтэд ил тод зарладаг билээ. Төрийн өндөр албан тушаалтан гэгддэг хүмүүсийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд хэзээ ил болгох талаар болон албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын байдалд дүн шинжилгээ хийж буй эсэх талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан М.Энх-Амар мэдээлж байна

-Сүүлийн таван жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь гаргуулан авч хянаж үзэж байгаа. Мөн хөрөнгө, орлогын мэдүүлэгт дүн шинжилгээ хийдэг гэж байсан. Дүн шинжилгээ хийж буй ажлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгээ биечлэн гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлдэг 270 албан тушаалтан бий. Үндсэн хуулийн цэцийн дарга томилогдоогүй учраас энэ жил 269 албан тушаалтан хөрөнгө, орлогоо бүртгүүлсэн. Эдгээр албан тушаалтны мэдүүлэгтээ тусгасан орлогын байдалд дүн шинжилгээ хийх ажил явагдаж байна. Төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байгаа албан тушаалтнуудын орлогын хэмжээ, орлогын дундаж түвшин, орлогын өсөлт, бууралт зэрэг олон үзүүлэлтийг боловсруулан гаргаж, дүн шинжилгээг хийдэг. Хуулийн шаардлагад нийцүүлэн төрийн өндөр албан тушаалтны орлогын байдалд дүн шинжилгээ хийснээр бодитой мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй хүргэх, мөн хяналт шалгалтын үйл ажиллагааны чиглэлд ашиглах зэрэг ач холбогдолтой болж байгаа.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын байдлыг олон нийтэд хэзээ ил болгох вэ?

-Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтгэх ажиллагааг явуулж байна. Энэ ажиллагаа дууссаны дараа “Төрийн мэдээлэл” эмхэтгэл болон өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулна. Авлигын эсрэг хуульд төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны хоёрдугаар улиралд багтаан олон нийтэд ил тод болгохоор заасан байдаг. Хуулийн хугацаанд багтааж, олон нийтэд ил тод болгоно.

-Төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна төрийн дунд шатанд ажиллаж байгаа албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын байдлыг мөн олон нийтэд хүргэж байх нь зүйтэй юм шиг санагддаг. Тийм боломж байдаг уу?

- Авлигын эсрэг хуульд заасны дагуу төрийн өндөр албан тушаалтнуудаас бусад албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэл авах бүрэн боломжтой. Мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлахаар хуулинд зааж өгсөн. Авлигатай тэмцэх газрын даргын баталсан “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ын дагуу иргэд албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ танилцах хүсэлтээ тухайн албан тушаалтны харъяалах байгууллагад гаргаад, тухайн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэл авч болно.

Үндэсний шуудан сонин