Б.Батзориг: Албан тушаалтантай холбоотой асуудал хөндсөн сэтгүүлчид халдлагад өртөх нь их байдаг /2011.05.04/

A- A A+
Б.Батзориг: Албан тушаалтантай холбоотой асуудал хөндсөн сэтгүүлчид халдлагад өртөх нь их байдаг /2011.05.04/
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож буйтай холбогдуулан “Сэтгүүлчдэд эрх чөлөө олго” гэсэн сэдэвтэй уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 2-ны өдөр Глоб интернэшл, Нээлттэй нийгэм хүрээлэн, АНУ-ын Элчин сайдын яам зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан. Хэвлэл мэдээллийн эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо гаргадаг дээрх байгууллагуудаас гадна сэтгүүлчид оролцсон уг хэлэлцүүлэгт хууль хэрэгжүүлэх байгууллагуудаас мөн төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзоригтой авлига, албан тушаалын хэргийг эрэн сурвалжилж бичдэг сэтгүүлчдэд тулгарч буй бэрхшээл, дарамт хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж байна уу гэсэн сэдвийн хүрээнд дараах ярилцлагыг өрнүүллээ.

-Хэвлэл мэдээллийг дөрөвдэх засаглал гэдэг. Хууль хэрэгжүүлэгч, мөн судлаач хүний хувьд та хэвлэл мэдээллийг дөрөвдэх засаглал байж чаддаг гэдэгтэй санал нийлж байна уу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол дөрөвдэх засаглал яалт ч үгүй мөн. Харин энэ дөрөвдэх засаглалын үүргээ гүйцэтгэж чадаж байна уу гэдгийг хүн бүр өөр өөрийн үнэлэмж, байр сууринаас илэрхийлэх байх. Илэрхийлж ч байгаа.

Эрх зүйн ямар ч тогтолцоотой улс байсан хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, хууль зөрчигдсөн тохиолдолд шалгаж хариуцлага хүлээлгэх /шүүх/ гэсэн гурван засаглал бий. Энэ гурван засаглалын хэлбэр хоорондоо уусах нь сөрөг үр дагаварт хүргэдэг талаар эрдэмтэн судлаачид бүтээлдээ дурьдсан байдаг. Тийм ч учраас дээрх гурван засаглалын үйл ажиллагаа хуулийн хүрээнд, хүний эрхийг дээдэлсэн хэмжээнд байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавьж, төрийн эрхийг барьж буй ард түмэнд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх ажлыг хэвлэл мэдээллийнхэн хийдэг учраас олон улсын хэмжээнд үүнийг дөрөвдэх засаглал хэмээн нэрлэдэг.

-Манайд хэвлэл мэдээллийнхэн дөрөвдэх засаглалын үүргээ гүйцэтгэж чадаж байгаа болов уу?

-Трансперенси олон улсын байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексийн судалгаагаар манай улс сүүлийн хоёр жил дараалан 2.7 үнэлгээтэй буюу хяналтгүй төр гэсэн ангилалд орсон байгаа. Мөн Дэлхийн банкны судалгаагаар Монгол төрийн авлигыг хянах чадварын үнэлгээ тогтмол буурсан үзүүлэлт гардаг. Үүнийг нэг талаас харвал төр үйл ажиллагаагаа олон түмэнд хүргэхгүй, хаалттай байгаа, нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон түмэнд мэдээлэл хүргэх ажил хангалтгүй байгаа дүр зураг юм.

-Яагаад сэтгүүлчид мэдээлэл хангалтгүй дамжуулж байна гэж. Сэтгүүлчид харин ч төрийн байгууллагуудаас мэдээлэл олж авч, олон түмэнд хүргэх гэж маш олон бэрхшээлтэй нүүр тулдаг юм шүү дээ?

-Сэтгүүлч олон түмэнд хүрэх ёстой мэдээллийг яагаад хангалтгүй дамжуулж байна гэхээр энд Авлигын индексийн үнэлгээ хангалтгүй гарахад нөлөөлж байгаа хүчин зүйлээс хоёрыг дуръдая. Нэгдүгээрт, төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод бус байна. Хоёрдугаарт Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлах үйл явцад арван жилийн турш ахиц гараагүй гэж олон улсын байгууллага дүгнэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, сэтгүүлч мэдээллийг хангалтгүй дамжуулж байгаа нь сэтгүүлчдийн буруу бус, дээр дурьдсан хоёр хүчин зүйлээс хамааралтай болж байгаа юм. Мөн сэтгүүлч хүн дөрөвдэх засаглалын үүргээ гүйцэтгэхийн тулд улс төр эдийн засгийн хувьд хараат ажиллах нөхцөл манайд бүрэн бүрдээгүй. Эрх зүйн орчны хувьд сэтгүүлчийн үйл ажиллагааны боломжийг хязгаарласан байдалтай байна.

-Тэгвэл төдийлөн урагш ахихгүй байгаа хэвлэл мэдээллийн эрх, эрх чөлөөний эрх зүйн орчныг яаж сайжруулах вэ?

-Энэ тал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын идэвх илт нэмэгдэж байгаа. Үндсэндээ хэвлэл мэдээлэлд эрх, эрх чөлөө олгох чиглэлээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулаад явж байна. Гэхдээ хууль батлах нь нэг хэрэг. Хамгийн гол нь асуудал нь энэ хууль Монголын хөрсөнд ойрхон, олон улсын стандартад нийцсэн, хэвлэл мэдээллийн эрх, эрх чөлөөг жинхэнэ утгаараа хангасан байх ёстой. Ийм түвшинд хүргэхэд сэтгүүлчдийн өөрсдийн идэвх, оролцоо, санал санаачилга хамгаас чухал. Тиймээс сэтгүүлчид энэ асуудал дээр өөрсдөө дуу хоолойгоо гаргаж, хууль тогтоогчдод үгээ хүргэх нь үр дүнтэй. Хууль хэрэгжээд эхэлсэн хойно “Болохгүй байна” гэх нь төдийлөн ач холбогдолтой байж чадахгүй болов уу. Болж өгвөл сэтгүүлч бүр Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон бусад энэ чиглэлийн хуулийн төслийг үзэж, саналаа өгмөөр байгаа юм. Сэтгүүлчдэд саналаа өгөх эрх нь нээлттэй шүү дээ.

-Авлига, албан тушаалын хэргийг илчилж, илрүүлж олон түмэнд мэдээлэхээр эрэн сурвалжлах сэтгүүлчид ажилладаг. Ингэж ажилласныхаа төлөө албан тушаалтнуудын дарамтад орж, бэрхшээлтэй нүүр тулж байгаа сэтгүүлч цөөнгүй байгаа. Энэ тохиолдолд танай байгууллагын зүгээс сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагатай эрхийг нь хамгаалах чиглэлээр ч юмуу дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах уу?

-Ямар нэг хууль дүрэмд захирагдахгүй, өөрийн болон тодорхой хэсэг бүлгийн хувийн явцуу эрх ашгийн төлөө ажилладаг, ард түмэнд үйлчлэх төрийн албыг хувьдаа мөнгө олох хэрэгсэл гэж хардаг албан тушаалтнууд энэ үйл ажиллагаа нь олон түмэнд ил болох вий гэхээс эмээдэг. Албан тушаалтнуудын ийм зүй бус үйл ажиллагааг олон нийтэд хүргэх ажлын тэргүүн эгнээнд сэтгүүлчид байсаар ирсэн, цаашдаа ч байна. Олон улсын болон манай улсын туршлагаас харахад зарим тохиолдолд томоохон авлигын хэргийг, хэргийн сэжүүрийг олны анхааралд хүргэж, шалгуулсан үйл ажиллагаанд сэтгүүлчдийн оруулсан хувь нэмэр их. Олон улсын хэмжээнд 2010 онд 66 сэтгүүлч алагдсан. Дайны үйл ажиллагааг бичдэг сэтгүүлчид, авлигын хэрэг болон албан тушаалтны зүй бус үйлдлийг илчилдэг эрэн сурвалжлах сэтгүүлчид хамгийн их амь насаа алддаг юм билээ. Ер нь албан тушаалтантай холбоотой асуудал хөндсөн сэтгүүлчид халдлагад өртөх нь их байдаг.

Манайд одоохондоо сэтгүүлчийн амь насанд халдах хэмжээнд нөхцөл байдал бий болоогүй ч үнэнийг ил гаргаж тавьсан сэтгүүлчийг янз бүрээр дарамталж, айлган сүрдүүлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд, ялангуяа авлигын хэргийн талаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулдаг сэтгүүлчдэд эрэн сурвалжлага хийх явцад тохиолдох эрсдэлээс гарах арга замын талаар сургалт тогтмол явуулах ёстой. Тиймээс ч манай байгууллага энэ чиглэлээр сэтгүүлчидтэй хамтран ажиллах эхний алхмаа хийхээр төлөвлөж байгаа. Мөн авлига, албан тушаалын хэрэг бичсэнээсээ болоод дарамтад орсон сэтгүүлч хандаад ирэхэд эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгөх ажлыг Глоб интернэшнл төрийн бус байгууллагатай хамтран хийж байна.

Энэ оноос эхлэн хэвлэл мэдээлэл дээр гарсан авлигын шинжтэй мэдээллийн мөрөөр шууд шалгах боломжийг прокурорын байгууллага зөвшөөрсөн. Тиймээс цаашид авлига, албан тушаалын хэргийг эрэн сурвалжилж бичдэг сэтгүүлчидтэй манай байгууллага гэлтгүй мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагууд үр дүнтэй хамтарч ажиллах байх аа. Авлигатай тэмцэх газар болон сэтгүүлчийн үйл ажиллагаа зарчимын хувьд адилхан. Гол ялгагдах зүйл нь авлигатай тэмцэх байгууллага зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн зохицуулалт хангалтгүй, дутмаг байдал болж ирэхэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж нь хязгаарлагддаг. Тэгвэл хэвлэл мэдээллийнхний хувьд хуулиар хориглоогүй бүхнийг хийж болдог. Тийм учраас сэтгүүлчдийн үйл ажиллагааг дээрээс буюу албан тушаалтнууд хязгаарлаж чадахгүй. Зорилго болон алтан тангарагтаа үнэнч сэтгүүлчийг хэн ч зогсоож чадахгүй. Үхэл л зогсоох байх.

-Улстөр, бизнесийн бүлэглэлийнхэн хэвлэл мэдээлэлд нөлөөгөө тогтоох эрсдэл нэмэгдэж байгаа талаар танай байгууллагаас саяхан олон нийтэд мэдээлсэн Улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаанд дурьдсан байсан. Улстөр, бизнесийн бүлэглэл хэвлэл мэдээлэлд нөлөөгөө тогтоох эрсдэлийг сааруулах чиглэлээр ямар ажил хийхвэ. Санал бодлоо хуваалцахгүй юу?

-Эздийн нөлөөг бууруулах арга байхгүй ч нөлөөгөө тогтоож байгаа бүлэглэл буюу эздийг ил болгох ёстой болов уу. Энэ чиглэлээр дагнан судалдаггүй учир сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ олон улсад энэ хүндрэлийг даван туулсан л байгаа. Тэдний туршлагыг сайтар судлаад хуульдаа тусгах нь зүйтэй. Улстөр, бизнесийн бүлэглэлийнхэн хэвлэл мэдээлэлд нөлөөгөө тогтоох эрсдэл нэмэгдэж байгаа энэ үзүүлэлт цаашдаа муудсаар байх юм бол үндсэндээ бид социализмдаа эргэж орно.

О.Сайханцэцэг
/Өдрийн шуудан сонин/