Авлигыг зөвхөн Та л зогсоож чадна

A- A A+
Авлигыг зөвхөн Та л зогсоож чадна
Сайхан зусч байна уу?
Эрхэм хүндэт иргэн Танд энэ захидал хүрэх өдрийн мэнд хүргэе!
Таныг эрүүл саруул нийгэмд амьдрахыг хүсдэг гэдэгт итгэж байгаа учраас би энэ захидлыг бичихээр шийдсэн юм. Хүн төрөлхтөний хамгийн ихээр эрхэмлэдэг үнэт зүйлсийн нэг нь шударга ёсны төлөөх тэмцэл, илэрхийлэл, хүсэл эрмэлзэл байдаг. Үүний гол дайсан нь авлига гэдэгтэй Та санал нийлэх биз ээ. Эх сайхан орныг минь авлига гэдэг аймшигт мангас өдөр, цагаар цөлмөж дуусах нь. Үр хүүхдийн маань идэх хоол, өмсөх хувцсыг өм цөм дутааж бараад, улам цаашлан амьдрах газар нутаг, орон гэр, хашаа хороог минь ч булаах нь энүүхэнд болжээ. Өнөөдөр монголчууд та бидний дунд авлигын хар саварт хэд гурван төгрөгөө алдаагүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй байх. Үүнийг бид хүсдэг бил үү?

Авлигыг хоёр утгаар тодорхойлж болно. Аль аль нь муу. Ерөнхий утгаараа бол авлигаас жирийн ард иргэд нэлэнхүйдээ хохирч үлддэг. “Хэн гуай албан тушаалаа ашиглан авлига авч сайхан амьдарч бо-лоод байхад би яахаараа болдоггүй юм” гэсэн эзэн биегүй атаа жөтөө газар авч, энэ нь эргээд нийгмийн шударга ёсыг алдагдуулж, эмх замбараагүй байдлыг бий болгоно. Ингээд л нийгмийг хамарсан ажилгүй-дэл, архидалт, хууль бус наймаа, танил талын сүлжээ, эдийн засгийн луйвар... тэсч тэвчихийн аргагүй муу муухайн үүд хаалга өөрөө аяндаа нээгдэнэ. Биз-несмэнүүд авлигад зарцуулсан мөнгөө бараа, бүтээг-дэхүүнийхээ үнэд шингээн алдагдлаа нөхөх гэж эрмэлзэх нь эцсийн дүндээ хэрэглэгч буюу иргэн Танд, надад, бидэнд үүрүүлсэн авлигын төлөөс болно.

Тэгвэл явцуу утгаараа авлига нь хар санаа, өшөө хорсол, дайсагнал, аллага тонуулыг даллана. Улмаар охид бүсгүйчүүдийг барьцаалах, газар нутаг, эд баялгаараа наймаалцах, тусгаар тогтнолоо алдах аюулыг ч дагуулна. Нэг үгээр хэлбэл, ШУДАРГА ЁС орон зайгаа авлигад алдаж, ард олон итгэл найдвараа булшлуулна гэсэн үг.

Гэхдээ авлигыг давагдашгүй хүч гэж бүү төсөөл. Харин ч сул дорой нэгэн юм шүү. Та бидний хууль журмаа хүндэтгэн сахихгүй, үл тоомсорлодог, шударга бус зарчимч биш зан үйл түүнийг амилуулж байдаг юм. Хялбар амьдралыг хүсч, олз ашиг хайх сонирхолтой хэн бүхний хомхой сувдаг үйлдэл л түүнийг сэргээж байдаг юм.

Цас ханзрах цагаар олон жилийн хур хог ил гарч эрүүл амьдрах нөхцөл бололцоог маань боогдуулдаг. Ой мод, онгон байгаль маань түймэрт хуйхлагдаж үнс нурам болж байна. Урьд нь ус урсдаг байсан газар хуурай сайр болж, ой мод саглайж асан уулс өдгөө нүцгэн толгод болон харсаар байтал хувирч байна. Хайлах цасан дороос өвс ургамал аятай “соёолон” гарч ирэх хогийг Та байх л зүйл гэж хэлэхгүй биз. Энэ бол ажил үүргээ умартсан хүмүүсийн увайгүй зангаас ургасан хог юм. Ой, хээрийн түймрийн тухай мэдээнд бид хэтэрхий дасчихсан байжээ. Эрдэнэт хүний алтан амийг авч одох хүртэл хаврын хуурайшил гэж ярьсаар ирэв. Үнэндээ энэ нь хувиа хичээсэн хүмүүсийн сувдаг сэтгэлээс авалцаж байдаг гал юм. Орхон гол тасарч, Улаан цутгалан ширгэснийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байвал бүү итгэ. Аль нэг сувдаг сэтгэлтэн авлигад өгчихсөн нь тэр шүү.

Одоо боллоо! Хэдий болтол энэ бүхнийг хүлцэн тэвчих юм бэ? Амьдралын минь утга учрыг хүртэл үгүй хийж дуусахаас нь урьтаж цөмөөрөө хамтран авлигыг устгая! Хөгжлийг сааруулж, ядуурлыг гааруулж байгаа авлигатай бүгдээрээ гар, санаа нийлэн одооноос л тэмцье! Буруу бүхнийг өөрчилье! Эрх мэдлээ ашиглан биднийг хохироох гэсэн аливаа үйлдлийн эсрэг хамтдаа зогсъё! Хэн нэгэнд тал засах гэхдээ та бидний хүлээлгэсэн итгэл, хариуцлагыг уландаа гишгэж байгаа гэм буруутай үйл ажиллагааг таслан зогсооё! Амьдралынхаа сайн сайхныг, ирээдүй хойчоо авран хамгаалцгаая! Үр хүүхдүүддээ эрүүл саруул, шударга нийгэм өвлүүлэн үлдээе!

Авлигатай тэмцэхэд миний оролцоо гэж юу байхав дээ хэмээн Та бодож байж магадгүй. Тийм биш ээ. Харин ч Таны, зөвхөн Таны оролцоо юу юунаас илүү, чухамдаа ус, агаар шиг хэрэгтэй байна. Учир нь нийгмийн аливаа харилцаа зөв, шударга байх нь Та биднээс өөрсдөөс маань шалтгаална, бас эхэлнэ. Наанадаж замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтлах нь авлигагүй нийгмийг байгуулахад оруулж байгаа Таны тус нэмэр болох юм шүү.

Үр хүүхдээ амьдралын зөв хэвшилтэй, амар хялбарыг хайдаггүй, ашиг хонжоо хардаггүй, хайрлах хүндлэх сэтгэлтэй, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, хуулиа дээдлэн биелүүлдэг, шударга сайн хүн болгож хүмүүжүүлэх нь авлигагүй нийгмийн төлөөх Таны оролцоо байх болно.

Ойр тойрны хэн нэгэн, эс бөгөөс найз нөхөд тань шударга бус үйлдлийнхээ ашиг хонжоогоор сайрхах гэх вий. Түүнд огтхон ч атаархахгүй гэдгээ хэлж, харин ч энэ үйлдэл өөрийг нь муухай харагдуулж байгааг ойлгуулж чадвал авлигыг устгахад Та бахархам хувь нэмэр оруулж байна гэсэн үг.

Та чадна аа. Өгөхгүй бай, авахгүй бай! Нэхвэл илчил! Авлигыг зөвхөн Та л зогсоож чадна.

Гүнээ хүндэтгэсэн: Авлигатай тэмцэх газрын дарга Б.ДАНГААСҮРЭН