Т.Мөнхтунгалаг: Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж шалгах ажил эхэлсэн

A- A A+
Т.Мөнхтунгалаг: Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж шалгах ажил эхэлсэн
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Т.Мөнхтунгалагтай ярилцлаа.

-Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй гаалийн байцаагчдыг ажлаас нь халсан тухай мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй ярих боломжтой юу? Авлигатай тэмцэх газар халах субъект нь мөн үү?
-Тийм ээ, гаалийн улсын хоёр байцаагчийг гаалийн албанаас халсан байна билээ. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын дарга Б.Баттөмөр 584 тоот тушаалаараа Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн. Тушаалд заасан үндэслэлийн нэг нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь заалт байсан. Тэгэхээр энэ нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд өгөөгүй гэдэг үндэслэл болж байгаа юм. Гаалийн улсын байцаагч Г.Ганбат, С.Эрдэнэцэцэг нар нь хөрөнгө, орлогоо мэдүүлээгүйгээс гадна хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж байгаа юм билээ. Авлигатай тэмцэх газар хэн нэг албан тушаалтан, албан хаагчийг халах, ажлаас нь чөлөөлөх субъект биш. Харин Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэхийг төрийн байгууллага, албан тушаалтнаас шаардана, тэр дагуу арга хэмжээ авсан нь энэ байх.

-Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах эрх танайд байхгүй гэдэг. Тэгвэл энэ бүхэн ямар хэрэгтэй юм бэ? Өндөр албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан байна гэж бараг өдөр бүр сонин хэвлэлээр бичигдэж байна шүү дээ.

-Тэгэхээр хөрөнгө, орлогын мэдүүлэг гэгчийг зүгээр нэг аваад, олон нийтэд зарлаад өнгөрчих юм биш гэдэг нь гаалийн улсын байцаагч нарын дээрх жишээнээс харагдаж байгаа биз ээ. Урьд нь төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь өөрөө их бүрхэг байсан шүү дээ. Албан тушаалтнууд мэдүүлгээ өгдөг ч байсан юм уу, үгүй юм уу. Нууц байлаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны нарийн бичгийн төмөр шүүгээнд л хав дараастай байсан. Хэн нь өгсөн, хэн нь энэ жилд хэдий хэр орлого олов, хэн ямар хөрөнгөтэй ч гэдэг юм уу ямар нэг байдлаар албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийт мэдэх бололцоогүй байсан. Харин Авлигын эсрэг хууль хэрэгжиж, Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр төрийн өндөр дээд болон түүнтэй тэнцэх албан тушаалтнуудын, мөн бусад төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулиар тогтоосон хугацаанд авч, бүртгэж, олон нийтэд нээлттэй болголоо. Энэ нь гарцаагүй ахиц юм шүү.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд зарлаад болчихдог юм биш ээ. Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд нь хяналт тавьж, дүн шинжилгээ хийх ёстой. Бас шаардлагатай тохиолдолд өөрийн санаачилгаар аливаа өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр шалгалт явуулж болно гэж хуульд заасан байгаа. Яг одоогийн байдлаар албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалтын ажил хийгдээд эхэлчихсэн байна.
 
-Мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд явж байна вэ? Одоогийн байдлаар хэчнээн хэрэг хүлээн авав? Шалгаж эхэлсэн үү?
-Авлигатай тэмцэх газарт Улсын мөрдөн байцаах газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах хэлтсээс, мөн зарим орон нутгийн болон дүүргийн Цагдаагийн хэлтсээс авлига, албан тушаалын 32 хавтаст хэрэг шилжиж ирээд байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталснаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах үйл ажиллагаа энэ сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар манай газар найман төрлийн гэмт хэргийг харьяалан шалгах үүрэгтэй байгаа. Шилжүүлж авсан эрүүгийн хэргүүдийг шалгах ажиллагаа эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг 24 цагийн турш 311919 дугаарын утсаар хүлээн авч байгаа.

-Газрын албадын үйлчилгээ бага сага сайжирсан тухай иргэд манай сонинд хандаж байна. Авлигатай тэмцэх газрын ажлын үр дүн гэж үзэж болох байх?
-Баярлалаа. Манай газраас нийт төрийн байгууллагад хандаж зөвлөмж хүргүүлсэн байгаа. Энэ зөвлөмжийг яг таг хэрэгжүүлээд л ажиллах юм бол хүнд суртал үзүүлж, иргэдийг чирэгдүүлж бухимдуулах явдал гарахгүй. Зөвлөмжийг хэрэгжүүлэх байдал янз бүр байна. Тиймээс иргэдийн оролцоотойгоор төрийн үйлчилгээнд хяналт тавихаар шийдэж, 19-77 утсыг ажиллуулж эхэлсэн. Энэ утсаар ирүүлсэн иргэдийн мэдээллийн дийлэнх нь нийслэл, дүүргийн газрын албадын үйл ажиллагаатай холбоотой байна. Энэ дагуу Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Нийслэлийн газрын албатай хамтран нэлээд ажил хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Төлөвлөгөөт ажлын явцад нийслэл, дүүргийн газрын албад иргэдийн он удаан жил дарагдсан, чирэгдсэн асуудал, хүсэлтийг шийдвэрлэж байгаа гэдэгт найдаж байна. Хамгийн гол нь газрын албад иргэдэд нээлттэй, ил тод, хөнгөн шуурхай ажиллах зарчмаа эргэн мөрдөх болсон нь сайшаалтай юм. Энэ байдлаа цаашдаа алдахгүй, байнга даган мөрдөж байх нь чухал байна. Нөгөө “Монголын хууль гурав хоног” гэдэг шиг болчихвол бид бүхний чармайлт талаар өнгөрнө шүү дээ.
 
-Авлигатай тэмцэх газар цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?
-Ирэх оныг Хүнд суртлын эсрэг жил болгон зарлахаар төлөвлөж байгаа. Хүнд суртал гэхээр авлигаас алсуур өнгөрөх гэлээ гэж зарим хүн дургүйлхдэг. Үнэндээ хүнд суртал нь авлигыг бий болгох сэдэл шалтгаан нь болж байгаа. Төрийн албан хаагч хийх ёстой ажлаа хийхгүй байнаа гэдэг чинь авлига нэхэж байгаа л үйлдэл, өөр юу ч биш. Бас хийх ёсгүй зүйлээ хийнэ гэдэг чинь ч авлига. Төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг ч энэ хүрээнд заавал ярих ёстой. Ёс зүйн асуудал гэдэг нь өглөө ажилдаа цагтаа ирэхээс, ажлын цагаа ягштал баримтлахаас л эхэлдэг юм шүү дээ. Төрийн албан хаагчдын ажлын цаг бол олон нийтийн өмч байдаг.

-Авлигатай тэмцэх газар юу ч хийж чадахгүй гэсэн үг сүүлийн үед мэр сэр гарах боллоо. Ийм “бор шувуу” нисгэх нь хэнд ашигтай байж болох вэ?
-Авлигагүй нийгэмд амьдрахыг хүн бүр хүсч байгаа гэдэгт би итгэдэг. Өөрөө биш гэхэд үр хүүхдүүдээ авах, идэхийн улаан шуналгүй, өгөө авааны бохир наймаагүй шударга ёс тогтсон нийгэмд, улс оронд аж төрөхийг хүн бүхэн хүсдэг байх. Авлига гэдэг энэ муухай идээ бээрийг шахаж, нийгмийг анагаах хүсэл эрмэлзэл зөвхөн Авлигатай тэмцэх газрынх биш ээ. Авлигатай нийгмийг авлигачид л хүснэ. Тэр утгаараа Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг харлуулан гутааж, энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хүсэл зоригийг мохоох гэж ядмаглах нь угтаа авлигачдын түлхээсээр хөдөлж байгаа хүүхэлдэйн аргаа барсан үйлдэл гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг таслан зогсоох боломжгүй болсон. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг авч байх үед нэг хэсэг давшилсан. Одоо мөрдөн шалгах үйл ажиллагаа хэрэгжээд эхлэхэд сандарсан хэсэг хүн энэ газрыг татан буулгах хэрэгтэй гэх зэргээр ярьж гарлаа. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглан авлигын гэмт үйлдлээ хаацайлах гэж оролдож байгаа бол тэр бүтэхгүй. Авлигатай тэмцэх газар ажиллаад эхэлчихсэн, хуулийн дагуу цаашид ч тасралтгүй ажиллах болно.

-“Цэвэр гар” гэдэг төрийн бус байгууллагаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ тухайд та хэвлэлийн төлөөлөгчийн хувьд ямар тайлбар хийх вэ?
-Шүүмжлэл байж болно. Эрүүл саруул, зүй зохистой шүүмжлэлийг бид хүлээн авч, ажилдаа тусган хэрэгжүүлэхэд бэлэн. Харин шүүмжлэл нэрийн дор нэр бүхий хүнийг, байгууллагыг тодорхой зорилготойгоор гүтгэж гүжирдэхийг яагаад ч зөвшөөрөхгүй. Тэр хэвлэлийн бага хурлын үеэр төрийн бус байгууллагыг нь Авлигатай тэмцэх газрын шахаасаар татан буулгаж байгаа, Авлигатай тэмцэх газарт олон тооны хүсэлт явуулаад хариу алга, дарга нь тэргүүн зэргийн авлигач гэх зэргээр ор үндэсгүй гүтгэж гүжирдсэн байсан. Авлигатай тэмцэх газар төрийн бус байгууллагыг татан буулгадаг нь биш ээ, харин ч авлигатай хийх тэмцэлд бүх төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, олон нийттэй хамтран ажилладаг. “Цэвэр гар” гэдэг байгууллагаас Авлигатай тэмцэх газарт иргэдийн ямар ч өргөдөл, хүсэлтийг ирүүлээгүй. Энэ мэтээр худал гүжирдлэгээр олон нийтийг төөрөгдүүлж, авлигын эсрэг тэмцлийн хүчийг сааруулах гэж оролдвол нийгмийн сэтгэл зүй хэзээ ч зөвшөөрөхгүй. Бид бүгдээрээ хамтдаа авлигын эсрэг тэмцэх болно.