“Н.Чадраабал гуайгаас хөрөнгө, орлогоо мэдүүлэхийг бараг гуйсан”

A- A A+
“Н.Чадраабал гуайгаас хөрөнгө, орлогоо мэдүүлэхийг бараг гуйсан”
-Түүнд арга хэмжээ авах асуудал нь хуулийн хүрээнд тавигдаж байгаа-

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Н.Чадраабалын хэвлэлд өгсөн ярилцлагатай холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Т.Мөнхтунгалагтай ярилцлаа.

-Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Н.Чадраабал хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үү?

-Н.Чадраабал гуайн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа зургадугаар сарын 20-нд дууссан гэсэн үндсэн шалтгаан хэлж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахгүй гэсэн. Бас бус харилцааны болоод ёс зүйн асуудлыг ярихгүйгээр шүү дээ. Ямар байдлаар ойлгуулж хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргуулах ёстой вэ, тэр бүх арга хэмжээг авсан, өөрөөр хэлбэл хуулийг хэрэгжүүлэх талаар хувь хүнийх нь байдал, дээрх шалтгаан зэргийг харгалзан үзэж бараг “гуйсан” гэхэд болно. Арга хэмжээ авах асуудал нь хуулийн хүрээнд тавигдаж байгаа юм. Үндэслэл нь нэгдүгээрт, түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон ч хэрэгжиж л байгаа, дараагийн гишүүнийг томилсноор бүрэн дуусгавар болох зохицуулалттай. Хоёрдугаарт, энэ жил гаргаж байгаа хөрөнгө, орлогын мэдүүлэгт 2006 оны хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстойг хэлэх хэрэгтэй.

Дашрамд дурдахад Авлигатай тэмцэх газар өөрөө хуулийн хугацааг дөрвөн сараар хойшлуулсан мэт Н.Чадраабал гуай ойлгосон байна лээ. Энэ оны хувьд тусгайлан баталсан Авлигын эсрэг хуулийн зарим заалтыг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулсан байгаа шүү дээ. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хугацааг зургадугаар сарын 15, нийтэд мэдээлэх хугацааг гуравдугаар улиралд багтаана гэж тогтоосон. Н.Чадраабал гуай төрийн албан хаагчдад хамаатай асуудлаар мэргэшсэн, төрийн албыг авлигаас ангид байлгах тухайд магнайд нь явах ёстой хүн атлаа хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөхөд бусдад ийм үлгэр дуурайлгүй хандаж байгаа нь хачирхалтай.

-Н.Чадраабал Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж ярьсан байсан?

-Иргэнийхээ хувьд тэр хүн шүүмжлэх эрхээ эдлэлгүй яах вэ. Гэхдээ төрийн албаны үйл ажиллагааг явуулж байгаа бидэнд төрийн бодлого, шийдвэр, хууль журмыг хэрэгжүүлэх үүрэг байгаагаас шүүмжийн өнцгөөс харах ёс зүй байж таарахгүй. Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг бүрэн ханган ажиллах нь бидний үндсэн үүрэг. Нөгөөтэйгүүр 2002 онд батлагдсан Төрийн албаны хуулиар хөрөнгө, орлогын мэдүүлгийн асуудлыг зохицуулж байгааг ч санах хэрэгтэй. Тодорхой хэлбэл, уг хуулийн 13 дугаар зүйлийн Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг гэдэгт “төрийн албан тушаалд томилогдмогц өөрийн өмчийн байдлын талаар мэдэгдэж, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар зохих байгууллагад мэдээ өгч байх” гэж заасан. Ер нь уг хуулийн 34.1.1-т “Зөвлөлийн орон тооны гишүүн нь гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль ноцтой зөрчсөн бол түүнийг уг албан тушаалаас нь эгүүлэн татах тухай асуудлыг Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэснийг уншаад үзэхэд ч илүүдэхгүй болов уу.

-Авлигатай тэмцэх газар маш их ажил хийсэн дүр үзүүлж, сүржигнэж байна гэсэн утгатай зүйл ярьсан байсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Амаргүй зохион байгуулалт шаардагдах энэ ажлыг эхлүүлэн богино хугацаанд хийж амжуулж байгаа боловч түүндээ тайвшрах, дөвийлгөн үнэлгээ дүгнэлт өгч суух ёс зүй, зав бидэнд алга байна. Улсын хэмжээнд төрийн албан хаагчид, зарим этгээдийн хөрөнгө, орлогын талаар мэдүүлэн авч хадгалууллаа. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд өөрийн хууль ёсны хөрөнгө, орлогоо мэдүүлсэн баримт бичгээ харьяа байгууллага, албан тушаалтанд гаргаж хадгалууллаа гэж ойлгож болно. Сүржигнэх тухайд бол хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад шууд болон шууд бус бэрхшээл, шүүмжлэл бас бус саад тулгарах явдал олонтаа гардаг. Авлигатай тэмцэх газарт ажил албаны мэдлэг, дадлага туршлагатай боловсон хүчнүүд ажиллаж байгаа болохоор, олон нийттэй харилцах, ажиллах туршлага ч багагүй тул хатуу үг сонсох, шүүмжлүүлэх зэрэгт эмзэглэх асуудал байхгүй. Цаашид бид хариуцаж байгаа чиг үүргийнхээ хэмжээнл хууль эрх зүйн аливаа зөрчилтэй ямар ч төвшинд тэмцэж, авлигаас урьдчилан сэргийлэх, энэ талын үйлдлийг таслан зогсоох, алдаа дутагдлыг арилгуулан хариуцлага тооцох зэрэг үйл ажиллагааг явуулах л болно.