Ч.Оюунсүрэн: Үндэсний аудитын газар Авлигатай тэмцэх газрын санхүүгийн тайланг үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн гэж дүгнэсэн /2011.04.19/

A- A A+
Ч.Оюунсүрэн: Үндэсний аудитын газар Авлигатай тэмцэх газрын санхүүгийн тайланг үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн гэж дүгнэсэн /2011.04.19/
Авлигатай тэмцэх газар олон улсын байгууллагуудын хандив болох 40 сая төгрөг, гүйцэтгэх ажиллагааны 177 сая төгрөгийг дансандаа тусгалгүй нууж байсан гэх мэдээлэл зарим хэвлэлд гарчээ. Дээрх мэдээлэлд Авлигатай тэмцэх газрын ерөнхий нягтлан бодогч Ч.Оюунсүрэн дараах хариултыг өгч байна.

Ч.Оюунсүрэн:
-Үндэсний аудитын газраас хийсэн 2010 оны санхүүгийн тайлангийн аудитаар Авлигатай тэмцэх газрын 2010 оны санхүүгийн тайлангийн төлөв байдал, үйл ажиллагаа зөрчилгүй гэж гарсан. Үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн гэж үнэлэлт, дүгнэлт өгсөн байгаа.

Харин 2009 онд “Дэлхийн банк” болон “Трансперенси интернэшл” олон улсын байгууллагаас “Дэлхий нийтийн авлигын хэмжүүр”, “Авлигын индекс” гэсэн судалгаануудыг хийхэд зориулан 35.6 сая төгрөг гаргаж, судалгаанд оролцогч 21 аймаг, гурван хот зэрэг маш олон нэгжүүдэд бэлэн бусаар хуваарилсан. Мөнгийг нэгжүүдэд шууд хүргэх нь олон улсын байгууллагуудад хүндрэлтэй байснаас Авлигатай тэмцэх газрын дансаар дамжуулан зарцуулахаар шаардлага тавьсан. Үүний дагуу манай байгууллагын дансаар дамжин дээрх мөнгө зориулалтын дагуу зарцуулагдсан байгаа. Авлигатай тэмцэх газар батлагдсан төсвийн зарцуулалтаа санхүүгийн тайландаа тусгаад явдаг. Олон улсын байгууллагуудын дээрх хандивын мөнгө хэдийгээр тухайн байгууллагынхаа санхүүгийн тайланд тусгагддаг ч Авлигатай тэмцэх газар мөн санхүүгийн тайландаа тусгаж явах нь зүйтэй юм гэдэг зөвлөмжийг Үндэсний аудитын газраас өгсний дагуу Авлигатай тэмцэх газар 2009 оны санхүүгийн тайландаа тусгасан байгаа.

Гүйцэтгэх ажлын зардлын мөнгөний тухайд бол 2009 оны гүйцэтгэх ажлын зардал тайланд 177.2 сая төгрөгөөр дутуу дүгнэгдсэн алдаа гарсан. Дутуу дүгнэгдсэн энэ мөнгө Үндэсний аудитын газраас Авлигатай тэмцэх газрын 2007-2009 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн эрсдэлийн аудитаар зориулалтын дагуу зарцуулагдсан нь тогтоогдсон. Анхан шатны нэгж баримттай нь тулгаж, үүнийг тогтоосон. Тиймээс ч 2009 оны санхүүгийн тайландаа гүйцэтгэх ажлын зардлыг бүрэн тусгасан.