Албан хаагчийн үл тоосон харцнаас авлигыг уншаарай

A- A A+
Албан хаагчийн үл тоосон харцнаас авлигыг уншаарай
Амьдарч буй нийгмээ цэцэрлэгт хүрээлэнтэй зүйрлэвэл хогийн ургамлын ороонго ишнүүд хөл туших аж. Монгол Улсын шинэ Ерөнхий сайд өөрийнх нь нэрийг дэмжсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны индэрт “хогийн ургамал”-тай тэмцэхээ амлав. Энэ үгийг олон нийт хүлээж байсан болохоор чихэнд чимэгтэй сонсогдлоо. “Хогийн ургамал” гээчээр авлигыг төсөөлөн өгүүлэхдээ гүйцэтгэх засаглалын тэргүүн тэрхүү шарилжийн цэцэг, навчийг тасдах ёстой гэсэн.

“Авлига цэцэглэжээ” гэж ярьдаг. Тэгэхээр авлигыг тэтгэгч үндэс зайлшгүй байх нь. Харин энэ үндэс нүдэнд үл үзэгддэгээрээ сүйтгэхэд нэн амаргүй. Та бид хоёрын дунд, ер нь зөвхөн хүмүүсийн сэтгэлд авлига үүсдэгээс бус мөнгө тоологч машин хар аяндаа хөшөө барималтай харилцаанд орохгүй шүү дээ.

Хүний хүсэл хязгааргүй. Газар эзэмших, ашигтай бизнес эрхлэх, өндөр алба хаших гээд бүгд л дажгүй санаа. Хүн болж төрснийх яагаад бүтэхгүй гэж. Олуулаа аж төрдөг нийгмийн амьтас хэн нэгний эрхийг нөгөө нь хүндлэх хууль ёсонд захирагдах учиртай. Газар эзэмшихийн тулд тендерт ялах төсөл боловсруулна, өндөр алба хашъя гэвэл мэдлэг боловсрол, ажлын туршлага хуримтлуулах зүй тогтол бий. Энэ бүхний цаана өрсөлдөөн буй. Газар эзэмшигч ганцхан байхгүй нь мэдээж учраас ашиг сонирхлоо гүйцээхийг хүсэгч олон хүн үнэ хаялцдаг. Монголд ийм өрсөлдөөн хэр шударга болдог тухай ярихдаа бизнесменүүдийн олонх мөрөө хавчин эргэлзэх юм билээ. Албан тушаалтан эрх мэдлээ ашиглан аль нэгэнд нь давуу боломж олгосныхоо төлөө шан харамж хүртэх үзэгдэл шинэ Монголын газрын төлөөх “дайны” эмгэнэл. Үүнээс мөнөөх “газрын наймаа”, “авлигын сүлжээ” гэгч зах зээлийн далд бизнес эхтэй.

Төрийн үйлчилгээнээс авлигын үнэр ханхлах нь бизнес эрхлэгчдийг, жирийн иргэдийг эргэлзээнд хүргэж байна. Төр бол шүүмжлэл сонсдоггүй, хариуцлага үүрдэггүй амьгүй албат биш. Иргэдэд хамгийн ойр төр бол бидний оршин суугаа хороо, дүүргийн Засаг захиргаа, тэнд ажилладаг албан хаагчид. Харамсалтай нь авлигын хэргийн тухай шуурхай мэдээлэл хүлээн авдаг утсаар ирсэн иргэдийн санал гомдлын багагүй хувь дээр дурдсан засаг захиргаанд хаягтай байх юм. Хорооны Засаг даргаас ам бүлийн, эсвэл оршин суугчийн тодорхойлолт хүсэхэд цаадах нь 1000-1500 төгрөг хурааж гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдээс авлигыг ил тод нэхжээ.

Төрийн үйлчилгээ авлигад ойртох өөр нэг шижим бол хүнд суртал. Албан хаагчийн өрөөний үүдэнд тухайн ажилтны нэр ус, эрхэлдэг асуудал, цагийн хуваарь өлгөөтэй байх нь иргэдийг урт хонгилоор төөрч будилан цагаа алдахаас урьдчилан сэргийлэхээс эхлээд төрийн үйлчилгээ ойлгомжтой байх сайн талтай. Гэтэл бид хаяг, дугааргүй өрөө сахин хэчнээн цаг дугаарласны эцэст арайхийн босгыг нь давахдаа хүнд сурталтанд “төвөг” удаж, андуурч эндүүрсэн түмэн гэмтэй буцдаг шүү дээ.
Хэн гэдэг түшмэл ямар асуудал эрхэлдэг, иргэдийн бүрдүүлж орох баримт бичгийн жагсаалт гэх мэт тайлбарыг уцаартай нэгнээс сонсохын өмнө хаалга үүдэндээ тодорхой бичиж хадсан байх шаардлага төрийн үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагын алтан дүрэм.

Иргэдийн асуултад хариулахдаа үл тоосон царай үзүүлж буй төрийн үйлчилгээний ажилтны толгойд ямар бодол нуугдаа бол. “Надаас хариу сонсъё гэвэл арай өөрөөр хандаг. Ахиу мөнгө төлчихвөл ч…” гэсэн арчаагүй санааг хүнд суртлаар илэрхийлж буй нь тэр, тааж ядах зүйлгүй. Ойлгомжгүй байна гэдэг нь хүнд суртал, авлигын эх билээ.

Авлига гээч хогийн ургамалтай алхам бүртээ тэмцэж устгая. Эрх мэдэл, мөнгө хоёрыг солилцдог энэ зохисгүй харилцааны эсрэг сэтгэл зүйн дайн зарлая.

Сэтгүүлч Б.ЭНХЦЭЦЭГ