Д.Дуламсүрэн: Авлигаас урьдчилан сэргийлэх ажил явуулахад тухайн байгууллагын удирдлагынх нь хүсэл зориг, идэвх санаачилга хамгийн чухал

A- A A+
Д.Дуламсүрэн: Авлигаас урьдчилан сэргийлэх ажил явуулахад тухайн байгууллагын удирдлагынх нь хүсэл зориг, идэвх санаачилга хамгийн чухал
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, үүнийхээ дараа төлөвлөгөөнийхөө биелэлтийг үнэлж, дүгнэдэг болсон байна. Үүнийг Ази, Номхон далайн бүсдээ тэргүүн туршлага болж буй ажил гэж Авлигатай тэмцэх газрын өргөмжит зөвлөх Тони Квок хэлсэн байна лээ. Төрийн байгууллагуудыг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болгох энэ санаачилгыг хаанаас гаргасан бэ?

-2008 онд Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудын хүнд суртал, чирэгдлийг арилгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудыг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөтэй ажиллуулах нь зүйтэй юм гэж үзэн АНУ-ын Азийн сан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран анх удаагаа семинар зохион байгуулж, энэ ажлын эхлэл тавигдсан юм.
 
-Төрийн байгууллагуудыг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болгох зорилгоор жил бүр Ерөнхий сайдын ивээл дор семинар зохион байгуулдаг гэж байсан. Семинар зохион байгуулахын ач холбогдол яаж гардаг юм бэ?

-2008 онд семинарыг анх зохион байгуулсан. Энэ ажил уламжлал болон Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохиогддог боллоо.
2008 онд бүх яам, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг зарим агентлагуудыг сонгоод, нийт 26 төрийн байгууллагын удирдлагуудыг оролцуулж “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт” сэдэвт семинар зохион байгуулж байлаа.

Семинарын гол зорилго нь төрийн байгууллага өөрийн үйл ажиллагаанд байгаа хүнд суртал, чирэгдлийг арилгах, мэдээллээ нээлттэй болгох, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдыг ёс зүйн дүрмээ дагаж мөрддөг болгох чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, дотоод хяналтыг бий болгох, хариуцлагын механизмыг бий болгож ажиллуулах талаар зохион байгуулалтын үр дүнтэй ажлыг хийх ёстойг ойлгуулах явдал байсан бөгөөд олон улсын зөвлөх Тони Квок сургалт явуулж хичээл заасан.

Төрийн байгууллагуудын удирдлагуудын хувьд авлига, түүний шалтгаан нөхцөл, авлигын хэлбэр, хор хөнөөлийн талаар сургалтад ховор хамрагдсан байдаг. Иймд 2008 онд зохион байгуулсан семинараар дээрх ойлголтуудыг өгсөн. Зөв ойлголттой болсноор төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзсэн.

Төрийн нарийн бичигийн дарга нар, дэд сайд, сайд нар, Ерөнхий сайд хүртэл өөрийн биеэр ирж оролцсон семинарын үеэр Ерөнхий сайд семинарт оролцсон төрийн байгууллагууд өөрсдийнхөө байгууллагад учирч болзошгүй эрсдлийг үнэлж, судалгаагаа сайн хий гэсэн үүрэг өгч байсан. Үүний дагуу яам, агентлагууд судалгааны үндсэн дээр ажлаа төлөвлөж хэрэгжүүлж эхэлсэн.

-С.Баяр ерөнхий сайд байхад уу?

- Ерөнхий сайд С.Баяр бүтэн өдрийн турш семинарт сууж, их ач холбогдол өгч байсан. Анхны семинарын үр дүнд 2008 онд 26 төрийн байгууллага авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлсэн. Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь арга зүйн зөвлөгөө, тусламж үзүүлж байсан.

2009 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газар Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг 2008 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 26 төрийн байгууллагад шалгаж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, олон нийтэд зарласан.

Шалгалт хийхэд байгууллагуудын төлөвлөлт харилцан адилгүй хийгдсэн байсан. Зарим байгууллага судалгаан дээр үндэслэж хийсэн байхад зарим нь ямар ч тооцоо судалгаагүйгээр төлөвлөснөөс болж ажил нь хэрэгжээгүй.

Эсвэл байнга хийдэг, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд хийдэг ажлаа төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор хийсэн гэж тайлагнасан байсан нь үнэлэхэд бэрхшээлтэй болсон.

Нэг байгууллага 30 ажил төлөвлөчихөөд 20-ыг нь сайн хийсэн, 10-ыг нь хийгээгүй, өөр нэг байгууллага 10 ажил төлөвлөчихөөд 10-ууланг нь сайн хийсэн байхад алийг нь илүү сайн гэж үнэлэх вэ гэдэг асуудал үүссэн. Ажлын их, бага, хамрах хүрээ, гарах үр дүн гээд олон зүйлийг тооцох шаардлагатай болсон. Иймд 2009 онд төрийн байгууллагуудын төлөвлөгөө тодорхой чиглэлтэй, нэгдсэн байдлаар эрсдлийг үнэлэхэд шаардлагатай зорилтуудыг тавьж өгөх нь зүйтэй юм байна гэж үзэн семинарыг энэ чиглэлээр зохион байгуулсан. “Ёс зүйтэй манлайлал”, “Хувь хүний шударга байдал”, “Тогтолцооны шударга байдал”, “Мониторинг болон таслан зогсоох” гэсэн дөрвөн тулгуурт зарчимд суурилсан төлөвлөгөөг Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар боловсруулсан. Дөрвөн тулгуурт суурилсан төлөвлөгөөндөө чиглэл, чиглэлээр нь юу оруулж, хийж болох вэ гэдгийг мөн олон улсын зөвлөх ирж танилцуулсан байгаа.

Энэ семинараар Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар дээр ярьсан зарчим бүрт суурилан ямар асуудлуудыг хамааруулж төлөвлөж болох вэ гэдгийн өөрсдөө боловсруулж гаргаж ирэх ёстой байсан. Тухайлбал, “Хувь хүний шударга байдал” гэдэгт төрийн албан хаагчийн шударга байдлыг хангах чиглэлээр ямар ажил зохион байгуулбал төрийн албан хаагч хуулийн дагуу шударга, ил тод, хүнд сурталгүй, ёс зүйтэй ажиллах нөхцөл боломж нь бүрдэх вэ гэдгийг судлан тооцож, ямар ажлын байр, албан тушаал, үйлчилгээ авлигын эрсдэлд өртөж болзошгүй вэ гэдгийг харгалзан үр дүн гарахуйц ажлуудыг төлөвлөх нь зүйтэй юм байна гэдэгт семинарт оролцогч дарга нар санал нэгдсэн.

Яам, агентлагуудын Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2008 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгасан дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахад бүх яам, агентлагийг авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй байлгах нь зөв юм гэдэг үүрэг чиглэлийг өгсөн учир 2009 онд 26 байгууллага нь 11 яам, 42 агентлаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гээд нийт 55 байгууллага ийм төлөвлөгөөтэй ажиллсаан.

-Төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болсноор ямар үр дүн харагдаж байна?

-Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг төрийн байгууллагуудад хэрэгжүүлснээр тухайн байгууллагад авлигын ямар эрсдэл байгаа, ямар эрсдэл гарч болох, эрсдэлд учирвал ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь тодорхой болсон. Тухайлбал, эрсдэлтэй ажлын байранд сэлгэн ажиллуулдаг болсон, иргэдэд үзүүлдэг үйлчилгээний стандарттай болсон, ёс зүйг дээшлүүлэх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулдаг болсон, шударга, ил тод байдлыг бий болгох бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг болсон байна.

Энэ жил гурав дахь жилдээ энэхүү семинарыг зохион байгуулахаас өмнө өнгөрсөн хоёр жилд юу амжуулав, ямар алдаа дутагдал байв гэдгийг газар дээр нь үзэж, бодит байдалтай танилцах, нөгөө талаас биелүүлж чадахгүй байгаа ажилд нь арга зүйн туслалцаа үзүүлэх, өөр бусад ямар бэрхшээл учирч байгааг тодорхойлох зорилгоор 2009 оны авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг яам, агентлагуудад шалгасан.

Шалгалтын явцад байгууллагын удирдлагын санаачилга дутсан, зохион байгуулалтын арга хэмжээ авч чадаагүйгээс төлөвлөгөөний биелэлтэд нөлөөлсөн байна гэж ажлын хэсэг дүгнэсэн. Тиймээс Засгийн газрын хуралдаанаас сайд, агентлагийн дарга, нийслэлийн Засаг даргад төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, тайлагнах, боловсруулах, хэрэгжилтийн явцад хяналт тавихад удирдлагын манлайллыг сайжруулах үүрэг чиглэл өгсөн байгаа.

Мөн тайланг нэг жилээр бус хагас, бүтэн жилээр гаргаж, Засгийн газарт, Авлигатай тэмцэх газарт хүргүүлэхийн зэрэгцээ хэрэгжилтийн явц байдалд байнгын дүн, шинжилгээ хийх үүрэг өгсөн.

-Энэ жилийн семинарт яам, агентлагийн удирдлагаас гадна аймгуудын Засаг дарга нар ирж оролцсон байх аа?

-Энэ жилийн семинарын онцлог нь аймгуудын Засаг дарга нар ирж оролцож, орон нутагтаа хэрэгжүүлэх авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн яаж боловсруулах, ямар чиглэлийн үйл ажиллагааг тусгах, эрсдлээ хэрхэн тодорхойлох, хэчнээн хэмжээний төсөв мөнгө шаардлагатай болох зэргийг хэлэлцээд өөрсдөө загвар төлөвлөгөөг боловсруулсан байгаа.

Ингэснээр улсын хэмжээнд бүх төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн төлөвлөгөөтэй болж, төлөвлөгөөний биелэлтийг зохих газрууд нь шалгадаг, үнэлдэг, олон нийтэд мэдээлдэг, дараа дараагийн ажлыг сайжруулах талаар Засгийн газраас үүрэг чиглэл өгдөг механизм бүрдэж байна гэж хэлж болохоор байгаа.

Мөн яам, агентлагийн удирдлагууд төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх аргачлалын талаар хэлэлцсэн байгаа. Байгууллага бүр төлөвлөгөөний хэрэгжилтийн өөрийн үнэлгээг гаргах ёстой байгаа. ЗГХЭГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг өөрийн үнэлгээ хэр бодитой байв гэдгийг газар дээр нь шалгаж үнэлэх юм.

-Жил бүр семинар зохион байгуулснаар ажил урагшаа ахиж байгаа нь харагдаж байна уу?

-Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2008 онд анх гаргаж, хэлэлцүүлж, төрийн байгууллагууд ийм төлөвлөгөөтэй болъё гэж байхад төрийн байгууллагууд энэ бол Авлигатай тэмцэх газрын ажил гэж үзэх хандлага ажиглагдаж байсан. 2008 онд хийсэн ажлыг 2009 онд, 2009 онд хийсэн ажлыг 2010 онд Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар шалгаад эхлэхээр цаасан дээрх төлөвлөгөөтэй байх биш хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгуулсан. Дараа нь Засгийн газрын хуралдаанаас үүрэг, чиглэл өгөөд эхлэхээр Засгийн газрын түвшинд төрийн байгууллагуудын хүнд суртлыг арилгах, авлигаас ангид байлгах, ёс зүйг төлөвгшүүлэх зэрэг чиглэлээр анхаарч, бидний хийж байгаа ажлыг харж, үнэлэх юм байна гэх зэргээр шат шатаар энэ ажил урагшаа ахиж явсан.

Энэ жилийн хувьд төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж байхад яам, агентлагуудын танилцуулж байсан ажил, ажлын үр дүн, семинарт оролцож байгаа байдал, уур амьсгалаас анзаарч байхад тухайн байгууллага Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэний ч заавар, шахалтгүйгээр боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж, хэрэгжилтийн тайланг гаргадаг болсон нь харагдаж байна.

Хэдийгээр ажлаа сайжруулах чиглэлээр өөрсдөө төлөвлөгөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж эхлээгүй байгаа ч энэ ажлын эхлэл тавигджээ. Зарим байгууллага төлөвлөгөөний хэрэгжилттэй холбоотой заалтуудыг төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээнд тусгаж оруулах, төлөвлөлтийн хэрэгжилтийг хариуцсан ажилтныхаа ажлын байрны тодорхойлолтод оруулж, ажлыг нь үнэлж дүгнэхэд харгалзан үздэг болсон, ёс зүйн дүрмээ байгууллагын онцлогтоо тохируулан боловсруулсан, судалгаануудыг хийсэн, эрсдэлтэй ажил, үйлчилгээний жагсаалтыг гаргасан, авлигаас урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгуулсан зэрэг нь өнөөдрийн хувьд төрийн байгууллагууд авлигатай тэмцэх хүсэл зоригоо харуулж ажиллаж байгаагийн илэрхийлэл юм.

Нөгөө талаар Авлигатай тэмцэх газрын ажлыг бид хийж байна гэсэн хандлага өөрчлөгдөж, манай байгууллагын үйл ажиллагаа цэвэр тунгалаг байхад төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь ач холбогдолтой юм гэдгийг ойлгож, мэдэрдэг болжээ.

Төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх, албан хаагчдынхаа ёс зүйг дээшлүүлэх, иргэдтэй харилцаж байгаа харилцааны соёлыг сайжруулах, тогтолцоондоо байгаа хүнд суртлыг халах чиглэлийн ажил хийгдэж эхэлсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд авлигатай тэмцэх ажил тодорхой шатанд систем дараалалтай явах, шат дараалсан бодлоготой арга хэмжээг авч хэрэгжүүлэх бололцоотой болжээ гэж хэлж болно.

Авлигатай тэмцэх газрын зүгээс төрийн байгууллагуудыг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх, хүссэн сургалтыг явуулах, зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээнд хариуцсан ажилтнуудыг хамруулах зэргээр дэмжлэг үзүүлж, төлөвлөгөөний талаар мэдлэгээ дээшлүүлэхэд нь, илүү өргөн хүрээнд ойлгодог болоход нь тусалж байгаа.

Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд маш их хэмжээний зардал шаардагдахгүй. Тухайн төрийн байгууллагын удирдлагын хүсэл зориг, идэвх, санаачилга хамгийн чухал байгаа гэдгийг тэмдэглэж хэлье.

-Төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө ихэвчлэн ямар ажил тусгаж байна вэ?

-Дөрвөн тулгуурт зарчимдаа суурилж ажлаа төлөвлөдөг болохоор төлөвлөсөн үйл ажиллагаа нь ажил нь ерөнхийдөө төстэй байдаг.
Төрийн албан хаагчийн мөрдөж ажиллах ёс зүйн дүрмийг шинэчилж батлах, төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх, шударга байх, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх чиглэлийн сургалтууд хийнэ, сайд, дарга нар авлига, хүнд сурталгүй хамт олон болж ажиллах мэдэгдэл хийнэ, байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгана, үйлчилгээг хүнд сурталгүй явуулна, иргэдийг татан оролцуулна гэх зэрэг ажлыг бүх төрийн байгууллага тусгасан байгаа.

-Иргэдэд хүрэхүйц сайн ажил төлөвлөгөөндөө тусгаж, хэрэгжүүлсэн байгууллагуудыг нэрлэх боломжтой юу?

-Өмнөх жилийн тендер шалгаруулалтад ялсан хэрнээ гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй компанийн жагсаалт гаргаад, тэр компанийг дараа жилийн тендер шалгаруулалтад оролцуулахгүй байх бодлого барьж ажиллаж байгаа нь сайн туршлага юм. Мөн зарим байгууллага дотоод аудитын нэгжтэй болсон, төрийн үйлчилгээний стандартыг баталж мөрдүүлсэн нь үр дүнтэй ажил болсон гэж хэлж болно.

-Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд юун дээр хамгийн гол нь анхаарах вэ?

-Төрийн байгууллагуудын удирдлага буюу семинарт оролцсон сайд, төрийн нарийн бичгийн дарга нар төлөвлөлт хариуцсан ажилтантайгаа нягт хамтран ажиллаж, байнгын туслалцаа, дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөөний биелэлтийн явц байдлыг тогтмол хугацаанд хянадаг, удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, цаашид ямар ажилд анхаарч ажиллахаа тогтдог байх хэрэгтэй. Цаашид байгууллага бүр төлөвлөгөөний хэрэгжилтийн өөрийн үнэлгээг гаргаж сурах, яамд харъяа агентлагийнхаа төлөвлөгөөний хэрэгжилтийг бодитой үнэлж, сайдын эрхлэх асуудлын хүрээний болон салбарын тайланг гаргахад анхааран ажиллах шаардлагатай байгаа.

-Төрийн байгууллагууд авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өөр ямар ажлыг хийх шаардлагатай байгаа вэ?

-Хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр тодорхой ажил хийх хэрэгтэй байгаа. Энэ талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон семинар дээр байгууллагын удирдлагууд хөндөж ярьсан. Одоо ярьсан зүйлээ ажил болгож, хэрэгжүүлэх л үлдсэн байгаа.