Э.Амарбат: Гэмт хэргийн шалгалтыг нам, эвслээр ангилдаггүй

A- A A+
Э.Амарбат: Гэмт хэргийн шалгалтыг нам, эвслээр ангилдаггүй
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбаттай ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах эрх есдүгээр сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар даруй хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хооронд хичнээн хэрэг шалгаж шийдвэрлэв?
-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, энэ оны есдүгээр сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөнөөр Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулиар олгогдсон авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус газар нийт 67 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсны 18-ыг зохих журмын дугаа прокурорт шилжүүлэн шийдвэрлүүлж байна. Энэ тоон үзүүлэлтийг үндэслээд дүгнэхэд тус газрын Мөрдөн шалгах хэлтэс харьцангуй ачаалал ихтэй ажиллаж байгаа гэж хэлж болох байх.

-Энэ дашрамд асуухад Авлигатай тэмцэх газар 86 томоохон албан тушаалтны хэрэг шалгаж эхэлсэн, тэдгээрийн 50 гаруй нь МАХН-ын нөлөө бүхий албан тушаалтантай холбоотой гэсэн мэдээлэл сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр бичиж байна. Тэгэхээр энэ тоо худлаа болох нь уу?
-Чухам хаанахын ямар эх сурвалжаас ийм тоог авч олон нийтэд цацаад байгааг мэдэхгүй юм. Юутай ч гэсэн энэ бол худлаа тоо гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Манайд өнөөдрийн байдлаар шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг би дээр хэллээ.

Нөгөө талаар бид гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүдийг нам, эвслээр нь ангилж судалдаггүй. Тийм шаардлага ч байхгүй. Харин бид шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг төрийн албан хаагчийн ангиллаар нь, харьяалагдах байгууллагаар нь, эрхлэх албан тушаалаар нь ангилж судалдаг. Энэ судалгаа урьдчилан сэргийлэх ажил явуулахад ач холбогдолтой юм.

-Авлигатай тэмцэх газар шинэ тулгар байгууллага. Ер нь авлига, албан тушаалын гэмт хэрэг шалгаж мөрдөхөд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байна вэ?
-Манай хамт олон бэрхшээлээс шантарч хойш суух биш өргөсөн тангарагтаа үнэнч байж, авлигатай тууштай тэмцэх, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг эрмэлзэж ажилладаг.

Мэдээж хэрэг санаснаар амархан нотлогдож тогтоогддог хэрэг гэж байхгүй. Тийм учраас хөндлөнгийн ямар ч гэрчгүй, тэгээд өгсөн авсан хоёрын хоёулангийн ашиг сонирхол нэгдэж үйлдэгддэг хээл хахуулийн хэрэг, эсхүл хууль тогтоомжийн зохицуулалт хангалтгүй, боловсронгуй бишийг далимдуулаад албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулж ихээхэн хэмжээний хохирол учруулсан зэрэг хэргүүдийг шалгахад хүндрэлүүд гаралгүй яах вэ.

Хамгийн наад зах нь л гэхэд ахуй, нөхцөлийн хувьд гурвуулаа 12 метр квадрат өрөөнд суучихаад гурван өөр хэргийн хүнийг зэрэгцээд байцаана гэж таарах уу? Ингээд нэрлээд байвал олон л бэрхшээл ярих байх.

Эцэст хэлэхэд манай үйл ажиллагаатай холбоотой үнэн бодит мэдээллийг сэтгүүлч нар биднээс авч нийтэлж байгаач ээ, бид шаардлагатай мэдээллийг боломжтой гэж үзсэн хэмжээнд чөлөөтэй өгөх болно гэж хэлмээр байна.