“Авлигагүй нийгэм-тогтвортой хөгжлийн гарц” Үндэсний бага хурлын уриалга

A- A A+
“Авлигагүй нийгэм-тогтвортой хөгжлийн гарц” Үндэсний бага хурлын уриалга
Авлигын улмаас нийгмийн тогтвортой хөгжлийн баталгаа алдагдаж, түүний аюул занал нь ардчилсан тогтолцоо, ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулан нийгмийн хөгжилд хохирол учруулж байгаад сэтгэл зовниж, Монгол Улсын иргэд, төрийн байгууллага, албан тушаалтнууд, иргэний нийгэм, хэвлэл, мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн салбарынхан хүсэл зоригоо нэгтгэн түншлэн ажиллаж авлигатай хамтын хүчээр тэмцэх нь улс орноо тогтвортой хөгжилд хүргэх гарц мөн гэдгийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч нийгмийн бүх салбар, бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэдэд хандаж энэхүү уриалгыг гаргаж байна:

Нэг. Төрийн байгууллага, албан хаагчдад:

  • Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийтэд ойлгомжтой арга, хэлбэрээр ажиллах;
  • Авлигыг төрүүлж байгаа нугалаа, гажуудлыг засч, төрийн үйлчилгээг илүү олон шат дамжлага, хүнд суртал, чирэгдэлгүйгээр иргэдэд хүргэх;
  • Бүгдээрээ ярилцвал буруугүй гэсэн ардын үгийг үйл ажиллагааныхаа зарчим болгон бүх нийтээр дагаж мөрдөх шийдвэр гаргахдаа иргэд болон иргэний нийгмийн оролцоог хангаж хэвших;
  • Төр, иргэний хоорондын итгэлцлийг бэхжүүлэх шударга, мэдлэг, чадвар бүхий иргэдээр төрийн албыг гүйцэтгүүлж, хяналт, хариуцлагын зарчмыг чанд баримтлах;
  • Төрийн албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг ажил, мэргэжил бүрээр нарийвчлан тогтоож, ёсчлон мөрдүүлэх;
  • Төрийн албан тушаалтны ил тод, шударга байдлын нотолгоо болох хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан цаг тухайд нь үнэн зөвөөр гаргаж хэвших;
  • Хуулиар олгогдсон эрх мэдэл, чиг үүргээ гагцхүү хуульд нийцүүлэн нийт иргэдийн эрх ашгийг бүхнээс тэргүүнд тавьж ажиллах;
  • Авлигыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, илрүүлэх ажилд дор бүрнээ хувь нэмэр оруулж идэвх санаачилгатай ажиллах;
  • Авлигатай тэмцэх газар болон төрийн бусад байгууллагын нягт хамтын ажиллагаа, чин хүсэл эрмэлзэл нь авлига, түүний шалтгаан нөхцөлийг таслан зогсоох арга зам гэдгийг байнга санаж ажиллах;
  • Авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх талаар боловсролын бүх шатны байгууллагын сургалтын хөтөлбөрт тусгах, түүнчлэн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд авлигын гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг судалж хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллах.

Хоёр. Иргэний нийгмийн байгууллага, нийт иргэдэд:

  • Ниймийнхээ хөгжлийн төлөө нэгдсэн иргэдийн сайн дурын байгууллага өөрөө авлигаас ангид байж, авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ажил хэрэгч санал, санаачилга гарган төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудтай хамтран ажиллах;
  • Авлигагүй нийгмийг төлөвшүүлэхэд иргэний нийгмийн оролцоо чухлыг харгалзан авлигатай тэмцэх талаар төр, засгаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжих;
  • Төрийн байгууллагын идэвхтэй зөвлөгч нь байж түүний үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг сайжруулж, улмаар хүнд суртал, чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хэвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх;
  • Эрх мэдэл, эд хөрөнгө, танил талаараа олж авсан давуу байдал бүхэн нь олж авснаасаа хэд дахин илүү сул талыг өөртөө дагуулж нийгэмд хор хөнөөл учруулдгийг байнга санаж авлигын аливаа үйлдлээс татгалзах;
  • Өөрт учирсан бэрхшээл бүхнийг авлига өгөх замаар бус авлига өгөхгүй, харин түүний эсрэг тэмцэх замаар шийдэх;
  • Авлигыг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд иргэн Таны оролцоо бүхнээс чухал гэдгийг байнга санаж авлига үүсэх нөхцөл байдлыг өөрсдийн санаачилгаар бий болгохгүй байхыг хичээх;
  • Хэрэв авлигын үйлдэлд оролцож байсан бол амьдралын энэ буруу дадал зуршлаа засч, үр хүүхдэдээ авлигыг үл тэвчих үзэл, үнэнч шударга байх хүмүүжлийг төлөвшүүлэхэд үлгэр жишээ үзүүлж амьдрах;
  • Хууль бус, буруу аргаар олж авсан зүйл бүхэн айдас, аюул заналыг дагуулах нь зайлшгүй тул хуулийн хүрээнд ажиллаж амьдрах;
  • Авлигын эсрэг улстөржсөн уриа, дуулианы аргаар биш улс орныхоо эрх ашгийг хичээсэн иргэнлэг, эх оронч ашиг сонирхлын үүднээс үйл ажиллагаагаа явуулах;
  • Зөв хүмүүжил-зөв хүн авлигагүй нийгмийн үндэс тул сурагч, оюутан, залуучууд, хойч үеийнхээ ёс суртахууны хүмүүжилд анхаарал тавьж тэдэнд авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх;
  • Авлигаас татгалзсан Таны шийдвэр өөрийнхөө болоод үр хүүхдийнхээ ирээдүйн баталгааг хангах зөв шийдвэр болсон гэдэгт итгэлтэй байж авлигын эсрэг хамтран тэмцэх.

Гурав. Хувийн хэвшлийн салбарынханд:

  • Авлигаар дамжиж олсон бизнесийн ашиг, орлого улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөн нийгмийн хөгжлийг гажуудуулдгийг бизнес эрхлэгчид сайтар ухамсарлан, авлигыг үүсгэгч, өдөөгч хүчин зүйлийг таслан зогсоох;
  • Бизнесийн үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурласан зах зээлийн орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх;
  • Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа ил тод мэдээлж, нээлттэй ажиллах;
  • Авлига Таны бизнесийн үйл ажиллагаанаас тогтвортой орлого олоход саад болж ямагт эрсдлийг дагуулан, эрхэлж буй бизнесийн тань ирээдүйг баталгаагүй болгодгийг хүлээн зөвшөөрч түүнээс эрс татгалзах;
  • Хувийн хэвшил үйл ажиллагааныхаа ёс зүйн зарчмуудыг тогтоож, дагаж мөрдөх ёс зүйтэй шударга нийгмийг байгуулах;
  • Авлигыг нэгдмэл хүсэл зориг, хамтын хүчээр таслан зогсоох нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх амин чухал эрх ашиг гэдгийг ухамсарлан төрийн зохих байгууллага болон иргэн, иргэний нийгэмтэй энэ талаар нягт хамтран ажиллах;
  • Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгахад санал санаачилга гарган төр, түүний байгууллагын сайн хамтрагч нь байж, тогтвортой хөгжлийн төлөө нэг алхаагаар урагшлах.

Дөрөв. Хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагчдад:

  • Бүх төрлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нийтлэл, нэвтрүүлгийнхээ бодлогын төвд авлигыг үл тэвчих үзэл санааг агуулж, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
  • Авлигыг жигших нийгмийн сэтгэл зүй, ёс суртахууныг бий болгох, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл хэргийн төлөө энэхүү чиг үүргийг хүлээсэн төрийн байгууллагатай нягт хамтран ажиллах;
  • Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын бодитой дэмжлэггүйгээр авлигатай хийх тэмцэл үр дүнд хүрэхгүй гэдгийг байнга санаж, нийгмийн хорт үзэгдэл болоод байгаа авлигын хүрээг хумихад бодитой хувь нэмрээ оруулах;
  • Сэтгүүлч, сурвалжлагчид нь авлигын эсрэг тэмцэхдээ нийгмийг хамарсан өөр хоорондоо үл итгэлцэх, хардаж сэрдэх жихүүн уур амьсгалыг бүрдүүлэхээс сэрэмжилж, тодорхой зорилготой гүтгэлэг, доромжлолын бохир аргаас татгалзах;
  • Авлигатай хийх тэмцэлд дуу хоолойгоо хүргэхдээ гагцхүү сэтгүүл зүйн, ёс зүйн шаардлага, мэргэжлийн зарчмаа чанд баримтлан, нийгмийн оюун санаа, ёс суртахуунд амин дэм болох, үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэх зорилтоосоо хазайхгүй байх.

Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, хэвлэл, мэдээллийн байгууллагууд, иргэд болон иргэний нийгмийнхэн өөрсдөөс хамаарах бүхнийг чин сэтгэлээсээ хийж Авлигатай тэмцэх газарт бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг уриалж байна.

Эх орныхоо хөгжлийн цэвэр тунгалаг ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

 
“Авлигагүй нийгэм-тогтвортой хөгжлийн гарц”
Үндэсний бага хурлын оролцогчид