Шударгацэцэгийн өндгөн эс Мөнх-Авлигачийн шударга эсийг сонгосон нь /2011.05.12/

A- A A+
Шударгацэцэгийн өндгөн эс Мөнх-Авлигачийн шударга эсийг сонгосон нь /2011.05.12/
“...Миний хүү, ээжийн хүү... ээж нь хүүгээ ингээд алдах гэж үү. Алган дээр гэрэлтэж, амьдрал гийгүүлдэг ганц нарыг минь авраач дээ” гэж өлгийтэй үрээ тэвэрсэн бүсгүй бурхнаас тусламж гуйн цурхиран уйлав. Түүний зүрх зүсэм орилох нь үнэхээр өрөвдөлтэй. Эм импортлох тусгай зөвшөөрөл олгох үедээ авлига авсан сайдын буруугаас хөөрхий бүсгүй нялх үрээ ийн цаг бусаар алдав. Угтаа бол адгийн муу авлигын төлөөсийг алгын чинээхэн хүү нь амь насаараа төлснийг бүсгүй мэдээгүй. Бяцхан хүүгийн амийг авч одсон хуурамч эмийн зөвшөөрлийг хэдэн халтар төгрөгөөр олгохдоо өнөөх эмийг хэрэглэж хордсон олон олон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосноо сайд өөрөө ч үл тоомсорлон ихэмсэглэж явсан. Гэхдээ авлигач сайд бурхны өмнө буруу, зөвөө шүүлгэхээр өвдөг сөхрөн суух үедээ шуналаасаа болж ямар гээчийн нүгэл тарьснаа ойлгоно. Түүний хажууд зэрэгцэн сууж буй халаасны хулгайч “Чи муу алуурчин. Би хэдийгээр халаас ухдаг ч хүний амь хөнөөж яваагүй” гэж сайдыг зүхэн чичлэх аж. Бүхнийг тольдогч бурхан сайд, хулгайч хоёуланг там руу илгээнэ...

Эдийн засгийн чиглэлээр суралцдаг их, дээд сургуулиудын оюутнууд өнгөрсөн бямба гаригт “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ” улсын наймдугаар олимпиадаа уламжлал ёсоор зохион байгууллаа. Олимпиадад оролцогч 7 багийн гэрийн даалгаварт “Би авлигач биш” сэдвийг оноон өгсөн юм. Ирээдүйн эдийн засагчид мэдлэгээ шалгуулах уралдаант шалгаруулалтад чухам энэ сэдвийг гэрийн даалгавар болгон оруулах нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн эрдэмтэн багш нарын санаачилга байв. Улс орныг нэрвэсэн авлига гэгч хөнөөлт үзэгдлийн эсрэг залуу багш нар маань оюун сэтгэлээ нэгтгэж “Авлига-төрийн өмчийн хулгай” хэмээх сайн санааны аян өрнүүлээд байгаа билээ. Үүнийг Авлигатай тэмцэх газар талархан дэмжиж, уг олимпиадыг хамтран зохион байгуулагчаар ажилласан. Ер нь Авлигатай тэмцэх газрын зүгээс авлигын эсрэг тэмцэлд нэгдэх нийгмийн бүлгүүдийг ямагт дэмжиж, хамтран ажилладаг юм. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн эрдэмтэн багш нар шиг сэтгэлийн гал халуун дуудлагатай, үл унтрах хүсэл эрмэлзэлтэй залуус улам олшроосой хэмээн хүснэм.

Оюутнуудын авлигын талаарх ойлголт, төсөөлөл тайзан дээр биежсээр. Зарим нь хөгжилтэй, ихэнх нь гунигтай. Яагаад гэвэл авлигын нийгэмд тусах сүүдэр нь араасаа хэзээд харуусал, харамсал, уй гашуу дагуулдаг хойно. Машинаа согтуугаар жолоодож байгаа хүнээс мөнгө аваад явуулсан цагдаа нөгөө хүн нь осолд орж нас барахад хөрж амжаагүй цогцсыг нь тэврэн “Би мөнгөөр хүний амийг сольчихлоо гэж үү дээ” гэж гашуунаар уйлах. Анхнаасаа авлигадуулсаар гуравхан сарын дотор барьсан орон сууц газар хөдлөлтийн үл ялиг чичиргээнд нуран унахад “Зүгээр л авлига авсны төлөө энэ байшинд амьдарч байсан бүх хүмүүсийн амь нас сүйдлээ шүү дээ” гэх дуусашгүй эмгэнэл. Хятад захирлаас алгаа тосон авсан авлигынхаа шанд газар нутгаа буй чигээр нь ачуулж байгааг харсан төрийн түшмэлийн “Өвгөдийнхөө захиасыг зөрчсөн би зохих шийтгэлээ хүлээх ёстой” гээд Авлигатай тэмцэх газарт очиж хэргээ хүлээж буй тухай гэмшил. Авлига өгснөөсөө болж өргөст торны цаана сууж, хайртай ганц охиноо амьдын хагацалд унагаж болохыг зөгнөсөн идэр бүсгүйн хар дарсан зүүд. Шалгалтын үеэр багшийгаа хахуульдах гээд бүтэлгүйтсэн оюутны гутамшигт явдал. Бүгдийг мөнгөөр хэмжиж сурсан аавтайгаа тоглохын тулд бяцхан охин нь өөрт нь мөнгө санал болгож байгааг хармагц “Би хэн болж хувираа вэ” гэх залуухан аавын ухаарал. Энэ мэтээр оюутнууд “Би авлигач биш” сэдэвт гэрийн даалгаврыг амжилттай гүйцэтгэв.

Тэд маань ерөнхийдөө авлигын хор хөнөөлийг тун сайн мэддэг юм байна. Өнгө мөнгөний бузар шунал хүний сайхан сэтгэлийг үгүй хийж, хамгийн хайртай хүнийг чинь чамаас булаах, насан туршдаа эрх тааваараа амьдрах эх нутгийг тань хугаслах ёрын хүч чадал зөвхөн авлигад байдаг гэдгийг тэд үзүүлэв. Гэхдээ үүнийг зүгээр харж суух биш, хүлцэн өнгөрүүлэх бус, бүгдээрээ хамтдаа тэмцэж, устгах ёстой гэдгийг оюутнууд тайзан дээрээс бусдадаа уриаллаа.

...Шударгацэцэг, Мөнх-Авлигач хоёр хайр сэтгэлийн холбоотой болжээ. Залуу хос хуримаа хийж, нэг гэрт оров. Шударгацэцэгийн өндгөн эс Мөнх-Авлигачийн эр эсүүдээс хамгийн шударгыг нь сонгож, үр тогтлоо. Өөр бусад эсүүд мөнгө амлаж, эрх мэдэл санал болгож байхад харин тэр эс ганцаараа “Надад чамд амлах мөнгө, эрх мэдэл байхгүй л дээ. Гэхдээ би шударга л байвал бүх зүйл болно гэж бодож байна. Хэрвээ надад хүн болох боломж олдох юм бол би бүхнийг өөрийн хүчээр, алхам алхмаар бүтээнэ” гэж хэлдэг юм. Хөгжилтэй ч гэмээр энэ үзэгдлийн дараа оюутнууд “Авлигыг гаднаасаа биш дотроосоо устгацгаая” хэмээн хүн бүрт хандан уриалсан билээ.

Т.ТУНАМАЛ