Авлигын эсрэг олон улсын өдөрт

A- A A+
Авлигын эсрэг олон улсын өдөрт
Авлигатай тэмцэх дэлхийн өдрийг монголчууд албан ёсоор бараг анх удаа тэмдэглэх гэж байна. НҮБ-ын Авлигын эсрэг конвенц батлагдаж, түүнийг дэмжин дэлхийн 140 гаруй орон нэгдсэнээс хойш буюу 2003 оноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Авлигатай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон. Олон улсын байгууллагууд тусгайлан судалгаа явуулж улс орон бүрт авлигын түвшин ямар байгааг тогтоодог болов. Нэг үгээр авлига гээч хадны мангааны эсрэг дэлхий нийтээр тэмцэхээр санал нэгдсэн билээ.

Сүүлийн жилүүдэд манайд ч авлига гэдэг үг моодонд оров. Хэлж суралгүй өтөлсөн өтгөс байтугай, сургуульд ороогүй бяцхан жаалуудын амнаас ч авлига гэдэг үгийг торох саадгүй сонсож болно. Талх, тариа гэдэгтэй ижил шахуу ээнэгшиж, энгийн хэллэг болтлоо дасч орхисон авлига гээч нь угтаа авч, өгөлцөхийг ханцуй дотроо хийлцэж албаны нэрээр хувьдаа ахиухан ашиг унагахыг хэлдэг. Гэхдээ ашиг нь заавал гаднын ногоон дэвсгэрт бүхий бөөн мөнгө, гарт гялалзах ганган бэлзэг байх албагүй. Аятайхан хандсаных нь хариуд албан тушаал дэвшүүлж, амттай хоолоор дайлуулж тэр ч бүү хэл албаны утсаар амин хувийн ажлаа амжуулах сүйхээг ч авлига хэмээн нэрлэж болно гэсэн. Төрийн тэргүүнээсээ эхлээд бүгд идэгдсэн гэдэг энэхүү авлигатай тэмцэх тухай ч дээр, дооргүй ярьдаг боллоо. Авлигыг Монголын хөрснөөс арчих том үүрэгтэй байгууллага хүртэл байгуулав. Харамсалтай нь гарт баригдаж нүдэнд харагдах үр дүнгээр бага байсаар. Авч гэнэ, өгч гэнэ гэсэн эзэнгүй яриа тэнүүчилдгээрээ тэнүүчилж, хардлага хамт хэсүүчилсээр…

Янз бүрийн түвшинд хийсэн хэд хэдэн судалгаагаар манайд авлига хамгийн амь бөхтэй оршдог хэсэг төрийн албанд, дээд түвшинд байна хэмээсэн дүн гарчээ. Тэгээд ч авлига гээч хадны мангаагийн аманд зовлонгүй орж чадах хүмүүсийн тоонд улстөрчид багтдаг гэдгийг монголчууд сайн мэднэ. Учир нь тэдний хөрөнгө мөнгөтэй холбоотой хар бараан мэдээлэл дэндүү олон. Ашигтай яваа бизнес бүрийн ард улстөрчдийн нэр цохиж явдагт ч бид дасчихаж дээ. Улсын үйлдвэрийн хувьчлалаас эхлээд орон нутгийн жижигхэн тендерт ч эрхэм гишүүдийн нэр зоолттой. Тэр нь тэдний орлогоо нэмэгдүүлэх эх үүсвэр болж, бусад орны улстөрчдийн зиндаанд явахад нь тусладаг биз.

Уг авлигыг устгаж ядах юмгүй гэсэн. Айж ширвээтээд, нууж хаагаад байх ч хэрэггүй. Иргэн бүрийн ухамсарт суулгаж, хуулийг дээр дооргүй дээдэлдэг, хүнд суртлыг халж нэг ёсоор амьдрахад ойлгомжтой бас хялбархан болгоод өгчихвөл аяндаа устана гэж энэ чиглэлээр цөөнгүй ном уншиж барагдахаар болсон эрхмүүд сургадаг. Саяхны хэвлэл дээрээс ирэх оныг Хүнд суртлын эсрэг жил болгон зарлахаар Авлигатай тэмцэх газар төлөвлөж байгаа тухай уншсан. Санадаг л санаа. Авлига, хээл хахуулийн “төрсөн дүү” нь хүнд суртал гэдгийг мэддэг, энэ бүхнээс залхсан иргэд үүнийг дэмжих биз ээ. Бас монголчууд сонгуульд санал өгөхдөө хариуцлагатай хандаж, төр түших хүмүүсээ зөв сонгоод сурчихвал авлигаас ангижирна гэж зарим судлаач тайлбарладаг. Тэдний үзэж буйгаар бид бүх шатны сонгуульд бодолгүй ханддагаас нэг авлигачийг нөгөөгөөр солихоос өөр өөрчлөлт хийж чаддаггүй. Төрийг цэвэр тунгалаг байх нөхцөлийг бүрдүүлж өгдөггүйгээс болоод авлига гэж аалзны торонд хэрэгдчихээд суугаа юм. Энэ асуудлыг л шийдэж чадвал авлигыг номхотгох ажлыг нус нулимс, шорон гяндан гэлгүйгээр нэг тийш болгох боломжтой гэдэгтэй олон хүн санал нийлдэг.

Бас нэг зүйл нь нэгэнт байгуулсан Авлигатай тэмцэх газрыг ажиллуулах эрх зүйн орчныг илүү тодорхой, илүү ойлгомжтой болгох. Ядаж л даргыг нь сонгох шалгуур хэтэрхий хуучинсаг. 55 хэмээн нас зааж өгсөн нь сонголтыг багасгаж, шударга, зарчимч, үнэний төлөө тууштай тэмцэгч гэдгээс нь илүү том шалгуур болчихоод байгааг ч бодох л ёстой. Түүнээс гадна нэг сонгосон бол зургаан жилийн турш бусдаас илүү эрх олгон тэр суудалд хадна гэдгийг эргэж хармаар санагддаг. Гурван жил болгоод ажил төрлийг нь дүгнэж, итгэл үзүүлэн цаашид энэ албыг хашуулах эсэхийг шийддэг болгож болохгүй юу. Энэ мэтээр даяаршсан нийгэмд даяаршсан авлигаас хурдан түргэн салах боломж бүрийн эрэлд мордъё.

Сэтгүүлч Н.САРАНГЭРЭЛ