Ш.Раднаасэд: Авлигатай тэмцэх нь тав, зургаахан сарын ажил биш

A- A A+
Ш.Раднаасэд: Авлигатай тэмцэх нь тав, зургаахан сарын ажил биш

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэдтэй ярилцлаа.


-АТГ-аас төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн юм байна. Бас сэтгүүлч, сурвалжлагчдын дунд нийтлэлийн уралдаан зарлажээ. Авлигаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийж байгаа энэ мэт ажлуудын үр дүн, ач холбогдол нь юу байх вэ?

-Тийм ээ. Манай газраас төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл үүсгэх, улмаар авлигын шалтгаан, нөхцөл болох мэдээллийн нээлттэй бус байдал, төрийн байгууллагын ил тод бус байдлыг таслан зогсоож иргэн төрийн үйлчилгээ авахад шаардагдах бүхий л нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор төрийн байгууллагуудад хандаж зөвлөмж гаргасан.
Энэхүү зөвлөмжийг хаа сайгүй байдаг зөвлөмж төдийхөн гэж битгий ойлгоорой. Бид зөвлөмжийг хэрэгжүүлэхийн төлөө хуулиар олгогдсон бүхий л эрх мэдлээ ашиглан ажиллах болно. Зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэдээс мэдээлэл авах утсыг ойрын үед ажиллуулахаар төлөвлөөд байгаа. Иргэдийн мэдээллийн мөрөөр бид шалгаж, төрийн байгууллагын алдаа дутагдлыг засуулах, буруутай албан тушаалтанд нь хариуцлага тооцуулах хүртэл арга хэмжээ авна. Энэ дашрамд бидний гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ хамтран ажиллаж байгаа Нээлттэй нийгэм форумынханд талархлаа илэрхийлмээр байна.
Авлигын нийгэмд учруулах хор аюулыг иргэдэд ойлгуулах, авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Авлигагүй нийгмийн төлөө” нийтлэлийн уралдааныг бид сэтгүүлч, сурвалжлагчдын дунд 45 хоногийн хугацаатайгаар зарлаад байна. Хэвлэлийнхэн маань идэвхтэй оролцоно байх гэж найдаж байгаа. Тэдний бэлтгэсэн нийтлэл, сурвалжлагууд авлигыг жигших нийгмийн сэтгэл зүйг залуурдахад маш их үр нөлөөтэй байх нь мэдээж. Түүнээс гадна удаа дараагийн судалгаагаар авлигад хамгийн их өртөмхий гэж гардаг гаалийн байгууллага дээр урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байгаа. Замын-Үүдийн гаалийн газарт манай хүмүүс очиж ажиллаад ирсэн, энэ ажил үргэлжилж байна.

-АТГ ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг нь зөвхөн хэдэн хүнийг барьж хорих ажил биш байх. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхээс гадна төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авах зэрэг ажлууд ямар шатандаа явж байна вэ?

-Таны хэлдэг үнэн. АТГ-ын хуулиар хүлээсэн чиг үүрэг нь дан ганц мөрдөн шалгах биш. Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэхэд олон нийтийг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргах зэрэг үйл ажиллагааг АТГ гардан хэрэгжүүлэх ёстой юм. Мөрдөн шалгах ажил хийгдэж эхлээгүй байгаагаар бүхэл бүтэн газрын ажил үйлс, зорилго чиглэлийг үгүйсгэж болохгүй л дээ. Ажил хийгдэж байна. Төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хэрхэн бөглөх талаар гарын авлага гаргаж, төрийн байгууллагуудад хүргүүлэх зэргээр өөрт байгаа бүхий л боломж бололцоогоор мэдээллийг хүргэж байна. Энэ талын сургалтыг төрийн байгууллагуудад очиж хийж байгаа. Олон нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс удахгүй телевизээр нэвтрүүлнэ.

-Авлигатай тэмцсэнээр нийгэмд шударга ёсыг тогтоох, улс орны эдийн засгийн хөгжлийг сайжруулах, хүн ардын аж амьдралыг дээшлүүлэх зэрэг цаад талын үр дагавраараа АТГ нь ард олонд нэлээд найдлага төрүүлж байгаа. Харин тэдний итгэл найдварыг бөхөөхгүй байх итгэл найдвар АТГ-т өөрт нь байна уу?

-Үүнд бүрэн итгэлтэй байж болно. Сүүлийн үед АТГ болон албан хаагчдын талаар нийгэмд таагүй уур амьсгалыг бий болгох сонирхол бүхий мэдээ, мэдээлэл цацагдаж байгаа нь энэ байгууллагад хандах олон нийтийн итгэлийг сулруулах талтай. Магадгүй, зарим нэг нь тодорхой зорилготойгоор хийгдэж байхыг үгүйсгэх аргагүй. Авлигатай тэмцэнэ гэдэгт дургүйцэж басамжлах нь олон нийтийн хүлээлтийн эсрэг сөрөг хандлага агуулж байгаа нь ч тодорхой. Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн нэг, хоёр өдрийн дотор, зарим хүмүүсийн яриад байгаа шиг тав, зургаан сарын дараа гардаг юм биш. Энэ ажлыг бүх хүний нэгдмэл хүсэл зориг, хамтын оролцоо дэмжлэгтэйгээр хийж байж үр дүнг нь бүгдээрээ хүртэх учиртай. Нэг зүйлийг онцлон хэлэхэд АТГ хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх болно.

-Сонин хэвлэлээр гарч байгаа авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаарх мэдээ, мэдээллүүдэд АТГ хэрхэн анхаарч байна вэ? Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаанаас авахуулаад нэр бүхий төрийн албан хаагчдын авлигад холбогдсон байж болзошгүй тухай мэдээлэл хэвлэлд олонтаа гарах болсон.

-АТГ-ын мөрдөн шалгах эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгаа. Тиймээс яг одоогоор энэ тухайд тодорхой тайлбар хэлэх боломжгүй байна.

“Зууны мэдээ” сонин. ¹