Ч.Оюунсүрэн: Авлигатай тэмцэх газар төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулаагүй /2011.04.08/

A- A A+
Ч.Оюунсүрэн: Авлигатай тэмцэх газар төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулаагүй /2011.04.08/
Авлигатай тэмцэх газрыг тойрсон “Батлагдсан төсвөө буруу зарцуулдаг, улсын мөнгөөр хувьдаа байр орон сууц худалдаж авсан, авлигатай тэмцэхийн оронд ангийн хэрэгсэл авч, загасанд явдаг, албан хаагчдаа тагнаж чагнасан” гэх зэрэг үнэн, худал нь үл мэдэгдэх дуулиан шуугиан гарч байсан. Харин анхан шатны шүүх Авлигатай тэмцэх газрын удирдлагуудад холбогдох хэргийг шийдвэрлэснээр энэ асуудалд эцсийн хариултыг өгсөн. Тухайлбал, төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх асуудалд гэмт хэрэгийн бүрэлдэхүүн байхгүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан учир энэ хэрэг явдлын талаар олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгнө үү гэж Авлигатай тэмцэх газрын ерөнхий нягтлан бодогч Ч.Оюунсүрэнд хандсан юм. Түүнтэй ийнхүү ярилцлаа.

-Батлагдсан төсвөө буруу зарцуулж, хувьдаа завшсан гэж танай газрыг, газрын даргыг буруутгаж байсан. Харин анхан шатны шүүх үүнийг үгүйсгэлээ. Төсвөө буруу зарцуулаагүй, ангийн хэрэгсэл худалдаж аваагүй юм бол юунд буруутгаж, шалгаад байсан юм бэ?

-Манай байгууллага нэг удаагийн тэтгэмж, урамшууллын зардлаас болон урьд оны төсвийн хэмнэлтээс буцаан олгосон хэмнэлтээс албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж болно гэсэн хууль тогтоомжийн дагуу төсвийн зохих ангиллаас албан хаагчдаа орон сууцтай болоход нь тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Үүнийг төсөв буруу зарцуулсан гэсэн буруу ойлголт үүссэн байсан юм. Мөн орон нутагт салбар нэгжгүй тул аймаг, сумдад томилолтоор удаан хугацаагаар ажиллах шаардлага алба хаагчдад байнга гардаг. Тимээс албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах төрийн үүрэг, төрийн үйлчилгээг албан хаагч нартаа үзүүлэх ажлын хүрээнд албан хаагчдаа хээрийн нөхцөлд өмсөж үүрэг гүйцэтгэх зориулалтын хувцсаар хангасан. Үүнийг мөн хууль бус гэж үзсэн. Мөн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, байгууллагын чадавхийг дээшлүүлэх зорилгоор цөөн тооны албан хаагчдыг гадаадад сургалтанд хамруулсаныг тухайн жилийн төсөвт тусгагдаагүй зардлаар сургалтад хамруулсан, хөрөнгө нөөцлөх нэрээр хэрэгцээнээс илүү гарсан хөрөнгө худалдан авч, мөнгөний эргэлт саатуулсан гэж шалгаж, шүүхийн шатанд очсон байсан. Шүүх энэ бүгдийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

-Ямар ч ан агнуурын хэрэгсэл, загасны уураг, дэгээ аваагүй гэсэн үг үү?

-Үгүй, Манай үйл ажиллагаанд ийм зүйлүүд огт шаардлагагүй.
“Аянчин” гэдэг нэртэй дэлгүүрээс албан хаагчдад зориулалтын хувцас авсан. Аяны, ан агнуурын хувцас хэрэглэл худалдаалдаг дэлгүүр байсан учраас нэртэй нь холбож буруугаар ойлгосон болов уу гэж боддог.

-Хариуцлагатай хүмүүс ч тэгж мэдэгдэж байсан болохоор худлаа хэлсэн гэхэд эргэлзээтэй юм. Холбогдох байгууллагууд газар дээр нь ирж шалгаж үзсэн биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд ээлж дараалан шалгасан шүү дээ. Авсан газар, худалдаж авсан баримт, авсан эд зүйлийг тулгаж үзэж шалгасан. Тэгээд төсвийн хөрөнгийг холбогдох зориулалтын дагуу зөв зүйтэй зарцуулж ажилласан болохыг шүүх тогтоолоо.

-Яагаад “Аянчин” дэлгүүрээс авсан юм бол. Магадгүй тэр дэлгүүр танай байгууллагын хажууд байрладаг болохоор танил талын хэлхээ холбоотой гэж хардаж болно?

-Зориулалтын хувцас хэрэглэл худалдаалдаг тэр дэлгүүрийг сонгон шалгаруулалтаар шалгаруулсан. Албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж явахад аюулгүй байдалд нь анхаарч, зориулалтын хувцсаар хангах нь манай байгууллагын үүрэг л дээ.

-Хэдийгээр албан хаагчдынхаа нийгэм, эдийн засгийн баталгааг хангаж байх үүрэг хүлээсэн ч гэсэн хамгийн гол учир нь энэ үүргээ биелүүлэхдээ хууль зөрчсөн л гэж буруутгаад байсан шүү дээ?

-Зардлыг төсвийн эдийн засгийн ангиллын дагуу төлөвлөөд Сангийн яамаар хянуулж, УИХ Төсвийн тухай хуулиар баталснаар зарцуулдаг. Мөн Төрийн албаны хууль, Авлигын эсрэг хуульд төрийн албан хаагчийг орон сууцаар хангах тухай заалт бий. Дээрх хуулиудын хүрээнд батлагдсан зардлын ангиллын дагуу буюу зориулалтаар нь зарцуулж байсан. Үүнийг ч манай байгууллагын 2007- 2009 оны санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас хйисэн аудитын шалгалтаар тогтоосон. Тус газраас санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн эрсдэлийн аудитаар хуулийн заалт, төсөвт тусгагдсаны дагуу орон сууцны дэмжлэгт зарцуулжээ гэж дүгнэсэн.

-Байр орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж албан хаагчиддаа тодорхой хэмжээний мөнгө олгодог байсан гэж та түрүүн хэллээ. Дэмжлэг өгөх албан хаагчдаа ямар шалгуураар сонгодог юм бэ?

-Манай байгууллага шинээр байгуулагдсан. Албан хаагчдын дийлэнхи олонхи нь 35 хүртэлх насны залуучууд. Нийтийн болон оюутны байранд эсвэл айлын хажуу өрөөнд, аав ээжтэйгээ амьдардаг гэх зэрэг өөрийн гэсэн байр орон сууцгүй нь мөн дийлэнх нь. Хөдөө орон нутгаас шилжин ирж ажилласан, Улаанбаатарт орон сууцгүй ажилтнууд ч байгаа. Албан хаагчиддаа иж бүрэн байр аваад өгөх боломж манай байгууллагад байхгүй. Тиймээс илүү олон хүнийг байртай болоход нь дэмжлэг үзүүлье гэдэг үүднээс байрны урьдчилгаа төлбөрөө төлөхөд дэмжлэг болгож тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ядаж ингэж ч болтугай эдийн засгийн баталгаагаар нь хангах гэж оролдсон. Төсөв батлагдсан ч хүссэн болгонд нь дэмжлэг үзүүлээгүй. Харин ч байгууллагын даргын тушаалаар томилогдсон албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх комиссын гишүүд эхний ээлжинд орон сууц хүссэн өргөдөл гаргасан албан хаагчдынхаа ар гэрээр нь явж ахуй амьдралыг нь судалж, орчин нөхцөлтэй нь танилцаж үзээд үнэхээр хүнд нөхцөлд амьдардаг албан хаагчиддаа энэ комиссын ажиллах журмын дагуу дэмжлэг үзүүлж байсан.

-Түрүүн та хэрэгцээнээс илүү гарсан хөрөнгө нөөцөлж, мөнгөний эргэлт саатуулсан гэж буруутгаж байсан гэж дурьдаад өнгөрлөө. Энэ талаараа товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Авлигатай тэмцэх газар анх байгуулагдаад шинэ байранд ороогүй. Хуучин хэвлэх үйлдвэрийн байрыг засч янзлаад орсон. Энэ байрны өрөө тасалгааны хэмжээ жижиг, бүх албан хаагчид багтдаггүй нь үүрэгт ажлаа хэвийн явуулахад хүндрэлтэйн зэрэгцээ ажилтнуудын эрүүл ахуйн байдалд муу нөлөөтэй байгаа. Өнөөдрийн байдлаар нэг алба маань тэр чигтээ түрээсийн байранд байна. Ажлын хэвийн нөхцлийн шаардлага хангахгүй байртай учраас өргөтгөлийн барилга барихаар 2008 оны төсөвт саналаа өгсөн. Ингэж санал өгөхдөө хуучин байр болон өргөтгөлийн барилгын цахилгааны тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж цахилгааны үүсгүүр худалдан авахаар санал өгсөн байсан юм. Тэр үед өргөтгөлийн барилгыг хойшлуулаад, харин цахилгааны эх үүсгүүр авах зардлыг баталж өгсөн. Тэр дагуу холбогдох эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч, нээлттэй тендер зарлан цахилгааны эх үүсгүүрээ авсан. Энэ цахилгаан эх үүсгүүрийг өргөтгөлийн барилгадаа суурилуулахаар төлөвлөсөн байсан. Барилга нь баригдаагүй байхад уг үүсгүүрээ гадаа ил суурилуулж болохгүй биздээ. Гэтэл үүнийг нөөцлөх нэрээр хэрэгцээнээс илүү хөрөнгө худалдан авч, мөнгөний урсгал саатуулсан гэж үзэж байсан ч шүүх хэрэгсэхгүй болголоо.

Авлигатай тэмцэх газар бизнесийн байгууллага биш, мөнгөний эргэлт саатуулсан гэж үзэх үндэслэлгүй байсан.

-Танай байгууллага нэлээн л удаан шалгуулсан байх. Ямар ямар байгууллагуудад шалгуулав. Ажлаа хийнгээ шалгуулж байхад мэдээж сэтгэлзүйн хувьд хүнд байсан байх?

-2009 онд Улсын мөрдөн байцаах газар, 2010 он гараад Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, Үндэсний аудитын газар шалгасан. Жил гаруйн хугацаанд тасралтгүй шалгууллаа. Ингэж шалгуулсны эцэст төсөв буруу зарцуулсан гэдэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэдгийг шүүх тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Авлигатай тэмцэх ёстой газрын удирдлагууд өөрснөө төсвөө буруу зарцуулдаг гэсэн ойлголт олон нийтийн дунд бий болсон байсан. Гэвч шүүх Авлигатай тэмцэх байгууллагын удирдлага төсвийн тухай хуулиудыг зөрчөөгүй гэдгийг нотолж, шийдвэрээ гаргалаа. Жилийн турш, хагас бүтэн сайн өдрүүдэд ч гэсэн дуудагдаж, шалгуулж байсан нь сэтгэл зүйд, ажлаа хэвийн явуулахад ч хүнд байгаагүй гэж хэлэх боломжгүй юм даа.

Б.Лхагважав
/Нийгмийн толь сонин/