Авлигатай “гал унтраах” маягаар тэмцмээргүй байна

A- A A+
Авлигатай “гал унтраах” маягаар тэмцмээргүй байна
Авлига гэгч үзэгдэл бүх муу зүйлийн эхлэл болоод байна. Хэдийгээр нийтлэлээ ийм таагүй өгүүлбэрээр эхлүүлэх нь харамсалтай байгаа ч өнөөгийн нийгэмд, та бидний үзэж өнгөрүүлж буй өдөр хоногууд дандаа хар бараан өнгөөр будагдан одож байгаа нь үгүйсгэшгүй үнэн. Гэрэл гэгээтэй сайхныг олж харах боловч муухай өнгө нь давамгайлаад байнаа.

Муухай бүхний үүд хаалга нь авлига гэж хэлэх үндэс бий. Хамгийн сүүлийн тодоос тод жишээ гэвэл Дархан-Уул аймгийн Хонгор суманд үүссэн нөхцөл байдал, нийслэлийн Багануур дүүрэг дэх хэрэг явдлыг нэрлэж болно. Эрдэнэт хүний амь эрсэдсэн, ирээдүйн амьдрах баталгаа алдагдсан энэхүү бусармаг үйл явдлын цаана төр, түмний өмнө үүрэг хүлээсэн хэн нэгэн албан тушаалтны хариуцлагагүй хандсан, ашиг сонирхлын зөрчилд автсан өчүүхэн сувдаг сэтгэлтний хомхой хүсэл л байгаа. Энэ мэтийг өөр хоорондоо биднийг ярилцах зуур цаана чинь Өмнөговь аймагт бүхэл бүтэн уулыг газрын хөрснөөс арчаад хаячихсан байна. Байшин барилгыг барьдаг биш авчраад тавьдаг мэт болсон өнөө үед чанаргүй барилгууд өдөр өдрөөр нэмэгдэж, тэр хэрээр орон сууцны үнийн галзуурал, чанарын доройтол, хэрэглээний солиорол цөм сүлэлдэн хэзээ та биднээс хэнийг маань цаг бусаар сугалан авч одох бол оо. Хоол зооглох бүртээ хор хүртэж буйгаа эс мэдэн, алтан амиараа дэнчин тавин тавин бүгдээрээ амьдармар аядсаар л байх уу? Болоод байгаа энэ бүх үйл явдал байгалийн гамшиг, газар хөдлөлт огт биш ээ. Зөвхөн хүний, та бидний, бүр тодруулбал хэн нэгэн албан тушаалтны адгийн хүсэл сонирхлоос үүдэн гарч байгаа гамшиг юм шүү. Мууг зөгнөн, ёр дуудаж буй хэрэг ч биш, зүгээр л бүгдээрээ энэ бүхнийг таслан зогсоохгүй бол хожмын өдөр авлигын хар сүүдэр миний, чиний, таны амьдралд цэг тавихаар улам бүр дөтөлж айсуй.

Авлигатай тэмцэх газар гэж шинэ байгууллагыг байгуулсан, энэ газрын үйл ажиллагаа ямар ч байсан эхэлсэн. Зарим ажил нь олон нийтийн дэмжлэг хүлээж, нэг хэсэгт нь айдас төрүүлж байх шиг байна. 90 албан хаагчийн орон тоотой энэ байгууллага дангаараа авлигатай тэмцэнэ гэж байхгүй. Энэ байгууллагын үндсэн чиг үүрэг нь авлигатай тэмцэх мөн боловч нийгмийн энэ бохир үзэгдэлтэй нийтээрээ, өөрөөр хэлбэл БҮГДЭЭРЭЭ тэмцэх хэрэгтэй. Үнэн хэрэгтээ та бид морин дээрээс сэлмээ эргүүлцгээгээд байна. Одоо мориноосоо буугаад улс гэрээ эзний ёсоор өөд татах цаг болжээ. Авлигатай тэмцэх газар гэж нэг байгууллага бий болгочихоод тэрийгээ харааж ерөөх бай болгон нулимж суухаа больцгооё. Иргэн Та өөрөөсөө “Би яагаад авлигатай тэмцэх ёстой юм бэ” гэж асуу. “Би юуны төлөө авлигатай тэмцэх хэрэгтэй вэ” гэж бас асуу. Хариулт нь ганц л байх вий. “Сайн сайхан амьдралын төлөө”. Таны амьдрал зөвхөн танаар л дуусахгүй гэдгийг сана. Үртэй хүн үрээрээ гэж үг бий. Үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө одооноос, яг өнөөдрөөс л эхэлмээр байна. Үр хүүхэддээ үйлийн үр үлдээж, хожмын амьдралд нь хар балаг тарихыг хүсэгч нэгэн нь тэгж хүсч л байг. Гэвч ирэх цагийн гэрэл гэгээ рүү дийлэнх нь тэмүүлж байгаа. Тиймээс булт олныхоо хүчээр авах, идэхийн хэмжээлшгүй шуналтныг, албан тушаалаа урвуулан ашиглагчийг хазаарлан номхруулж чадна.

Авлигатай тэмцэх газрыг өдгөө хүнд сурталтнууд хүнд модон хаалгаа мөргүүлэн буцаахыг эрмэлзэж байна. Тэдний үгийг алга ташин хүлээж авах дуу хоолой, хүсэл зориг, итгэл найдвар, урмын сайхан дэмжлэг, зөвийг түшсэн шүүмжлэл яг одоо дутагдаж байна. Үүнийг та бид хийж чадна. Өнөөхөндөө авлигатай бид гал унтраах маягаар тэмцэж байна. Гал гаргахгүй байх нь л хамгийн чухал гэдгийг та мэднэ. Үүний тулд үндэсний хэмжээний бөгөөд урт удаан хугацаанд хэрэгжих стратеги шаардлагатай байна. Нийгмийн бүх л төвшнийг хамарсан цогц бодлого байх хэрэгтэй гэсэн үг. Авлигаас урьдчилан сэргийлье гэхэд наанаа за гэж хэлэвч цаашаа хараад салаавч үзүүлж суудаг төрийн байгууллагын албан тушаалтнууд олон байна. Тэднийг нэгдсэн нэг бодлогоор “за гэвэл ёо-гүй” ажиллуулах ёстой юм. Тэгэхийн тулд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг парламент, гүйцэтгэх засаглалын төвшинд батлуулан, хэрэгжүүлэх учиртай болно. Авлигатай тэмцэх газрыг үл тоодог, ард түмнийг басамжилдаг юм гэхэд өөрийг нь томилсон Засгийн газрын өмнөөс арай ч салаавч үзүүлэхгүй байлгүй.

Сэтгүүлч М.Буянбадрахын бичсэнээр бид авлигыг, авлигачныг “шүүмжилж чаддаг шигээ шүүж бас чадна”. Шүүхийн тулд мориноосоо бууцгаая. Салхи татуулан давхиж ирээд хэдэн үг хэлмэгцээ буцаад давхидаг, давхиут дундаа сэлэм эргүүлдэг зангаасаа ангижирмаар байна. Ядаж мориныхоо амыг татъя. Эс тэгвээс бид судлаач Д.Баярхүүгийн бичсэнчлэн давхисаар давхисаар нийгэмшилгүй үлдсэн цыганууд болчих вий. Мориноосоо бууцгаая, таминь ээ!

Б.ЭРДЭНЭСОЛОНГО /”Зууны мэдээ” сонин. №15 /2775/