Авлига бол төрийн өмчийн хулгай

A- A A+
Авлига бол төрийн өмчийн хулгай
Өнөөдөр Монгол Улсад авлига газар авсаар байгаагийн шалтгаан нь юу вэ? Хүмүүс авлигын нийгмийн хор холбогдлыг ойлгохгүйд байна уу, эсвэл үүнийг нэгэн төрлийн хулгай гэдгийг мэдэхгүйд байна уу?

1990-ээд оны сүүлээр “corruption” гэдэг англи нэр томъёог “Авлига” хэмээн монголчлон оруулж ирснээр монгол хүний ёс суртахууны хэм хэмжээнд нэгэн шинэ ойлголт нэмэгдсэн. Хүн юуг сайн, юуг муу болохыг ёс суртахууны хэм хэмжээгээрээ үнэлж цэгнэдэг. Тухайлбал, хулгай хийх, хууран мэхлэх, худлаа хэлэх нь муу үйл, үнэнч шударга, энэрэнгүй тусч байх нь сайн үйл гэдгийг ямар ч монгол хүн хэлж чадна. Хүн сайн үйл хийхийг хичээдэг бол муу үйл хийхээс зайлсхийж, жигшдэг. Тэгвэл авлига гэж чухам юу вэ? Ёс суртахууны хэм хэмжээгээр сайн үйл үү, муу үйл үү?

Авлигыг Я.Цэвэл гуайн Монгол хэлний тайлбар толь бичигт “ёсон бусаар шунаж авсан эд юм” гэж тодорхойлсон байдаг бол НҮБ-ын бодлогын баримт бичигт төрийн эрх мэдэл, эрх хэмжээ, албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашиглахыг хэлнэ хэмээжээ. Түүнчлэн 2006 онд баталсан Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуульд авлигыг гэмт хэрэгт тооцож, буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Дээр дурдсан тодорхойлолт, хуулийн зохицуулалтаас үзвэл, АВЛИГА нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан төрийн өмчийг ХУЛГАЙЛАХ, БУСДЫГ ЗАВШИХ ЁС БУС ҮЙЛ, ГЭМТ ХЭРЭГ ажээ. Тухайлбал, авлигын нэг төрөл болох төрийн өмчийн хулгай нь халаасны хулгайн нэгэн адил хулгай хийх үйлдэл, авлигач нь нэгэн төрлийн хулгайч болж байна. Бидний багаасаа олж авсан ёс суртахууны хэм хэмжээнд хулгай хийх, хууран мэхлэх нь жигшүүрт муу үйл билээ. Ийм ч учраас хүмүүс хулгайч, хуурч мэхлэн залилагчдыг жигшдэг. Харин авлига болоод авлигачийг бид тэр хэмжээнд жигшдэг бил үү. “Чи ийм боломжтой байгаа дээрээ л авлига авах хэрэгтэй” гэх зөвлөгөө, “Тэр идээд байхад манай энэ унхиагүй” гэх бухимдал бидний эргэн тойронд сонсогдох нь цөөнгүй. Хэрэв эдгээрийг “Чи ийм боломжтой байгаа дээрээ л хуурч мэхлэн бусдыг завшиж, хулгай хийх хэрэгтэй”, “Тэр төрийн өмч хулгайлаад байхад манай энэ унхиагүй” гэж өөрчилбөл тун таагүй сонсогдож байгаа биз? Бид хулгай хийх, хуурч мэхлэх муу үйлийг жигшдэг хэрнээ авлига авахыг юман чинээ тоохгүй байгаа нь хачин. Төрийн өмчийн хулгай гэхээр гайхаж, төрийн өмч гэдэг чинь хэн нэг хүний өмч биш болохоор хулгай гэж болохгүй шүү дээ гэх хүн ч байна. Үнэндээ төрийн өмч гэдэг нь миний ч, бас таны ч, татвар төлөгч хүн бүрийн өмч юм.

Автомашины замыг аваад үзье. “Хэн нэг дарга замын зузаанаас, эсвэл өргөнөөс нь идсэн” тухай явган яриаг сонсоогүй хүн цөөхөн байх. Зам гэдэг бол бидний бүгдийнх нь өмч. Хэн нэг дарга зузаанаас нь, эсвэл өргөнөөс нь идлээ гэхэд тэр нь уг чанартаа та биднээс хулгай хийж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ингэж хулгайлснаар чанаргүй баригдсан замаар нааш цааш зорчих машин тэрэг маань амархан элэгдэж, эвдэрч, тэр ч байтугай аваар осолд орох нь бий шүү дээ. Зөвхөн нэг удаа том хулгай хийсэн авлигач түшмэл та бидний халааснаас өдөр тутам нэмэлт зардал гаргуулж байна аа л гэсэн үг. Тэгэхээр тэр авлигач даргын хийсэн хулгай олон хүнд эд материалын болоод сэтгэл санааны хохирол учруулж байна. Ингээд бодохоор төрийн өмчийн хулгайч бол иргэн бүрээс нэгэн зэрэг хулгайлдаг “их гарын хулгайч” юм.

Өнөөдөр “Ажил дээр гараад авлига авах уу” гэсэн асуултад “Авна” гэж хариулж буй оюутан цөөнгүй байна. Гэтэл тэднээс “Хулгай хийх үү” гэж асуухад ихэд гайхаж, огтхон ч эргэлзэлгүйгээр “Үгүй” гэж хариулж байна. “Авна” гэдэг хариултын цаана авлигыг төрийн өмчийн хулгай, иргэдийг хууран мэхлэх, олон түмнийг залилах жигшүүрт гэмт хэрэг гэдгийг үл ухварлаж ойлгох сэтгэлгээ харагдаж байна.

Авлига хэмээгч жигшүүрт муу үйлийг үйлдэн, гэмт хэрэгт орохоос ойр дотныхон, үр хүүхдээ сэргийлэх нь бидний эн тэргүүнд хийх ёстой ажил болж байна. Хэрэв таныг хэн нэгэн “хулгайч, мэхлэгч” гэж дуудвал та үүнийг доромжлол хэмээн үзэж ихэд эгдүүцэх биз ээ. Тэгвэл таныг “авлигач” гэж дуудвал та мөн адил жигшин зэвүүцэх үү? Энэ асуултад та “Тийм” гэж хариулж байгаа бол авлигатай хийх тэмцэлд өөрийн хувь нэмрээ аль хэдийнэ оруулаад эхэлжээ. Харин эргэн тойрныхондоо энэ талаар ухуулан ойлгуулж, авлигын гэмт хэргээс сэргийлэх нь өөрийн болоод үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхний амьдрах нийгмийг сайн сайхан болгоход оруулж буй бүр ч үнэтэй хувь нэмэр юм.

Эх орны минь ирээдүйд туйлын хортой, хувь хүний хувьд жигшүүртэй муу үйл болох авлигатай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс бидний хэсэг залуус санаачлан “АВЛИГА=ТӨРИЙН ӨМЧИЙН ХУЛГАЙ” сэдэвт АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ САЙН ҮЙЛСИЙН АЯН-ыг эхлүүлж, цуврал нийтлэл, хэлэлцүүлэг, лекц зохион байгуулах гэж байна. Монголын өргөн уудам нутаг дэвсгэрт амьдарч буй, шударга ёсыг эрхэмлэгч, авлигыг жигшигч олон түмнийг бидний энэхүү аянд нэгдэж, дор бүрдээ авлигын эсрэг ямар нэгэн сайн үйл эхлүүлэхийг уриалж байна. Энэ аяныг дэмжих нэг хэлбэр нь та ойр дотныхон, үр хүүхэд, найз нөхдөдөө авлигын учруулах хор хөнөөлийн талаар ухуулан таниулж, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх явдал юм.

Аяныг санаачлагч МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш нар