“Дүү”-гийн өчил

A- A A+
“Дүү”-гийн өчил
Авлига “ах” багадаа “арын хаалга” гэдэг хочтой байж билээ. Дэлгүүр хоршооны хойд хаалгаар ороод эрхлэгч, худалдагч мэтийн хүмүүстэй уулзаад л лангуун дээр байхгүй ховор живэр барааг олж авахаас хэтэрдэггүй, их муухайдаа л “урт хумстай”, гэхдээ гэм хор багатай, хөөрхөн бор банди байж билээ.

Авлига “ах”-ыг тэр нэрээр нь дуудвал уурлах байх даа. Одоо ч нас бие гүйцээд их том “залуу” болсон байна лээ. Уулздаг хүмүүс нь ч голдуу том дарга, албан тушаалтнууд байх юм. Тэгээд бас авлига “ах” олон хамтран зүтгэгч найзуудтай болсон гэсэн. Тэдгээр нь бүгд “мэргэжил”-дээ сайн, их нарийн мэргэшсэн хүмүүс байдаг. Миний мэдэхээр хамгийн сайн гурван “найз” нь хахууль өгөгч, авагч, зуучлагч хүмүүс байгаа. Та нар магадгүй таних байх даа, ертөнцийн гурван бузарт хүртэл гардаг шүү дээ.
“Хумсны хир нэг бузар
Хулгайчийн гар нэг бузар
Хуульд хахууль нэг бузар” гээд л… Тэр нөхдүүд хааяа энд тэнд эрээ цээрээ алдчихсан ил явж харагддаг юм.

Авлига “ах”-д өөртэй нь ижил зиндааны хоёр сайн “найз” байгаа. Тэднийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглагч, урвуулан ашиглагч гэдэг юм. Хийх ёстой зүйлээ хийхгүй, хий гэж хэлээгүй ажлыг хийдэг нөхдүүд л дээ. Амьтнаар бол гахайтай зүйрлэх үү дээ. Гахайг хүмүүс их ашигтай амьтан гэдэг шүү дээ, тэгвэл “ах”-ын тэжээвэр гахай ойрын хүмүүстээ л ашиг тустай, харин нийгэмд, бас “дүү” бидэндээ бол яг л гахайн хороо шиг бохир заваан харагдаж байна. Гэхдээ нэгэн өдөр гахай шиг л дуусах байх даа. Түүний араас хэн ч харамсдаггүй биз дээ. Хөөрхий гахайг буцлам халуун усаар шалзлаад төхөөрдөг юм шүү дээ.

Дэлгүүрийн арын хаалганаас эхэлсэн “ах хүү” гуай маань “аавын цээж” гарган ханцуй дотор, халааснаас халаасанд, хоёр цүнхний хооронд, бичиг баримтын завсар, заавал биелүүлэх амлалтын дунд, даргын тамганы дардас, төрийн түшмэлийн гарын үсэгний хээг дамжин улам улам өнгө орон гялалзаж явна. Гэхдээ таны энэ өнгө хуурамч, цаг зуурынх шүү дээ. Бүхнийг бүгдээс түрүүлэн, хамгийн хурднаар олж авах гэсэн “ах” таны шунал миний бүтээсэн болон надад оногдох нийгмийн баялгийг надаас булаагаад байхаар чинь би танд яавч сайн хандаж чадахгүй нь ээ.

Авлига “ах”-ын найзууд аа! Одоохондоо ч та нар өөрсдийгөө болж байна, бүтэж байна гэж л бодож яваа байх. Чадан ядан амьдарч байгаа хүмүүсийн юм адис рашаан болж арьс, махны тань завсар шингэхгүй л байх даа. Бузар аргаар олсон авлига “ах”-ын хишгийг хүртсэн та нарын хүүхдүүд үеийнхэндээ адлагдаж, үзэн ядагдсаар цэвэр ариун нийгмийн хог шаар болно гэж айхгүй байна уу? Айхгүй бол ангал руу чиглэсэн тийм ч урт биш замаар авлига “ах”-тай хамт алх даа.

“Ах”-ыгаа муулсан Лха